П.Сэргэлэн: Би монгол хүн.Уяач гэж хэллээ гээд гомдоно гэж юу байх вэ

2016-11-28 11:57:20

П.Сэргэлэн: Би монгол хүн.Уяач гэж хэллээ гээд гомдоно гэж юу байх вэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Таны хариуцаж буй салбар монгол хүн бүрийн хувьд өдөр тутмын хүнсний хэрэгцээ, амьдралынх нь үндсэн гол хэрэгцээг хариуцаж байгаа гэдгээрээ онцлогтой. Иймд Засгийн газар байгуулагдсан 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлыг тань сонирхохоос илүүтэй монгол хүний хэрэгцээ, эрх ашгийг хэрхэн тодорхойлж буйг тань тодруулах нь иргэдэд ч тэр, хувь хүнд минь ч тэр чухал санагдаж байна?

-Үнэхээр манайх өөрийн тань хэлснээр монгол хүний амьдралын хэв маягаас ургасан гарсан чухал салбар. Мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр гээд ярихаар монгол хүний амьдралтай зайлшгүй холбогддог. Хүн бүрийн амьдралтай холбоотой гэсэн үг. Өнгөрсөн гурван сарын хугацаанд тодорхой ажил хийлээ. Юун түрүүнд салбарынхаа төлөөллүүдтэй уулзлаа. Миний хамгийн эхний зорилго болгож, малын эмч, мал эмнэлгийн төлөөллүүдтэй уулзаж ярилцсан. Цаашид яаж ажиллах вэ гэдэг зорилтоо тодорхойллоо. Үр дүнд нь мал эмнэлгийн салбарт өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэдгийг тодорхойлсон.

-Ямар өөрчлөлт?

-Мал эмнэлгийн тогтолцоог босоо болгох ёстой юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Улс өөрөө хяналтандаа авч, хариуцлага ярьдаг болох хэрэгтэй юм байна. Мал эмнэлгийн тогтолцоог хууль эрх зүй, бодлогын хувьд өөрчлөхгүй бол хүний эрүүл мэнд, эрүүл ахуйг ярих боломжгүй болчихсон нь анзаарагддаг.

-Ерөнхийдөө өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ салбар хувьд гарсан гэдэг нэрийдлээр хаягдаж орхисон гэх яриа байдаг. Та үүнийг хэлж байна уу?

-Тэгж хэлж болно. Гэхдээ яг цаасан дээр буусан бодлогын баримт бичиг нь их сайн. Харин хэрэгжүүлэх, хяналт тавих нөхцөл нь хаягдчихсан гэж болно. 1990-оноос өмнө Монгол Улсын мал эмнэлэг босоо тогтолцоотой, аль ч шатандаа хүрч ажиллаж чаддаг байсан. Иймд энэ тогтолцоог эргэж сэргээнэ. Үндсэндээ хариуцлага суларчихсан байна.

-Гэхдээ мал төрийн хамгаалалтад хэрнээ малчин нь бодлогын гадна үлдсэн гэх шүүмжлэл бас байдаг?

-Малчид маань малаа хувьчилж авснаар давуу тал үүссэн. Үүнийг үгүйсгэхгүй. Манай улсын энэ жилийн төл малаа оролцуулан тоолоход 76 сая малтай болоод байна. 19 сая орчим төл мал хүлээж авсан гээд тоон үзүүлэлт яривал их сайхан үр дүн гарна. Гэтэл чанар гэж юм байхгүй болсон байна. Малчид маань малынхаа чанарыг сайжруулах, эрүүл малтай болох, эдийн засгийн үр өгөөжийг нь дээшлүүлэх, цаашлаад үндэсний үйлдвэрлэгч гэдэг мөн чанартаа дүйж очих хэрэгтэй байна. Тоо хэт их хөөцөлдөөд эхлэхээр чанар алдагддаг юм байна.

-Япончуудад мах нийлүүлэх санал тавихад “Танай мал бол мал биш амьтан. Үржлийн удмын бүртгэл байхгүй. Ямар өвс идэж, ямар ус ууж байгаа мэдээлэл байхгүй. Үндсэндээ зөнгөөрөө бэлчиж байдаг амьтан. Ийм амьтны мах бидний стандартад нийцэхгүй” гэдэг яриа гарсан тухай саяхны нэг тэмдэглэл байдаг юм билээ?

