Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний салбарт бодлогын шийдвэр гаргасан. Энэ талаар Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй ярилцлаа.
-Энэ Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах эхний алхмыг эрчим хүчний салбар хэрэгжүүлэхээр боллоо. Салбарын сайдын хувьд, үүнийг хэр үр дүнтэй гэж үзэж байгаа вэ?
-Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдэгтэй хүн бүр санал нийлж байна. Засгийн газраас бодит арга хэмжээ авах үүднээс Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гэр хорооллын цахилгааны хэрэглээний шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг эрчим хүчний салбарынхан ирэх сарын 1-нээс биелүүлж ажиллана. Шөнийн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл хороонд цахилгаан төлбөргүй болох юм. Үүгээр гэр хорооллын иргэд гэр орныхоо халаалтыг цахилгаан ажилладаг хэрэгслээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа. Ийнхүү шөнийн хэрэглээг тэглэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна.
-Энэ хөнгөлөлт хэдэн сарыг хүртэл үйлчлэх вэ?
-Ирэх оны гуравдугаар сар хүртэл гурван сар гаруй хугацаатай хэрэгжинэ.
-Үнэгүй хэрэглэх учраас цахилгааны замбараагүй хэрэглээ өсөх магадлалтай. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Ард иргэдийн зүгээс техникийн хязгаарлагдмал зүйл бий гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидэнд байгаа шугам сүлжээний ачаалал даах чадвар тодорхой хэмжээтэй учраас ямар хэмжээний хэрэглээг тэглэх вэ гэдгийг журмаар зохицуулж ажиллах шаардлагатай. Үнэ болсон учраас хязгааргүй хэрэглэнэ гэдэг бол боломжгүй зүйл.
-Бүх гэр хорооллын хэрэглэгч цахилгаан халаагуур хэрэглэж эхэлсэн тохиолдолд одоогийн байгаа шугам, сүлжээ ачааллаа дийлэхгүйд хүрнэ гэсэн үг үү?
-Бид нэг өрхөд 1.7-2 кВт хэмжээний ачаалал үүсэх тооцоо гарсан. Энэ хэмжээний ачааллыг даах боломжтой шугам сүлжээ бий. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын өрхүүд халаалтын төхөөрөмжийг ашиглахад боломжтой гэсэн үг. Оргил ачаалал буюу оройны 18.00-20.00 цагтай давхцахгүй учраас ийм шийдэл гаргасан. Эрчим хүчний салбарт ачааллаас үүдсэн тасралт саатал өсөх магадлалтай. Тиймээс хүн хүч, техник нэмж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбар бүх чадлаа дайчилж ажиллана.
-Гэр хорооллын иргэд энэ хөнгөлөлтийг эдлэхийн тулд цахилгааны тоолуураа солих асуудал яригдаж байгаа. Заавал солих шаардлагатай юу?
-Нийтдээ цахилгааны тоолуураа солих шаардлагагүй. Нийслэлийн хэмжээнд 146 мянган хэрэглэгч байдаг. Үүний 112 мянга нь тариф тоолууртай. Тариф тоолууртай өрхүүд шууд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой гэсэн үг. Үлдсэн 34 мянган хэрэглэгч энгийн тоолуураа солих асуудал байгаа. Энэ асуудлыг үе шаттай шийдэж, бүх хэрэглэгчдийг хамруулах боломжтой гэж харж байна. Зонхилох хэсэгтээ үр өгөөжөө өгөх, агаарын бохирдлыг бууруулахад бодит нөлөө үзүүлэх шийдвэр гэж ойлгож болно. Хэрэглэгчиддээ хандаж хэлэхэд, цахилгааны аюулгүй ажиллагааг хангахын тулд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөөг сайтар даган мөрдөх хэрэгтэй. Одоо хэрэглэж буй цахилгаан тоног төхөөрөмжүүд ачаалал даах чадвар муу байдаг. Цахилгаан түгээх компаниудын зүгээс холбогдох заавар журмаар хангаж ажиллана.
