ХЯТАД ШАНТААЖ

2016-12-23 13:15:16

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбогдуулан Хята­дын талд “Монголд хэзээ ч дахин Далай ламыг айлчлуулахгүй” хэмээн мэдэгдсэн тухай тус улсын төв хэвлэл нийтэлсэн тухай дуулиан олны дунд “од” болов. Гэхдээ энэ тухай тэрбээр албан ёсны тайлбар хийгээгүй байгаа бөгөөд “Монголын эдийн засагт тустай бол энэ байтугай үг хэлж. Уучлал гуйхад буруу юун” хэмээн өмгөөлөгчид цахим ертөнцөд дуугаа өндөрсгөсөн. Мэдээж үүний эсрэг санаа бодолтой хүмүүс ч олон. Гагцхүү ирэх гуравдугаар сард учирч мэдэх эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэх вэ хэмээн толгой өвтгөж буй Засгийн газар хийгээд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд бол уучлал гуйсан байлаа ч энэ нь зөвтгөх шалтгаантай гэж үзэж болно. Учир нь, Монгол Улс дефольт зарлах уу, эсвэл аврагдах уу гэсэн хоёрхон сонголт тэдний өмнө бий. Иймд эл сэдвээр улс төр хийж, цуурхал дэгдээх нь манайд ашиг тус багатай гэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Гэхдээ Далай ламын айлчлалыг хүний нялх үртэй холбох өчүүхэн сэтгэлээр тайлбарлавал бас л бэрх асуудал болж хувирна. Үүнийг богд уу, боол уу гэхээс илүүтэй эх хүний сэтгэлээр тунгаан үзвэл шүү дээ. Ямартай ч Хятадтай хамтран ажиллах эв хамтын ажиллагааны цаадах учрыг мэдэх, хужрыг ярилцах эх сурвалжууд нэгэн сонирхолтой эх үндэс ярилцах болсон тухай дуулгая. Энэ нь, Хятадын зээл юуны учир саатах болов гэдэгт тайлбар өгөх хариулт юм. Гэхдээ энэ мэдээллээс урьтаад УИХ-ын дарга М.Энхболдын энэ оны аравдугаар сард Хятадад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр тавьсан саналыг нь нэхэн хүргэе. Тэрбээр энэ тухайгаа “БНХАУ-д айлчлал хийж байх үеэр их хэмжээний өр зээл тавих гэж байна гэсэн буруу мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлэх оролдлого гарсанд тайлбар өгөх хэрэгтэй байна.

Хоёроос доош хувийн хүүтэй, 20-оос дээш жилийн хугацаатай байх нөхцөлөөр хөгжлийн зээлийн эх үүсвэр олдвол манай эдийн засагт тус болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Өмнө нь манайх 5.2-10.9 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл авсан.  

Эдгээрийг төлөх хугацаа туллаа. 60 хоногийн дараа гэхэд эхний 580 сая ам.долларыг төлөх ёстой байгаа. Тиймээс бид зөвхөн БНХАУ-аас биш олон талын хөрөнгийн эх үүсвэрийг судалж байна” гэдэг тайлбар өгсөн.

Мөн тухайн үед түүний хэлсэн мэдээллээс нэгэн зүйлийг давхар онцлоё. Энэ нь Хятад улстай өмнө нь буюу 2014 онд хэлэлцэж, тохирсон зээлийн тухай байсан юм. Тэрбээр энэ талаар “Хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард БНХАУ-ын Засгийн газраас манай улсад нэг тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн эрхийг олгосон. Энэ зээлийн 15 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг манай тал гаргах ёстой бөгөөд хоёр жилийн хугацаанд ашиглаж чадаагүй байгааг Монголын талд ашигтай байдлаар шийдвэрлэх, хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарахыг уулзалтын үеэр хүссэн. Дээрхи саналуудын талаар Хятадын дарга Си Зиньпин судалж үзэхээ илэрхийлсэн” хэмээсэн.

Тэгвэл уг зээлийн олголт яагаад юуны учир хойшилсон болох тухайд өнөөдрийг хүртэл “Зээлийн хэрэгжилттэй холбоотой бүх төсөл хөтөлбөрт гүйцэтгэгчээр нь Хятадын тал оролцох ёстой гэдэг шаардлагыг цаад талаасаа тавьсан” гэдэг тайлбар яригддаг. Магадгүй асуудал 15 хувийг нь Монголын тал гаргах уу, эс гаргах уу гэдгээс үл хамааран дээрх яриа үнэн хувьтай байж болох. Тэр дундаа, Хятадын дарга Си Зиньпиний айлчлалын үеэр саналаа төгөлдөржүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн Төрийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан байтал хоёр жилийг ардаа үднэ гэдэг жижиг шалтгаанд уягдсан асуудал биш байж таараа.