-Мэдээж ийм шүүмжлэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ байгальдаа бэлчиж байгаа, өөртөө хэрэгтэй өвс тэжээлээ олж идэж чаддаг манайх шиг цэвэр байгаль, экологийн мал аж ахуй дэлхийд хомсдож байна. Тэр хэрээр манайхаас экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг давуу талыг маань гол болгож махны нийлүүлэлт хийхийг хүссэн улс орон олон бий. Иймд манай яамны шинэ бодлого бол экологийн, органик шинэ бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэнэ. Одоо харин энэ малаа эрүүл байлгах нь чухал. Эрүүл байлгаж чадвал гадагшаа экспортлох бүрэн боломж бий. Саяхан Англи улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзсан. “Танай улс органик бэлчээрийн мал ахуйгаа сайн хөгжүүл” гэдэг үгийг хэлж байсан.

-Таныг тэгвэл “Мянгат малчин” гэдэгтэй дүйхүүц чанарын урамшууллыг хөдөө аж ахуйд бий болгох нь гэж ойлгож болох уу?

-Би тоо хөөцөлдөхгүй. Чанарыг чухалчилна. 1000 малтай малчны зах зээлд нийлүүлдэг бүтээгдэхүүнийг 500 малтай айл өрх нийлүүлж чадах юм бол 100 хувь дэмжинэ. Ашиг шим нь ийм байх ёстой. Өнөөдөр наад зах нь бэлчээрийн хомдсол бидэнд учирч байна. Бэлчээрийн хүрэлцээ хангамж манай улсын хувьд их хүнд асуудал болж хувирсан. Энэ бэрхшээлийг олон тооны малаар бус цөөхөн тооны гэхдээ илүү их хэмжээний сүү гаргадаг, арьс шир нь үйлдвэрлэлийн ая даадаг, махны гарц нь өндөр малтай өрхийг дэмжснээр шийдэж чадна.

-Ойрын хугацаанд хааш нь мах экспортлох гэж байна?

-Сая ОХУ-д айлчлал хийсэн. Их сайхан хүлээж авсан. Энэ үеэр мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ мал эмнэлгийн боловсон хүчин, техник технологийн тусламж дэмжлэг авахчиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан. Мөн мах махан бүтээгдэхүүний экспорт болон үрийн асуудлаар тохиролцоонд хүрлээ. Үрийн аж ахуйг Монголд хөгжүүлэхэд Оросын тал дэмжихээр болсон.

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Хятадад зургаан тэрбум юанийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр боллоо” гэсэн мэдээлэл нэг хэсэгтээ л дуулиан үүсгэж байсан. Та үргэлжлүүлээд яриа хэлэлцээ хийж амжсан уу. Харамсалтай нь өнгөрсөн зун Хятадын тал манайхаас мах, махан бүтээгдэхүүний экспорт хийхийг хориглочихсон?

-Ямар тооцоо хийснийг нь сайн мэдэхгүй байна. Арай л хол тасархай амлалт болсон байна лээ. Сая БНХАУ-ын бүх Хятадын ерөнхий мал зүйч, малын ерөнхий эмч нар Монгол Улсад ирээд буцсан. Эдгээр хүмүүс манай улсын бодит нөхцөл байдалтай танилцаж, нааштай үг унагаад явна гэдэг бол их том боломж гэж ойлгож байгаа. Төвийн бүсийн малыг эрүүлжүүлэх, мах махан бүтээгдэхүүн худалдах худалдан авах чиглэлээр тодорхой санал гаргаж хамтарч ажиллахаар болсон. Ирэх долоо хоногт энэ дагуу Хятадын шинжээчид манайд ирж ажиллана.

-Тариалан эрхлэлтийн чиглэлээр ямар шинэ мэдээ байна. Таны яриаг малчид, тариаланчид анхаарч уншина гэдэг утгаар зөвхөн нэг чиглэлээр нь гэхэд нэлээн олон асуулт тавьж, хариултаа авах нь зөв болов уу гэх үүднээс нэг бүрчлэн асуугаад байгаа хэрэг шүү?

