Х.Лхагвасүрэн: Хүн эрх чөлөөтэй үедээ л аз жаргалтай байдаг

2017-01-12 08:22:13

 “Харанга“ хамтлагийн гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Х.Лхагвасүрэнгийн 2006 оны зургадугаар сард “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Харанга”-ын Х.Лхагвасүрэнг та таних уу. Гудамжинд яваа хүн бүрээс энэ асуултыг асуувал бүгд толгой дохино. Хэрэв тэднээс илүү их тодотгохыг хүсвэл "Харанга” хамтлагийн дуучин, "Этгээд хүн", "Сайн дуучин", "Их муу хүн"" гэж ч магадгүй. Үнэндээ хүмүүс түүний тухай ам дамжсан хов жив, аль эсвэл сайн дуучин гэдгээс өөрийг мэддэггүй бололтой. Үгүй ядах нь ээ л түүний хүзүүндээ зүүсэн эрхийг хэлбэрдэлт гэж ойлгох, тайлбарлах нь бий. "Харанга”-ын Лхагваа бурхан шүтэж, сүсэглэнэ гэж юу байдаг юм" гэж хэлэх хүн хангалттай олон. Тэр мөнгө хүүлэгч, баян тансаг нэгэн гэх хүмүүс ч бий. Гэвч тэр бүх яриа “Харанга”-ын Х.Лхагвасүрэнг мэддэггүй учраас л гардаг аж.

-Олон эцэг, эх өөрийнхөө хүүхдийг таны замаар алхуулахыг хүсэхгүй байх аа. Энэ асуултаар ярилцлагаа эхэлье?
-Яагаад.

-Та олон хүнд таалагддаггүй болохоор?
-Би хэн нэгэнд таалагдаж амьдрах шаардлагагүй, Миний амьдрал надад аз жаргал өгдөг. Тэгээд л болоо. Үнэхээр эцэг, эхчүүд хүүхдээ миний амьдралаар амьдруулж, алхуулахыг хүсдэггүй, хэрвээ хүсдэг бол тэд Лхагваагийн зам хүнд гэдгийг мэддэг болоод л тэр байх. Бүхий л сэтгэл зүрхээ дуулж байгаа дуундаа өгч, үнэнч шударгаар хүмүүсийг баярлуулна гэдэг хүн бүрийн хийж чадах ажил биш. Олон хүн ингэж амьдарч, дуулж чадахгүй. Гэхдээ миний араас олон залуу гарч ирж байгааг би өдөр бүр харж, тэдэнтэй уулзаж ярьдаг. Азаар тэд эцэг, эхийнхээ хүссэнээр биш харин өөрийнхөөрөө сонголт хийсэн шилмэл залуус.

-Тэдний түлхүүр нь Лхагваа мөн үү?
-Үгүй ээ, тэд "бидэнд үнэн юм хэрэгтэй" гэдгийг ойлгосон учраас л рок хөгжимд татагдаж байгаа. Үүнийхээ шагналд нэг л сайхан өдөр сайн сайханд хүрнэ гэдэгтээ итгэдэг. Хайр бүхнийг ялна гэдэгтэй адил үнэн ялна гэсэн үг бас бий. Тэд ийм л залуус. Дуугаараа үзэл

бодлоо илэрхийлэх нь тэдний хувьд ч, миний хувьд ч том аз жаргал. Тэгээд ч би өөрийгөө дуучин гэхээсээ илүү үзэл бодлоо илэрхийлэгч гэж боддог. Энэ нь надад ашигтай. Наад зах нь би мод таримаар байна. Гэтэл надад албан тушаал эрх мэдэл алга. Ийм нөхцөлд,

"Хамгийн сүүлчийн мод цавчигдаж унахад

Хамгийн сүүлчийн загас ангаж үхэхэд                 

Хамгийн сүүлчийн гол ширгэж дуусахад

Хүмүүс та нар мөнгийг идэж болдоггүйг мэднэ" гэж дуулсан нь дээр. Харамсалтай нь ингэж дуулаад ч хангалтгүй байна.

