МАН-ын ялалт тус намын залууст боломж нөгөө талд хариуцлага нэмсэн нь тодорхой. Тэр хэрээр МАН-ын залуусын олон нийтийн ярианы нэг сонирхолтой сэдэв болсон гэдэгтэй маргах аргагүй. Иймд тэдний төлөөлөл, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та АН-ыг эрх барьж байх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагыг удирдаж ажилласан. Чамгүй олон жагсаал цуглаан зохион байгуулж, хатуу донго ч хүргэж байлаа. Харин өнөөдөр бол эрх баригч намын залуу гишүүн. Энэ үүднээс нь өөрийн тань санаа бодлыг сонирхоё. Ингэхдээ юун түрүүнд “Сөрөг хүчин хийгээд эрх баригч намын залуу гишүүдийн ялгаа” гэдэгт хариулт авахыг хүслээ?
-Мэдээж ялгаатай. Гэхдээ ялгарлыг ордны гаднаас тэмцэх, ордонд орж санал бодлоо илэрхийлэх гэсэн хоёр өнцгөөс тайлбарлах хэрэггүй болов уу. Учир нь, миний хувьд анх намд элсэхдээ нийгмийг эрүүлжүүлэх үйлсэд гар бие оролцохыг хүсч байсан. Одоо ч хэвээрээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ч үүндээ эзэн байхын төлөө зүтгэсэн. Үүнийхээ илрэл болохуйц чамгүй олон ажлыг санаачилж, удирдан зохион байгуулсан. Дөрвөн ч том жагсаалыг зохион байгуулсан. Ард иргэдийн амьдралд учирч буй тулгамдсан асуудал бэрхшээлийг судалж 500 гаруй асуудлаас 76-г нь сонгон УИХ-ын гишүүн бүрт хаяглан хүргүүлж 76 минутын чимээгүй суулт ч хийж байлаа. “Ерөнхий сайдаа огцруулах уу, Үндсэн хуулиа оршуулах уу” сэдвээр жагсаал хийж, Үндсэн хуулиа 40 метрийн урт цаасан дээр хэвлүүлэн Сүхбаатарын талбай дээр дэлгэж байсан. Энэ бүхэн шударга нийгэм, ард түмнээ боддог засаг төртэй байгаасай гэж хүссэнийх.
-Харин эрх баригч намын залуу гишүүний тухайд?
-Магадгүй хүн болгон өөр өөрийнхөөрөө харж байгаа байх. Нэг хэсэг нь ажилтай болох, нөхцөл байдлаа дээшлүүлэх боломж бололцоо гэж харж байгааг үгүйсгэх аргагүй. Нөгөө талд нь авлигагүй, зөв нийгмийг бүрдүүлэх боломж. Үүнд хүчин зүтгэх боломж гэж харах залуучууд ч олон байна. Би бол тэдний нэг нь. Тэр дундаа улс төрд цэвэр, шударга өрсөлдөөн өрнөх ёстой. Төрд засах ёстой, сайжруулах ёстой олон бэрхшээл, алдаа завхрал бий. Үүнийг Монгол Ардын нам УИХ-д үнэмлэхүй олонхи болсон энэ үедээ засахгүй бол цаашид дахин засах, сайжруулах тухай ярихад улам төвөгтэй болно. Наад зах нь төрийн албаны төлөвшил байна.
-Үүнийгээ тодруулахгүй юу?
-Иргэд намд хардлага сэрдлэг их гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр төрд түүнээс ч илүү байдаг нь анзаарагдсан. Наад зах нь, сонгуульт болон томилгоот хугацаа ойртохтой зэрэгцэн ажлаас халагдах солигдох айдаст автах, ажлаа цалгардуулахнь их. Энэ нь өөрөө монгол төрийн үйл ажиллагаа дөрвөн жилийн сонгуулийн хугацаагаар хэмждэгтэй холбоотой. Уг нь төрийн бодлого тууштай, цэгцтэй, тогтвортой байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчид нь хүртэл дараагийн томилгоог хүлээгээд сул зогсчихоор яаж ажил явах вэ дээ.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хүний хувьд нөхцөл байдлыг дүгнэсэн хариулт гэж ойлголоо. Зөв үү?
-Мэдээж тодорхой хэмжээнд холбоотой.
-Таны ажиллаж байх үед шинэчлэл явагдсан уу?
-Тодорхой шинэчлэл хийх гэж оролдсон. Хүнд суртлын индексээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар сүүлийн жилүүдэд байнга тэргүүлж байсан. Үүнийг өөрчлөхийн тулд хэд хэдэн ажил санаачилсан. Үр дүнгийнх нь тухайд хамтран ажиллаж байсан хүмүүс маань илэрхийлэх ёстой болов уу.