-Тариаланчидтайгаа миний хувьд маш сайн ойлголцолтой байгаа. Тэдэнтэйгээ уулзаж, санал бодлыг нь хангалттай сайн сонссон. Энэ салбар маань өөрөө их хэцүү. Үндсэндээ хоёр жилийн хөдөлмөрийн үр шимээрээ ургацаа авдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ургац хураалт 90 орчим хувьтай байна. Нийтдээ улсын хэмжээнд 500 мянган тонн улаан буудай хурааж авахаас 460 орчим мянган тонныг нь хурааж авсан. Манай улсын дотоодын хэрэгцээ 380 орчим мянган тонн байдаг. Тэгэхээр үүн дээрээ нэмээд 30 гаруй хувийн илүү ургац хурааж авна гэсэн үг. Сүүлийн хэд хоног цас орж, хүйтэрсэн ч гэсэн тариаланчид маань дор бүрнээ хичээн ажилласны үр дүнд энэ хэмжээний ургац хурааж авсан. Яамны зүгээс мөн нэлээн дэмжсэн. Шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгуулж өглөө. Газар тариалангийн бүс нутгийн зам засварын ажлыг яаравчлан шийдвэрлэсэн. Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Хөгжлийн банкнаас өгч байгаа 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэж, тариаланчиддаа олголоо. Улаанбуудайн үнийг чанар сайтай тонн тутмыг нь 560 мянган төгрөг байхаар зарласан.

-Та зарим хүний бухимддаг нэг сэдвийг хөндчихлөө. “Тариаланчид адилхан бизнес эрхлэгчид. Гэхдээ тэр хүмүүс төрийн ивээд дор бизнес хийдэг. Тариа тарих гэж нэг дэмжүүлнэ. Тарьсан хойноо шууд төрд худалдана. Ийм давуу тал байх ямар хэрэгтэй юм бэ” гэдэг шүүмжлэл л дээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн жил зарим газар нь нэг тонн үр тариаг 600 мянган төгрөгөөр худалдаж авсан баримт байсан. Энэ удаад бид 560-аас буулгахгүй, нэмэхгүй гэдэг байр суурьтай байгаа. Улаан буудайн өөрий өртгийн судалгааг хийж үзэхэд нэг тонн нь дунджаар 440-480 мянган төгрөгөөр гардаг юм байна. Тэгэхээр ашиг, хөдөлмөрийг үнэлээд 560 мянгаар тооцсон.

-Улаан буудайн үнийг чөлөөлөх саналыг тариаланчид их ярьдаг. Та салбар хариуцаж байгаа сайдын хувьд энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Улаан буудай бол манай улсын стратегийн гол бүтээгдэхүүн. Монголын төр дандаа анхаарч, хяналт тавьж ирсэн. Манай улс гурилын хэрэгцээгээ өөрсдөө  хангах ёстой. Энэ бол стартеги. Монгол Улсын хувьд энэ бол амин чухал хэрэгцээ. Иргэдийн амьдрал хүнд, эдийн засаг хямралтай ийм үед энэ бодлогыг өөрчлөх боломжгүй. Яамны зүгээс энэ талаар ер нь зөвхөн газар тариалан бус хүнс, хөдөө аж ахуйн салбарт үнийг зохицуулах хууль эрх зүйн орчинтой болъё гэдэг зорилготой байгаа. Үнэ зохицуулдаг байгууллагатай болсноор үйлдвэрлэл эрхлэгчиддээ стандартын шаардлага тавьдаг, зах зээлийн мэдрэмжтэйгээр үнийг нь барих боломжтой болно. Ингэснээр бодлого зохицуулдаг яам нь өөрөө үнэ зохицуулах аж ахуйн үйл ажиллагаа руу орох хэрэггүй болно. Цэвэр бодлогоо барина гэсэн үг. Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг шиг байгууллага байна гэсэн үг. Үүн дээр нэлээн ажиллаж байна. Судалж байна. Чанартай мах, чанартай гурил гэдэг монгол хүн бүрийн хэрэгцээ. Тэр хэрэгцээг хангаж ажиллаж чадах байгууллагатай болчихвол хаа хаанаа үүсдэг зөрчил, үл ойлголцол байхгүй болно.

