Ингэж асуух эрх зөвхөн сэтгүүлч бидэнд бус ард олонд ч бий. Бүр тодруулбал, Монгол Улсын гурван сая иргэнд бий гэсэн үг. Харин өнөөдрийг хүртэл энэ асуултын хариулт тодорхой болж байсан нь үгүй. Эдийн засагчид, судлаачид “Үгсэн хуйвалдсан байх талтай. Ченжүүдийн далдаас удирдаад байна. Таслан зогсоох цаг болсон” гэх хатуухан мэдэгдлийг эзэн биегүй хийдгийг эс тооцвол Монголбанк ч, арилжааны банкууд ч тодорхой тайлбар өгч байсан удаагүй. Ийм байхад ядаж “Ам.долларын ханшийг үгсэн хуйвалдах замаар хөөрөгдсөн үү” хэмээн асуух эрхтэйдээ дулдуйдан асуулт дайхад буруу зүйл үгүй болов уу.
Учир нь, өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн өглөө ам.доллар 2430-2438 төгрөгөөр харагдаж байсан. Гэтэл өдөр 13 цагийн үед огцом өсч, 2560-2570 төгрөт хүрсэн байна. Улмаар 14.30 минутаас эхлэн арилжааны банкууд ам.доллар зарахаас татгалзаж, “Найман шарга” валютын зах дээр 2600 хол давсан үнээр зарж эхэлсэн. Гол нь үүгээр зогсоогүй. Сүүлдээ бүр 2720 төгрөгт хүрч, ам.долларын ханш өссөн. Тэгвэл ердөө дөрвөн сарын өмнө 1900 төгрөгөөр зарагдаж байсан ам.долларын ханш юуны учир ийн өсөв. Цаашлаад нэг өдрийн дотор, тэр дундаа хоёрхон цагийн хугацаанд 200 гаруй төгрөгөөр өсөх болсон шалтгаан нь юу байв.
Харамсалтай нь, энэ талаар өнөөдөр ч тодорхой хариулт алга. Гагцхүү өчигдөр УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Юуны, хэний нөлөөллөөр ам.долларын ханш хөөсрөв. Банк, бүлэглэлийн хуйвалдаан биш үү. Гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг холбогдох газар нь шалгах хэрэгтэй” хэмээн твийтерт жиргэсэн байлаа.
Н.Номтойбаяр: Арилжааны банкууд Нийгмийн даатгалын сангийн мөнгөн дээр үгсэн хуйвалдсан эсэхийг шалгуулна
Түүний хувьд арилжааны банкуудын хуйвалдааны талаар анх удаа сэтгэгдэл илэрхийлж байгаа хэрэг биш. Энэ үйлдлээс арав хоногийн өмнө тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд Нийгмийн даатгалын сангийн талаар мэдээлэл хийхдээ нэгэн ноцтой баримт дэлгэсэн. Түүнийх нь утгыг сийрүүлбэл “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны тавдугаар сарын 17-ны өдөр арилжааны банкуудад уг сангийн мөнгийг есөн хувийн хүүтэйгээр хадгалах шийдвэр гаргасан. Өмнө нь буюу 2014 онд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болон хуримтлалыг 10.5 хувь, 2015-2016 оны хооронд 11.8 хувийн хүүтэй хадгалдаг байсан. Гэтэл УИХ-ын 2016 оны сонгууль болохоос ердөө сарын өмнө хадгаламж хэлбэрээр байршуулсан мөнгийг есөн хувийн хүүтэй, харилцах дансанд байршиж байсан мөнгийг 1.5-6.3 хувь болж бууруулсан байна. Иймд үүний цаана ямар тохироо, ямар наймаа болж өнгөрснийг цаашид юуны учир хүүг ийн буурууулах болсон бэ гэдгийг шалгаж, нотлох ажлын хэсгийг байгуулах хэрэгтэй” гэдэг тайлбар хийж байсан юм.
Түүнчлэн гэрээнд “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл болон арилжааны банкнуудын хооронд байгуулсан “Мөнгөн хадгаламжийн гэрээ”-нд хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг нь “Хуанлийн 365-731 хоног, жилийн хүү 9 хувь, гэрээ дуусах хамгийн эрт хугацаа 2016 оны аравдугаар сарын 24, хамгийн сүүлийн хугацаа 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр” хэмээн заасан гэж байгаа. Харин энэ гэрээг хүчингүй болгож, 2018 он хүртэл 11.2 хувийн хүүтэй хадгалууллаагэхэд улс 20.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлоготой болно. Харин арилжааны банк хоорондын дундаж хүү болох 15.9 хувийн хүүтэй хадгалбал энэ орлого 36.8 тэрбум төгрөг болж өснө. Гэтэл үүнийг тодорхой бус шалтгаанаар, тодорхой бус тайлбартайгаар шууд тав болон есөн хувийн хүүтэй болгож бууруулсан байна.
