Я.Санжмятав: “Алтангадас”-т хууччуулаас Р.Гончигдорж, Н.Алтанхуяг бид гурав л үлдсэн

2016-11-24 11:17:23

УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа. Тэрбээр УИХ-ын сонгуулиас хойш ярилцлага өгөөгүй бөгөөд Завхан аймгийн орон нутгийн сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнээс зорьж ярилцлага авах шалтгаан болсон гэдгийг онцлох хэрэгтэй биз ээ.

 

-Таныг хэвлэлд ярилцлага өгөхөөс цааргалах болсон гэж дуулсан. Яагаад тэр вэ?

-Би чинь жирийн ардын хүүхэд. Ажлаа л сайн хийх тухай бодож, төлөвлөж явахаас бус олон үг ярьж, хий хоосон зүйл ярьж явах хэрэггүй гэдэг хүмүүжлээр хүн болсон хүн. Тийм болохоор чимээгүй шиг өмнөх ажлаа л хиж байя гэж боддог юм.

-Гэхдээ удаа дараагийн сонгуульд ялалт байгуулахын тулд ярихгүйгээр өөрийгөө таниулна гэж байхгүй шүү дээ?

-Сонгогчидтойгоо бол чимээ гартал ярина шүү дээ. Ярилцана, уулзана. Санаа бод­лоо тайлбарлана. Хөтөл­бөрөө танилцуулна. Гол нь тэрийгээ биелүүлэхдээ л хий хоосон ярих­гүйгээр хийх ёстой, үр дүнд хүрэх хэрэгтэй гэж боддог.

-Тантай ярилцахаас өмнө цахим хуудаснаа Завханы сонгогчийн “Манай завханчууд үзэл бодолдоо, ардчилалдаа үнэнч байж чадлаа. Бид Монголын ардчиллыг манлайлна” гэх утгатай сэтгэгдэл байхыг уншсан. Мэдээж орон нутгийн сонгуулийн дүнг тэр хүн ийн онцолсон байж таараа. Таны сэтгэгдэлтэй тэр хүний бодол яв цав таарч байна уу. МАН үнэмлэхүй ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан энэ цагт танай нам бараг 100 хувь Завханд ялалт байгуулж чадсаны гавьяаг танаас холт­гох аргагүй болов уу. Иймд танд ямар бодол төрөх юм?

-Ер нь бол 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуульд манай нам Завханд олонхи болсон. Мэдээж энэ бол ардчиллын үнэт зүйл, үнэлэмжинд завханчууд маань хүндэтгэлтэй хандаж, итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл. Дээр нь, нэр дэвшигчдээс шалтгаалсан зүйлс бас бий байх. Зөв хүнээ зөв тойрогт дэвшүүлсний илрэл. Аймгийн ИТХ-ын тухайд УИХ-ын гишүүн хүн ИТХ-ын гишүүнээрээ дамжуулж төрийн бодлого, батлагдсан хуулийг хамтарч хэрэгжүүлнэ гэдэг ойлголтыг сайн өгч, нэг баг гэдгийг зөв ойлгуулж чадсаны үр дүн болов уу. Тухайлбал, миний 17 тойрогт ИТХ-ын төлөөлөгчид 18 хүн нэр дэвшсэний 15 нь сонгогдсон, нэг хүн нэг хүнээр, нэг хүн гурван хүнээр унасан. Ганц Түдэвтэй суманд 100 гаруй хүний саналаар нэг нэр дэвшигч маань ялагдсан. МАН-аас аймгийн ИТХ-ын дарга нь нэр дэвшсэн болохоор аргагүй л дээ. Манайх залуу хүн нэр дэвшүүлсэн байсан. Гэхдээ тэр залуугаа ялаагүй ч гэсэн дараагийн сонгуулийн үрээ тарьчихлаа гээд бид бүхэн урамтай байгаа.

-Гэхдээ орон нутгийн намчирхал гэж их хэцүү зүйл байдаг даа. Ядаж л Завханд МАН-ын гишүүдэд боломж олдох эсэх нь бас их эргэлзээтэй байж мэднэ. Сонгуулийн дүнгээс улбаалж бодоход?

-Тийм юм байхгүй ээ. Би өөрөө Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тэр утгаар нь шинэ Засаг даргадаа орон нутагт намчирхаж, миний чиний гэсэн сэтгэлээр хандаж болохгүй гэдгийг захисан. Тэр тал дээр бид бүхэн Засаг даргадаа итгэлтэй багаа.

-Төрийн банкны ерөнхий захирал асан Д.Батсайхан Засаг дарга болсон байх аа?

-Тийм ээ. Өнгөрсөн хоёр сарын турш хийсэн ажил, тодорхойлсон бодлого нь завханчуудад маань их хүрсэн байна лээ шүү. Орон нутгийн сонгуулийн үр дүн ч үүний илрэл болов уу. Аймгийнхаа 24 сумын 20-д нь бүрэн ялсан, гурван суманд тэнцсэн, нэг суманд ялагдсан. Энэ бол Завханы ард түмний их итгэл, их найдвар. Иймд би аймгийнхаа Засаг дарга нарт ч, шинээр томилогдох сумдын Засаг дарга нарт ч энэ их итгэл, урмыг дааж, хэр бололцоогоороо ажиллах ёстой шүү гэж хэлж байгаа.

-Гэхдээ та бүхний хувьд нэг том бэрх даваа байж таараа. Тэр нь МАН-ын байгуулсан Засгийн газартай ойлцголцож ажиллах тухай юм?

