Хөтөлгөө морьтой хүн холыг зорьж, холыг туулдаг хэмээх монгол ёсон үнэнийг батлах нь орчин цагт морь унаж, дэлхийг эзлэх тухай яриа биш юм. Харин дэлхийн энтэй сэтгэж, дэлхийн энтэй хийж бүтээх тухай сургаал, зөвлөмж байх. Ийн бодох зуурт “Монголын Алт компани”-ийн Хөх цавын цемент-шохойн үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцсан тэмдэглэлээ бичихэд урамтай сайхан аж.
Учир нь, одоогоос хоёр жил гаруйн өмнө эхэлсэн уг үйлдвэрийн барилга ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад ороход бэлэн болжээ. Цахилгааны холболт, тоног төхөөрөмжийн угсралтаа шалгахыг эс тооцвол ерөнхийдөө дууссан ч гэж хэлж болно.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумтай хаяа дэрлэн боссон уг үйлдвэрийг барьж эхлэхээс өмнө цэлгэр уудам тал нутаг байсан нь хэнд ч ойлгомжтой. Харин үндэсний бүтээн байгуулагч, тэргүүлэх компани болсон “Монголын Алт компани” энэ үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар жилдээ сая тонн цемент үйлдвэрлэнэ. Мөн энэ хэмжээний клинкер нийлүүлэх боломжтой.
Хэрэв манай улсын жилийн цементийн хэрэгцээг гурван сая тонн гэж бодвол Хөх цавын цемент-шохойн үйлдвэр ашиглалтанд орсноор 30 гаруй хувийг өлхөн хангаж, тэр хэрээр орон сууцны үнэ буурна. Амины орон сууц барихад ч харьцангүй зардал буурна гэсэн үг. Гол нь Хөх цавын ордын нөөц нь урьдчилсан байдлаар 200 орчим жилээр тооцогдож буй гэдгээс нь улбаалан дүгнэхэд үр ашгийг нь зөвхөн та бид төдийгүй, та бидний үр хүүхэд, ач гуч, бүр ачанцар гучинцар хүртэл хүртэнэ гээд бодоод үзээрэй. бахархахгүй байхын аргагүй. Тэр дундаа уг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цементийн салбарт үйл ажиллагаа явуулсан 130 гаруй жилийн түүхтэй “FLSmidth” компани нийлүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Энэ нь 200 орчим жил ашиглах боломжтой орд газрыг түшиглэж байгуулсан үйлдвэрийн хүчин чадал, чанар чансаа нь стратеги төлөвлөгөөтэйгөө дүйцэх ёстой гэдэг үүднээс “МАК” группын сонголт байсан гэнэ. Тэр дундаа уг компанитай хамтарч ажиллах нь Хятадын энэ дүнгийн үйлдвэрээс бараг хоёр, гурав дахин өндөр өртөгтэй гэдгийг нь сонсоход бас л гайхмаар. 331 сая ам.доллараар барьж байгаа үйлдвэрийг ихдээ үнийн дүнгийн тал хувиар нь босгож болох байтал Хятад үйлдвэрийг бус Европын “FLSmidth”-ийг сонгосон гээд бодоод үзээрэй. Евро чанар, евро технологийг чухалчилсандаа тэр шүү дээ.
Харин энэ санхүүжилтийнхээ 87.5 сая ам.долларыг нь “Чингис” бондоос авахаар болсны 66.5 сая ам.долларыг нь Хөгжлийн банкнаас аваад байгаа. Үлдэгдлийг нь тодорхой хугацаанд авах бөгөөд нийт зээл болох 87.5 сая ам.доллараа хүүтэй нь таван жилийн дотор төлж барагдуулах төлөвлөгөөтэй. Ипотекийн зээлийг 20 жилээр авдаг байтал үйлдвэрлэлийн зээлийг таван жилийн дотор төлж дуусгана гэдэг бас ч амаргүй даваа мэт. Гэсэн ч “МАК”-ийн хувьд энэ нь үүрэг, хариуцлагатай холбогдох тул хойш сууж, эргэн төлөлтийг хойшлуулах тухай ярихгүй гэж байна билээ. Тэр дундаа энэ зээлийг авах зорилго нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2012 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гаргасан зөвлөмжийн утга санаанд нийцсэн тул Чингис бондын бодлогын зөвлөлөөс зээл олгох шийдвэр гаргасан бололтой. Нэг ёсны цемент гэдэг Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдал хийгээд стратегийн чухал ач холбогдолтой түүхий эд, бүтээгдэхүүний тоонд ордог учраас тэр.
