Си Зиньпиний айлчлалын үр дүнг романтизмаас чөлөөлье

2014-08-26 16:37:45

Манайхны дунд сүү­лийн үед эрчээ авч байгаа хятад суртлын өөдөөс найрсаг зүйр­лэл, нандин хөр­шийн холбоог чухалчилсан БНХАУ-ын дар­га Си Зиньпиний айлчлал өн­дөрлөлөө. Хоёр өдрийн ху­гацаанд 26 гол баримт би­чигт гарын үсэг зурж, мөн­хийн хөршийн эрх ашгийг тэн­цэтгэхэд ач холбогдол өг­сөн түүний үгс манай ул­сын эдийн засгийг хамтад нь хөгжүүлэхэд уриалсан нь талархууш­тай. Дашдоржийн Нацаг­доржийн “Миний ну­таг” шүлгээс ишилж, мон­гол ардын зүйр үгсээр чи­мэг хийсэн нь албан ёсны айлч­лалд төдийлөн ан­заа­раг­даад байдаггүй ха­чир­хам дотно уур амьсгалыг бүр­дүүл­сэн юм. Магадгүй үүгээ­рээ тэрбээр хятадуудад хан­дах монголчуудын сэт­гэ­хүйд сал­хи оруулах, цааш­лаад их зо­рил­гын өмнөх шал­дар бул­дар эр­гэлзээнд цэг та­вихыг хүс­сэн байж бо­лох.

Гол нь айлч­лалын уур амьсгалыг бүр­дүү­лэх зо­рил­готой, мон­голчуудын хү­лээл­тэд то­дор­хой хариулт өг­сөн “Хүл­гээ да­виран гэрэлт ирээ­дүй рүү давхицгаая” гэх өөрийн илт­гэ­лийг Монголын хэв­лэлд нийтлүүлсэн нь хоёр хо­ногийн айлчлалын үр дүнг тааварлах ерөнхий зураглалыг бий болгоно билээ. Тэрбээр Хятадад чинээлэг дундаж давхаргыг бий болгоход гол бодлогоо чиглүүлж, төрд тогтсон авлига хээл хахууль, дарга нарын эрх мэдлийг бууруулахад анхаарал хандуулан ажиллаж байгаа. Цаашлаад дэлхий нийтэд Хятадын гэх тэргүүлэх бодлогыг хүчирхэгжүүлж, улмаар “Хятад мөрөөдөл” гэгчийг тодорхойлж хамгийн шилдэг нь байх тэр бариа руу өөрийнх нь хэлснээр давиран давхиж буй. Үүнд нь Монгол Улсын оролцоо чухал. Өөрөөр хэлбэл хоёр орны харилцаанд том, бага, хүний олон цөөний тухай бус харин хамтдаа хөгжиж, хамтдаа эрх ашгаа нэгтгэх гэсэн зарчим үйлчлэх учиртай. Энэ тухай Си Зиньпин дарга онцолж, “Монголд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн үг байдаг. Хятад хүн “Сайн хөршийг алтаар ч солихгүй” гэж ярьдаг. Хятад улс дэлхий дээр хамгийн олон хөрштэй орон. Үүнийгээ бид үнэт эрдэнэ гэж үздэг” хэмээн тодорхойлсон.

