УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн эрх, үүрэг “Эрдэнэт”-д учруулсан аавынх нь балгаар хязгаарлагдана

2017-05-04 17:08:45

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр хөндөгдсөн нэг чухал хийгээд Монгол Улсын эдийн засгийн баталгаа болох “Эрдэнэт” үйлдвэрийн олон улсын арбитрын шүүх дээр унасан өрийн асуудал байлаа.

Учир нь, тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн 51 сая ам.долларын өрийг төлөхгүйн тулд хуулийн фирм хөлслөн давж заалдахаар ажиллаж байна. Ингэхийн тулд Лондонгийн шүүхээс 532.7 мянган фунт стирлинг байршуулахыг шаардсаныг ёсоор болголоо. Гэвч дахин 51 сая ам.доллартай тэнцэх мөнгийг байршуулахыг бас шаардсан. Тийм боломж байхгүй. Маргааныг Монгол Улсын талд гаргахын төлөө ажиллана. Ингэж чадахгүй бол цаашид үйлдвэрийн хувь заяатай холбогдох асуулт үүсэх гээд байна. “Эрдэнэт үйлдвэр”-т нэг секунт ч зогсох эрхгүй. Хэрвээ ямар нэгэн байдлаар зогслоо гэхэд хоногт 1.5-1.7 сая ам.долларын үйлдвэрлэл эрхэлж байгаа. Энэ нь алдагдал болж хувирна” гэдэг мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл “Жаст”-ын Ш.Батхүүд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 140 сая ам.доллар зээлэхэд нь батлан даалт гаргасан хүн нь “Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзориг юм. Тэрбээр тухайн үед энэ асуудал сөхөгдөхөд “Миний гарын үсгийг хуурамчаар зурж байсан” хэмээн мэдэгдсэн ч түүнийг нь олон улсын шүүх дээр жинхэнэ болохыг нь баталсан. Улмаар “Эрдэнэт” үйлдвэр шүүх дээр ялагдал хүлээж, өдгөө “Монголын зэс” компаниас төрд эргүүлж авсан 49 хувь хийгээд төрийн эзэмшлийн 51 хувьтайгаа хамтад нь шүүхийн шийдвэрийн золиос болчихоод байгаа юм. Гэхдээ үүнийг шүүхийн шийдвэрийн гэхээс илүүтэй Ч.Ганзориг хийгээд Ш.Батхүүгийн золиос хэмээн тодотгож болно. Тиймээс ч Ч.Ганзориг өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээлэл төдийгүй улс төрөөс зугтан чимээ аниргүй аж төрж буй.

Харин өөрийн эрх мэдлийг хадгалж үлдэх хийгээд хэргээс мултрах гарцаа тэрбээр өөрийн төрсөн хүү болох Г.Тэмүүлэнг УИХ-ын гишүүн болгосноор шийдвэрлэж болно хэмээн итгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь, эрх ашгаа хөндлөнгөөс хамгаалаад хүчийг олохгүй гагцхүү дунд нь өөрөө эс бол өөрийн хүүг байх ёстой гэж бодох үндэслэл байгаа юм. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа өгсөн тохиолдолд Ч.Ганзоригийг хамгаалах хүн Монголын төрд үлдэх эсэх нь бас л эргэлзээтэй.

Магадгүй энэ нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг чуулганы хуралдаанд идвэхтэй оролцоход нь саад болдог нэг том хүчин зүйл байхыг үгүйсгэх аргагүй. Аавынх нь гэм бурууг хүүгээс нь асуухгүй ч дайж хэлэх улстөрч төрийн ордонд байхгүй гэх газаргүй. Тэр дундаа Монголын саалийн үнээ болсон “Эрдэнэт”-ийн 49 хувийг УИХ-аас хүчээр төрийн эзэмшилд авах шийдвэр гаргасан энэ үед Ч.Ганзориг захирлын тарьсан балаг дахин сөхөгдөж байхад шүү.

Тэр дундаа, төр хувийн хэвшлийг дээрэмдсэнтэй адилхан Ч.Ганзориг “Эрдэнэт”-ийг дээрэмджээ гэвэл үгүйсгэх хүн гарахгүй нь ойлгомжтой. Гол нь бүхэл бүтэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэргээ “Хуурамч гарын үсэг” хэмээн гэмт хэргийнхээ үйлдлийг нуун дарагдуулсан хүн шүү дээ, Ч.Ганзориг чинь. Эцэг нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэгчлэн үүнээс үүдэн хүүхдийнх нь УИХ-ын шударга, дайчин гишүүн байх үүрэг, хариуцлага аавынх нь худал хуурмагаар хязгаарлагдаж байгаа нь туйлын харамсалтай хэрэг биш гэж үү. Өөрөөр бол Г.Тэмүүлэн гишүүн сайн улстөрч байж бас болно л доо… Даанч, Ч.Ганзоригийн гэм бурууг цайруулахын тулд Монголын төр олон сая ам.долларын өрөнд ороход ойрхон болчихоод байна шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)