-Хүн бүр мод, загасны төлөө биш зөвхөн өөрийнхөө төлөө, мөнгөний төлөө л зүтгэж байгаа шүү дээ?
-Тийм биш ээ, хүмүүс мөнгөгүй байх, ядуу амьдрахаас айдаг уч-

раас л ингэж боддог. Тэгж болохгүй. Уг нь ядуу амьдарна гэдэг зовлон биш. Би таван ханатай гэр бариад, хонины толгой мөлжиж, дуугаа дуулаад амьдрахад хэн хүнээс илүү аз жаргалтай амьдарч чадна. Энэ бол аз жаргал. Яагаад гэвэл надад эрх чөлөө байна. Хүн эрх чөлөөтэй үедээ л аз жаргал-

тай байдаг. Ийм учраас л Үндсэн хуулиар эрх чөлөөг тунхагласан байдаг биз дээ. Тэнд бичсэн шиг хүн бүр эрх чөлөөгөө эдэлж, өөр өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Мөн хүн болгон баян тансаг амьдарч, дуучин болох шаардлагагүй. Тэгээд ч ядуу амьдралдаа дуртай, сэтгэл хангалуун хүмүүс байдаг биз дээ. Хүн чинь өөр өөрийнхөө байранд л аз жаргалтай байдаг.
Нэгэнт хүн бүр л үхэх юм чинь баян, ядуу байх нь хамаагүй. Би өөрөө ч
гэсэн баян хүн биш.

-Хүмүүс та нарыг мөнгө олохын тулд дуулдаг гэж боддог шүү дээ?
-Би хувьдаа мөнгө олох гэж дуулдаггүй. Гуравдугаар ангид байхдаа

үлээвэр хөгжимтэй дуулж, тавдугаар ангиасаа бөмбөр тоглосон. Ээждээ хайртай шиг энэ урлагт би хайртай. Зөвхөн дуугаар дамжуулж, дотоод сэтгэлээ дэлгэж, үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Энэ бол Лхагваагийн аз жаргал. Үүний минь төлөө Монголын ард түмэн Лхагвааг эрж хайдаг.

Дуулахгүй хэсэг удвал тэд намайг нэхнэ. Лхагваа хаачив, яагаад дуулахгүй байна гэх мэтээр. Олон түмэн намайг сонсох дуртай шиг би ч тэр зөвхөн Монголын ард түмэндээ л зориулж дуулдаг. Өөр хаачих юм. Би Монголдоо л хайртай. Гэхдээ “Зөвхөн Монголдоо” дуулдаг ч гэлээ энэ дэлхийг тэр чигээр нь хайрлаж, ногоон дэлхий, энх амгалангийн төлөө би дуулахыг хүсдэг. Өвөр Монголын телевизээр нэг сэтгүүлч нь  “Хүн төрөлхтний өнөөг хүртэлх түүхийг үзвээс урт удаан хугацааны байлдаан юм аа” гэж байсан. Би тэр байлдааны эсрэг байдаг.

-Гэхдээ та энх тайвныг дуулагч гэхээсээ илүү эрх чөлөөгөө хэтрүүлж байгаа юм шиг харагддаг?
-Хүн хүнээрээ байдаг гэдэг шиг Лхагваа Лхагваагаараа л байдаг. Хүн бүр "би хууль зөрчихгүй улаан гэрлээр явах хэрэгтэй" гэж боддог. Гэтэл надад таалагдахгүй хууль байвал би зөрчиж л орхино. Би Лхагваагийн хуулиар явдаг. Орчлон хязгааргүй учраас би ямар ч сайхан дуу зохиож, бас миний хоолой дээшээ дахиад юу ч дуугарч магадгүй гэдэгт итгэдэг.

-Рок хөгжмийг сонгож байгаа хүмүүсийн амьдрал хүнд хэцүү дурсамжаар дүүрэн байх нь бий?
-Рок хөгжим сонсч, шүтэж байгаа хүүхдүүд бүгд л үеийнхнээсээ илүү ихийг үзсэн байдаг. Амьдралын хатуу хөтүү, зовлон бэрхшээлийг тэд хар багаасаа нуруун дээрээ үүрч, тэндээсээ бодит үнэний эрэлд гарах гарцыг хайж эхэлдэг. Нөгөө талаас зовлон хүнийг хурцалдаг гэдэг үнэн. Хэрэв торгонд ороогоод, бөөцийлөөд байвал яаж тийм дуу зохиож, дуулах юм. Дээр нь тэдэнд урлагийн онгод байгаа. Би ч гэсэн багаасаа аавын ажил хийж, дүү нараа хамгаалж, гэртээ гэрййн эзний үүрэг гүйцэтгэж байсан.

