В.Путины айчлал Засгийн газрын ой санамжийг эргүүлж авчирах уу

2014-09-03 17:25:35

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад үдлээд буцна. Түүний айлчлалын чиг зорилго Халх голын ойн баярт чиглэж буй. Мэдээж тайзнаа ил өрнөх дээрх үйл явдлын ард төмөр зам, Тавантолгой, уран, Алтанбулагийн чөлөөт бүс, хүнсний бүтээгдэхүүний экспорт, визгүй зорьчих, Сайншандын аж үйлдвэрийн парк гэх мэт асуудлыг хөндөх нь зайлшгүй. Өнгөрсөн арван жилийн турш хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал, уулзалт, хэлэлцээр дээрх сэдэвт тулгуурлаж ирсэн. Гэсэн ч үр дүнд хүрээгүй. Удаа дараагийн тунхаг бичиг цааснаа бууснаас бус ажил болсон зүйл байхгүй. Иймд энэ удаагийн В.Путины айлчлалын талаар шинэ яриа хэлэлцээр хийхээс илүүтэй шинэчлэлийн Засгийн газарт мартсныг сануулж, биелүүлээгүй гэрээндээ сануулга өгч мэдэх юм.  Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцохгүй. Зөвхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой л уулзана гэх чиг өгсөн тухай мэдээллээс харахад ийн дүгнэж болно. Мөнхийн хөршийн найрсаг харилцаанаас илүүтэй биелэгдэшгүй даалгавар гэгчийн үлгэр хоёр орны харилцаанд оньсого таалгаж байгаа нь их болохоор арга ч үгүй. Зөвхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр гэхэд “Дорнод-Уран” компанийн үйл ажиллагааг эхлүүлж, идэвхжүүлэх, Улаантөмөр замын хамтын ажиллагааг сайжруулах, шинэчлэх, цөмийн эрчим хүчний салбарт хамтрах гэх мэт хэлэлцээг баталсан. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ-д хийсэн айлчлалаар гэхэд л мөн л дээрх сэдвийг хөндөж, яриа хэлэлцээр хийсэн. Иймд энэ удаагийн В.Путины айлчлалаар шинэ сэдэв хөндөхгүй гэдэг нь бараг л тодорхой юм. Тэгээд ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан айлчлалын талаар “Хоёр орны иргэд хоорондын харилцаа, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгсөн шийдвэрүүд гарна. Гэхдээ бидний хүссэн бүх баримт бичигт гарын үсэг зурна гэвэл хүлээлт болно. Цаг хугацааны хүчин зүйлсээс шалтгаалан энэ удаагийн айлчлалаар стратегийн баримт бичигт гарын үсэг зурахгүй. Гэхдээ 20-иод баримт бичигт гарын үсэг зурна гэж ойлгож болно. Энэ нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна. Айлчлалын үр дүнд хэсэг хугацаанд зогсонги байдалд орсон хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн. Эндээс “Зогсонги байдалд орсон” гэдэг үгийг нь салгаж уншихад л өнгөрсөн хугацаанд хийсэн гэрээ хэлэлцээний үр дүн гараагүй, цаашлаад хэрэгжүүлэх талаар ч олигтой яриа хэлэлцээр хийгдээгүй болох нь нотлогдоно.