-Ер нь бол төр аймгуудыг урдаас төрсөн, хойноос гарсан гэж нэгдүгээрт алагчилж ажиллах ёсгүй. Хоёрдугаарт манай аймгаас сонгогдсон Ардчилсан намын хоёр УИХ-ын гишүүний нэг нь УИХ-ын дэд дарга байна. З.Нарантуяа гишүүн маань Төсвийн зарлагын дэд хорооны дарга болсон. Хоёр гол гэсэн албыг нь Завхан аймгаас сонгогдсон хоёр УИХ-ын гишүүн авчихсан байхад манай аймгийн иргэдийн сэтгэлд ус хийх тийм хатуу сэтгэлтэй сайд, агентлагийн дарга гарахгүй гэдэгт итгэлтэй байна. Эргэлзэхгүй байна. Төсөв хөрөнгө батлагдах үед байр сууриа баримтална. Дээр нь, орон нутгийн орлогын эх үүсвэрийг тэлэхэд ч бид анхаарч ажиллана. Би өмнө нь буюу 2008-2012 онд Засаг даргаар томилогдоход Ардчилсан намын дөрөвхөн Засаг даргын нэг нь байсан. Тэр утгаараа ийм үед яаж ажиллах арга ухаан, туршлагыг мэднэ. Засаг дарга нь өөрөө улстөржихгүй, ажлаа сайд, дарга нарт сайн ойлгуулаад ард түмнийхээ эрх ашигтай холбоод явахад ажил хийж болдог. Харин хий дэмий гоншигоноод, дээрээс биднийг дэмжихгүй байна гээд яваад байвал хэн ч дэмжихгүй, ажил явахгүй. Үүний оронд би дотоод нөөц бололцоогоо шавхаад ийм юм хийсэн. Одоо та ингээд дэмжээд өг гэвэл харин ч дэмжих тохиолдол байдаг. Бид чинь монгол хүмүүс шүү дээ. Хэл амаа ойлголцохгүй гэх асуудал бараг байхгүй дээ. Тэгээд ч Завхан аймгийн Засаг даргаар олон жил төрд зүтгэсэн, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, аж ахуйн туршлагатай, эв данг нь олж чадах залууг тавьсан. Шууд “Аймагт ялах юм бол Засаг дарга бол” гэж ярилцаад ар талд ажиллуулсан. Тэр дагуудаа тавьсан.

-Уг нь УИХ-д нэр дэвших сонирхол хувь хүнд нь байсан л байх даа?

-Байсан, байсан. Олон жил хамтарч ажиллаж, үр дүнд хүрч, ая зангаа олсон болохоор үүн дээр асуудал гараагүй. УИХ-ын гишүүн З.Нарантуяа маань өмнө нь нэр дэвшээд ялагдаж байсан. Харин энэ удаад нэр хүнд сайтайн дээр өөрийнх нь сонирхол их байлаа. Мөн эмэгтэй нэр дэвшигчийн квотыг харгалзаж үзээд улаан гэрлээр нэр дэвшүүлсэн. Миний хувьд яг үнэндээ олон жил бас уралдсан юм байна. Энэ удаад урдуур чинь ганц удаа орчихъё гэж хэлээд нэрээ дэвшүүлсэн. Харин чи аймгийн Засаг дарга бол. Бүгдээрээ баг болъё гэж л асуудлыг шийдсэн дээ. Ингэж удирдлагын нэг гарт зангидагдаж, дотооддоо эв зүйгээ олж чадсан нь зөв болжээ гэдгийг удаа дараагийн сонгуулийн дүн нотолж өглөө гэж бодож байгаа.

-Тэгэхээр Д.Батсайхан даргыг ер нь бол Завханд бэлтгэгдэж байгаа дараагийн  УИХ-ын гишүүн гэж ойлгож болох нь ээ?

-Болно. Дараагийн УИХ-д аймаг орон нутгийнхаа онцлогийг мэдэх, туршлагатай, дүн нуруутай хүн орж ирнэ гэж бодож байгаа.

-Гэхдээ та ч бараг эндээс аймгаа давхар удирдах байлгүй дээ. Хувь хүний тань онцлогт тулгуурлаад бодоход. Тэгээд ч та аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн гээд л явчихдаг шүү дээ?

-Ер нь бол өмнө нь би тэгж явж ирсэн. Яалт ч үгүй бүх томилгоонд нь оролцож, ажил төрлийг нь эндээс ч гэсэн удирддаг байсан. Одоо бол тэгэх бодолгүй байгаа. Одоо дараагийн нэг үеийг төрүүлэхийн тулд байнгын оролцооноосоо татгалзах бодолтой байгаа. Алсын зайнаас харилцаж, бие даалгаж ажиллана. Сая Улиастай хотын Засаг даргад гэхэд маш залуу, 30 дөнгөж хүрч байгаа Эрдэнэбаатар гэж залууг нэр дэвшүүлсэн. “Энэ залууг дараагийн Засаг даргаар томилно” гэдгээ зарласан. Тосонцэнгэл суманд ч адилхан. Ерөөсөө миний үеийнхэн бүгдээрээ энэ удаад ялалт байгуулсан ч агентлаг, хэлтсийн даргаар ажиллахаар болсон. Дараагийн сонгуулиар ард түмэндээ хийсэн, бүтээснээ тайлагдаад дараагийн үеийнхэндээ зайгаа тавьж өгье гэдэг дээр бүгд тохирсон.

-Тэр хүмүүс гомдоллохгүй байна уу?