-Таны бага нас ч тэр хүнд хэцүү байдалд өнгөрсөн гэж үү?
-Би бусад хүүхдийн адил түлээ хөрөөдөж, ус зөөж өссөн. Гол нь тэр хоорондоо би их зүйлийг амжуулсан. Ээж, хоёр дүүтэйгээ амьдардаг өрхийн тэргүүн хүүхэд байсан болохоор тэгэхээс өөр арга байгаагүй. Томчуудтай зэрэгцэж, энд тэндхийн шинэ жил дээр дуулдаг байлаа. Мөн тэр үеийнхээ хүүхдүүдээс илүү их ном уншсан гэдэгтээ итгэлтэй байдаг. Тэгж байж л "Харанга"-ынханд тоогдож, энэ хамтлагт орсон. Хүн хэрэв өөрөө үгийг нь бичиж, аяыг зохиож, өөрөө дуулдаг бол тэр ертөнцийг өөрөөр харагч. Яг үнэндээ 16-тай Лхагваад “Битлз" тийм ч их таалагддаггүй байсан.

-Яагаад, бүгд л "Битлз"-ийг агуу гэж боддог шүү дээ?
-Тэд зөвхөн хайрын тухай л дуулж байсан. Харин манай "Соёл эрдэнэ" эх орон, хайр дурлал, ээж аав, амьдралын тухай өргөн хүрээнд дуулдаг байсан юм. Жим Моррисон бол өөр хэрэг. Тэр энх тайван, амар амгалангийн билгэ тэмдэг байсан. Хүмүүсээ биө бие рүүгээ буу шагайхаа боль. Энэ ногоон дэлхийг авч үлдэхгүй бол болохгүй гэх мэтээр. Жим Моррисон хэзээ ч мөнгөний төлөө дуулж байгаагүй. Үүнийх нь төлөө түүний бунханд хүндэтгэл илэрхийлэх хүмүүсийн цуваа тасрахгүй байна шүү дээ. Үүн шиг би ч гэсэн хамгийн сүүлчийн модонд санаа зовж дуулдаг.

-Та хэт хол зүйлийн төлөө санаа зовж байгаа юм биш үү?
-Яагаад болохгүй гэж. Хүн төрөлхтөн тэр чигээрээ л хайгуулчин байдаг. Бүгд л эрж хайж, зөв зүйтэй шийдлийн төлөө явдаг. Нэгэнт төрсөн цагаасаа л хайгуулд гардаг юм чинь 60 хүрч ухаажчихаад 61 насандаа үхэж болохгүй. Ингэж утгагүй амьдрах хэрэггүй. Нэг жилийн дотор юу хийх юм. Тийм болохоор би хүмүүст өөрийгөө ганцхан ээжтэй гэх биш харин энэ хорвоогийн бүх ээжийг миний ээж гэж хүндлэх хэрэгтэй гэж хэлмээр санагддаг.

-Хэт хавтгайрсан итгэл үнэмшил биш үү?
-Яалаа гэж. Хүн бүр эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэн, сайн сайхныг магтаж, үзэсгэлэн гоог өөд нь татаж амьдрах ёстой. Тэгэхэд манайхан сэгсгэр буурал, намхан буурал ээж гэж дуулаад байдаг. Гандсан ганц дээлтэй сэгсгэр эмгэн гэж дуулах ямар хэрэг байна. Бас эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэдэг үгийг халах хэрэгтэй. Хүүхдийг багаас нь орчлонг чин сэтгэлээсээ хайрлаж, хамгаалдаг хүн болгож өсгөсөн нь дээр биз дээ.

-Хүүхдийг тэгж хайрлаж чадахгүй байна гэж үү?
-Хүүхэд бүр анх үзэг цаас нийлүүлж зураг зурахдаа аав, ээж, нар, сар, од гариг зурдаг. Хайрласан сэтгэлээс төрдөг болохоор тэгдэг байх. Гэтэл томчууд тэдэнтэй үнэн ч биш, шударга бус харьцсанаар тэд эвдэрдэг. Яана аа, тэгж болохгүй, ингэж болохгүй гэсэн хэрэгтэй, хэрэггүй заавар хүүхдийг эвддэг.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Албан ёсны хоёр хүүхэдтэй.

-Албан бус хүүхэд байгаа гэж үү?
-Хэрэв байвал сайн л байна. Энэ бол завхай явдал биш. Нэг ч болов хүүхэд төрчихөөд хүн болох гэж тэмцэж байгаа бол би баярлана. Хүн төрнө гэдэг зүүны үзүүр дээр тогтсон арвайн ширхэг гэдэг биз дээ.

