“Эрдэнэт үйлдвэр” улстөрчдөд хов, улсдаа туг болох цаг дор…

2016-12-19 15:35:47

Их бүтээн байгуулалтын жим даган аялах томилолтын мэдээ сонин содон. Саяхан л “Монголын алт корпорац”-ын Хөх цавын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцаж, бахархах сэтгэлийн хөг дундраагүй суух зуур “Эрдэнэт үйлдвэр”-ийг зорих ажлын томилолт гарав аа. Бидний очихтой зэрэгцэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн анхны ээлж ашиглалтад орсны 38 жилийн ой тохиосон тухай дуулдах ч чимээ анир нам гүмхэн аж. Цахим хуудаснаа тэмдэглэн үлдээж, ажилтан, ажиллагсаддаа халуун баяр хүргэснийг эс тооцвол энэ тухай дуулиан шуугиан чангарсан нь үгүй. Янз нь, шинэ онтой уралдан ажиллах тэдний хувьд төлөвлөгөө, норм гэгч юу юунаас илүү чухал бололтой.

Гэхдээ Д.Галбямба даргатай тус үйлдвэрийн Засвар, механикийн заводын хамт олны амжилтын тухайд тодотгон ярих хүн олон аж. Учир нь, уг заводын ажилчдын хичээл зүтгэлээр 2016 оны эхний есөн сарын байдлаар 6.9 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн өөрсдийн нөөц бололцоогоор үйлдвэрлэж, 3.9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. Мөн Монголд анх удаа туузан дамжуулгын өнхрөвч буюу ролик үйлдвэрлэх хэсэг ашиглалтанд оруулж, арваннэгдүгээр сарын 30-нд нээлтээ хийжээ. Зөвхөн энэ цех гэхэд жилдээ 600-700 мянган ам.долларыг гадагш нь урсгахаас хамгаалах боломжтой. Заводын дарга Д.Галбямба энэ талаараа “Импортыг орлох бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэх нь бидний зорилго” хэмээн тодорхойлж байна билээ. Ингэж бодохоор яах аргагүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа доголдох бус, гагцхүү үйлдвэрлэл нь өргөжин тэлж байгаагийн баталгаа байх.

Мэдээж эерэг мэдээлэл үүгээр дууссангүй. Баяжуулах үйлдвэрийн Үйлдвэр, техникийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч М.Отгоны яриа ч үүний зүй ёсны нотолгоо юм.  “1978 онд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ашиглалтанд орж байсан үйлдвэр өнөөдөр 31 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болж өргөжсөн. Өнөөдрийн байдлаар 2016 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэвийн явж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр арванхоёрдугаар сарын 26-ны өдөр энэ оны бүх төлөвлөгөөг биелүүлэх тооцоотой байгаа. Одоогийн байдлаар төлөвлөгөөнөөс илүү 540 мянган тонн хүдэр боловсруулж, 6100 тонн зэсийг зэсийн баяжмалд, 630 тонн молибденийг молибденийн баяжмалд гаргаад байна” гэв. Уг үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж, зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай секц ашиглалтад оруулсан гэж байгаа.

Гол нь энэ жилийн тухайд “Эрдэнэт үйлдвэр”- ийн хамт олон дэлхийн рекордыг эвдсэн чухал амжилтын эзэд болсон гэнэ. Учир нь, дэлхийн нэг тонн зэс олборлох, боловсруулах өртгийн хамгийн бага зардал 3984 ам.долларт багтдаг. Харин энэ өртгийг энэ жил 3972 ам.долларт буюу 12 ам.доллараар хямдруулснаараа дэлхийд рекорд амжилтын эзэд болсон нь энэ. Түүнчлэн нийгмийн салбарт 54.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн нь хямралын үед үйлдвэрлэгч, иргэн хоорондын харилцаа, нийгмийн сайн сайхны төлөөх үүрэг хариуцлага орхигдоогүй гэдгийн илэрхийлэл болох биз. Тэр дундаа тус үйлдвэрийн 49 хувь Монголын талд шилжсэн өнгөрсөн зургаан сарын хугацаанд дээрх чиглэлийн үүрэг хариуцлагаас бултаж үлдээгүй бололтой. Удирдлагуудынх нь тайлбараас үзэхэд шүү дээ.

Түүнчлэн тус үйлдвэрт шинээр нэвтрэх нэг шинэчлэл бол Шилэн дансны хэрэгжилт. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан Шилэн дансны хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн дансны мэдээлэл, гүйлгээний утгыг олон нийт ихэд сонирхон, нээлттэй мэдээлэх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байсан. Гэтэл уг хууль батлагдсанаас хойшхи жил гаруйн хугацаанд “Хоёр улсын хоорондын гэрээгээр боломжгүй” гэдэг тайлбарыг өгдөг байв.

