Д.Амарбаясгалан: МАН Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцоно

2017-05-04 18:55:45

МАН-ын Бага хурал болж өндөрлөсөн. Хурлаараа 2017 оны Ерөнхийлөгчид нэр дэвших эрхмээ батламжилсан юм. Энэ талаараа өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар мэдээлэл өгөв.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Санамсаргүй түүврийн аргаар 50 мянган иргэнээс улстөрчдийн рейтингийн судалгаа авсан. Судалгаагаар хамгийн өндөр санал авсан  нэр бүхий таван хүнийг Удирдах зөвлөл дээр хэлэлцэхэд, Д.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар нэрээ татсан. Ингэснээр МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нар Бага хурлын төлөөлөгчдийн нууц санал хураалтаар өрсөлдсөн байгаа. Санал хураалтаар МАН-ын дарга М.Энхболд 222 санал авч, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Сүүлийн найман жил манай нам ерөнхийлөгчийн сонгуульд ялаагүй.  Эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед бид зөв хүнээ нэр дэвшүүлэх нь улс орны ирээдүйд ихээхэн ач тустай юм. Нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөрийг маш сайн боловсруулж, оруулах ёстой. Ирэх дөрвөн жилд МАН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ямар бодлого барьвж, юу  хийх бэ гэдэг дээр бид онц ихээр анхааран ажиллаж байна” гэсэн юм.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн яаж оролцох вэ. Дангаараа оролцох уу. МАХН-тай эвсэх үү?

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль болох цаг үед Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч, МАХН-тай хамтарч ажиллах, эвсэл болох гэх мэт асуудлаар ярилцаж байсан. Тэр үед МАН хангалттай хэмжээнд буулт хийх маягтай, 70/30 харьцаагаар тохирох санал оруулсан. Тухайн үед МАХН-ын даргын шаардлагыг хүлээж авах боломжгүй болж, МАН дангаараа сонгуульд орсон. Түүнээс цааш хамтарч ажиллах асуудал ярьсан зүйл байхгүй. Яг өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарч ажиллах хүсэл байхгүй гэдэг нь харагдсан учраас гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа. МАН дангаараа оролцох шийдвэрээ өчигдөр гаргаад, нэр дэвшигчээ тодруулсан.

-Намын дарга, УИХ-ын даргаар хэн томилогдох бол?

-Эхлээд бид сонгуульдаа амжилттай оролцох нь чухал. Түүний дараа намын дарга, УИХ-ын даргын асуудлыг ярилцана.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)