Лидергүй Ардчилсан нам лойдор төрүүлнэ

2014-11-06 12:40:29

asdsd

Ардын нам бус Ард­чилсан нам Засгийн газраа огцруулчихлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын Тө­рийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гаргасан санамсаргүй ал­даа бүхэлдээ Н.Алтанхуягийн Зас­гийн газрыг огцруулах асуудлыг мордохын хазгай гэгч байдалд оруулчихав. Суурилуулаад сар гаруй хуга­цаа өнгөрч буй санал өгөх хоёр кнопны учрыг өнөөдрийг хүртэл олж чадахгүй яваа түүнд хууль батлах эрх өгсөн нь харамсалтай хэрэг. Ийм утгатай тайлбараар тэрбээр өөрийгөө Ардчил­сан намаас хөөх Үндэс­ний зөвлөл­дөх хорооны хурал­даанаас чөлөөлж чадлаа гэхэд УИХ дахь бүлгийнхээ гишүүдийг “Засгийн газрыг огцруулахгүй” гэдэг саналд нэгтгэж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай. Олонхийн бүлгийн дарга гэдэгтээ хэт итгэж, УИХ-ын гишүүдийг олноор нь загнахыг чухалчилж ирсэн түүний алдааг залруулах бо­ломж үлдсэнгүй.

Засгийн газрыг Шонхор фракц огцрууллаа 

Ардчилсан нам дотор дахин нэг Ардчилсан нам байгуулагдаад удаж байна. Энэ бол Шонхор фракц. Ардчилсан нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялалт байгуулахтай зэрэгцээд Шонхор фракц шиг өндрөө авсан бүлэглэл өнөөдөртөө байхгүй. Өөрийн гэсэн байртай, 21 аймагт салбартай, эрх мэдэлтэй, яам, агентлагийн газарт чөдөр өвс шиг хэрсэн тэднийг УИХ-ын дарга З.Энхболд удирддаг. Иймд хэрэв Ерөнхий сайд, Ардчилсан намын даргаас урьтаж Д.Эрдэнэбат тэдэнтэй учраа олж, нэгдмэл санал бодолд хүрч чадсан бол ядаж л З.Энхболдын “утсан хүүхэлдэй”-нүүд УИХ-ын хуралдаанд ирэх ёстой байсан. Гэтэл УИХ-ын дарга өөрөө чуулганы танхимд морилж, хурлаа удирдчихаад өөрийн хүмүүсийг чуулганаас татснаар Засгийн газар унав. Юун нөгөө “Элсний 13”. Дуулиан шуугиантайгаар улс төр хийж, ил цагаан хэрэлдэж, тэмцэлддэг байсны “элсний 13” ёстой л ар нуруунаас нь гэтэгч мэрэгч амьтны дүрд хувирах нь энэ. Өөрөөр хэлбэл шинэчлэлийн Засгийн газрыг УИХ дахь МАН-ын бүлэг ч бус, эсэргүү Х.Баттулга ч биш Шонхор фракц унагачихлаа. УИХ-ын танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэрт кноп дарсан найман гишүүний хоёр нь, тодруулбал УИХ-ын гишүүн Д.Батцогт, Б.Наранхүү нар уг фракцийнх. Үүн дээр өчигдрийн чуулганы хуралдааныг тасалсан Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа нар бүгд мөн л Шонхорын “жигүүртнүүд”. Харин УИХ-ын гишүүн М.Батчимэг чуулганы хуралдаанд сууж байсан ч санал хураалт эхлэх үед картаа сугалаад гараад алга болчихсон. Эндээс харахад шинэчлэлийн Засгийн газрын огцролд Үйлдвэр, хүнс хөдөө аж ахуйн сайдын суудлаа өгсөн Х.Баттулга болон түүний фракцийг буруутгах шаардлагагүй болчихлоо. Тэд байр суурин дээрээ зогссон. Харин Шонхор фракцийнхан шөнөжин хуралдахдаа Ардчилсан намаас урваж, Ерөнхий сайдын эсрэг ажиллах тохироог хийчихэв. Үүгээрээ уг фракц Ардчилсан нам УИХ-д олонх байсан 1996-2000 оны хооронд гүйцэтгэх засаглалаараа хэрхэн тоглосон алдааг дахин Монголын улс төрд “экспортлолоо”.

