“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувиар УИХ хууль зөрчснийг Б.Дэлгэрсайхан, Ц.Ням-Осор нар нотлов

2017-05-11 13:31:54

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан УИХ-ын шийдвэрийн талаар УИХ-ын гишүүд, тэр дундаа МАН-ын зарим гишүүд ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы тайлбар байна.

Б.Дэлгэрсайхан: УИХ Үндсэн хууль зөрчих эрхгүй

Тэрбээр энэ асуудлыг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголын аж ахуйн нэгж болох “Монголиан коппер корпорэйшн” ХХК-д худалдах асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэнд гарын үсэг зурахаас татгалзсан юм. Энэ талаараа Б.Дэлгэрсайхан гишүүн “Миний хувьд өөрийн саналыг тодорхой илэрхийлсэн. Гол нь Монголын аж ахуйн нэгж болох “Монголиан коппер корпорэйшн” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг шилжүүлэн авах үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн байдал тогтоогдвол энэ нь тухайн гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцох, улмаар шилжүүлэн авсан хувьцаа нь хуучин эзэмшигч болох Оросын талд буцаж шилжих л үр дагавар үүсгэхээс бус Монгол Улсын Засгийн газрын эзэмшилд шууд шилжих боломж байхгүй гэж гарсан байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлэн авсан асуудал нь хууль зөрчсөн эсэх асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй байхад тухай асуудлаархи ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зурагаас татгалзаж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Иймд та бид Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн тайлбарласан юм.

Ц.Ням-Осор: УИХ-аас “Эрдэнэт”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргахад би гайхсан

Тэгвэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ч түүний тайлбарыг баталж, тодорхой үндэслэл бүхий ярилцлага өгсөн нь саяхных. Тухайлбал, түүний ярилцлагад “УИХ-аас шууд 100 хувь төрд авна гэсэн шийдвэр гарч байхад би их гайхсан. Төр болон 49 хувь талын эзэмшлийг хэвээр нь үлдээж байгаад хөндлөнгийн хяналт тавих боломжтой. Банкууд дампуурахад Монголбанкнаас хөндлөнгийн хяналтын төлөөлөгч томилдог байсан. 49 хувийг төрд авах үйл ажиллагаа дуусах хүртэл төрийн төлөөллөөс бүрдсэн хяналтын багийг түр ажиллуулаад энэ асуудлыг шийдэгдсний дараа төр 100 хувь авсан бол өнөөдрийн энэ маргаан гарахгүй байсан юм. Гэтэл хууль тогтоох байгууллага нь хоёр тал маргаантай байгаа нөхцөлд хөндлөнгийн бүрэн эрхт төлөөлөл томилоод л асуудлыг шийдсэн бол өнөөдөр нөхцөл байдал өөр байх байсан. Монголын төр дээрэмчин гэдэг ойлголт төрүүлэхгүйн тулд одоо болж байгаа үйл явдлыг яаравчлах хэрэгтэй байна. Цаашид бодит байдлын талаар нэгдсэн ойлголтыг ард түмэнд ч, хөрөнгө оруулагч нарт ч өгөх хэрэгтэй” гэсэн өгүүлбэр тодоос тод туссан байдаг.

Эндээс харахад хууль тогтоох болон гүйцэтгэх шатны төлөөллийн аль аль нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах ажиллагаанд хуулийн үндэслэл байхгүй, тэр дундаа хууль зөрчсөн болохыг баталж байгаа юм. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрхэн өрнөхийг, цаашлаад УИХ шийдвэрээ эргэж харах уу гэдэг асуултыг үлдээж байгаа юм. Тэр дундаа, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээлсэн “Жаст” компанийн төлбөрт “Эрдэнэт үйлдвэр” дангаараа унах болчихоод байгаа энэ үед шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)