Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуультай холбосон нь түрэгдэв үү

2016-09-12 20:09:49

Монголын ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн нэрлэгдэх, хүндлэгдэх Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл өнөөдөр сандарч тэвдэн мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ хэвлэлийн бага хурал хийх шалтгаанаа “Цаг үеийн асуудлаар” хэмээн урьдчилан тайлбарласан  энэ нь өөрийгөө хамгаалах өнгөлөн далдлалт байсан гэдгийг тайлбарласан. Учир нь, түүнийг УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шалгаж эхэлсэн тухай мэдээллэсэн юм. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд юуны учир Э.Бат-Үүлээс шинжилгээ авах болсон нь өнөөдөртөө учир битүүлэг үлдэв. Эндээс үзэхэд Улсын баатар арай түргэдсэн байж болох. Тэр дундаа ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийг нь оролцуулахгүйн тулд “тусгай ажиллагаа” хийх нь гэдэг тайлбар нь ч хатуудсан байж мэдэх л юм. Үргэлжлүүлэн түүний мэдээллээс хүргэе.

Намайг сэжигтнээр татсан

Мэдээллийн эхэнд түүх сөхөж ярих хэрэгтэй. 1998 оны намар С.Зоригийг зэрлэг, балмадаар хөнөөж, энэ үеэс намайг уг хэрэгт холбогдуулан шалгах болсон. Тухайлбал, намайг тэр орой гэртээ сууж байхад нийслэлийн Цагдаагийн дарга Ганболд “Хамгаалалтад авч байна” гэж хэлээд, хэрэг болсон газарт дагуулж очсон. Очиход олон хүн бужигнасан байсан. Хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, бөөн хүн бужигнасан байдалтай байсан. Тэр үед би хэргийн газар очоод мэдээжийн хэрэг цочирдолгүй яах вэ. Ц.Элбэгдорж ирж хамт гарахдаа малгайгаа мартаж явсан. Хадам ээжийн маань өмсдөг цагаан цэнхэр малгайг мартсан байсан. Хэргийн дараа намайг гэрчийн хувьд мэдүүлэг авсан. Энэ малгайг надад мартсан байсан нь тогтоогдсон гэж мөрдөн байцаагч өгсөн. Ингээд надаас дахиж мэдүүлэг, байцаалт аваагүй.  

Гэтэл 2000  оны УИХ-ын сонгууль болохоос дөрвөн сарын өмнө Цогтбаяр дахиж дуудаад, “Малгай чинь байна уу. Аваад ирээч” гэхэд нь аваачиж өгсөн. Гэтэл тэр малгайг маань аваад “Энэ малгай хэргийн газраас олдсон тул сэжигтнээр татаж байна” гэсэн. Уг нь малгайг мартсан гэсэн нь тогтоогдсон гээд өгсөн атлаа хоёр жилийн дараа буцааж аваад, сэжигтнээр татаж байна гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан.

Би байсан тулдаа Ардын намын байр руу дайраагүй

С.Зоригийг бүрэлгэсний маргааш олон мянган хүн Төв шуудангийн өмнө цугларчихсан, “Ардын намын хүмүүс С.Зоригийг алчихлаа, Ардын намын цагаан байр руу дайръя” гэж байсан. Тэр үед нь би “Болохгүй, энэ хэргийг улстөржүүлж болохгүй. Үндэслэлгүйгээр бие биенээ гүжирдэж болохгүй тайван байцгаа” гэж хэлж байсан. Тэр үед хүмүүс миний үгийг л сонсож байсан. Ингээгүй бол аюул болох байсан. 

Тэр үед надад “Наад хүмүүсээ цагаан байр луу дайруулаач ээ” гэж турхирч байсан нөхөд бий. Ингэхэд нь би “Монголын ард түмнийг үндэслэлгүйгээр хүч түрүүлэхгүй. Ингэж болохгүй” гэж хэлж байсан.

Тагнуулаас дуудахад очтол сэжигтнээр татсан

Саяхан би “Ардын нам, Ардчилсан намыг эдийн засгийг хямруулсан гэж гүжирдэж байна” гэдэг хэвлэлийн бага хурал хийсэн. Хурлаас гараад эхнэртэйгээ амралтын газарт амарч байтал "Энэ хэрэгтэй холбогдуулан Тагнуулын байгууллагаас таныг дуудаж байна" гэж утсаар дуудсан. Очтол дахиад сэжигтнээр татах тогтоол гаргасан.  

Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд байхгүй тийм жишиг тогтоосон. Нэг хэрэгт хоёр сэжигтний тогтоол гаргасан байна.

Тэгэхдээ 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоол нь маш нууц, шинэ тогтоол нь нууц гэсэн тогтоол. Яахаараа нэг хэрэг дээр хоёр тогтоол гаргадаг юм. Өмнөх тогтоол нь хууль зөрчсөн тогтоол. Тийм учраас хүчингүй болгоод шинээр тогтоол үйлдэх ёстой. Гэтэл хүчингүй болгоогүй.

Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж байна, би

Би бодож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан дуудахад цагт нь очдог, асуусан мэдүүлгийг нь өгдөг. Санаж байгаа хэрээрээ мэдүүлэг өгдөг. Гэхдээ мөрдөн байцаах үйл ажиллагаа нь их сонин.16 жилийн өмнө асууж байсан зүйлээ одоо дахиад асууж байна. Тэрүүгээрээ дахиад яллагдагчаар татаж байгаа. Тиймээс хэргийг илрүүлэхээс илүү өөр зорилго байна  гэж үзэж байна. Хэргийг нууцалж байгаа байдал, нууцлалыг дураараа хийж байгаа байдал энэ бүхнийг бодолцсон ч тэр. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шиг санагдаж байна, энэ хэрэг олсноос хойш 16 жилийн дараа надаас хурууны хээ, үсний шинжилгээ, цусны шинжилгээ анх удаа авсан. Хэзээ ч урьд нь авч бйгаагүй шинжилгээг харьцуулсан шинжилгээ хийх нэрээр авсан. Хамгийн гол нь яллагдагчаар татсаныхаа дараа шинжилгээнүдийг авч байгаа юм. Уг нь яллагдагчаар татах бол хангалттай нотолгоо бүрдүүлсний дараа татдаг. Гэтэл яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайгаад явж байгаа. Тэр ч бүү хэл намайг байцааж байгаа мөрдөн байцаагч “Наад хүнээ одоо хорь” гэдэг дарамтыг дээрээс үзүүлж байгаа гэж хэлсэн. Хийгээгүй хэргээр, хууль зөрчин хорихыг би хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)