Эрчим хүчний сайд П.Ганхүүтэй ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймагт ажиллахын зэрэгцээ улс орны өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа ярьж байв.
-Өвөлжилтийн бэлтгэлийн тухай мэдээ, мэдээллийг бэлтгэхийн тулд яах аргагүй сэтгүүлчид танай яамыг зорьдог. Уламжлал гэхээс илүүтэй тогтмол гэмээр энэ сэдэвт та ямар хариулт өгөх вэ. Өвлийн бэлтгэлийг хэр базааж байна вэ?
-Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын хэмжээнд дулаан, цахилгааны эрчим хүчээр хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай хангаж ажиллахын тулд 2016-2017 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвлийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Эрчим хүчний салбарын эх үүсвэр, дулаан, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ компаниудын хэмжээнд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар 1562 нэр төрлийн засвар шинэчлэлийн ажил хийхээр төлөвлөн салбарын хэмжээнд гүйцэтгэл 90 орчим хувьтай явж байна. Тэгэхээр манай салбарын хувьд өвлийн бэлтгэл харьцангуй сайн байгаа гэж хэлж болно.
-Та өнгөрсөн өдрүүдэд Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймагт ажилласан. Орон нутгийн бэлтгэл таны хэлсэнчлэн 90 хувийн гүйцэтгэлтэй гэдэг эерэг мэдээлэлд багтаж чадах болов уу?
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлд манай яамнаас албан даалгавар гаргаж, эрчим хүчний салбарын эх үүсвэр, дулаан, цахилгаан дамжуулах, түгээх, дулааны шугам сүлжээний 2016-2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нарийн график, төлөвлөгөө гарган гүйцэтгэж байна. Эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 90 хувийн гүйцэтгэлд Дархан-Уул, Булган, Хөвсгөл аймаг орно. Ер нь бол дор бүрнээ бэлтгэл ажлаа нугалж дуусч байна. Гол нь энэ өвөл их хүйтрэх төлөвтэй байгаа учраас нүүрсний нийлүүлэлт, дулаан хангамжийн асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай байгаа юм.
-Цаг уурын төлөв байдлыг анхааралтай ажигладаг гэсэн үг үү?
-Тийм ээ. Тэр чинь өвлийн бэлтгэлийн бас нэг чухал хүчин зүйл шүү дээ.
-Орон нутагт засаг төрийн шийдвэр хүлээж, гүйцэтгэл сунжирсан төслүүд танай салбарт их байдаг. Наад зах нь Булганы дулааны цахилгаан станц гэхэд ашиглалтад орох хугацаа нь хоёр жилээр хойшилчихсон байгаа. Бас л хөрөнгө мөнгөгүй гэдэг шалтгаанаар энэ жил ч дулаанаа өгч чадахгүйд хүрсэн тухай яриа бий. Энэ мэт асуудлыг Эрчим хүчний сайдын хувьд хэрхэн шийдвэрлэх вэ?
-35 МВт-ын хүчин чадалтай Булганы дулааны станцын хувьд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа төсөл. 2011 онд барилга угсралтын ажил нь эхэлсэн уг төсөл нь 2014 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан. Барилгын ажил нь ингэж удаашрах болсон нь олон хүчин зүйлээс шалтгаалсныг гүйцэтгэгч “Энержи плас” ХХК-ийн зүгээс хэлж байгаа. Гэхдээ цаашид барилгын ажил нь зогссон энэ мэт төслүүдээ хэрхэн хөдөлгөх вэ гэдэгт л бид анхаарч ажиллах ёстой. Хамгийн чухал нь Булган аймгийн төвийн хэрэглэгчдийг найдвартай дулаан, хэрэглээний халуун устай болгохын тулд яаравчлан энэ төслийг явуулах шаардлагатай. Бид газар дээр нь ажлын явцтай танилцаад нэн түрүүнд ашиглалтад оруулах шаардлагатай байгаа эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллах болно. Ирэх жил гэхэд энэ дулааны станцыг ашиглалтад өгч, Булган аймгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах арга хэмжээ авахаар болсон.
-Бусад аймгийн тухайд?
-Улсын хэмжээнд найман аймагт хэрэгжихээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээлсэн. Эхний ээлжинд Булганы дулааны станцын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгахаар ажиллана. Бусад төслийг ч яамны зүгээс боломжит бүх нөхцлөөр дэмжиж ажиллана.
-“Эрдэнэт Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх ажил зогссон бас их асуудал дагуулдаг. Таныг Эрдэнэтэд ажиллах үеэр энэ тухай гомдол, хүсэлт гарсан уу?
-“Эрдэнэт дулааны цахилгаан станц”-ын 35МВт-ын өргөтгөлийг БНХАУ-ын Засгийн газрын 53.8 сая ам.долларын төсөвт өртгөөр хийж гүйцэтгэнэ. Төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэж буй эрчим хүчний үнэ өртөг буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Өнөөдрийн хувьд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал 36 МВт байгаа. Өргөтгөл ашиглалтад орвол хүчин чадал хоёр дахин нэмэгдэх учраас Засгийн газраас уг өргөтгөлийн барилга угсралтын ажилд онцгой дэмжлэг үзүүлж ажиллана. Нэг зүйл нэмж хэлэхэд, “Түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл”-ийг “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд хэрэгжүүлж байгаа. Түгээх шугам сүлжээний хүчдэлийн түвшин нэгдсэн сүлжээний дүрмийн шаардлага хангадаггүй сумд, хүчдэлийн уналттай шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх энэ төслийг Дэлхийн банкнаас санхүүжүүлж хэрэгжүүлнэ.
-Орон нутгийн эрчим хүчтэй холбоотой хүлээлтэд илүү тодорхой хариулт авах зорилгоор таны сүүлийн өдрүүдэд ажилласан аймгуудтай холбоотой асуултыг тавиад байгаагаа тайлбарлах хэрэгтэй болов уу. Наад зах нь, Хөвсгөл аймгийн Мөрөн хотод шинэ суурьшлын бүс бий болж байгаатай холбоотой эрчим хүчний эрэлт үүсэх нь тодорхой. Үүнийг шийдвэрлэх арга зам юу байна вэ?
-Ажлын хэсэг “Хөвсгөл эрчим хүч”, “Хөвсгөл дулааны станц”-ын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан. Энэ үеэр мөн эрчим хүч шаардлагатай багуудын асуудал болон Мөрөн сумын төвийн шинэ суурьшлын бүсийн цахилгааны эх үүсвэрийг шийдлээ. Дулааны станцын хувьд үйл ажиллагаа явуулаад гурван жил болж байгаа. Харьцангуй залуу станцын нэг гэж хэлж болно. Жилд 75.3 мянган гкал дулаан эрчим хүч үйлдвэрлэж, Мөрөн сумынхаа дулаан хангамжийг шийдэж байгаа. Тулгамдаж байгаа асуудал нь Могойн голоос нүүрсний тээвэрлэлт хийдэг учраас өртөг өндөр, зардал их гардгийг анхааралдаа авахыг хүссэн. Мөн хүчин чадал нэмэгдүүлэх асуудал яригдаж байгаа.
-Тэгвэл нүүрс тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах даалгавар авсан гэж ойлгож болох уу?
-Энэ бүхнийг эдийн засаг хүнд байгаа энэ үед нэг амьсгаагаар шийдэх боломжгүй, шат дараалсан арга хэмжээнүүдийг авна гэдгийг хэлсэн. Гэсэн ч сая орон нутагт ажиллахдаа Австрийн Засгийн газрын гурван сая ам.долларын хөрөнгө оруулалтын төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ажлыг юун түрүүнд үр дүнд хүргэхэд анхаарч ажиллана.
-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дээр та ямар бодлого барих вэ?
-Манай улсын хувьд аль ч бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барих нөөц арвинтай. Энэ чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сумдын цахилгаан хангамжийн асуудал дээр тодорхой шийдэл гаргаж эхэлсэн гэж хэлж болно.
-Манай улс ОХУ-аас жилд 200 гаруй МВт цахилгаан эрчим хүч импортолж, 20 гаруй сая ам.доллар төлж явдаг. Үүнээс гарахын тулд дотооддоо эх үүсвэр бий болгож, томоохон хүчин чадалтай үйлдвэрүүдийг дэмжиж ажиллах нь чухал гэсэн байр суурийг Засгийн газар барьж байна. Тодорхой хэлбэл ямар төслүүдэд илүү ач холбогдол өгч байгаа вэ?
-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн Засгийн газрын хугацаанд Монголын хөрсөнд буух боломжгүй маш олон төсөл хөтөлбөрт гарын үсэг зурсан байдаг. Зөвхөн эрчим хүчний салбарт л гэхэд 68 төсөл хөтөлбөр боловсруулсан байна шүү дээ.
-Гэхдээ хэрэгжүүлж чадвал манай улсад ашигтай биз дээ?
-Аль нь ашигтай, аль нь ашиггүй вэ гэдэг ангилал, ач холбогдлын харьцуулалт байхгүй нь асуудал юм. Хэрэв бичсэн төсөл бүрийг хэрэгжүүлбэл Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал өнөөдрийнхөөс 20 дахин нэмэгдэхээр байна.
-Энэ тэгээд зөв зүйл биш үү?
-Хий хоосон үр дүн, бодит үр дүн хоёр өөр л дөө. Ийм замбараагүй, хэрэгжих боломжгүй, цаг алдсан зүйлд мөнгөө үрэн таран хийж таарахгүй. Үүнийг цэгцэлж манай салбарт ердөө 3-5 том үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн бодлогыг бид барьж байгаа. Иймээс Дулааны III цахилгаан станц, Дорнодын цахилгаан станцын өргөтгөл болон Тавантолгойн цахилгаан станц зэрэгт бид өндөр ач холбогдол өгч байна. Цаашид экспортын чиглэлийн томоохон эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээ барьж байгуулахад анхаарал хандуулж ажиллана.
