Авлигатай тэмцэх газраас зугтсан Н.Ганболд тагнуулд ирлээ

2017-01-12 12:23:16

Авлигатай тэмцэх газрын дарга асан Н.Ганболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гарган, УИХ-аас чөлөөлөгдөж байсан. Тэгвэл энэ удаад тэрбээр Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газрын даргаар ажиллах болсон байна. Нэг ёсондоо авлигатай тэмцэх олон ажлыг эхлүүлэхийн хэрээр улстөрчдийн эгдүүцлийг өдөөсний улмаас дарамт шахалтаас зугтаж, ажлаа өглөө гэдэг дүгнэлтийг улстөрчид ч, олон нийт ч хийж байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт үүсгэсэн хэрэг, Ерөнхий сайд асан С.Баярын үл хөдлөх хөрөнгийн тухай тайлбар зэрэг асуудалд эргэлзээтэй зүйл бий гэдэг оньсого үлдээгээд явсан юм. Ямартай ч, өнгөрсөн хагас жилийн хугацаанд түүний эрүүл мэндийн байдал сайжирсан гэж үзэх үү, эс бол Авлигатай тэмцэх газраас зайлшгүй зугтах шаардлага байв уу гэдэг нь цаг хугацааны явцид ил тод болж мэдэх юм. Ингээд УИХ-ын гишүүдийн асуултад тухайн үед ямар хариулт өгснийг хүргэе.

Г.Уянга: -Би Ерөнхий сайд С.Баярыг АНУ-д үл хөдлөх хөрөнгүүд авсан тухай баримттай мэдээлэл өгсөн. Үүнийг танайх гэмт хэрэг биш гэж үзсэн. Үүнээс болоод би АТГ-ыг хараат ажиллаж байна гэж үздэг болсон. Энэ хэргийн талаар яриач?

Н.Ганболд: -С.Баярын хэргийн талаар шууд хэлэх эвгүй байна. С.Баярын хэргийг прокуророос хаасан.

Ц.Оюунбаатар: -Авлигатай тэмцэх газар МАХН-ын байрны гэрээний асуудлыг шалгаж, дараа нь танайх татаж авлаа. Иргэний гэрээний хэргийг ингэж болдог юмуу?

Н.Ганболд: -Намын баярны асуудалд цагдаагийн байгууллага хэрэг үүсгээд улсын прокуророос Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоож өгсөн. Иргэний хэрэг, 148 дугаар зүйлд заасан залилангийн хэрэг нь мэдэгдэхгүй зүйл манайд ирсэн. Бид хүлээж авсан.

Д.Ганбат: -Та цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд сонгуулийн өмнө Х.Баттулга гишүүнийг эвгүй байдалд оруулсан асуудлыг юу гэж үзэж байна вэ?

Н.Ганболд: -Цагдаагийн байгууллагаас явуулсан үйл ажиллагаа. Прокурорын байгууллагын зөвшөөрлөөр явдаг. Эвгүй л харагдаж байна лээ.

Эндээс үзэхэд Улсын ерөнхий прокурорыг тойрсон олон эргэлзээг тэрбээр үүсгэлээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дээр үүсгээд байгаа МАХН-байрны худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаан, Ерөнхий сайд асан С.Баярын хэргийг юуны учир хаасан болох тухай асуулт юм. Иймд түүнийг асуулт үлдээгээд Авлигатай тэмцэх газраас “зугтсан” гэж болмоор. Гэсэн ч УИХ-ын гишүүдийн хувьд түүнийг тулхтай, ноён нуруутай, чадварлаг комиссар байсан тухай нь сайхан үгээр үдэж мордуулахыг чухалчилсан юм. Тиймээс дараагийн олон олон асуулт Авлигатай тэмцэх газар гэхээс илүүтэй Улсын ерөнхий прокурорын газар болон Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан руу чиглэх нь тодорхой болов. Дашрамд нь мэдээлэл өгөхөд Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аас томилдог учиртай юм. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)