-Үгүй ээ. Юунд гомдох вэ дээ. Тэртэй тэргүй хийдгээ хийсэн үе шүү дээ.

-Мэдээж энэ үгийг тань танд ч гэсэн хаяглаж таараа. Үүнд харин та ямар хариулт өгөх вэ. Нэг ёсны өөрийн тань шийдвэр ч үетэйгээ хамт залуу үедээ зайгаа тавьж өгөх үү?

-Өгнө. Би сайн залуус араас шил хөөгөөд ороод ирвэл дараа үеийнхэндээ зайгаа тавьж өгнө гэдгээ хэлчихсэн. Лидер өөрөө төрдөг. Та нар муу байж болохгүй. Сайн байж чадвал би халаагаа өгнө өө гэсэн. Надад олон боломж бий. Тийм байхад Завхан гэхээр л ганцхан би байх ёстой юм шиг бусдын боломж бололцоог бөглөөд суугаад байж болохгүй биз дээ. Би чинь гурав дахь удаагаа Завханаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Одоо хүмүүс уйдна шүү дээ. Хэчнээн сайн ажилласан ч гэсэн уйдах, залхах эрх сонгогчдод бий. Үүнийг мэдрэх хэрэгтэй.

-Гол нь УИХ-ын гишүүнээсээ буухаараа Завхан аймгийн Засаг дарга болчихдог. Бас их сонин алхам?

-Манай завханчууд ажлаа хийж чаддаг хүнийг дэмжсэн шиг дэмждэг. Чадахгүй бол нам харгалзахгүй явуулчихдаг. Үүний л илрэл байх.

-Иргэд Завхан гэхээр “За Санжмятавынх” гэдэг. Баянгол гэхээр “С.Эрдэнэ тэндээ торохгүй” гэх нь бий. Энэ ярианы илэрхийлэл болж та хоёрын хэн хэн нь аймагтаа, дүүрэгтээ ялалт авч чадлаа. Намаас тань та хоёрт талархал илэрхийлэв үү. Сайхан үг сонсов уу?

-Нутгийн иргэд баяр хүргэсэн. Гол нь хэчнээн ялалт байгуулсан ч гэсэн одоо хуучин цаг шиг айлд тарган мах чануулж, хадмаа улсын унаагаар зөөдөг үе биш болсон гэдгийг бидний хэн хэн нь сайн мэдэж, ойлгож байгаа. Бидэнд талархал илэрхийлэхээс илүү хамтдаа сонгогчдодоо, иргэдэд урам өгмөөр байна. Одоо ер нь анзаараад байхад сайн сайхан зүйлс их ховор болсон байна. Тэр бүхнийг дамжуулж, уламжилдаг ч зүйл алга. Иймд энэ чиглэлд төр бодлогоор анхаарал хандуулах хэрэгтэй юм болов уу гэсэн бодол бий. Саяын орон нутгийн сонгуулийн үр дүн бол  үүний илрэл шүү. Яагаад гэхээр би УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод зүгээр суугаагүй. Аймгийнхаа 11 мянган хүүхдийг Дэлхийн шатрын холбооны гишүүн болгосон. Энэ нэг талдаа мэдээж улс төр. Нөгөө талаасаа хүнээ, хүүхдүүдийг гэсэн сэтгэл. Бүх хүүхэд маань одоо гар утсаар, интернэтээр Өмнөд Солонгосын, Оросын, Америкийн гээд улс орон хамаарахгүй тоглодог болсон. Энэ бол ганц шатар тоглох тухай асуудал биш. Хэл сурч байна. Одоо шатрын хөтөлбөр дээрээ англи хэлний нэмэлт сургалт явуулахаар болж байна. Хүүхдүүдээ хөгжүүлэх чиглэлийн гурван тулгуурт бодлогын нэг нь энэ. Аймгийн шинэ Засаг дарга жилдээ 1500 хүүхдийг Дэлхийн шатрын холбооны гишүүн болгох тохиролцоонд хүрсэн байна лээ.

-Энэ бараг Завхан ганц аймагт тусдаа хэрэгжиж байгаа их том бодлого байх. Тийм үү?

-Ганц энэ биш. “Сайн малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гэхдээ зээлтэй холбоотой том зүйлийг бол чадахгүй. Харин малаа сайн маллаж байгаа малчныг гэхэд сайн үүлдрийн эцэг малаар урамшуулах бодлого барина. “Сайн оюутан” хөтөлбөр гэхэд бид сургалтын зээл мөн л өгч чадахгүй. Үүний оронд гурваас дээш голчтой сурч байгаа оюутныг зуны амралтаар ажилд зуучилж өгнө. Үүндээ орон нутгийн хөгжлийн сангаас дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүдээ түшинэ. Зүгээр мөнгө бол өгөхгүй. Багш нарыг чадавхижуулах зорилгоор “Сайн багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Өвлийн амралтаар гэхэд Улаанбаатарын шилдэг багш нарыг аваачиж сургалт хийлгэнэ. Хичээл бүрээр сургалт хийлгэнэ. “Сайн эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хотоос эмч нар аваачиж, вакуумжуулсан сургалтанд аймгийнхаа эмч нарыг хамруулна. “Сайн бизнес” хөтөлбөр мөн бий. Компаниуд эдийн засаг хямарсан, хүнд байгаа энэ үед ажлын байраа хадгалж, үлдсэнийг нь зээлийн дэмжлэгтэй уяж өгнө. Амжилттай яваа бизнес эрхлэгчдийн дэргэд шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бизнес болон үйлдвэрлэл эрхлэгчийг дагалдуулах инкубаторын төв маягтай ажиллуулна.