-Уучлаарай, хүүхэд гэснээс хүмүүс таны гэр бүлийн амьдралыг их сонирхдог?
-Хэддэх бүсгүйтэйгээ амьдарч байна. Хэдэн хүүхэнтэй явж байна гэдэг хоёр өөр ойлголт. Би уг нь өөрийгөө их журамтай гэж боддог. Гэхдээ хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй гэдэг. Ямар ч үед амьдралыг эрчүүд чирж явдаг. Ертөнц дээр байсан цөөхөн хэдэн удирдагч эмэгтэйг эс тооцвол энэ ертөнцийн сайн, муу бүхнийг эрчүүд л хийж байгаа. Ийм учраас надад минийхээр л амьдарч чадах тийм эмэгтэй л хэрэгтэй. Мөн намайг урт удаан дуулуулах нэг л бүсгүй байхад болно. Орчлон дээр хайр, дуу хоёр шиг сайхан юм байхгүй гэдэгт би итгэдэг.

-Тийм эмэгтэй олдохгүй байгаа хэрэг үү?
-Аз жаргал гэхээр арав, таван цаасыг хэлдэггүй юм. Намайг ядуу ч байсан хамт байх тийм хайрыг би хүсч байна. Гэхдээ би ийм хайрыг хүсдэг шиг надтай амьдарч байсан эмэгтэйчүүд ийм хайрыг хүсээгүй гэж би хэлэхгүй. Тэд зүгээр л өөр амьдралыг хүссэн. Би ямар торонд шувуу хийж, түгжээд тэжээж байгаа биш. Тэд дуртай зүг рүүгээ нисэх эрхтэй. Минийхээр амьдрахгүй тийм хувь тавилан тэднийг дуудаад байвал би тэднийг хүчээр дэргэдээ байлгаад байх хэрэггүй. Нэгэнт болохгүй юмыг болгох гээд нэгийгээ зовоож, чирж чаргууцалдаж болохгүй. Тэгээд ч салж болохгүй гэсэн хууль байдаггүй биз дээ.

-Хүссэн болгоныг нь нисгээд байхаар таны дэргэд хүн үлдэх болов уу?
-Би одоо сүүлчийн хайртайгаа учирсан. Тэр эмэгтэйг хайж, хайж олсон.

-Хүмүүс урлагийнхны хөлсийг их өндөр гэж боддог. Тэгэхэд та цэнгээний газруудад их бага хөлсөөр дуулах юм. Дуулах хөлсөө арай өөрөөр тогтоох болсон юм биш үү?
-Урлагийг мөнгөөр үнэлж болохгүй. Надад хүн баярлуулж, тэдний өмнө дуулах нь л сайхан байдаг. Өөр илүү их зүйлийг мөрөөдөж шунахгүй. Намайг юу гэж муулах нь хамаагүй. Энэ хоолой чинь бурхны өмч. Ганцхан би өөрөө өмчлөөд дуугүй байгаад байж болохгүй. Хэний хоолой “Харанга”-ын Лхагва шиг гуравдугаар октавын Ми дуугардаг юм бэ. Би мэдэхгүй юм байна. Дашка л дугарч магадгүй. Иймээс би дуулж байгаа нь гоё. Тэрнээс миний хэн байх нь, яаж амьдрах маань тэдэнд хамаагүй.  

-Хүн бүр л урлагийнхны амьдрал руу өнгийдөг. Тэр утгаараа таныг их л баян тансаг амьдардаг гэж боддог?
-Би гайхалтай амьдардаг. Гэхдээ гайхалтай гэдгийг өөр өнцгөөс харах хэрэгтэй. Хэрэв эд хөрөнгийн тухай асууж байгаа бол би энэ тухай ярих дургүй. Нэгэнт дуучин болж төрсөн л бол мөнгөтэй ч дуулна, мөнгөгүй ч дуулна. Би хэзээ ч мөнгө хайхгүй. Энэ миний хоолой биш энэ тэнгэрээс өгсөн хишиг.

-Тэгвэл 15 жил дуулж байгаа Лхагвааг нэг жил дуулсан зохиолын дуучинтай жишиж мэдэх юм?
-Хүн дандаа Баянхошууны бааранд архи уугаад байхыг хүсэхгүй. Тэгэхэд ард түмнийг тэнд нь архи уулгаж, "Бөхийн өргөө"-нд зохиолын дуу үзүүлээд байхаар яах юм. Ингэж хүмүүсийн тархийг угааж болохгүй. Гэхдээ би тэднийг муулдаггүй. Нутаг усаа санасан хүмүүс яагаад тэгж дуулж болохгүй гэж. Би хол явахаараа хотоо санадаг. Үүнтэй л ижил.