Ингэж хоёр жил гаруйхны хугацаанд тал нутаг байсан газарт Хөх Цавын цементийн үйлдвэрийг барьснаар завсарын төв, цементийн тээрмийн хэсэг, шохойн чулуу, гөлтгөний агуулах, эргэх зуух, урьдчилан халаах циклон, нүүрсний тээрэм гээд нийтдээ 12 барилга байгууламж ашиглалтанд орж байгаа. Дээр нь, 700 гаруй ажлын байр бий болгохын зэрэгцээ Даланжаргалан суманд 90 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд хүлээлгэн өгөөд амжсан. Айраг, Мандах, Сайхандулаан, Хатанбулаг зэрэг сумдаас ирээдүйн инженерүүдийг бэлтгэх зорилгоор дотоод, гадаадын сургуульд тэтгэлгээр сургана. Улсын төсөвт 32.5 тэрбум төгрөгийн татварыг нэмж төлнө. 70 сая ам.долларын валютын урсгалыг гадагш нь гарахаас хамгаалж, Монголдоо үлдээнэ.
Тэр ч бүү хэл “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглах боломжтой цемент үйлдвэрлэхээрээ тунчиг давуу талтай. Мөн усанд тэсвэртэй тусгай зориулалтын шинэ төрөл гаргахаараа ч онцлог. Ингэснээр Оюутолгойд ашиглах цементийг Хятадаас цөөхгүй, бетонон гүүр далангаа Монголоосоо зутгана гэсэн үг. Энэ бол Хөх Цавын цементийн үйлдвэрийн давуу тал.
Харин сурвалжлагын үеэр “МАК”-ийн ажилтнуудтай уулзаж суух нь ээ сэтгүүлчид бид нэг зүйлийг онцгойлсон асуусан юм. “Танай компанийн тухай мэдээлэл тодорхой бус байдаг. Тэр дундаа ажилтнуудынх нь ахуй хангамж, сэтгэл санааны ханамжийн талаар мэдээлэл ховор байх юм. Яагаад тэр вэ” гэж. Энэ асуултад тэд “Манай удирдлагууд урдах ажлаа сайн хийх ёстой гэдэг зарчим барьдаг. Бид ч тэр зарчмаар л ажлаа хийдэг. Манайх уг нь цэвэр монгол инженерүүдийн хүчээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани. Бидний хувьд “МАК”-д ажиллаж, энэ том төслүүдэд гар биеэ оролцож яваа гэдгээрээ их бахархдаг. Энэ тухайгаа хааяа бас ярих ёстой шиг байгаа юм” гэдэг тайлбар хийж байсан. Сонирхуулахад “МАК-ЦЕМЕНТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттулгын тухайд гэхэд 16 жилийн өмнө “МАК”-д ажилд орж, өсөн дэвшиж явсаар Хөх Цавын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг удирдаж яваа нэгэн гэнэ. Жирийн техникчээс эхэлсэн түүний ажлын гараа өнөөдөр 331 сая ам.долларын өртөгтэй үйлдвэрлэлийн төсөл удирдах итгэл найдвар дээр тунаж бууна гэдэг яах аргагүй бахархах шалтгаан. Нэг ёсондоо үндэсний амбиц, үндэсний эрх ашгийг үлгэрлэх МАК-ийн зорилгыг гадаад мэргэжилтэн бус монгол инженер удирдаж байна гээд бодоод үзээрэй. Ард хоцорсон зурайх их замын эхлэх цэгт 2017 оны нэгдүгээр улиралд дахин зочлох урилгын тов ойрхон байг ээ. Улсад жилдээ 100 орчим тэрбум төгрөгийн татвар төлж, Монголын тэргүүлэх 100 аж ахуйн нэгжийн манлайд бичигдсэн цөөхөн 100 хувь монгол эзэмшилтэй “МАК”-ийн гүйцэтгэх захирал Н.Цэлмүүний “Манай компан улс орныхоо төлөө хэрэгтэй зүйл хийчихье гэсэн сэтгэлээр олон том төслийг эхлүүлсэн. Мэдээж хэцүү үе таарсан. Гэсэн ч манай гэр бүл энэ нийгэм, эдийн засагт нэмэр болохуйц зүйлүүдийг хийе гэсэн үзэл бодолтой. Тэр утгаараа хөдөлмөрлөж зүтгэж байна” гэсэн ярилцлагаар сурвалжлагаа өндөрлөе. Түүнийг ийн ярилцлага өгч байхад Хөх цавын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 85 хувьтай байсан бол өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 95 хувьд хүрсэн байна билээ. Үлдсэн таван хувийг дуусгахын тулд он шилжих мөчид ч ажилласаар байх нь ойлгомжтой. Ажиллах урам хийгээд зорилго нь МАК-ын нэрийн хуудас гэдэг утгаараа.
Харин бондын мөнгө тойрсон улстөржсөн дайралтад амралт байхгүй нь харамсалтай хэрэг шүү. Төслийнхөө 80 хувийг өөрсдийн хүчээр санхүүжүүлсэн байхад л мушгисан, гүтгэсэн хэвээр. Хийж бүтээснээ элдэвлэх бус хийж бүтээснээр нь бахархаж хүндэлцгээе, уншигчид аа.
Сэтгэгдлүүд :