-Та тэгвэл нэлээн пээдгэр байгаа бололтой. Тийм үү. Яагаад гэхээр Ардчилсан нам УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр хэрэгжүүлэх боломжгүй болсон бүх “Сайн” хөтөлбөрийг аймагтаа хэрэгжүүлэхээр ам гарсан байна шүү дээ?

-Пээдгэр гэхээс илүү сэтгэлтэй гэж дүгнэвэл оновчтой байх шүү.

-Тэгвэл өөртөө итгэлтэй байна гэвэл арай зөөлөн сонсогдох бололтой. Танд?

-Итгэлтэй байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөр их сайн хөтөлбөр. Гэтэл тэр хайран хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй дөрвөн жил алдана гэдэг их харамсалтай хэрэг. Тэгж бүхэл бүтэн дөрвөн жилийг алдаад зүгээр орхиж боломгүй байна. Тийм учраас энэ сайн таван хөтөлбөрийг орон нутгийн хөрсөн дээр буусан хэлбэрээр улсын төсвөөс мөнгө хөрөнгө тусгайлан гаргуулахгүйгээр өөр хэлбэрээр хэрэгжүүлээдэхье гэж байгаа юм. Ингээд дөрвөн жилийн дараа үр дүнд хүрчихвэл манай аймаг “Сайн” хөтөлбөрийн жишиг аймаг болж, үлгэрлэж чадна. Тэр үед хэлэх үгтэй сууна биз дээ.

-Үнэхээр өөрийн тань хэлснээр амжилттай хэрэгжүүлж чадвал та болон танай аймаг Ардчилсан намын хувьд бараг гарын авлага болох нь байна шүү дээ?

-Үгүй яах вэ. Туршаад үзье гэж байгаа юм. Амжилттай болбол Ардчилсан нам томсгосон хэлбэрээр нь мөрийн хөтөлбөртөө тусгахыг үгүйсгэх аргагүй. Хэрэгжүүлсэн хүмүүс нь байна. Удирдсан хүн нь байна. Болохгүй юм байхгүй. Магадгүй миний бэлтгэсэн багш нар “Сайн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бусад аймагт багшлахыг хэн байг гэх вэ. Эмч нар маань бусдадаа туршлагаасаа заахыг хэн үгүйсгэх юм. Сайн үүлдрийн хуцаар хонио хээлтүүлсэн малчин авсан төлөөсөө тавыг нь бусдад өгч болно.

-Таны алсын амбийц хаашаа зорьж байна вэ. Яагаад ингэж асуув гэхээр, та Завхан аймагт ирээдүйн дөрвөн жилд хэрэгжих бодлогыг Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн чиг шугам болохыг үгүйсгэхгүй тухай сая ярилаа. Дээр нь, таныг Ардчилсан намын дарга байж болох хүн гэх бодолтой гишүүд ч танай намд нэг биш нэлээн олон бий. Иймд ярилцлагын утгыг өөрчлөх сэжим одоо гарч ирлээ гэж бодоод өлгөж асуухаар шийдлээ?

-Эхлээд өөрийнхөө өмнө байгаа оногдсон ажлыг сайн хийчихмээр байна. Надад өнөөдөр УИХ-ын гишүүний үүрэг ноогдсон. Би үүнийгээ сайн хийхийн төлөө хичээж ажиллана. УИХ-ын дэд дарга болсон. Төрийн хүний хувьд энэ ажлаа төвшин хийх хэрэгтэй. Хэдийгээр манай нам УИХ-д сөрөг хүчин болсон ч гэлээ би цөөнхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга гэдгээрээ болж байгаа зүйлийг нь хүртэл үгүйсгэж, орилж чарлаад байж болохгүй. Энэ бол миний араншин биш. Аль болох эв данг нь олж, сөрөг хүчин байхдаа одоогийн эрх баригчдын гаргадаг байсан алдааг давтахгүйн төлөө ажиллана. Одоо эд нар маань алдаан дээрээ л хальтирч унаад байгаа биз дээ.

-Юун дээр хальтирч унаж байна гэж?

-Дэд сайд байж болохгүй гэсэн байлгахаар барах уу, байлгаж байна. “Өрийн босгыг нэмэхгүй ээ. Энэ улсыг өрөнд орууллаа” гэсэн одоо яаж байна. Хэрэв тэр үед нь “Чингис” бондын таван тэрбум долларыг зөвшөөрчихсөн бол өнөөдөр Монгол Улс мөнгөтэй л байх байсан. Эхний ээлжийн 1.5 тэрбум нь орж ирснээр зам бариад эхлэхтэй зэрэгцэн “Одоо болохоо байлаа. Эд нар Монголыг хөгжүүлчихнэ. Бид дахиад ялагдах нь” гэж үзээд л үлдсэн юм хийлгээгүй. Тэр үед 4.5 хувийн хүүтэй авдаг байсан бол одоо 11-12 хувийн хүүтэй зээл авах гээд явж байна. Энэ чинь Монгол Улсыг хохироож байгаа хэрэг биз дээ. Ийм хохирлыг сөрөг хүчин улсад гаргаж болохгүй. Одоо хошуу нь доошоо тонгойчихлоо. Яаж сэргээх юм бүү мэд. Ач санах хууль гэж гаргасан. 80-аас дээш, 90-ээс дээш настай бол ач санана гэнэ. Нэг суманд 90-ээс дээш настай хүн үсрээд ганц хоёр л байгаа. Одоо тэгээд 55-аас дээш настай гээд монгол хүн ач санаж болохгүй юм уу. “Өтөнд баригдчихлаа. Өрөнд уначихлаа” гэж сүүлийн 120 хоног л ориллоо. Одоо болих хэрэгтэй.