 Ардчиллынхан М.Энхсайханаас урвав 

Тэгвэл 1996-2000 онд Монголын улс төрд юу болж өнгөрөв. Тэр үеийн улс төрийн хямрал, улстөрчид хоорондын зөрчлийг ил тодоор нэхэн өгүүлэх зорилгоор дараах мэдээллийг хавсарган бичлээ.
Ардчилсан Монгол Улсын түүхэнд Засгийн газрын огцорлын түүхийг хамгийн анх эхлүүлсэн нь М.Энхсайханых. Тэрбээр “Ардчилсан холбоо эвсэл”-ээс байгуулсан Засгийн газрыг тэргүүлж байхдаа зах зээлийн эдийн засгийн дорвитой гэж хэлж болохуйц шинэчлэлийг эхлүүлсэн нь МАХН-д таалагдаагүй. Улмаар МАХН-ын шинэхэн дарга Н.Энхбаярын “Засгийн газар хамгийн сайн нийгмийн бодлого бол эдийн засгийн зөв бодлого гэж байн байн тунхаглах дуртай. Гэсэн ч нийгмийн хамгааллын үр дүнтэй бодлого, үйл ажиллагаа хүлээх горьдлого тун бага байна. Хэрэв УИХ Засгийн газартай хариуцлага тооцож сурахгүй бол Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцсэн ард түмний шүүмжлэл, бухимдал УИХ рүү шилжиж, одоогоор зарим хүн, хөдөлгөөнөөс тавьж байгаа УИХ-ыг тараах эсэх талаар ард түмний дунд санал явуулах тухай санал нийт ард түмний шахалт шаардлага болж хувирахыг үгүйсгэх аргагүй” гэсэн мэдэгдэл тухайн цаг үед хүчээ авч, улмаар М.Энхсайханы Засгийн газрын хувь заяа дуусгавар болох цаг ойртож буйг сануулсан хэрэг болжээ. Улмаар МҮАН болон МСДН-ын удирдлагууд “УИХ-ын гишүүн, МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ийн дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй гэсэн тогтоол гаргаснаараа М.Энхсайханы Засгийн газрыг огцруулахад МАХН-д хүчин зүтгэсэн нь бий. Эндээс М.Энхсайханы намынхаа нөхдөд гомдсон гомдол эхэлж, ардчилалд анд байдаггүй гэдгийг баталж байлаа.

МҮАН, МСДН, МАХН хамтарч Ц.Элбэгдоржийг огцрууллаа 

Ц.Элбэгдорж санасандаа хүрлээ. “Ардчилсан холбоо эвсэл”-ийн даргын хувьд гүйцэтгэх засаглалын тэргүүнээр залрав. Харамсалтай нь, түүний эрх мэдэл ердөө л гуравхан сарын настай байсан юм. Энэ хугацаанд хийсэн хамгийн том ажил нь “Сэргээн босголт банк”-ийг “Голомт”-той нэгтгэх алдарт 80 дугаар тогтоолд гарын үсэг зурсан явдал байв. Энэ нь дахиад л МАХН хийгээд Н.Энхбаярын дургүйг хүргэж, “Засгийн газар буруу шийдвэр гаргасан бол нэг жил ажилласан байна уу, нэг сар ажилласан байна уу хамаагүй. Ямар ч Засгийн газарт хариуцлага тооцож болно” гэсэн хатуухан мэдэгдлийн бай болоход хүргэв. Ц.Нямдорж сайд ч тухайн үед “Зөвшилцөхгүй бол бид УИХ-ыг тараах тухай санал тавих, МАХН гишүүдээ татах зэрэг олон хувилбар бий” гэж байсан нь нийгэмд дуулиан шуугиан дэгдээх нь тэр. Эндээс намынхаа нөхдийн “дэмжлэг”-тэй огцорсон М.Энхсайхан “элсний 13” гэгчийг байгуулж, тэд нь ч Ц.Элбэгдоржийн Засгийн газрын эсрэг товчлуур дараад зогсохгүй удирдагч нь тухайн үед “Миний Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргахдаа хууль зөрчиж, наад зах нь ёс зүй зөрчиж, УИХ нууц санал хураалтаар бус гишүүд бие биеэ хянах бололцоотойгоор цахим тооцоолуураар санал хурааж байсныг санаж байна. Энэ бол МҮАН, МСДН, МАХН-ын нөлөө бүхий хүмүүс өөр хоорондоо хэрхэн үгсэж, хуйвалдаж байсны илрэл юм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар хангалттай алдаа гаргасан” гэжээ. Ингэж “Ардчилсан холбоо эвсэл”-ийн лидерүүд өөр хоорондоо хөлөө жийлцэж байхад Ерөнхийлөгч асан Н.Багабанди эвслээс Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тухай бүр нь тулгаж, Монгол Улсыг эгээтэй л Ерөнхийлөгчийн засаглалтай гэдгийг тунхаглачихаагүй. Шинэ Ерөнхий сайдыг санал болгох бүрт “Эрдэнэт”-ийн удирдлагад Ш.Отгонбилэг агсныг үлдээх болзол тулгаж байсан нь тухайн цаг үедээ түүх болон үлджээ. 