М.Энхсайхан: Монгол Улс ч, арилжааны банкууд ч ам.долларгүй болчихоогүй
Магадгүй уншигч та ам.долларын ханшийн өсөлт бичиж байснаа яагаад Нийгмийн даатгалын сан руу халтирч оров хэмээн эргэлзэж болох. Харин үүний тайлбар нь “Тэд Нийгмийн даатгалын сангийн хадгаламжийн хүүг хуйвалдаж бууруулсан байлаа гэхэд ам.долларын ханшин дээр арай энэ аргаа давхар хэрэглэсэн юм биш байгаа” гэх хардлагыг иргэд ч, эдийн засагчид ч, судлаачид ч хийж байгаа болохоор тэр юм. Тэгээд ч арилжааны банкууд нэгэн зэрэг ам.доллар зарахаа зогсоох шийдвэр гаргасан. Энэ талаар эдийн засагч, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Төгрөг, ам.долларын ханш бол уян хатан байх ёстой. Ханш сулрах, чангарах нь зах зээл дээр өдөр бүр болж байдаг хэвийн үзэгдэл. Харин сүүлийн өдрүүдийн ам.долларын ханшийн огцом өсөлт бол ардаа эдийн засгийн утгагүй, эдийн засгийн эрэлтээр бий болсон өсөлт биш гэдэг нь их тодорхой харагдаж байгаа. Өнөөдөр Монгол Улс ч, арилжааны банкууд ч ам.долларгүй болчихоогүй. Гол нь арилжааны банкууд ам.доллараа зарахгүй байгаа нь ам.долларын хиймэл өсөлтийг хөөрөгдөж, зохиомол эрэлтийг бий болгож байна. Цаашид арилжааны банкууд ам.доллараа зарах хэрэгтэй. Монгол Улс нэг л эдийн засагтай. Засгийн газрын эдийн засаг, арилжааны банкуудын эдийн засаг гэж тусдаа байхгүй” гэдэг байр суурь илэрхийлсэн. Гол нь өнөөдрийг хүртэл арилжааны банкууд зах зээлийн зарчмаар хямд эх үүсвэртэй мөнгө олох, цаашлаад түүнийгээ зах зээлд өрсөлдөөний зарчмаар нийлүүлэх бодлого барьж ирсэн. Түүнээс тэдэнд Монголбанкны зарласан ханшаар ам.доллараа борлуулах хатуу бодлого хэн ч бариагүй. Нэг ёсны ам.долларын ханшийн зөрүүнээс ашиг олдог гэсэн үг. Гэтэл энэ ашгаа тодорхой бус сонирхлоор хаатлаа ямар эрх ашигт захирагдсан нь нууц хэвээр байна. Тэр дундаа, ам.доллар нь байсаар байтал шүү дээ. Ийм л учраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын өмнө нь хөндсөн Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын хүүг бууруулж, хүүний зөрүүнээс ашиг хүртэх арга ухаан сийлсэн шигээ ам.долларын ханшин дээр арилжааны банкууд хамтарч тоглов уу хэмээн асуух болсон хэрэг.
Монголбанк яагаад нэг өдөр алдаж ээлжит бус валютын худалдаа зохион байгуулав
Тэгвэл үүнтэй холбогдох дараагийн нэг сэдэв бол Монголбанк юу хийгээд байна вэ. Дахиад л асуулт. Ам.долларын ханшийн өсөлт 2720 төгрөгт хүрч, арилжааны банкууд ам.доллар зарахгүй гэх хатуу байр суурь илэрхийлснээс нэг өдрийн дараа буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Монголбанк гадаад валютын ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулж, зах зээлд 72.4 сая ам.долларыг нийлүүлсэн. Үүнээс нь хойш буюу 14.30 минутад ам.долларын ханш 2720 төгрөгөөс огцом 200 төгрөгөөр буурч хоёр цагийн дараа гэхэд 2500 төгрөгөөр зарагдаж эхэлсэн. Арилжааны банкууд эргэж арилжаанд оролцон 2480 төгрөгөөр ам.доллараа зарах болсон. Улмаар Монголбанк “Энэ удаагийн ханш огцом өсөлт нь тэнцвэрт түвшнээсээ хэт хөөрсөн, түр зуурын шинжтэй” гэдэг тодорхойлолт хийсэн байдаг. Гол нь, тухайн үед буюу бүхэл бүтэн нэг өдрийн алдагдал хүлээж байж юуны учир ээлжит бус дуудлага худалдаа зохион байгуулав. Яагаад ам.долларын ханш 2600 төгрөгтэй тэнцэхтэй зэрэгцэн ээлжит бус дуудлага худалдаагаа зохион байгуулаагүй вэ гэдэгт бас л хариулт алга. Иймд арай үүний ард УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын жиргэсэнчлэн хуйвалдаан байсан юм биш байгаа. Тэр дундаа, арилжааны банкууд болон бүлэглэлийн эрх ашгаас үүдэн нэг өдрийг алдсан хэрэг биш биз. Энэ бол цаг хугацаа алдсан биш харин ч дахин давтан, өдөр хоног алгасахгүй асуух ёстой асуулт. Учир нь, цахим ертөнцөд баталгаатай бус ч гэлээ “Энэ хөөсрөлийг далимдуулан дундаж ченж гэхэд 200-300 сая төгрөгийн ашигтай ажилласан байна” гэдэг сэтгэгдэл хөвөрсөн юм. Харин ченжүүдээс давсан бүлэглэл нь ямар ашиг олсон бэ гэдэг нь нууц хэвээр үлдэв.