Гарын үсэг зурсан баримт бичгүүдийн цааснаа буусан үр дүнг эхнээс нь тоочвол ялтан шилжүүлэх тохиролцоонд хүрч чадсныг онцлох хэрэгтэй. Хэдийгээр эдийн засгийн ач холбогдлыг нь түрүүлж мэдээлвэл зохилтой ч хүнлэг ёсыг эрхэмлэж, тус улсад ял эдэлж буй 40 орчим монголчуудад маань нутагтаа ирэх баярын мэдээ удахгүй очино гэдэг нь талархууштай хэрэг. Түүнчлэн тус улсын найман боомтыг ашиглан манай улс гадаад зах зээлээ нэмэх боломжтой боллоо. Энэ нь төмөр замын хамтын ажиллагааг баталгаажуулсан явдал бөгөөд цаашид үүнийг тойрсон маргаан, мэтгэлцээн намжиж, ерөнхий утгаараа дуусгавар болсон гэж үзэж болно. Мэдээж үүнийг эх оронч сэтгэхүй, эс бол хувь хүмүүсийн туйлшрал гэдэгтэй холбоход маргаан дуусахгүй нь тодорхой. Гэхдээ төр засгийн шийдвэрт эргэлзээ, тээнэгэлзээ үүсгэх огцом өөрчлөлт болж хувирахгүй болов уу.
Мөн нүүрсний гүн боловсруулалтыг эрчимжүүлэх чиглэлээр Уул уурхайн яамны хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Японд 1000 инженер суралцуулах сайхан мэдээ баталгаажаад ердөө хоёр хонож байхад Хятадад ойрын таван жилдээ 1000 оюутан нэмж сургах, цаашлаад Засгийн газрын тэтгэлгийг нэмж 1000 оюутанд олгох сайн мэдээг дуулгасан юм. Түүнчлэн Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх, хоёр тал мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг 15 тэрбум юаньд хүргэхээр болсон. 162 сая ам.долларын арилжааны зээлийг олгох хэлэлцээр, Сүхбаатар дүүргийн долоодугаар хорууллын Г хэсгийн орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэхэд Хятадын Экспорт, импортын банкнаас зээлийн дэмжлэг үзүүлэх гэх мэт 26 баримт бичигт гарын үсэг зурлаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг ийн хөгжүүлэх ерөнхий чиглэлийг зурсан айлчлалын үеэр зөвхөн хоёр орны харилцаа бус бүс нутгийн бие даасан байдал, хамтын хөгжлийг тодорхойлсон нь Си Зиньпин даргын айлчлалын гол онцлог байсан болов уу.
Учир нь Монгол Улс 1993 оноос АПЕК-т элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа. Одоогийн байдлаар АПЕК буюу Ази, Номхон далайн эдийн засгийн байгууллагын албан бус уулзалтад оролцохоос бус гишүүнчлэлийн статусаар хамтран ажиллах боломжгүй. Харин Си Зиньпин даргын УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэнд АПЕК-т элсэхэд дэмжихийн зэрэгцээ хоёр улсын харилцааг Ази тивийг хүчирхэгжүүлэх боломж бололцоотой нэгтгэх гэдэг нэг гол санаа шигтгэгдсэн байна билээ. Энэ тухай тэрбээр “Хамтын ажиллагаанд хамтдаа хожих, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх нь Азийн улс орнуудад тулгарч буй эн тэргүүний зорилт бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх нь найрсаг харилцааг урагшлуулах гол түлхүүр юм. Азийн улс орнууд хамтдаа хүчирхэгжин, харилцан туслах ази чанараа хадгалан, давуу талаараа харилцан нөхөлцөж, эрх ашгаа хамтатган өргөжүүлж, чөлөөт худалдааны бүс байгуулах болон харилцан дэд бүтцээр холбох бүтээн байгуулалтаа урагшлуулан, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжин, нийтлэг эрх ашгийн том бялууг бүтээлцэж, улс орнуудын ард түмний аз жаргалыг нэмэгдүүлэхийг хүсч байна” хэмээн онцолсон.
Түүнчлэн хятадуудад хандах манайхны хандлагад тодорхой хариулт өгсөн “Хятад улсын зогсолтгүй хөгжлийн явц дэлхий дахинд болон зарим хүмүүст эргэлзээ төрүүлжээ. Хятад улс хөгжсөнөөрөө заналхийлэл болох вий гэж санаа зовниж байна. Энэ бол буруу ойлголт, буруу үзэл бодол юм.Хятад улс энх тайванч замаар тууштай замнаж, дэлхийн улс орнууд энх тайвнаар хөгжихийг дэмжиж байгаагаа олонтаа илэрхийлсэн. Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн, дэлхийн бусад орнуудтай хамтран хүн төрөлхтөний ёс суртахуун болон олон улсын нийтлэг хэм хэмжээг сахин хамгаалж, дэлхий болоод бүс нутгийн үйл ажиллагаанд шударга ёсыг эрхэмлэн оролцох болно.” гэсэн өгүүлбэрийг нь онцлох хэрэгтэй болов уу.
Энэ мэтээр айлчлалын үр дүн болон БНХАУ-ын даргын УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үг зэргээс харахад хоёр улсын харилцаа яриа хэлэлцээрийн гэхээс илүүтэй бодит хамтын ажиллагаанд суурилж цааш хөгжих нь тодорхой боллоо. Гэхдээ олон, олон айлчлалын үеэр зурагдсан баримт бичгийн биелэлт гэхээр хэрэгжих нь удаан, үр дүн нь бодитой биш байж ирсэн нь нууц биш. Тэр дундаа Тавантолгой, төмөр зам, эрчим хүчний салбарт удаа дараа хэлэлцээр хийж, баримт бичигт гарын үсэг зурдаг ч хэрэгжих явцдаа саармагжихийн зэрэгцээ өөр түншийн эрэлд гарах нь бий. Иймд дээр дурдсан 26 баримт бичигт гарын үсэг зурсан гэдэг мэдээллийг ажил хэрэг болгох цаг ойрхон байгаасай гэж найдая. Цаашлаад “Хоёр орны харилцаа шинэ шатанд гарлаа” гэсэн хийсвэр романтизмаас бодит үр дүнгүүдийг нь чөлөөлөх хэрэгтэй болов уу. Ядаж л Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүүгийн монгол хүнийхээ хувиар хэлсэн “Хятад Монгол Улсыг залгих гээд байна”, “Бид хятадын түүхий эдийн хавсарга болох нь” гэж ярьж сууснаар шийдвэрлэхгүй. Тиймээс харилцаагаа зохистой түвшинд, харилцан ашигтайгаар, хэн хэн нь хожсон байдлаар хөгжүүлэх вэ гэдэг арга замаа олох хэрэгтэй юм” гэх үгийг дор бүрнээ тунгаах учиртай биз. Хамгийн чухал нь төр засгийнхаа түвшинд ч гэсэн Си Зиньпиний айлчлалын үр дүнг романтизмаас чөлөөлж, бодит үр дүнг цаасан дээр бус амьдрал дээр хэрэгжих тэр суурийг зөв тавихад анхаарах үлдэв бололтой.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)