-Цахилгааны хөнгөлөлтөд хэдэн төгрөг зардал гаргахаар тооцоолж байгаа вэ?
-Засгийн газарт 26 орчим тэрбум төгрөгийн ачаалал ирнэ. Цахилгааны хэрэглээ өсөх учраас импортын үнэтэй эрч хүчний хэрэглээгээ нэмэх шаардлага үүсэж байна. Дээр нь шугам сүлжээний шинэчлэл хийхгүйгээр хангах гэх мэтчилэн зардал яригдах юм.
-26 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Энэ мөнгийг ирэх оны улсын төсөвт суулгаагүй. Шаардлагатай хөрөнгийг хаанаас санхүүжүүлэх вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах асуудал нь тодорхой байна. Нэгэнт тооцоо судалгаатай шийдвэр гарчихсан. Тиймээс Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд бүх төрлийн эх үүсвэрээр шийдэхээс өөр аргагүй. Хөрөнгө мөнгөгүй гээд суугаад байвал бид юу ч хийхгүй.
-Энэ арга хэмжээ хэрэгжихэд хэдхэн хоног үлдлээ. Эрчим хүчний салбарын бэлтгэл хангагдсан уу?
-Нэг өдрийн дотор бүх айл цахилгаанаа дулаанаар хангах хэрэгсэл залгачихгүй. Гэхдээ аль болох богино хугацаанд бэлтгэл ажил хангах чиглэлээр ажиллаж байна. Холбогдох заавар, журмыг ойрын хугацаанд гаргаж өгнө.
-Агаарын бохирдлын асуудал дан ганц гэр хорооллын асуудал биш. Манайд байгаа дулааны болон дулааны цахилгаан станцууд нүүрс түлдэг учраас тодорхой хэмжээний утаа гаргаж байгаа. Станцуудын хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?
-Цахилгааны станцуудаас гарч буй утааны агаар бохирдолд эзлэх хувийн жин харьцангуй бага. Агаарыг бохирдлын дийлэнх хэсэг автомашин, гэр хороолол, уурын зуухнаас гардаг. Дулааны цахилгаан станцуудын хувьд яндандаа утааны шүүлтүүртэй. Цаашид ч стандартыг сайжруулах чиглэлээр ажиллана. Ингэснээр станцуудын яндангаас гарч буй хорт бодисын хэмжээ буурах юм. Ер нь дулааны эх үүсвэрийн боломжит нөөц чадлыг ашиглан уурын зуухнуудыг төвлөрсөн хангамжид холбох чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжиж ирсэн. Энэ арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ.
-Засгийн газрын гишүүний хувьд, цахилгааны тарифыг тэглэхээс өөрөөр агаарын бохирдлыг бууруулах ямар боломж байгаа гэж хардаг вэ?
-Цахилгаанаар халаалтыг шийдэх алхам бол агаарын бохирдлыг бууруулах асуудлын зөвхөн нэг хэсэг нь гэж ойлгох хэрэгтэй. Нэг амьсгаагаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Гэр хорооллыг бүрэн цахилгаанаар халаая гэвэл шугам сүлжээ, эх үүсвэрийн дутагдалд орно. Тиймээс тодорхой хэмжээний хэрэглээнд хөнгөлөлт үзүүлж байгаа юм.
-Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэх арга хэмжээ зөвхөн энэ өвлийн арга хэмжээ юу, эсвэл ирэх онуудад үргэлжлээд явах уу?
-Засгийн газрын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс ирэх гурван сарыг дуустал таван сарын шөнийн тарифын 50 хувийг хөнгөлөх асуудлыг шийдсэн. Улмаар утаа гамшгийн хэмжээнд хүрсэн учраас бүрэн чөлөөлөх арга хэмжээ авлаа. Цаашид жил бүр ийм арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Гэхдээ шугам сүлжээний асуудлыг бүрэн шийдэж, үргэлжилж явах ёстой гэж харж байна. Үүний тулд дэд станц, бусад чиглэлийн эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх асуудлыг шийднэ.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН. Д.МЯГМАРДОРЖ
Сэтгэгдлүүд :