Ж.Наранцацралтын эсрэг хуйвалдаан 

Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Засаг даргын албанаас Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах үүрэг хүлээсэн түүний Засгийн газар бас л найман сараас дээш урт “насалсангүй”. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй ОХУ-д “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Зарубежцветмет” гэсэн хувийн компанид шилжүүлэхийг дэмжсэн утга бүхий уг захидалд Ж.Наранцацралт сайд гарын үсэг зурснаа мэдэхгүй гэдгээ ил тодоор хэлсэн. Улмаар тэрхүү захидлыг түүний үед бус бараг жилийн өмнө илгээсэн ч байж болох баримт гарсан ч хэн ч ойшоосонгүй. Анхнаасаа МАХН М.Энхболдыг хотын даргаар томилуулж байж Засгийн газрын бүрэлдэхүүнийг нь батлах тулган шаардалт хийж байсан шигээ энэ удаа ч огцрох ёстой гэдэг байр суурь баримтлав. Хачирхалтай нь, Ж.Наранцацралт агсны бүрдүүлсэн багийнх нь нөхөд түүнээс урваж, МСДН-ынхан “Ардчилсан холбоо эвсэл”-ээс урвах анхны үйлдлээ хийсэн юм. Ингэж ардчиллын нөхдөөс зөвхөн М.Энхсайхан урваад зогсохгүй, МСДН ч МАХН-тай хүч хавсархад бэлэн гэдгээ нотолсон нь хэврэг засгийн түүхийг улам бүр баталгаажуулж өгчээ. Үүнийг Ж.Наранцацралт агсны тухайн өдөр чуулганы танхимд хэлж байсан “Би Засгийн газрыг тэргүүлж найман сар ажиллаа. Хувийн ашиг сонирхол, бусармаг сонирхолдоо хөтлөгдсөн хэсэг бүлэн хүмүүсийн хуйвалдааны золиос нь Засгийн газар болж таарахгүй. Сөрөг хүчин гэгдэх МАХН бидний эвслийн холбоотон МСДН-ын УИХ дахь бүлгүүд хуйвалдан манай Засгийн газрыг огцруулах гэж үзэж байна. Би Монголын төрөөр тоглогч этгээдүүдийн өмнө буулт хийгээгүйдээ огцорч байна” гэсэн үг та бидэнд илэрхийлж өгөх нь ойлгомжтой. 