Тус оронтой хамгийн сайн хамтын ажиллагаатай байсан Засгийн газар нь С.Баярынх. Түүний үед ОХУ-той Тавантолгой болон ураны салбарт хамтран ажиллах баримт бичгийг ёслохын зэрэгцээ газар тариалангийн салбарт томоохон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэ бүхэн нь тухайн цаг үедээ эсэргүүцэл, эргэлзээтэй тулгарч байсан ч хоёр хөршийн харилцаанд эерэг хандлага гаргасан томоохон алхам байсан гэдэгтэй хэн ч эргэлзэхгүй биз.
Тэгвэл өнөөдөр асуудал хаашаа шийдэгдэх вэ. Хятадын төрийн тэргүүн Си Зиньпиний Монголд хийсэн айчлал ерөнхийдөө тус улсад хандах монголчуудын сэтгэхүйг зөөлрүүлэхэд чиглэж байсан. Үүнийг нь зөвхөн яруу сонсголонтой монгол үгсийг олноор нь хэрэглэснээр тайлбарлах хэрэггүй. 15 тэрбум юаний свопын гэрээ байгуулсан, 200 залууг тэтгэлгээр сургах эрх олгосон, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэнэ, 162 сая ам.долларын арилжааны зээл олгох хэлэлцээр хийсэн, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхэд Хятадын Экспорт, импортын банкнаас зээлийн дэмжлэг үзүүлнэ гэх мэт олон эерэг үр дүн гэрсэн. Энэ бүхэн түүний найрсаг айлчлалаас Монголд үлдсэн ашиг.
Гол нь энэ дунд онцлох бас нэг сэдэв үлдсэн нь төмөр зам. Хятадын хилээр найман салаа урсгалд нарийн царигтай төмөр зам барих эцсийн тохироог түүний айлчлалын үеэр үзэглэсэн. Үүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байр суурь илэрхийлэхгүй ч, Сайншандын аж үйлдвэрийн паркаар дамжин өөрийнх нь улс руу дөтлөх ёстой байсан төмөр зам хаашаа эргэснийг тодруулж мэдэх юм. Мөн монгол судлаач, профессор Юрий Николаевич Кручкин төмөр замын талаар “Миний бодлоор Орос, Хятадын талтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахад гэмгүй. Хятадын төмөр зам маш хурдтай, эрчимтэй хөгжиж байгаа. Хятадад 11 километр хурдны төмөр зам байна. Харин Оросод шинэ галт тэрэг, зүтгүүр үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр Орос, Хятадын аль аль талаас боломж харагдаж байгаа юм”
Түүнчлэн Мардайн ордын ураныг ашиглах зорилгоор бай­гуулсан “Дорнод-Уран” ком­панийн үйл ажиллагааг хурдасгах шаардлага тус улсад бий. Энэ талаар ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай хэвлэлд “Тэднийд ураныг эс тооцвол манайхаас авах уул уурхайн бүтээгдэхүүн бараг байхгүй. Ураны хувьд гэвэл Оросын ураны илрүүлсэн гол нөөц нь манай Дорнод аймгийн хилийн залгаа нутагт байдаг бөгөөд нөөц нь дуусах дөхөж байгаа учир өмнө нь ашиглаж байсан Мардайн уурхайг сэргээн хамтран ашиглах сонирхолтой байдаг. Гэтэл тодорхой учир шалтгааны улмаас түүнийг Оросын талтай хамтран ашиглах бололцоогүй болоод байгаа юм. Гэхдээ энэ асуудал шийдэгдэх болов уу гэж бодож байна” гэсэн таамаг дэвшүүлсэн байсан.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Европын холбоо болон бусад импортлогч орнуудад тавьсан хоригтой холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурж мэдэх юм. Учир нь өнөөдрийн байдлаар гэхэд зөвхөн махны чиглэлээр гэхэд манай 11 компанитай хамтарч ажиллахаар судалгаа хийж байгаа. Дээр нь төмс, хүнсний ногоо экспортлох санал ч олноор ирсэн гэх. Дотоодын хэрэгцээнийхээ хүнсний бүтээгдэхүүний ихэнх хэсгийг бусад улсаас авдаг ОХУ-ын хувьд өдгөө энэ бол яах аргагүй ярих сэдэв. Иймд В.Путины айлчлал хоёр хоног биш хоёрхон цаг байлаа ч гэсэн үр дүн нь хоёр улсад ашигтай байх ёстой. Тэр дундаа Засгийн газрын анхаарлын гадна үлдсэн удаа дараагийн хэлэлцээр, гэрээг хурдасгахад гол зорилго нь байх болов уу. Өөрөөр хэлбэл Засгийн газрын ой санамжийг сэргээхэд илүү анхаарал хандуулахыг чухалчилж мэдэх юм.

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)