-Харамсалтай нь, урлагийн үнэ цэнэ өдөр ирэх бүр унаж байна. Танд тэгж санагддаг уу ?
-Уг нь дуулах гэдэг бөөлөхтэй л ижил. Би өөрийгөө тайзан дээр бөөлж байна гэж боддог. Тиймээс ч онгод хөглөж хийсэн уран бүтээл төгс төгөлдөр болдог. Харин сүүлийн үед онгодгүй бөө байх болсон гэж дуулсан. Үүн шиг онгодгүй хөгжмийн зохиолч, уран бүтээлч бас бий болов бололтой. Тэдний буруугаас болоод ийм яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Заримдаа дүү нартаа та нарын сүүлийн 10 жил зохиосон ганц ч дуунд сэтгэл хөдөлсөнгүй. Ингэж ард ард түмнийг олон жил хуурч чадахгүй шүү гэсэн хатуу үгийг би тоолгүй хэлж орхидог л юм.

-Тэдний дунд танд өрсөлдөгч байна уу?
-Байхгүй. Яагаад гэвэл хүн төрөөд үхэхийн хооронд хэн нэгэнтэйгээ дайтаж, өрсөлдөж амьдрах хэрэггүй гэж би боддог. Миний өмнө одоо 29 жил л байгаа.

-Сайн ойлгосонгүй?
-Би бурхнаас 70 хүрээд л үхнэ гэж гуйдаг. Тэрнээс өмнө үхэх вий гэж айдаг. Яагаад гэвэл би энэ амьдрал, энэ бөмбөрцөгт ухаангүй хайртай. Гэхдээ ч цаанаа бас 73 хүрч үхэх юмсан гэж бодоод байдаг. Яагаад гэхээр монгол эр хүн 73-ныхаа жил дээр нас барвал үлдсэн хүмүүстээ сайн гэж дуулсан.

-Таны хүзүүндээ зүүсэн эрх ямар учиртай юм. Зүгээр л хэлбэрдэлт юм шиг олон хүнд санагддаг?    
-Би өнгөрсөн жил Түвд орж, 75 настай нэгэн ламтай уулзаж байсан. Тэр хүн намайг анхандаа тоогоогүй. "Чи дуучин юм бол манай нутгийн Баатар шиг дуулаад баян болохгүй юу. Энд юу хийж ирсэн юм" гээд. Тэгэхэд нь би "Баян болох гэж биш харин юуны төлөө амьдарч байгаагаа ойлгох гэж ирсэн юм" гэхэд надад энэ эрхийг бэлэглэж, нарны илчээр чанадаг цайнаасаа өгч, нэлээд удаан ярилцсан.

-Тэгэхээр эрхиэ эргүүлдэг байх нь ээ?
-Завтай үедээ байнга л эргүүлдэг. Эрхийг эргүүлэхгүй бол өлсдөг гэдэг юм билээ. Хүмүүс зовлон бэрхшээл тулгарахаар л бурхан руу очиж, намайг ивээлдээ аваач гэж гуйдаг, тэгж болохгүй. Бурхан чинь энэ хүн хэрэгтэй үедээ над руу хандаж, хэрэггүй үедээ намайг дурсдаггүй юм билээ гэж гомддог байж магадгүй. Түвдэд 20 миллийн хурдтай машинаар 52 хэмийн хүйтэнд 5231 метр өндөр уулаар явж байхад яах ч аргагүй энэ тухай боддог юм билээ.

-Таныг сонсдог хүмүүст таны тухай мэдэхгүй их зүйл байгаа бололтой?
-Хүмүүс сэтгэлээ дэлгэж ярьдаггүй юм. Би ч гэсэн хүн бүрт өөрийгөө ойлгуулах гэж зүтгэх хэрэггүй. Намайг Монголын бүх ард түмэн биш юм аа гэхэд 200 хүн үнэнчээр сонсдог гэдэгт би итгэдэг.

Г.ОТГОНЖАРГАЛ /2006 оны 6 сарын 30/

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Ганбилэг      ip : 202.180.220.186 2017-01-12 13:56:16
Сайхан ярилцлага болж. 200 хүн байтугай монголчууд Харангыг шүтдэг, түүний дотор ЛХАГВАА-г биширдэг, сонсдог нь гарцаагүй. 100 наслаарай!





(0/800)