Харин энэ удаад “Нэгэнт Монголын талд 49 хувь маань шилжсэн учраас шилэн дансыг хөтлөхөд ямар ч асуудал, үл ойлголцол байхгүй. Иймд цаашид “Эрдэнэт үйлдвэр”-ийн данс шилэн болно” хэмээнэ билээ. Янз нь энэ хууль зөвхөн улсын үйлдвэрийн газар болон төрийн байгууллагаар тогтохгүй томоохон хувийн хэвшлийн мэдээлэл ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн жишгээр шилэн болоод эхэлбэл улстөрчид хийгээд бизнесмэнүүдийн ашиг сонирхлын нэгдлийг тооцоолон суудаг олон нийтэд эргэлзээ, тээнэгэлзээ төрөхгүй л болов уу. Тиймээс тус үйлдвэрийн эхлүүлэх жишгийг хуулбарлан дагуулах зориг үндэсний компаниудад яагаад байж болохгүй гэж. Томилолтоос олсон шинэ санаа бол яах аргагүй энэ. Зөвхөн төр шилэн байх бус бизнес эрхлэгчид шилэн болно гэсэн үг л дээ.

Ийн бодож суухтай зэрэгцэн үйлдвэрлэлийн ашиг орлогын тухай мэдээлэл өгөв. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтмол унаж байсан өнгөрсөн гурван жилийн тухайд орлогоо бууруулах нь бүү хэл харин ч 318 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж чадсан гэннэ. Зөвхөн энэ оны эхний арван сарын байдлаар гэхэд 16.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Авлага нь гэхэд 67 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол өглөгөө харин 13 хувиар бууруулсан.

Гэхдээ энд “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйл ангиар шүүхээр гэм буруутай нь тогтоогдож байсан Х.Мягмаржаргал гэх нэр тун содон сонсогдсоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Ж.Мягмаржаргал нь нэгэн үе Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг иртэй, эрх мэдэлтэй байх үед “Эрдэнэт үйлдвэр”-т ган бөмбөлөг шахдаг, хамаатан нь гэх мэдээлэл гардаг байсан даа. Улмаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хамт шүүх хурлаар орж ч байсан. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт учруулсан дөрвөн сая ам.долларынхаа хохирлыг барагдуулаагүй бүр 27 удаагийн шүүх хурлыг өөрийн болон өмгөөлөгчийнхөө хүсэлтээр хойшлуулаад байгаа гэх. Энэ бол яах аргагүй сонирхол татахуйц, бас гайхширч эргэлзмээр асуудал. Хэн нэгэн луйварчны эрх ашгийн төлөө 27 удаагийн шүүх хурал хойшилсон гэдгийг өөрөөр яаж ойлгоно гэж.

Яг үүнтэй адилхан өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” улстөрчдийн дунд хов, харин Монгол Улсдаа бол туг болсоор яваа нь энэ аж. Үйлдвэрлэлийн цехүүдээ шинэчилж, зэс боловсруулах технологио сайжруулж, ажилтан ажиллагсдынхаа цалин урамшууллыг нэмж, өрөө дарж, авлагаа цуглуулан ажиллаж байна. Улаанбаатарт хүртэл ховортоо тооцогддог тоног төхөөрөмж бүхий Япон улсын жишгээр ашиглалтад оруулсан “Эрдэнэс медипас” эмнэлэг ч үүний жишээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц гуравдугаар шатлалын эмнэлэг гэдэг нь үүнийг нотолно. Яг л Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгтэй адилхан хүчин чадалтай. “Эрдэнэт үйлдвэр” өөрсдийн хөрөнгөөр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ямартай ч улстөрчдийн сайн муу үгийн бай болж, шахааны бизнес гэгч далд эрх ашгийн золиос болох нь халгүй байсан “Эрдэнэт үйлдвэр” улс орны эрх ашиг хийгээд татвар бүрдүүлэлтэд туг болж явсан өнгөрсөн жилүүдийн түүх нь үргэлжилсээр байх тухай эерэг хүлээлт үйлдвэрийнх нь ажилчдад ажиллах хүч, зүтгэх урам болж буй тухай тэмдэглэлээ өндөрлөе. Бүтээн байгуулалтын түүх өөрөө Монголын түүх болох ёстой гэх улстөрчдийн бодол тунгалаг байг ээ.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)