-Одоо гэхдээ та нарт орилох эрх нь нээлттэй шүү дээ. Гэтэл та өөрөө “Би орилдог хүн биш” гэх юм. Наад зах нь, зээл авах нь буруу гэж шүүмжилж болно?

-Үгүй ээ, улс орон цаашаа явах хэрэгтэй. Зээл авахгүй гээд яах юм. Гол нь хурдан шийдэх хэрэгтэй. Орилж байгаад ямар 20 хувийн хүүтэй болохоор нь авахуулалтай биш дээ. Тэгж болохгүй. Улс орноо бодоод энэ асуудал дээр лав орилохгүй. Одоо авахаас өөр аргагүй байгаа. Харин сөрөг хүчин байхдаа л худлаа орилсноо хүлээн зөвшөөрчих хэрэгтэй. “Эрдэнэт” дээр худлаа орилоод байна. Харин ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан нь гавьяа байхгүй юу. Харин дотроо хэн нь юу болсон бэ гэдгээ УИХ дээр ярих ёстой. Тэгэхгүйгээр орон нутгийн сонгуулийг дуустал л орилох шиг боллоо. Ингэж болохгүй.

-Таны өөдөөс харж суух УИХ-ын дэд дарга нь Ц.Нямдорж гишүүн. Та хэр ойлголцож байгаа вэ?

-Ойлголцоно. Давгүй шүү. Шударга, зарчимч, туршлагатай сайн парламентч.

-Гэхдээ “Эрдэнэт”-ийн асуудал дээр Ц.Нямдорж гишүүн л хамгийн их орилсон. Анхнаас нь мэдээллийг нь хурцатгасан?

-Ажлын хэсэг байгуулагдсан. Манай бүлгээс Ж.Батзандан гишүүн бид хоёр орсон. Мэдээллүүдээ авсан. Одоо материал нь Хууль зүйн байнгын хороон дээр байгаа. Удахгүй УИХ-аар орно. Тэр үед учир нь тайлагдах байх. Түүнээс өмнө учрыг нь олоогүй байж нам, фракц яриад яваад байж болохгүй.

-Танай УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний хүч ер нь хууль батлахад нөлөө үзүүлж чадаж байгаа юу?

-Ер нь бол цөөнх цөөднө гэж байхгүй л дээ. Бодлогын байр сууриа илэрхийлж чадаж байгаа. Энэ нөхдүүд чинь буруу тийшээ явах гээд байсныг манай бүлгийн гишүүд хэлж, ярьж байж хэд хэдэн удаа зассан шүү. Гэхдээ “Ардчилсан намын бүлгийн есөн гишүүний хэлснээр засчихлаа” гэж хэлэхгүй байгаа биз.

-Юун дээр?

-“Хүүхдийн мөнгийг өгөхгүй” гэсэн. Бид хэлж, ярьсны хүчинд ядаж 60 хувьд нь өгөхөөр болсон. “40 хувьд нь хүүтэй өгөөрэй” гэсэн тэр дагуу шийдвэрээ гаргасан. Наанаа сонсохгүй мэт байгаа боловч цаанаа сонсож байгаа шүү. Гэхдээ эд нарыг буулгаж авч байгаадаа асуудал нь байгаа юм биш. Ард түмэн л бидний мэтгэлцээн дундаас хожиж байх нь чухал.Тийм ч болохоор би орилж чарлахыг гол болгохгүй. Ер нь хувь хүн маань эвлэрэл, зөвшилцөл, нэгдлийг чухалчилдаг. Би зөв бодлогын төлөө хэнтэй ч эвлэрч, гар барьж чадна. Тэгж ч явж ирсэн.

-Харин Ардчилсан нам дотроо эвлэрч чадаж байна уу?

-Чадна. Чадалгүй яах вэ. Манай намд намаа аваад явчих олон сайхан удирдагч бий. Гол нь нэг л зүйл дээр төвлөрч өөр хоорондоо барилдаад баймааргүй байгаа юм.

-Нэг зүйл нь юу вэ?

-Намын даргын суудал. Цаг нь ирээгүй, болоогүй байхад нэг нэгэн рүүгээ асч, сонин хэвлэлээр нэг нэгнээ бичүүлээд л. Үүнийг зарим нь МАН-ынхан хийгээд байна гэдэг. Тийм юм байхгүй ээ. Тэд чинь одоо ялалтандаа бялуурчихсан, албан тушаалаа булаацалдаад юун манай намыг хатгах. Ямар ч завгүй яваа хүмүүс. Манайхан өөрсдөө л хийж байгаа. Хэн нь хэний тухай юу гэж бичих вэ гэдгийг би андахгүй мэднэ. Тийм учраас дотроо нэг нэгнээ ингэж гөвөхөө эхлээд больчихмоор байгаа юм. Өөр хоорондоо зөвшилцөж, дотроо учраа олж, нэгдсэн зохион байгуулалтад орж чадвал ард түмэн биднээс нүүр буруулсан юм огтхон ч байхгүй. Харин ч улам түрлэг нь манай нам руу чиглэчихсэн байна. Хөдөө очихоор “Эв дангаа олооч ээ” гэдэг. Манай аймагт Ардчилсан нам яагаад ялаад байна гэхээр эв нэгдэлтэй л байхгүй юу.