Т.Баяртсайханыг хүлээх эрхийг хэн хязгаарлах вэ
2016 оны долоодугаар сарын 21-ний өдөр. Энэ өдөр УИХ-ын гишүүн асан Т.Баяртсайханыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилсон. Хувь хүнд нь яахын аргагүй таатай сайхан сэтгэгдэл түрүүлсэн уг томилгоо дараа буюу долоодугаар сарын 22-ноос эхлэн ам.долларын ханш 2000 төгрөгөөс 2048 төгрөг болж өссөн. Улмаар өсөлт үргэлжилсээр өнөөдөр 2480 төгрөгт хүрчихээд байна. Дунд нь мэдээж, 2720 төгрөг болсон мэдээллийг дээрх мэдээлэлд дурьдсан. Харин Монголбанкны ерөнхийлөгчийн хувиар Н.Баяртсайханы наймдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд “Монголбанкны валютын нөөц 1.2 тэрбум ам.доллар гэж дансанд тусгагдсан байгаа. Гэхдээ Хятадын Ардын банкны байгуулсан своп хэлэлцээрээр нийтдээ 1.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний юань, төгрөгийн своп хийгдсэн. Энэ дүнд оруулаад тооцох юм бол Монгол Улсын валютын цэвэр нууц хасах 429 сая ам.доллартай тэнцэж байна” гэдэг мэдэгдлийг хийсэн. Тухайн үед “Монгол Улсын түүхэнд валютынхаа нөөцийг ингэж зарлаж байсан Монголбанкны ерөнхийлөгч байгаагүй” гэдэг дүгнэлтийг эдийн засагчид хийсэн. Гол нь, түүний мэдэгдэлд ханшийн өөрчлөлт тодорхой хариулт өгч, ам.долларын ханш 2100 төгрөгт хүрсэн юм.
Тэгвэл яг үүн шигээ тэрбээр 2016 оны аравдугаар сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүдэд мөн л “Валютын ханшийг интервенцээр барих боломжгүй боллоо. Иймд бид гадаадаас зээл, тусламж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөх зэрэг цогц арга хэмжээнүүдээс сонгож, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй” гэдэг хариулт өгсөн. Үүнийхээ дараа буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр харин интервенц хийсэн. Гэхдээ дахин сануулахад огцом өсөлтөөс нэг өдрийн дараа.
Иймд Н.Баярсайхан ерөнхийлөгч түүний албан үүргийн буюу Монголбанкны үндсэн үүргийг түүнд сануулая. Тодруулбал, “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үг, өгүүлбэр тус банктай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалтын бичиг баримтад тодоос тод бичигдсэн байдаг. Нэг ёсны тэрбээр гаднаас ам.доллар орж ирэхийг хүлээхээс илүүтэй шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хийх үндсэн үүрэгтэй гэсэн үг. Лав л нэг хоногоор биш. Тэр дундаа нэг өдөр битгий хэл нэг цагаар ч хүлээх эрх түүнд байхгүй. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн энэ удаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы хүлээх эрхийг хязгаарлаж, хариуцлага тооцох хэрэгтэй байж мэднэ. Энэ бол бичигчийн бус олны хүсэлт болчихоод байгаа гэдгийг хүлээн зөвшөөрвөл шүү дээ.
ЖИЧ: Арилжааны банкуудын бойкот зарлах шалтгаан юу байв. Банкны салбарын гол тоглогч болох цөөхөн удирдлагууд өөрсдийн эрх ашгаар ам.доллараа нуух лобби зохион байгуулж, үүнд нь салбар хариуцсан удирдлагууд хүндэтгэлтэй хандсан юм биш байгаа... Асуулт үргэлжилсээр.
"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :