Оросын дээрэмчдийг Монголд хэн хазаарлах вэ

2014-09-05 12:39:59

-ҮҮГЭЭР ДАМЖИН МАФИЙН СҮЛЖЭЭ МОНГОЛД БАЙРШИХГҮЙ ГЭДЭГТ ХЭН БАТАЛГАА ӨГӨХ ВЭ ГЭДЭГ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА-

 

Албан ёсны айлчлалын араас алга таших нь улс­төрчид хийгээд төрийн өндөр дээд албан тушаалтны үйлдэх ёстой дипломат ёс. Харин үр дүнд нь дүгнэлт хийж, ард ол­ны айдас болгоомжлолыг нээлттэй бичих нь сэтгүүлч хийгээд хэвлэл, мэдээллийн хэрэгслийн үүрэг. Тиймээс “Оросын дээрэмчдийг Мон­голд хэн хазаарлах вэ” гэсэн сэдэл төрснөө нуух юун. Учир нь хоёр орны иргэд улс хоорондоо визгүй зөрчих боллоо. Энэ мэдээлэл найрсаг харилцаа талаасаа тун таатай хэрэг. Харин хоёр орны хүн амын зөрүү хийгээд гарч болох сөрөг үр дагавар талаас нь бодвол монголчууд бидний хувьд болгоомжлол төрүүлэх шийдвэр.

Энэ мэдээлэлтэй уял­дуулан зарим хүн “Манайх руу орос ах нар чөлөөтэй орж ирэх нь сайн хэрэг. Муу хүмүүс гэхээс илүүтэй хил залгаа ОХУ-ын бага ястнуудын хийх наймаа эрчимжинэ” гэх дүгнэлт хийж байгаа. Өөрөөр хэлбэл тор барьж, цүнхээ мөрлөсөн худалдаачин орос, буриад бүсгүйчүүдээр төсөөлж бай­гаа нь энэ. Сүүлийн үед манай улсын томоохон их дэлгүүрээс тэд олноороо ирж, наймаа хийх нь ихэссэн болохоор тэр биз. Гэвч ОХУ-аас зөвхөн жирийн худалдан авагч хатагтай нар ирээд л зорчигчдын цуваа дуусгавар болно гэвэл эндрүүрэл. Тэр дундаа хар тамхины хэрэглээ залуу үе рүү “сум онилж” буй энэ үед бид яахан болгоомжлохгүй байж болох билээ.

Тус улсын Мансууруулах бодисын эсрэг тэмцлийн хорооны мэдээллээс харахад зөвхөн 2001 оноос хойш гэхэд нэг сая орчим орос залуу хар тамхины улмаас амь насаа алдсан. Мөн таван сая иргэн нь энэ төрлийн бодисыг байнгын хэрэглээгээ болгосон. Мансууруулах бодисын зах зээл дээр нь гэхэд 4,5 тэрбум ам.доллар эргэлддэг, тус улсад үйлдэгдсэн гурван гэмт хэргийн нэг нь хар тамхитай холбоотой гэсэн мэдээлэл ч бий. Энэ тухай “Цаг төр” сэтгүүл өнгөрсөн онд томоохон нийтлэл бичиж байсан. Гол нь ийн давтан мэдээлэх шалтгаан нь Оросын буриадуудын энэ талын хэрэглээ эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол Улс дамжин өнгөрөх жим болох бий вий гэсэн болгоомжлол хэвлэлд олонтаа бичигдэх болсонтой холбоотой.
Мөн үүгээр дамжин Оросын мафийн сүлжээ Монголд байршихгүй гэдэгт хэн баталгаа өгөх вэ гэдэг нь ч эргэлзээтэй. Монголын хилээр чөлөөтэй давсан элдэв хууль бус ачаа, тээвэр Хятадын хил дээр илрэх нь олон. Ийм байхад бид оросын дээрэмчдийг хил дээрээ таньж чадах уу. Тэр дундаа Оросын мафи дэлхийд улам бүр хүчирхэгжиж, Макао, Тайландыг эзлээд зогсохгүй Бээжинд хүртэл пээдэлзэж байхад шүү дээ. Түүгээр ч зогсохгүй Тажикистан, Узбекистаны хар тамхины эргэлт, Кипр, Израиль, Бельги, Англи, Герман гээд дэлхийн бүх оронд тэд тэргүүлж буй салбар, аялал жуулчлал, технологийг нь хүртэл атгачихсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаа олон гардаг. Ийм байхад бид “Орос ах нар Монгол руу чөлөөтэй ирэх нь” гэж баярлах зөв үү. Баярлахад бас учир байна, монголчууд аа.
Дотоодын хулгайчдаа илрүүлж, хязгаарлаж дөнгөхгүй байж Оросын мафи Монголд “гал голомтоо” бадраавал бид тэднийг хориглож дийлэх нь юу л бол. Өнгөрсөн жил Тайландын Пхукет арлын таксины жолооч нэр тэдний эсрэг тэмцээд олигтой үр дүнд хүрээгүй. Гэтэл бид энд цөөхөн хэдэн улстөрчдийнхөө буруу үйл ажиллагаатай тэмцэж ч чадахгүй байгаа ард түмэн шүү дээ. Иймийн учир харилцан визгүй зорьчих шийдвэрт баярлаж, хөөрөхөө түр азнаад хэрэгжих журмыг нь чухалчилж нэхэх ёстой биш үү. Өнөөдрөө биш маргаашаа бодсон бол Монголын төр үүнд яарахгүй байсан болов уу. Өнгөрсөн хугацаанд баталж чадсан ч хэрэгжүүлж чадаагүй олон баримт бичгийнхээ төлөөсөнд эрүүл, саруул монгол залуусыг эвгүй зам руу түлхэж оруулахгүй шийдвэр гаргачихсан ч байж мэдэх юм. Алга таших эрх та нарт үлдсэн байлаа гэхэд айдас, болгоомжиллоо чөлөөтэй илэрхийлэх эрх сэтгүүлч бидэнд бий гэдэгт талархая. Амьдралд тохиох сайн сайхан бүхнээ хайрлацгаая.

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)