-Гэхдээ танай намын лидерүүд өөр хоорондоо нэгдэхгүй байгаа нь Ардчилсан намын хувьд бараг мөн чанар нь юм биш үү. Ингэж бодох хүн захаас аван байгаа?

-Яах вэ, ил тод маргалдах тохиолдлоороо манай нам бусад намынхаас илүү нь илүү. Харин тэрийгээ хонзон болгож ашигладаггүй.

-Үндэсний зөвлөлдөх хороо хэд хэдэн удаа өдөр зарлагдаж, бүр тайзаа засч, үүдээ нээчихээд хаалгаа барьсан. Энэ нь хотод байгаа цөөн хэдэн хүнд асуудал биш байлаа гэхэд та бүхний зараалаар орон нутгаас ирсэн хүмүүст санхүү талаасаа гэхэд хүнд тусч таараа. Гишүүддээ ийм хүндэтгэлгүй байж чадна гэдэг бол улс төрийн намын хувьд гамшиг биш үү. Орон нутгийн сонгуулийн дараа зарлагдахаар хойшилсон одоогийн ҮЗХ ч гэсэн хуралдах эсэх нь бас л эргэлзээтэй. Энэ тохиолдолд арванхоёрдугаар сард болох Их хурлаас үр дүн хүлээгээд жирийн гишүүд тань хүссэн хариултаа олж авч чадах болов уу. Тэдний олонхи нь лав итгэхгүй байгаа. Ер нь танай нам засагдах уу?

-Би засагдсан байх гэж итгэж байгаа. Үнэхээр хэд хэдэн удаа Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах болоход арав, арваар нь хүмүүсээ барьж, хашчихаад хуралд нь оруулдаггүй байсан. Тэр хашдаг хүмүүс нь гарын таван хуруунд л тоологдоно. Тэр хүмүүс нь уулзалдаад арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийе гэж тохирсон. Тэр үед 200 хүний хооронд биш 800-1000 хүний хүрээнд асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр аяндаа энд байгаа 20-30 хүний асуудал биш болж хувирна.

-Гэхдээ та сая хэлсэн шүү дээ. Хэдхэн хүн Үндэсний зөвлөлдөх хорооныхоо гишүүдийг арваар нь сахиж, суулгаад хуралд нь оруулдаггүй гэж. Энэ чинь нөгөө л фракцийн давалгаа. Гэтэл Их хурлыг Үндэсний зөвлөлдөх хорооны томсгосон хувилбар гэж үзэж байгаа хүмүүсийн хувьд эргээд л фракцийн зөрчлийг хурцатгахаас өөр үр дүнгүй гэж ярих юм билээ?

-Манайхан бас их сонин. “Фракц хэрэггүй” гэж хэлсэн хүмүүс нь эргээд өөрсдөө фракц байгуулаад явчихдаг. “Энэ хэдэн фракцийн дарга нар” гэж чичилсэн хүн нь маргааш нь өөрөө фракц байгуулж хэдэн хүн дагуулаад гардаг. Ярихдаа бол их цэвэрхэн. Гол руу хүн уначихсан байхад эргээр нь хашгираад гүйгээд байгаатай л адилхан.

-Та гэхэд л “Алтангадас” фракц?

-Үнэн. Гэхдээ бид аль болох намынхаа зөв бодлогыг дэмжиж, бусадтайгаа эв нэгдэлтэй хамтарч ажиллахыг хичээдэг. Үүгээрээ ялгаатай. Энэ зарчимдаа үнэнч байх гэж байнга л зүтгэж ирсэн. Бүр байгуулагдсан цагаасаа хойш шүү.

-Та түрүүн фракцийг шүүмжилсэн атлаа өөрөө “Алтангадас”-ыг бараг удирдаж байгаа нь мөн л бусадтайгаа адилхан биш үү?

-Би фракцийг үгүйсгэдэггүй. Харин үгүйсгэдэг хүмүүс нь фракц байгуулдаг тухай дээр саналаа хэлсэн. Хоёрт гэвэл аль ч хамт олонд сэтгэл санаа нийлдэг, яриа хөөрөө тохирдог, хааяа сайхан уулзалдаж амьдрал ахуйгаа хөөрөлддөг хүмүүсийн нэгдэл байдаг. Улс орны хөгжлийн төлөө санал бодлоо нэгтгэдэг, ярилцдаг зүйл ч байдаг. “Алтангадас” яг тэгж ирсэн. Тэгэхдээ харин өөр бусадтайгаа барилцалдахыг чухалчилдаггүй.

-“Алтангадас” бол нам дамнасан бүлэглэл” гэдэг улстөрчдийн тодорхойлолтод та ямар тайлбар өгөх вэ. Бас их том дүгнэлт шүү?

-Нийлсэн гэж байгаа бол МАН-тай хардаж байгаа байх. Манайд бол тэгж нийлж сүжирсэн юм байхгүй. Нам дотроо л үйл ажиллагаа явуулж ирсэн. Хойшид ч тийм байна.

-Ардчилсан намын өнгөрсөн хугацааны ялагдалд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн үг, үйлдлийг нөлөөлсөн гэх нь бий. Та хамтран зүтгэгч, найз нөхрийнх нь хувиар ямар бодолтой явдаг вэ?