Ц.Элбэгдоржийн огцорсон түүх давтагдлаа 

УИХ-ын 2004 оны сонгууль МАХН хийгээд “Эх орон-Ардчилал” эвсэлд зөвшилцлийн гэрээ байгуулах боломж олгов. Энэ сонголтыг Ц.Элбэгдорж тухайн үед “Хаан сонголт” хэмээн нэрийдэж, дахин гүйцэтгэх засаглалыг удирдах эрхтэй болсон. Гэсэн ч 2006 оны арванхоёрдугаар сард Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн бахархалт ойн жилийн ойг сүр ихтэй тэмдэглэх тухайгаа зарлаж байсан Ерөнхий сайд оныхоо нэгдүгээр сард дахин тахимаа өгөх нь тэр. Үүнээс өмнө буюу 2004 оны арванхоёрдугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарсан нь МАХН-д өгөөш болж, Засгийн газар оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсон тухай хоёр он дамнасан улс төрийн тоглолтыг удирдаж, улмаар “Ц.Элбэгдоржийн Засгийн газар нийгмийн тулгамдсан асуудлыг шуурай шийдвэрлэж бүтээн байгуулах ажил өрнүүлэхээс илүү хоосон амлалт, уран цэцэн үгээр ард түмнийг хуурч, олон нийтийн бухимдлыг дэвэргэж байна. Ядууралтай дайн зарлах, бүх айл өрхийг компьютержүүлэх, ядуу өрхийг олон мянган орон сууцаар хангах зэрэг сүржин мэдэгдэл, даржин хөтөлбөрүүд нь ард түмний амьдралд үр өгөөжөө өгсөнгүй. Мөн “Хадгаламж” банкийг хувьчлах санаачлага нь ч “Сэргээн босголт”-ыг дампууруулсан гэмтэй нь дүйж очно хэмээв. Ийн Ц.Элбэгдоржийн Засгийн газар хоёр дахь удаагаа огцроход МАХН-аас багтсан сайдууд нь “халуун ам бүл”-ээсээ урваж, огцрох өргөдлөө урьтаж өгсөн юм. Энэ нь нөгөө л Засгийн газрын огцорлын шалтгаан бүрийн ард хоёр намыг дамжсан улс төрийн бүлэглэл, улстөрчдийн хувийн тоглолт гол эх үүсвэр нь болсоор ирснийг баталгаажуулж өгөв. 

Лойдор төрүүлэх уралдаан эхэллээ 

Ардчилсан намын дотоод зөрчил, бусад улс төрийн хүчний удирдлагуудтай хийдэг ханцуй дотор наймаа нь дээр өгүүлсэн ёсоор түүхэндээ таван ч Засгийн газраараа тоглочихлоо. Цаашид тэгвэл яах вэ. Өдгөө “Ерөнхийлөгчийг жинхэнэ утгаараа улс төрийн лидер” гэж хүндлэгсэд энэ намд олон. Харин Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд, Э.Бат-Үүл нарын хувьд хэн хэн нь намаасаа 100 хувь, ядах нь ээ 80 хувийн дэмжлэг ч авахад хэцүү. Өөрөөр хэлбэл тэд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд биш гэсэн үг. Өөр өөрийнхөө босгосон овоон дээр архины дээж түрүүлж хүртэх эрхтэй дунд түвшний улстөрчид гэвэл илүү оновчтой байх. Ийм нөхцөлд Ардчилсан намын дараагийн дарга хийгээд Ерөнхий сайд нь лидер гэхээс илүүтэй лойдор байх магадлал өндөр болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл нөлөө бүхий лидерүүдийн тохиролцоон дундаас автоматаар гарч ирэх лойдор л Ардчилсан нам болон Засгийн газрыг удирдана гэсэн үг. 
Түүнээс бус Х.Баттулгыг гэхэд Ерөнхий сайд болгохгүйн тулд Алтангадас, Шонхортой хүч хавсарч таараа. З.Энхболдыг ч өчигдрийн увайгүй тоглолтынх нь төлөө Алтангадас зүгээр орхихгүй нь мэдээж. Өнгөрсөн хугацааны Ардчилсан нам доторх улс төрийн зарчмыг хурцалж, дундуур нь өөрсөддөө ашигтай, хонжоотой бүхнийг удирдан чиглүүлж ирсэн Алтангадаст үүнээс илүү чадах зүйл үгүй. Ийм тохиолдолд цаашид Ардчилсан намын зөрчил улам бүр хурцадна. Харамсалтай хэрэг. Ардчиллын бэлгэ тэмдэг гэж өөрсдийгөө өмгөөлдөг атлаа ганц ч удаа эрх барьж, намаа нам шиг, төрөө төр шиг байлгаж чадахгүй байгаа нь Ардчилсан намд буурь суух хувь, лидерүүдэд нь сэтгэл орших хувь дутаж буйн илрэл биз ээ. Иймд ирэх өдрүүдэд лидергүй Ардчилсан намд лойдор олох бэрх хүнд эрлийн аян эхлэв бололтой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)