-“Хүнсний ногоог зуун хувь дотоодын эх үүсвэрээс хангаж байна” гэдэг мэдээлэл явдаг. Энэ дүгнэлт үнэхээр үнэн үү?

-Хүнсний ногооны тухайд төмсийг бол 100 хувь дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байгаа. Эргэлзэх хэрэггүй. Бусад ногооны хувьд 80 орчим хувьтай байгаа. Одоо нэг хүндрэлтэй зүйл нь зоорины асуудал байна. Хүнсний ногоочдын тарьсан ногоог хадгалах зоорийн хүрэлцээ муу, чанар стандартын шаардлага хангахгүй байгаагаас үүдэн хөдөлмөрийнх нь үр шим талаар болох нь их байдаг. Иймд яам үүнд бодлогоор анхаарлаа хандуулна.

-Ерөнхий сайд асан С.Баярын эхлүүлсэн “Атарын III аян” танай салбарт их том хөдөлгөөн оруулж, давалгаа үүсгэж байсан. Таны зүгээс энэ мэт хөдөлгөөн үүсгэх үү?

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэсэн том зорилтод үүргийг манай яам хариуцан ажиллаж байгаа. Үүнийг гол зорилгоо болгож ажиллана. Хоол хүнсэндээ чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байж монгол хүн эрүүл байх боломжтой. Энэ бол Засгийн газрын малгай хөтөлбөр. Тэр хүрээнд олон ажил хийнэ. Хамгийн гол ажил нь мал эрүүлжүүлэх хөтөлбөр. Өнөөдөр малын халдварт өвчин гарахаар гадны улс орнууд мах, махан бүтээгдэхүүн авахгүй гэдэг асуудал яриад эхэлдэг. Иймд юун түрүүнд малаа эрүүлжүүлэхэд бодлогоо чиглүүлж ажиллана. Ирэх дөрвөн жилд үүнийг гол болгосноор зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй гадагшаа эрүүл, экологийн цэвэр бүтээгдэхүүн нийлүүлдэг гэсэн нэр төртэй болж чадах юм. Ерөөсөө бэлчээрийн мал аж ахуй бидний үүц гэдэг бодлоор л бид бүхэн ажиллана.

-Хөнгөн үйлдвэрийн салбарт ямар шинэ мэдээ байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараас гарах эцсийн бүтээгдэхүүн нь л энэ нэр томьёогоор тайлбарлагдаж байгаа гэж ойлгодог?

-Тэгж хэлж болно. Ерөнхийдөө манай салбарын нуруун дээр суурилж явдаг. Бодлогын их цогц асуудал. Ер нь бол их хүнд салбар. Яалт ч байхгүй эргээд малын үржил шим, эрүүл ахуйтай холбогддог. Жишээ нь, нэхийний үйлдвэрлэл гэхэд сайн чанартай нэхийг түүхий эдээ болгож авч байж сайн чанартай бүтээгдэхүүн гардаг. Гэтэл манай улсын нийт бэлтгэгдсэн арьс ширний 30-40 хувь нь шаардлага хангагдахгүй гологддог. Яагаад гэхээр гар аргаар нядалдаг. Зүсдэг, урдаг, түүхий эдээ буруу бэлтгэдэг. Тэр хэрээр эргээд дандаа гологдол гардаг. Дээр нь малынхаа үржлийн асуудлыг анхаарахгүй орхисноос болоод малын арьс ширний үйлдвэрлэл олон улсын шаардлагыг хангаж чаддаггүй. Арьс нь жижигхэн, ноос нь ширүүн, хатуу байдаг. Жишээ нь, манай нэхийг худалдаж авдаг зарим орны хэрэглэгчид нэхий” гэж ярьдаг. Ноос нь сийрэг, хатуу болсноос хатгадаг. Өмнө нь бид нар ноосны чиглэлийн, махны чиглэлийн гэж төрөлжүүлж хөдөө аж ахуйг хөгжүүлдэг байсан. Энэ бодлого үндсээрээ орхигдсон. Иймд төрийн бодлого үүн рүү явах хэрэгтэй. Мал эмнэлэг, үржлийн газар энэ бүх үүргийг хүлээдэг байсан. Үүнийг сэргээнэ. Сая УИХ-ын сонгуулийн үеэр хонины нэхий 200 төгрөг ч хүрэхгүй байсан. Гэтэл сая ажлаа авахтайгаа зэрэгцээд хагас боловсруулсан нэхий гадагшаа гаргах Засгийн газрын тогтоол байсныг хэлэлцүүлж, түр хугацаагаар хүчингүй болгосноор өнөөдөр 2500 төгрөгт хүрчихээд байна. Энэ нь малчдын маань амьдралд жаахан ч гэсэн тус дэм болж байгаа болов уу. Энэ мэтээр бодлого боловсруулах яамны хувиар иргэдийнхээ амьдралд хэрэгтэй, тустай шийдвэрийг гаргаад явбал богино хугацаанд үр дүнгээ өгөх юм байна гэдгийг үзүүлж чадсандаа баяртай байгаа.