Эндээс нийтлэлийн гол утга чиглэгдэх улстөрчдийн дунд хийгээд шийдвэр гаргагчдын хооронд өрнөсөн Хятадын талд тавьсан УИХ-ын даргын зээлийн хүсэлт юуны учир саатсан болохыг мэдээллэе. Энэ нь “Хятадын тал өөрийн орны хоёр банкийг Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох хүсэлт тавьж, улмаар манайд олгох зээлүүдээ тэдгээр банкуудаар дамжуулах шаардлагатай” гэж үзсэнд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хятадын талаас тус улсын төрийн банк Монголд үйл ажиллагаагаа нээх зөвшөөрөл нэхсэн гэсэн үг. Үүнийг шантааж гэж үзэгсэд олон байгаа учир нийтлэлийн гарчгийг ийн өгсөн хэрэг.

Мэдээж, өнөөдөр манай улсын арилжааны банкнуудын үйл ажиллагаанд иргэд ч, үйлдвэрлэл эрхлэгчид ч сэтгэл дундуур байгаа нь үнэн. Нийт иргэдийн таван орчим хувь нь арилжааны банкуудад байршсан хадгаламжийн 90 хувийг эзэмшдэг. Харин үлдсэн 90 гаруй хувь нь нийт хадгаламжийн 10 хүрэхгүй хувийг байршуулсан. Гэтэл өнөөдөр хадгаламжийн хүү өндөр байгаа нь зээлийн хүү өндөр байх гол шалтгаан болж байгаа тухай банкуудын тайлбар иргэдийн сэтгэлд нийцэхгүй нь тодорхой. Дээр нь, хөгжлийн зээл олгох чадвар үндэсний гэх тодотголтой банкуудад байхгүй гэдэг нь ч үнэн. Ийм нөхцөлд хямд эх үүсвэртэй буюу хүү багатай зээл амлаж л байвал Хятадын байна уу, Америкийн байна уу хамаагүй банк оруулж ирэх ёстой гэдэг хүсэлтийг иргэд ч, үйлдвэрлэгчид ч гаргаж байна. Тэдний энэ хүслийг үндэслэн өдгөө цөөнгүй банк манайд саналаа гаргачихаад байгаа. Мөн Сангийн яамны зүгээс “Гадаадын банкуудын салбарыг Монголд нээх боломжтой” гэдэг саналаа ч гаргачихсан. Харин яг ийм үед Далай ламын дуулиан шуугианы араар Хятадын хоёр банкийг Монголд оруулж ирэх лобби буюу тулган шаардлага үүссэн байхыг үгүйсгэх аргагүй юм. Нөхцөл байдал нь өөрөө манай улсад хүнд тусч байгаа тохиолдолд шүү дээ.

Харин ийн бичиж байх үед буюу Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэгэн содон шийдвэр гаргасан байв. Иймд уг мэдээллийг бүрэн эхээр хүргэе. Энэ нь  “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө. Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ” гэсэн мэдээлэл байв.

Эндээс нэг зүйл тодорхой болсон нь Монголд гадаадын хөрөнгө оруулалттай банк салбараа нээх зам шулуудсан тухай юм. Харин Хятадынх уу, Германых уу, Японых уу. Одоогоор эдгээр улсын банкууд үйл ажиллагаа явуулах хүсэлтээ гаргаад байгаа. Тэр дундаа, хятадууд манайд зээл олголоо гэхэд тус улсын банкаар дамжиж, олгогдож ч мэдэх нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргахаар зориг шулуудсан бололтой юм. Мэдээж иргэд рүү бус бүтээн байгуулалт, хөгжлийн хөтөлбөр рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах замаар… Гэхдээ яг энэ зорилгын ард Хятадын санаархал хаа хүртэл тэлэхийг төсөөлөх боломжгүй. Учир нь, арав гаруй хоногийн өмнө тус улсад хийх Шадар сайд У.Хүрэлсүх болон нэр бүхий УИХ-ын гишүүдийн ажлын айлчлалыг хойшлуулж, Хятадын тал тодорхой яриа хэлэлцээгээ огцом зогсоохтой зэрэгцэн “Бид юу хийчих вэ” гэсэн айдас давамгайлсан нь бас л сонин дүр зураг биш гэж үү. Анд найзынд очиж оргилуун дарс буудуулах үдэшлэгийн болзоо биш гэдэгт л учир шалтгаан нь орших биз ээ. Засгийн газрын боловсруулсан төсөлд Монгол Улс бүтнээрээ багтсан гэж найдая. Бидэнд ингэж итгэх шалтгаан бий. Харин шантаажинд биш.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)