-Яалаа гэж. Харин Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг унагасан нь энэ сонгуулийн ялагдлын шалтгаан болсон байхгүй юу. Манайхан тал, талаасаа нийлж, нэгдэж байж л тэр хүнийг шахсан. Одоо харин алхам тутамд Н.Алтанхуяг даргын зөв байсан нь батлагдаж байна. Монголын ард түмэн тэр хүний төлөө байна. Дээрээс нь тэгэхэд унагаж байсан улсууд нь эргээд “Бид буруу юм хийжээ” гэх болсон байна лээ. Ерөөсөө л ялагдлын шалтгаан нь Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайдаас нь унагадаг, Сонгуулийн тухай хуулиа өөрчилдөг хоёр. Би гэхэд Завханд томсгосон тойргоор бол манай нам ялна гэж хэлж л байсан.

-УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Монгол Улсын эдийн засгийг хямралд хүргэснийхээ  төлөө манай нам уучлал гуйх ёстой” гэж хэлж байсан. Та хүлээн зөвшөөрөх үү?

-Х.Тэмүүжин гишүүн маань залуу хүн. Нам дэндүү хариуцлагагүй ажиллалаа гэж үзэж байж болно. Гэхдээ угшил нь МАН-аас шүү. Сонгуулийн өмнө “Чалко”-гоос зээл авч, сая төгрөг тараасан. Манай үнээ ирэх жил тугална гэж сүүг нь урьдчилж зарсантай адилхан хэрэг болсон. Тэр юмнуудыг нь төлөх гэсээр байтал ийм юм болсон. Одоо Чингис бондын хүүг төлөх гээд байна гэнэ. Үгүй шүү дээ. Эхний ээлжинд өмнөх зээлийнх нь хүүг төлнө. Чингис бондын хүү чинь хоёрдугаар асуудал. Тэгэхээр давж хараад байгаа биз. Өөрийн толгой дээрх өвсийг харахгүй өрөөлийн толгой дээрх өвсийг харж байгаатай л адилхан. Одоо харин хариуцлагатай баймаар байна. УИХ-ын гишүүний микрофоноор хэлж байгаа үг болгоныг чинь дэлхий нийт сонсч, харж байгаа. Ийм байхад хэн хэн нь хариуцлагагүй сүржин үг хэлхээд сууж болохгүй. Тэгэхэд баахан өр зээлд нэрвэгдчихсэн, баахан эрлийз хурлийзүүд улс орныг нь эзэлчихсэн юм шиг юм яриад сууж болохгүй. Таван гэр бүл улс орныг нь залгиад бусад хүмүүсийг буланд шахчихсан юм шиг ярьж байна. Манайх хаа очиж эрх чөлөөтэй, хүн болгон үг хэлэх эрхтэй. Хэн нэгний халаасанд яваад орчихооргүй тийм улс. 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, гуравхан сая хүн амтай, бүгдээрээ боловсролтой, орох оронтой, оочих аягтай улс орон. Тэгэхээр төрд байгаа хэдэн хүн нь зөв байж, зөв юм ярьж, зөв бодлого хэрэгжүүлэх л хэрэгтэй. Ерөөсөө л нэг улс. Өөрийнхөө жижиг амбийцыг дарж, том сэтгэж том ярьж, том хиймээр байна. Би биш бид гэсэн сэтгэлтэй болмоор байна. Тэгэхгүй наад зах нь Хүүхэд харах үйлчилгээг зогсоож, олон мянган аав, ээжийг ажилгүй болгож байна.

-Үгүй, тэгээд та нар ядаж энэ асуудал дээр гэхэд нэгэн үе МАН-ын гишүүд УИХ-ын чуулганы үүд таглаж суулт зарлаж байсан шиг үйлдэл хийж болдоггүй юм уу. Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болголоо гэхийн оронд бодит эсэргүүцэл зарлах хэрэгтэй шүү дээ?

-Тэр тийм сайхан арга юм уу.

-Ядаж л иргэдэд хэрэгтэй шүү дээ. Тэгээд ч танай УИХ дахь АН-ын бүлгээс жагсана, цуглана гэж хэлэх гишүүн нэг биш нэлээн хэд байгаа байх шүү?

-Тэр бол хувь хүмүүсийн бодол байх. Миний хувьд нийгмийг турхирч болохгүй гэсэн байр суурьтай байдаг. Ирэх хавраас байдал хүндэрнэ. Бүр илүү хүндэрнэ. Турхиралтыг Ардчилсан нам хийж болохгүй. Харж байгаарай, аяндаа турхиралтыг УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн дотроосоо өөрсдөө хийнэ. Би мэргэн, түргэн хүн биш. Гэхдээ хийхийг нь мэдэж байна. Эд нарт хангалттай эрх мэдэл нь байгаа. Харин тэр эрх мэдлээ яаж ашиглахыг нь харцгаая.

-Та харин эрх мэдэлгүйдэж байна уу?

-Үгүй ээ. Хангалттай боломж бий гэдэгт итгэлтэй байгаа.

-Та өөдрөг хүн үү?

-Өөдрөг. Хүн ер нь өөдрөг байх хэрэгтэй. Өөдрөг амьдрах хэрэгтэй. Би ардын хүүхэд. Би одоо болно.

-Эрх мэдлээс татгалзана гэдэгт тань хүмүүс итгэх болов уу даа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг томилогдох үед таны нэр гүйцэтгэх засаглалын тэргүүнд хальт яригдсан тухай сураг ажиг байсан. Хэдийгээр тухайн цаг үед томилогдоогүй ч хойшид үгүйсгэх аргагүй яриа шүү дээ. Ийм байхад “Би одоо болно” гэсэн үг тань ёстой итгэл төрүүлэх нь юу л бол?

-Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухайд цөөхөн хүрээнд ганц удаа яригдаад өнгөрсөн. Дахиж сөхөгдөөгүй. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бол, болгоно гэж тохирсон асуудал бол байсан. Гэхдээ яг асуудал шийдэгдэхээс 30 минутын өмнө хаалганы цаана хамраа хавчуулсан. Нэгд нөхдөдөө боломж олгох ёстой. Хоёрдугаарт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гал тогоогоо өөрийн ойрын хүнд хариуцуулахыг илүүд үзсэн байх.

-Гомдол үлдсэн үү?

-Үгүй ээ. Би тэгж гомдол тээгээд явах хүн биш. Гэхдээ нэг юм хэлэх үү. Тэр үед яг үнэндээ татгалзаж, саналыг нь хүндэтгэж чадсандаа би өнөөдөр УИХ-ын гишүүнээр сонгогдож чадсан шүү. Хэрэв тэр үед дунд нь холилдсон бол би өдийд сонгогдож чадахгүй байсан байх магадлал өндөр байхгүй юу.

-Санаатай үг байна?

-Өдий насны хүнд бодол байлгүй яах вэ. Наад зах нь, засгийн гал тогоонд орчихсон бол би УИХ-ын сонгуульд тойрогтоо бүрэн ажиллаж чадахгүй байсан. Надад мэдээж Улаанбаатарт тойрог өгөхгүй. Тэгээд тухайн үед өрнөсөн хэл ам байна. Би Ч.Сайханбилэгийг муудаа УИХ-ын сонгуульд ялагдсан гэж бодохгүй байгаа. Бөөн хар бараан мэдээлэл бүхий зутгалтын шуурганд л өртсөн байх гэж бодож байгаа. 

-Та АН-ын шинэчлэлийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Хийх ёстой. Гэхдээ уламжлалаа хадгалах хэрэгтэй.

-Ямар уламжлал?

-Нас намбаа дагаад намаасаа яв гэдэг юм байж болохгүй.

-Таны үеийнхнийг л шууд зайгаа тавь. 1970 оныхонд эрх мэдлийг нь өг гэх хүмүүс олон байна билээ?

-УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл гуай явж байна уу. Сая “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна лээ. Ерөнхийлөгч асан Н.Баганбанди гуайг хар. “Хүнд үед зөвхөн шонхрууд нисдэг” гэдэг биз дээ.

-Энэ чинь бэлгэдлийн суудал байх. Ардчилсан намын даргын эрх мэдэл ч арай өөр байх шүү?

-Хэн хүчтэй, хэн зөв байна тэр хүн л дарга болох хэрэгтэй. Сая орон нутгийн сонгуульд бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж чадлаа. 100 гаруй сум удирдах эрх авна гэдэг бага амжилт биш. Хоёр аймгийг дангаар нь удирдах эрхтэй болсон. Нийслэлд нэлээн гайгүй суудал авчихлаа. Ер нь бол өнгөрсөн УИХ-ын сонгуулийн ялагдал манай намд бас ч гэж жаахан ухаарал, алдаагаа засах цаг хугацаа өгөх шиг болсон шүү. Тэгэхгүй өнгөрсөн дөрвөн жилд өөр хоорондоо үзэлцсээр байгаад л дууссан. Одоо харин арванхоёрдугаар сарын 6-ныг л их зөв ашиглах хэрэгтэй байна. Тэр өдөр олонх болсон хүнээ дагаад бүжиглэх хэрэгтэй. Дөрвөн жил тэр хүнээ дагаж алхах хэрэгтэй. Тэр хүнтэйгээ их сайхан баг болж ажиллах хэрэгтэй.

-Та Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатыг орон нутгийн сонгуулиар хэр ажилласан гэж бодож байна?

-Сайн ажилласан. Маш их хичээж ажилласан. Үндсэндээ Д.Эрдэнэбат л ажиллах шиг боллоо. Нийслэлд Д.Баттулга дарга сайн ажилласан. Бусад нь орон нутгаа хариуцаж хэрдээ л ажилласан.

-Н.Алтанхуяг даргыг намаа дахин удирдах сонирхолтой байгаа гэсэн яриа байсан. Ер нь танай фракц өнгөрсөн дөрвөн жил нөлөөгөө хэр хадгалж үлдэв. Хүмүүс янз бүрээр л ярих юм?

-Ерөнхийдөө нэлээн цөөрсөн. Хууччуул гэж үзвэл УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Н.Алтанхуяг дарга бид гурав байна. Бусад нь зуун хувь шинэ залуус. Нөхдөө гэсэн сэтгэл зүг тэдэндээ бий болгохын төлөө ажиллаж байна. Өмнөх гишүүдийн олонх нь “За одоо авахаа аваад, мэрээд дууслаа” гээд гараад явчихсан. Ингэж хэллээ гээд гомдож магадгүй. Гэхдээ үнэн нь л энэ. Миний хувьд “Эргээд ир. Одоо бөөгнөрцгөөе. Хөгжлийн төлөө хамтарч ажиллая” гэж уриад л байгаа.

-Ялалт, ялагдлаа дагаад л шуурчихсан уу?

-Магадгүй. Гэхдээ “Алтангадас” бүх хүнд цаг үед төвд нь байж, асуудлыг шидэх нөмөр нөөлөг нь байж ирсэн гэдгийг ойлгох нь ойлгож л байгаа байх. Тийм ч учраас цаашид намдаа үнэнч, сэтгэлтэй, зөв бодлого боловсруулж, намынхаа нөхдөд нөхөд байж чадах залуусыг бэлтгэхийн төлөө хичээж байна даа.

"ҮНДЭСНИЙ ШУУДАН" сонин

Г.ОТГОНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)