-Уг нь “Энэ салбарт бодлогын шинэчлэл хийж байна. Шинэчилчихлээ” гэдэг мэдээлэл өмнө нь их л гардаг байсан даа. Гэтэл таны ярианаас сонсоход бүхлээрээ уначихсан юм шиг л санагдах юм. Юугаа шинэчлээд, хаанаа хэрэгжүүлээд явсан болж таарах нь вэ?

-Би салбарынхаа их олон хүнтэй уулзсан. Жирийн малчнаас эхлээд эрдэмтэн мэргэд, бизнес эрхлэгчид, яамныхаа мэргэжилтнүүдтэй ярилцсан. Тэд дор бүрнээ “Сүүлийн 20 жил манай салбарт ямар ч бодлогын дорвитой шинэчлэл хийгдээгүй” гэдгийг хэлдэг, ярьдаг. Энэ бол миний үг биш. Манай салбарынхны үг шүү.

-Гэхдээ танай салбарт асар их хэмжээний санхүүжилт хийгдэж, төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа тухай мэдээлэл гардаг байсан?

-Тэр үнэн. Асар их хэмжээний санхүүжилт явсан. Харамсалтай нь, бодлогын үр дүн нэг ч гараагүй.

-Танд тэгвэл шинэчлэл хийх хэмжээний санхүүгийн эрх мэдэл байгаа юу?

-Монгол Улсын санхүү өнөөдөр хүнд байгаа. Тиймээс өмнөх Засгийн газар шиг их хэмжээний хөрөнгө оруулалт хийх боломж байхгүй. Гэхдээ бид бүх боломжоороо хичээж ажиллана. Дээрээс нь бодлогын хэмжээний суурь өөрчлөлтийг хийж чадвал манай салбарт шинэчлэл хийх боломж бүрэн бий.

-Таныг энэ албанд томилогдохтой зэрэгцэн “Уяач хүн сайд боллоо” гэдэг шүүмжлэл их өрнөсөн. Харин ярилцлага авахтай холбогдуулан намтрыг тань уншихад асуух зүйл нэлээн гарсан?

-Би монгол хүн. Монгол эр хүнийг уяач гэж хэллээ гээд гомдоно гэж юу байхав. Хувь хүнд маань уяач гэж хэлүүлэх үр дүн байгаа тохиолдолд баярлана. Миний хувьд сүүлийн найман жил Монголын морин спорт уяачдын холбоонд ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Манай холбоонд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа 120 мянга гаруй малчид, уяачид гишүүнчлэлтэй. Тэдэнтэйгээ уулзаж, ажил амьдралтай нь танилцах зорилгоор улсынхаа 21 аймгаар, 250 орчим сумаар явсан. Тэр хэрээр малчдынхаа ажил амьдралыг гадарлана. Газар тариалангийн салбарт 3-4 жил ажилласан. Тэднийхээ зовлон жаргалыг мэднэ. Боловсролын хувьд би Монгол Улсын Боловсролын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Гадны хэд хэдэн оронд суралцаж, мэргэжил дээшлүүлсэн.

-Америк, ХонКонг, Итали, Сингапур, Японд суралцсан гэсэн танилцуулга байсан?