-Та олон нийтийн хувьд гүйцэтгэх засаглалд харьцангуй шинэ хүн. Харин Дэд бүтцийн яаманд мэргэжилтнээр ажил-ласнаасаа хойш Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Эрчим хүчний газар”-ын орлогч даргын албыг хүртэл хашиж явсан гэдгээр салбарынхан тань мэддэг. Энэ утгаараа салбарынхаа голыг олж харж ажиллах давуу тал танд байхыг үгүйсгэхгүй. Харин шинэ хүн гэдгийн тухайд ямар тайлбар өгөх вэ?
-Манай эрчим хүчний салбар өөрөө Монгол Улсыг эрчим хүчээр хангах гол ажилдаа анхаарал хандуулж, өмнөх ажлаа л сайн хийхийг шаарддаг. Тэр шаардлагад эзэн болохыг хичээж мэргэжлээрээ 14 жил ажиллаж байна. Тэр утгаар шинэ хүн гэдгээ зөвшөөрнө. Гэхдээ улс төрд гэдгийг тодотгож хэлэх хэрэгтэй байх. Харин Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн гол багана, зүрх нь болсон энэ салбараасаа шилжих хөдөлгөөн хийлгүй тогтвортой ажилласан гэж үзвэл бас ч гэж богино хугацаа биш байх.
-Салбарын сайд болсноор хариуцлага өөрчлөгдөх юм уу?
-Бодлого боловсруулж, шийдвэр гаргахын хувьд мэдээж өөрчлөлт гарна. Харин бидний ажил ганц секунд, минутаар салбарын ажлын үр дүн хэмжигддэг хариуцлагатай алба гэдэг үүднээс нь ойлговол өөрчлөлт гарсан гэж бодохгүй байна. Хүмүүс гэртээ орж тогоо асаахад л цахилгаан цэлсхийж, хоол ундаа идэж уух тухтай нөхцөл бүрдүүлдэг мэргэжилтнүүд манайд ажилладаг. Би тэдний л нэг нь. Мэргэжилтнээс нь эхлээд зүтгэж яваа болохоор энэ том айлын галыг алдуулахгүй залгаж, хөгжүүлэх мөрөөдөл минь хэвээрээ гэж хэлж болно.
-Эрчим хүчний салбарынханд Монгол Улсын галыг алдуулахгүй, хөгжлийн нэг багана болж явна гэдгээс гадна бас нэг том мөрөөдөл байдаг даа?
-Эрчим хүч экспортолж, орлогоо улс орныхоо эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилтыг хэлж байгаа бол тийм мөрөөдөл байлгүй яах вэ. Энэ бол ганц миний бус манай салбарынхны мөрөөдөл. Тэр дагуудаа хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Эрчим хүчний яам гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Дээр нь мэдээж Монгол Улсын эрчим хүчний системийн хувьд найдвартай, тогтвортой ажиллагааг бүрдүүлж, аль болох дотоодын эх үүсвэрээс хангах үндсэн зорилгоо нэг секунд ч мартах эрх бидэнд байхгүй.
-Засгийн газар байгуулагдаад 100 хонож байна. Та энэ кабинетийн нэг гишүүний хувьд орон нутгийн иргэдтэй уулзахад гүйцэтгэх засаглалын ажлын үр дүн, санал санаачилага, мөрийн хөтөлбөрийн талаар асуугаагүй орхино гэж байхгүй. Цаашид ажилдаа дэм болгох, гүйцэтгэх засаглалд саналаа илэрхийлэх ямар чиг шугам олж харав?
-Үндсэндээ гурван аймгийн 10 гаруй сумын иргэдтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа. Саяхан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэх 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийг УИХ-аар баталсан. Хөтөлбөрт УИХ-ын сонгуульд оролцохдоо хэлж ярьж байсан бүх асуудлыг бид багтааж чадсан. Иргэд энэ талаар асууж тодруулах нь их байна. Түүнчлэн Засгийн газрыг төсөв мөнгө үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг иргэд ойлгож байна. Хамгийн гол нь цаашид хурдтай, далайцтай, зөв шийдлүүдийг гаргаж, эдийн засгийн өсөлт бий болгох шаардлагатайг захисан. Үүнийг Засгийн газартаа уламжилна. Дээр нь, орон нутгийнхан “Насны хишиг”, ахмад настны тэтгэвэр, халамжийн асуудал болоод малын гаралтай түүхий эдийн үнэ буурч байгаа зэргийг түлхүү асууж байна. Энэ бүхэн Засгийн газрын анхаарлаа хандуулж ажиллах гол чиг шугам болно.
Сэтгэгдлүүд :