Б.Батжаргал:Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн

2016-09-16 23:10:49

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл болон Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын хийсэн хэвлэлийн хуралтай холбоотой асуудлаар хэдэн зүйл тодруулах гэсэн юм?

-С.Зориг нас барсан хэрэгт холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа зүйлд хариу өгье. Харин хэргийн болон мөрдөн байцаалтын ажиллагааны талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь энэ хэрэг өөрөө нууцын зэрэглэлтэйгээс гадна мөрдөн байцаалт явагдаж дуусаагүй байгаа.

-Яагаад нууцлалд хамааруулсан юм бэ. Э.Бат-Үүл “Мөрдөн байцаагч хэргийг өөрийн дураар нууцлалд хамааруулсан” гэж хэвлэлийн хурал хийхдээ ярьсан. 

Энэ үнэн үү?

-Эрүүгийн хэргийн нууцад хамаарах эсэх асуудлыг мөрдөн байцаагч өөрөө бие даан шийддэггүй. Хэрэгт авагдсан баримт, материал нь Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд хамаарагдаж байгаа эсэх талаар шинжээч томилж дүгнэлт гарсаны дагуу шийддэг. Энэ хэргийн хувьд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, материал авагдсан тул шинжээчийн дүгнэлтээр хэргийг нууцын зэрэглэлд хамааруулан шалгаж байгаа.

-Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан гэсэн.  Хуульд нэг хэрэгт хоёр удаа сэжигтнээр тооцох заалт байгаа юу?

-Хуульд тийм заалт байхгүй. Э.Бат-Үүлийг 2000 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны наймдугаар сарын 29-ний өдөр тухайн үед хэрэгжиж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

-Хэрэг гарснаас хойш 18 жилийн дараа анх удаа Э.Бат-Үүлээс хурууны хээ, үс, цусны шинжилгээ авсан юмуу?

-Хэрэг гарсаны дараа хэргийн газарт нэвтэрсэн бүх хүмүүсээс холбогдох шинжилгээний дээж авсан. Э.Бат-Үүлээс өмнө нь хурууны хээний шинжилгээний дээж хэд хэдэн удаа авч байсан. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийн мөрдөн байцаагч нараас шинжилгээ авах шаардлагатай байгааг өөрт нь мэдэгдэж байсан боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулж байсан. Харин сая авсан хурууны хээ, үс, цусны шинжилгээний хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.

-Э.Бат-Үүл... “Намайг улс төрийн зорилгоор, тухайлбал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хууль бусаар 

сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байна” гэж мэдэгдсэн. Энэ хэргийг шалгахад ямар нэг улс төрийн 

зорилго агуулсан гадны нөлөөлөл байгаа юу.

-Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотой улс төрийн зорилгоор шалгаагүй. Мөрдөн байцаах байгууллага болон прокурор нь хуульд заасан чиг үүргийн дагуу хэн нэгнээс хараат бусаар ажил үүргээ гүйцэтгэдэг. Хэрэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокуророос үйл ажиллагаанд нь хуулийн дагуу хяналт тавьж байгаа. Харин энэ хэргийн хувьд төрийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч болон улс төрийн нам, эвслээс нөлөөлсөн зүйл байхгүй. Хуулиараа ч хориотой зүйл юм.

Ер нь олон нийтийн анхаарал татсан, олны танил хүмүүс холбогдсон хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нараас хөндлөнгийн нөлөөлөл үзүүлэхийг оролдох, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж буй мэт сөрөг ойлголт төрүүлэх зорилготой үйлдэл нэлээдгүй гаргадаг. Үүнийг болих хэрэгтэй.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг хорьж шалгах болсон, эсвэл хорьж шалгаж байгаа мэтээр мэдээллүүд гарсаар байна. Энэ талаар?

-Хэрэгт холбогдуулан шалгаж байгаа хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд мөрдөн байцаагч цагдан хорих үндэслэл бүхий тогтоол прокурорт ирүүлж прокурор шүүхэд танилцуулж шийдвэрлэдэг.

Одоогоор прокурорт Э.Бат-Үүлийг цагдан хорих талаар мөрдөн байцаагчийн тогтоол ирээгүй байна.

-Хэвлэлийн хурал хийх үедээ онцолж ярьсан бас нэг асуудал бол “Хэвлэл, мэдээллийн хэрэгслээртүүнийг энэ хэрэгт холбогдуулан гүтгэсэн, талаар прокурорын байгууллагад хандсан 

боловч шалгаж өгөхгүй байгаа талаар ярьсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүх 2015 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 34/596/ дугаарт “Э.Бат-Үүл 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийн гэрт хэрэг гарах үед байсан гэмт этгээдүүдийг харсан гэрчийн нэг юм. Э.Бат-Үүл хэдийгээр энэ аллагад оролцоогүй ч нууж далдалсан гэдгээрээ буруутай” гэж илт худал гүжирдлэг тараасан гэх асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

-Ардчилсан холбооны үе үеийн төлөөлөл, анхдагч зүтгэлтнүүдийн төлөөлөл гэх гавьяат жүжигчинД.Сосорбарам 

тэргүүтэй хүмүүсийн зүгээс С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Э.Бат-Үүлийн нэр хүндийг унагах зорилгоор хилсээр хэрэгт холбогдуулан нэр хүндийг нь унагах гэж байна гэж дурдсан?

-С.Зориг нас барсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдрөөс өнөөг хүртэл аль ч нам, эвсэл төр засгийн эрхийг барьж байхад энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдсаар ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүлийг байцаах, түүнээс шинжилгээний дээж авах асуудал яригдаж л байсан. Түүнээс МАН-ыг төрийн эрх барих үед сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад байгаа зүйл байхгүй. Цаг хугацааны хувьд л ингэж таарчихаад байгаа юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэрэг прокурорын хяналтанд ирсэний дараа прокурор хэргийг хянаж хуульд заасан үндэслэл бүхий шийдвэр гаргах болно.

-Энэ хэрэгт талийгаачийн эхнэр Б.Булган хоригдон шалгагдаж байгаад саяхан суллагдсан. Түүнийг 

сул­ласан нь хэрэгт холбог­долгүй гэж үзсэн юм уу?

-Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2016 оны есдүгээр сарын 9-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүл мэндийн байдлыг харгалзан өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэн саналыг шүүхэд хүргүүлж шийдвэрлэсэн. Түүнээс хэрэгт холбогдолгүй гэдэг байдлаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн зүйл байхгүй.

-Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэзээ дуусах талаар хариулт өгөх боломжтой юу?

-Хэргийн холбогдогч нарыг илрүүлэн, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа явж байна.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)