Монгол Улс албан бичгийн өр төлбөрт унах цаг ойрхон ирлээ

2014-09-04 12:05:58

Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал амжилт­тай болж өндөрлөлөө. Ам­жилттай гэдгийг дипломат ёсыг бодож бичиж буй гэдгээ нийтлэлийн эхэнд тайлбарлая. Харин бодит ажил хэрэг хийгээд, хамтын ажиллагааны төвшинд бол ийн дүгнэхэд бэрх. “Ажил хийвэл дуустал. Давс хийвэл уустал” гэдэг монгол ухааныг үл огоорсон баримт бичгүүдийн архив хоёр “боть”-оор нэмэгдсэн байж таарна. Хятадын тө­рийн тэргүүн Си Зиньпин даргын айлчлалын үеэр 20 орчим баримт бичигт гарын үсэг зурсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиных үүнээс нэг их дутахгүй. Гол нь ерөнхий агуулгын хувьд манай улсын төрийн өндөрлөгүүд улс оронд нь очиж ярьж тохиролцон, гарын үсэг зурсан гэрээ, хэлэлцээрээс ялгарах зүйл үгүй. Мэдээж тоон үзүүлэлт бүхий хөрөнгө оруулалтыг эс тооцвол шүү дээ. Тиймээс ч нийтлэлээ “Монгол Улс албан бичгийн өр төлбөрт унах цаг ойрхон ирлээ” хэмээн гарчигласан хэрэг. Ийн бичихэд сэдэл өгсөн мэдээлэл бол АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэллийн “Инвест Монголиа” гэх хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад хэлсэн үг байлаа. Түүний үгээс онцолбол “Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор энд байгаа Монголын хамтрагчид маань “Гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарал хандуулах хандлага ажиглагдаж байна... Дээд төвшний айлчлалуудыг амжилттай солилцож, олон улсын тавцан дээр хамтран оролцож байгаа болохоор “гуравдагч хөршийн бодлогыг боломжоороо хэрэгжүүлсэн гэж бодож магадгүй. Эдгээр дипломат үйл ажиллагаа, хоёр талт болон олон талт арга хэмжээнүүдийг төгсгөл болгож харах нь сайхан ч дөнгөж сая миний хэлсэнчлэн гадаад бодлого, эдийн засгийн бодлогын хэлхээ холбоог мартсан хэрэг болно. Ингэх нь эдийн засгийн ухаан нь нэгэнт хийсэн худалдааны хэлцэл, түүнээс үүссэн хамтын хөгжил зэрэг бодит үр дүн хардгийг үгүйсгэх хэрэг болох юм” гэсэн хэсэг “Өдрийн сонин”-ы хуудаснаа үлдэж.

Түүнчлэн тэрбээр “Бараг жилийн өмнө гарын үсэг зурсан АНУ-Монголын Ил тод байдлын гэрээг УИХ соёрхон батлах асуудал байна. Тавантолгой зэрэг голлох төслүүд дээр шийдвэр гаргах асуудал шийдэгдээгүй байна. Дэлхийн хэмжээний АНУ-ын компани энд оролцож болох юм гэсэн итгэлээ бид нуугаагүй. Төмөр замын тендерүүд дээр шилдэг технологи, худалдааны нөхцөлүүдийг улам бүр чухалчлах, эсвэл Оюутолгой төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхэд Монгол Улс, “Рио Тинто” хоёрын хэлэлцээрийг урагш ахиулах зэрэг асуудал бий” гэжээ.
Тэгвэл түүний онцолж дурдсан дундаас сугалаад зөвхөн Тавантолгойн ордыг тойрсон хамтран ажиллах яриа хэлэлцээрийг тойрсон мэдээллээс шүүгээд үз. Орос, Хятад, Америк, Өмнөд Солонгос, Япон, Канад, Бразиль, Герман, Энэтхэг зэрэг оронтой уг ордын нүүрсийг хамтарч олборлох, туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, технологийг нь ашиглах, олборлолт хийх, борлуулах гэх мэт бүх талаар нь хамтран ажиллахаар ярилцсан. Зөвхөн компани хийгээд гүйцэтгэх захирлуудын хооронд өрнөсөн яриа биш. Бүгд төрийн нэрийн өмнөөс зурагдсан албан бичигтэй.
Төмөр замын тухайд ч мөн адил. Өмнөд Солонгос, Хятад, Орос, Америк гээд олон оронтой хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийлгэх баримт бичигт гарын үсэг зуруулчихсан. Тэр бүхнийг эхнээс нь тоолвол лавтайяа таван жилийн архив ухаж таарна. Гэвч аль нь ч өнөөдрийг хүртэл биеллээ олоогүй. Тийм ч болоод АНУ-ын Элчин сайд дээрх үгийг хэлсэн байх. Түүнчлэн ОХУ, Хятад хоёр улсын тухайд ч энэ хүлээлт бий.
Тэдний ашиг сонирхол нь Монгол баялаг дээр огтлолцохтой зэрэгцээд манай төрийн тэргүүнүүд бүгдтэй нь хамтран ажиллах нэг утга бүхий яриа хэлэлцээр хийсээр ирсэн. Энэ удаа АНУ-ын Элчин сайд бодит ажил хэрэг болж хэрэгждэггүй гэрээ, хэлэлцээрийнхээ үр дүнг нэхлээ. ОХУ-ын хувьд ч энэхүү нэхэл дагуулаа аль дээрээс эхлүүлсэн гэх яриа улстөрчдийн дунд гарах болсон. Ерөнхийлөгч В.Путины айлчлалын зорилгын тухайд ч адилхан. Хятадын төрийн тэргүүн Си Зиньпиний тухайд ч яриа хэлэлцээрээ ажил хэрэг болгож, хамтран ашигтайгаар хамтарч ажиллах цаг болсон гэдгийг сануулж, бас уриалсан. Японд хийсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал ч бас үүнийг гэрчилнэ. Товчхондоо энэ мэтээр бүх улс оронтой байгаа хэдэн томоохон орд, төмөр зам, Сайншанд зэрэг цааснаа буусан бүтээн байгуулалтаа тойрч гарын үсэг зурсаар яваад нэг өдөр Монгол Улс албан бичгийн өрөнд унаж мэдэх юм. Мэдээж энэ мэт яриа хэлэлцээрийг байж болох бүх сайн хувилбартай ярилцаж, санал солилцох хэрэгтэй ч гэлээ эцэслэн гарын үсэг зурж батлаад байгаадаа жаахан хамжааргатай хандах цаг ирсэн бололтой. Наад зах нь АНУ-ын зүгээс гэрээний биелэлтээ нэхээд ирснийг дээрх жишээгээр баталсан болно. Өр, зээлийг төлөх нөхцөл нь тодорхой байдагтай адилхан албан бичгийн хамтын ажиллагаанд мурьж болно гэсэн заалт байдаггүй нь үнэн. Тиймээс Монгол Улс нэг л өдөр алаагүй баавгайн арьсыг улс орон дамнуулан хувааж борлуулсан өрөнд унаж мэдэх л юм. Буруутгагдах үндэслэл нь албан бичгэн дээрх төрийн өндөрлөгүүдийн гарын үсэг байх биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)