-Бүгдэд нь л суралцсан. Италид олон улсын ЮНЕСКО-ийн Хөдөлмөрийн байгууллагад жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс удирдах нь гэдэг чиглэлээр суралцаж төгссөн. Хоёр жил суралцсан.

-Харин МАН-д гишүүнээр элссэний тухайд?

-Сүүлийн 20-иод жилд анхан, дунд шатанд нь ажилласан. МАН-ын Бага хурлын гишүүн. Малчид, тариаланчдынхаа дунд ажиллаж амьдарч ирсэн гэдэг утгаараа зовлон жаргалыг нь мэдэрч, бодлого шийдвэр гаргаж ажиллаж чадна гэж бодож байгаа.

-Салбарын тань хүмүүс хэрхэн хүлээж авав?

-Манай монголчууд маань их сайхан хүмүүс шүү дээ. Хийж бүтээе гээд явбал дэмжиж чаддаг. Тэр дэмжлэгийг мэдэрч байгаа шүү.

-Та О.Магнайгийн өнгөрсөн долоо хоногт дэлгэсэн мэдээллийг харсан уу. “МАН-ын дарга М.Энхболдын хамаатан садангууд өндөр албан тушаалд очлоо” гэдэг дүгнэлтэд таны тухай ч бас дурьдсан байсан?

-Орон нутгийн сонгуулийн санал хураалт дөхсөнтэй холбогдуулж хийсэн юм боловуу даа л гэж бодсон. Тэр хүмүүс дунд нь яг үнэндээ М.Энхболд даргын хамаатан байгаа эсэхийг мэдэхгүй. Олны мэдэхээр бол Э.Анар гээд хүү нь байх шиг байна лээ. Өөр бусдыг нь би мэдэхгүй. Миний хувьд М.Энхболд даргатай ах дүү хамаатан садан гэх холбоо хэлхээ байхгүй. Монголын морин спорт, уяачдын холбооны шугамаар хамтарч ажиллаж байсан нь харин үнэн. Үр дүнтэй сайхан ажилласан. Намын даргын хувьд мэдээж олон жил үр дүнтэй ажилласнаа үзүүлэлт болгосон байх. Тэр үндэслэлийг намын удирдах дээд байгууллагын гишүүд маань ярилцаж шийдсэн болов уу. Иймд тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээж ажиллана гэж боддог. Ер нь бол монгол хүн бүр л моринд хайртай, морио дээдэлдэг байх. Иймд хоббигоор нь хүнийг шүүмжилж, хоббигоор нь талцуулах буруу гэж боддог. Тэр утгаар манай Морин спорт, уяачдын холбоо монгол түмний эв нэгдэл, ёс заншил, өв уламжлалыг дээдэлдэг их сайхан холбоо юм шүү.

-Нам намын л хүмүүс байдаг уу?

-Байна аа байна. Нам бус жирийн малчид ч бий. Өнөөдөр хүртэл өөр хоорондоо ярилцаж, санаа бодлоо хуваалцдаг. Хүн болгоны сонирхол өөр. Түүндээ цаг заваа зориулж, үнэт зүйл болгож явдаг. Би тэдний л нэг.

-Мэдээж өөрөө монгол хүн байж “Морь уяхын сайхан юундаа байдаг юм бэ” гэж асуувал танд бүдүүлэг сонсогдох байх. Гэсэн ч ярилцлага бол ярилцлага шүү дээ. Тэр утгаараа “Морь уяах нэрийн дор бүлэглэл бий болгож түүгээрээ дамжсан ихэс дээдсийн орчин цагийн хэв маягийг бүрдүүлж байна. Ядруу улсад ийм хобби, ийм зиндаархал хэрэггүй” гэдэг олны шүүмжийн талаар таны бодлыг сонсох хэрэгтэй болов уу?

