Улаанбаатарын утаа. Энэ утааг бууруулахын тулд төр засгаас өнгөрсөн дөрвөн жилд 135 тэрбум төгрөг зарцуулж. Гэтэл утаа бахь байдгаараа ч байсангүй. Өдрөөс өдөр нэмэгдэж, өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн. Баянхошуу гэсэн ганц цэгийг онцлох нэгэн байхад Улаанбаатар хот сууналзсан хөх утаан дунд хөгжин цэцэглэж буйг та бидний харах нүд хаан таглахгүй нь ойлгомжтой. Нэг ёсондоо үр хүүхдийнхээ ханиад хүрсэн тоог хүнд хэлэхээс ч ичмээр бодит нөхцөл байдал дунд та бид амьдарч яваа. Хуучин цагт бол “Арчаагүйдээ үр хүүхдээ ханиаданд дарлуулаад” гэж загнах нэгэн таарах л байсан байх. Гэсэн ч аав, ээж бус төр засаг үүнд буруутай болсон нь залуус бидний хувьд бас ч гэж аз завшаан юм. Хувийн нэр хүндээ болвол шүү дээ.
Ийн бодож суух зуур “Ц.Пүрэвхүүгийн утаа” гэх нэгэн шинэ ойлголт гараад ирлээ. Тэрбээр энэ сарын 28-ны өдөр хоёр дахь удаагаа утааны эсрэг жагсаал зохион байгуулах бөгөөд “Утааны эсрэг аав, ээж” холбоо гэгчийг ч байгуулаад амжиж. Онлайн ертөнцөөр түүний зарлалын дагуу олон мянган аав, ээж жагсахаа амласан ч Сүхбаатарын талбай дээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-ны өдөр ирсэн нь тунчиг цөөхөн. Гэхдээ Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад хандсан уриалга бичгээ бол гаргачихсан байгаа.
Иймд тэд дараа, дараагийн алхмаа эрчимжүүлэхийн тулд дахин жагсахаар шийдсэн нь энэ. Гэсэн ч хоёр хүүхдийн ээж, хүүхдүүдийнхээ ханиад, хатгалгааг бүрэн эдгээж чадахгүй болтлоо утааны хохирогч болсон түүнийг нэр бүхий улстөрчдийн гар хөл мэтээр дүгнэх хандлага гараад ирж. Янз нь утааны эсрэг бус харин утааг ашиглан улс төр хийхийг санаархсан бололтой юм. Гэхдээ бололтой гэх дүгнэлт бичигч надаас хол бөгөөд ийн ойлгуулахыг хүсэгчдэд хамааралтай гэдгийг бодолцож үзээрэй.
Харин миний хувьд асуудлыг улстөрчийн бус “Пүрэвхүүгийн утаа” гэдгээр харах болоод сар гаруйн хугацааг үдэв. Жагсаал цуглаанд нь нэгдэж, лоозон барьж жагсаж чадаагүй ч гэсэн түүний саналыг, түүний зоригийг үнэлэхгүй, хүндлэхгүй байхын аргагүй. Хүүхдийнхээ халууны хажуугаар нийгмийн халууралд санаа тавьж, олон мянгын ээж аав, тэдний үр хүүхдийн төлөө жагсаал зохион байгуулаад зогсоно гэдэг яг одоогийн хүйтний улиралд бол гайхалтай эр зориг бас чин сэтгэл юм. Харамсалтай нь, та биднээс ийм зориг ч, сэтгэл ч гарсангүй. Тийм л учраас “Пүрэвхүүгийн утаа”-ны эсрэг Ц.Пүрэвхүүтэй хамтран чадах, чадахаараа тэмцэцгээе. Гэр хороололд дугуй түлдэг нь дугуйнаасаа татгалзаж, утаа гаргадаг машинтай нь машинаа засч, утааны нэрээр төрөөс мөнгө иддэг нь мөнгөнөөсөө татгалзая. Сүүлийнх нь хэт гэгээн мэт санагдах ч эргэж буух буудал нь төрийн шорон гэдгийг бодож араа бодож амьдрая л даа. Наад зах нь, Цэвэр агаар сангийн мөнгөөр гутал аваад өмсчихсөн нягтлан шоронд сууж байгааг сана. Гоё ганган гутлынх нь өсгийнд хэдэн хүүхэд эдгэхгүй өвчнөөр өвчилж, хэд нь ээжийнхээ урагт эндэж, хэдэн гэр бүл үхэл хагацлын зовлонд унаж суугааг бодож ухаантай амьдарцгаая. Эс бөгөөс ПҮРЭВХҮҮГИЙН УТАА хэзээ ч Улаанбаатараас салахгүй нь тодорхой юм шүү. Ц.Пүрэвхүүдээ баярлалаа.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :