Ардчилсан намын шинэ даргад тавигдах таван шалгуур

2017-01-27 09:21:01

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй найрсаг таван нэр дэвшигчийн идээ будаатай бичлэг сошиалд цацагдах нь бас л үлгэр авмаар сайхан. Харин өрсөлдөөний тайзнаа ярьж хэлж, өөр зуураа хэмлэлдэн тэмцэлдэж буйг нь харвал нааш харж инээж, цааш харж уурлан өглөө өдөр бүр шөнийг хэрхэн туулж яваа бол гэж бодохоор сэтгэл өвдмөөр. Гэсэн ч эцсийн бүлэгт Ардчилсан намыг ирээдүйд тэр дундаа 2017 оны зургаадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд удирдаж орох хүн нь зөвхөн энэ таваас тодорно гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Ийм л учраас АН  түүхээ өмгөөлөх үү, ирээдүйгээ хамгаалах уу гэж асуух хэрэгтэй болж байна. Учир нь, Ардчилсан намыг нэгдүгээр сарын 29-наас удирдах хүн хамгийн гол нь цагаан түүхтэй, намаа хууль хяналтын байгууллагын өмнө чөдөр тушаа мэт дарлуулах нэгэн яавч байж болохгүй. Иймд АН-ын шинэ даргын шалгуурт дараах болзол байж болох юм. 
1.    Авлигатай тэмцэх газарт шалгуулсан түүхгүй. 
2.    Өмнө нь гэмт хэрэгт орооцолдож байгаагүй. 
3.    Өөр намын гишүүнчлэлтэй байгаагүй. 
4.    Улс төрийн хуйвалдаанд оролцсон дуулиангүй. 
5.    Гадаад харилцаа сайтай. 
Энэ бол Ардчилсан намын ирээдүйг хамгаалах гол шалгуур. Монголын ардчилалд хувь нэмэр оруулсан гэдэг өнгөрсөн хугацааны түүхээс илүүтэй ирээдүйг хамгаалж чадах цагаан түүхтэй удирдагч хэрэгтэй. Авлига авсан өгсөн гэж мэтгэлцэхгүй, гэмт хэрэгт холбогдсон түүхээ залуу халуу насны алдаа гэж мэлзэхгүй, өөр намаас хамгаалалт гуйж орж ирснээ ардчилалд итгэснийх гэж гүрийхгүй, фракц дагасан улс төрийн намтраа найз нөхдийн хэлхээ гэж өмгөөлөхгүй байх удирдагч хэрэгтэй.Үүний дараа Ардчилсан намын хамтын ажиллагааг олон улсад хөгжүүлэхүйц нээлттэй бодлоготой улстөрч байх ёстой гэдэг шалгуурыг бас л мартаж болохгүй. Учир нь, Ардчилсан намын ирээдүй бол ардчиллын ирээдүй. МАН-аас нэхэхийг хүсдэггүй ардчиллыг монголчууд Ардчилсан намаас нэхдэг. Тиймээс энэ үүрэг даалгаврыг өнгөрсөн түүхээрээ барьцаалагдсан удирдагч бус харин өнөөдрийг хүртэл цагаан зам татуулж, улс төрийн хуйвалдаан, эрх ашгийн зөрчил, эд мөнгөний сонирхлоос хол явж байсан тийм хүн биелүүлэх ёстой юм. Харин энэ шалгуурт хэн тэнцэхийг Ардчилсан намын албан ёсны бүртгэлтэй гишүүд нь бодож үзэх ёстой биз ээ. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)