-Амьдралаас арай л тасархай хүний яриа байна л даа. Гэхдээ таны асуултыг ойлгож байна. Та өөрөө ч ярилцлага бол ярилцлага гээд хэлчихлээ. Тиймээс хариулах нь зөв байх. Морь тойрсон, уяач, малчид тойрсон энэ хобби бол өөрөө маш том үйлдвэрлэл юм. Дандаа малчдаа, хөдөө орон нутгаа дэмжсэн бодлого энд хэрэгждэг. Уяачдын нийгмийн асуудлыг боломж бололцоогоороо шийдвэрлэхийг хичээдэг. Цөөн тооны уяач нэртэй нэр алдартай хүмүүсийн бөөгнөрөл гэвэл үүн шиг өрөөсгөл дүгнэлт байхгүй. Залуу малчдаа, уяачдаа, тэдний ар гэрийг маш сайн дэмждэг, тусалдаг. 90 гаруй хувь нь жирийн малчид. Малчдаасаа л морийг нь худалдаж авч амьдралыг нь дэмждэг. Эдийн засгийн маш том эргэлтийг бий болгодог. Хэнээс ч хамаарахгүй дэмждэг. Морины уралдаан зохион байгуулна гээд төрөөс мөнгө авч байсан удаагүй. Өөрсдөө зохион байгуулалтад орж, өөрсдөө л мөнгө төгрөгөө гаргаж дэмждэг.

-Энэ таны хувьд хоббигоороо дамжуулж авдаг таашаал уу?

-Хариуцлага. Маш том хариуцлага.

-Та өөртөө хэр олон хурдан буянтай вэ?

-20-иод жил морь уяж байна. Нэлээн олон хурдтай. Манай унаган адуунаас их сайхан хурдалж байгаа. Бүс, аймаг, улсын наадмаас 13  айраг, түрүү авсан. Миний аавын төрсөн ах, Монгол Улсын гавьяат малчин, алдарт уяач Бандийн Дэмбээ гэж хүн байсан. Би ахыгаа дагаж морь уяж эхэлсэн. Одоо ахын маань хүү миний морийг уядаг. Гэр бүлийн сайхан уламжлалтай айл.

-Та мориныхоо уяа руу сайд болсноосоо хойш очиж амжив уу?

-Үнэнийг хэлэхэд амжихгүй байна. Сэтгэл зүрхэнд байнга л уяатай байдаг. Өдийд ч бас сайхан шүү дээ. Хөдөө нутаг маань.

-Та тэр олон оронд сурахдаа малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого гээд олон чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Тэр дундаа мэдээллийн технологи гэсэн чиглэл байхыг хараад бас гайхаж байлаа. “Уяач” гэсэн тодотголд хэт автсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэгээд л нэлээн гайхсан хэрэг л дээ?

-1995 онд анхныхаа компанийг байгуулснаас эхлээд миний үндсэн бизнес мэдээлэл технологийн салбарт байж ирсэн. Би чинь өөрөө энэ чиглэлийн мэргэжлтэй хүн. Нэг ч удаа энэ салбараасаа хазайгаагүй. Монголд анх удаа “Монголком” гэж олон улсын ярианы картыг гаргаж байсан. Гадаад руу хамгийн хямд үнээр ярьдаг карт. Одоо ч хэвээрээ байгаа. Сүүлд нь газар тариалангийн чиглэлд ажилласан. Гэхдээ анхныхаа бизнесийг орхиогүй. Ер нь би ямар ч хүн өөрийн сонгосон зам мөртөө тууштай байх ёстой гэж боддог.

-Тэгвэл “уяач” гэдэг энэ тодотголдоо давхар тайлбар хийх ёстой байсан байж болох юм. Одооны хүмүүсийн сэтгэгдлээс харахад шүү дээ?

-Уяач гэж хэлэгдэхэд муу юм юу байх вэ. Ярих нь ярьж, хэлэх нь хэлж л байна байх. Морь уяаснаараа их мөнгө олж, алдар хүнд олоод байх юм байхгүй. Гол нь дээр ч хэлсэн, энэ бол монгол хүний мөн чанар. Өв уламжлал, ах дүүгээ хүндлэх хүндлэл, үр хүүхэддээ өвлүүлэх монгол хүний эрхэм чанар зэргийг илүү сайн ойлгож, хүндэлж, амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх дадал ухааныг өөртөө төлөвшүүлдэг. Тийм болохоор энэ шүүмжлэлд эмээх юм надад бол байхгүй ээ.

ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин 

Г.ОТГОНЖАРГАЛ 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)