-МАН-ын төв байр болох Тусгаар тогтнолын ордонд ойр ажиллаж байсан олонх залуусын нэр томоохон албан тушаал дээр яригдаж, эхнээсээ ажлаа авч эхэллээ. Харин таны нэрийг олж сонссонгүй. Тэр дундаас?
-Би намд элсэхдээ ажилд орох гэж элсээгүй. Ялагдсан намд нэгдэх, ялсан намд хуваахын зовлон их. Тэр дагуу албан тушаалын томилгоог тойрсон хардлага, сэрдлэг өрнөхийг үгүйсгэх аргагүй. Мэдээж нам ялахын хэрээр би дарга болох ёстой гэсэн тулгалт хийх хүн байж л байгаа байх. Уулын мод урттай, богинотой гэж үг ч бий. Миний хувьд өөрийнхөө бодол, зарчмыг чиг шугамаа болгоно.
-Нэг зүйл тодруулж асуухад,та бүхэн саяхан л “Давхар дээлийг тайл” гэж жагсаж байсан. Өнөөдөр давхар дээлтэй сайдуудтай л болчихлоо?
-Тэр үед Засгийн газрын сайдууд бүгд давхар дээлтэй байсан. Харин өнөөдөр хуулийн дагуу ерөнхий чиг үүргийн яамд л давхар дээлтэй сайдтай болж байна. Тэгэхээр МАН-ын удирдлагууд ард түмний санаа бодлыг ч тэр, намынхаа мөрийн хөтөлбөрийг ч тэр хүндэтгэж ажиллаж чадаж байгаа гэж ойлгож байна.
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын алхмуудын талаарх таны бодол?
-Маш сайн байгаа. Тухайлбал, Данс нь хаагдсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж, үйл ажиллагаа явуулах эрх чөлөөг олголоо. Маш зөв алхам. Энэ нь Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхэд хамгийн чухал үр дүнгээ өгөх шийдвэр болж өглөө. Гол нь МАН шөнө зүүдэлснээ өглөө нь хийдэг нам биш. Газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр маш далайцтай бодлого хэрэгжүүлж байсан. Түүнийгээ ойрын хугацаанд зоригтой эхлүүлж, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. МАН-д итгэсэн иргэдийн итгэлийг бид бүхэн нэг өдөр ч мартаж болохгүй.
-Таны хувьд гол хүлээлт юу байна?
-Нэгдүгээрт Үндсэн хуулийн шинэчлэл. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш Үндсэн хуулийн шинэчлэл дээр нэгдэж чадахгүй, зөрчилдөж, эцсийн бүлэгт хэлэлцэхээс зайлсхийж ирсэн. Иймд Үндсэн хуулийн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой гэдэг бодолтой байгаа. Ялангуяа үндсэн хуульд бий засаглалын зөрчилдөөнийг алга болгох. Цаашдаа ямар замаар хөгжих нь үндсэн хуулийн шинэчлэлээс ихээхэн хамааралтай.
-Хоёрдугаарт эдийн засгаа босгох. 2012-2016 онд АН гэхээс илүүтэй тодорхой хэдэн удирдагч нар нь Монгол улсаар тоглолоо. Маш их хэмжээний өр, зээлийн хүүний дарамтаас хэрхэн гарах, цаашид тогтвортой эдийн засгийг бий болгох тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй байна.
-Гуравдугаарт ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх. Үүний тулд боловсролын салбарт салхи оруулах хэрэгтэй. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг олшруулж нарийн мэргэжлийн ажилтан бэлтгэх нь их чухал. Ажилтай байж орлоготой, орлоготой байж амьдрах боломж бүрдэнэ шүү дээ.
-Удахгүй орон нутгийн сонгууль болно. Та үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Манай намын хувьд УИХ-ын сонгуульд ялалт байгуулчихсан гээд тайвширч болохгүй болов уу. Их удалгүй залгуулаад Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ бол МАН гэлтгүй бүх намын хувьд дүнгээ тавиулах хамгийн ойрын сорилтууд. Иймд бэлтгэлээ орхигдуулж болохгүй.
-Таны хувьд өнөөдөр ямар ажил алба эрхэлж байна?
-МУИС-ийн Улс төрийн тэнхимд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байгаа. Мөн багш, улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэй хамтран “Монголын улс төрийн нэвтэрхий толь” хийх ажлыг эхлүүлээд явж байна.
Сэтгэгдлүүд :