“Эзэн 100”-ийнхаас илүү ухаантай “Ард100”-ийнхан хаачив

2014-08-26 16:33:49

Өнөөдөр 2014 оны наймдугаар сарын 15. Хоёр өдрийн дараа “Эзэн 100” хөтөлбөрийг дүгнэнэ. Үр дүн нь лав гайхалтай сайхан гарч таарна. Мэдээж хариуцсан албан тушаалтнуудынх нь мэдээллийн агуулгыг таавар­лахад шүү дээ. Иймд хэзээ мөдгүй ажлаа хүлээлгэн өгч, Засгийн газартай найзалсан 100 хоногийнхээ тайланг тавих тэдний тухай бичих нь илүүц юм. Харин тэдэнд хяналт тавьж, илүү ухаантай ажиллахаа амласан УИХ дахь МАН-ын бүлгийнхэн ямар ажил амжуулав гэдгийг сонирхох сэдэл төрнө. Тэд Монгол Улсыг аврах гар­цыг шинэчлэлийн Засгийн газраас хувь илүү сайнаар бодож олж чадна гэдгээ олонд дэлгэсэн. Ахлагч нь УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр. Тэрбээр нэгэн цагт бизнес эрхлэгч байж, гэр бүлийнхээ өв хөрөнгийг арвижуу­лан, зузаатгахаар ажиллаж байсан. Энэ талаас нь харвал түүнд Монголын эдийн засгийг сэхээ­рүүлэх онцгой тод санаачилга олдохгүй байна гэж байхгүй. Ядаж л “МАК” групп дээр жишээ авахад л Монголын бизнес эрхлэгчдийн зовлонг жаргал болгож, алдагдлыг ашиг болгох гарцыг өлхөн бодоод олчихож чадах л байх. Гэсэн ч энэ зуны налгар өдрүүдэд МАН-аас гурван удаа хэвлэлийн бага хурал зарлаж “Засгийн газар ажиллаж чадсангүй” гэснийг эс тооцвол “Ард 100”-гаа хэрэгжүүлсэнгүй. Тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын ээлжит чуулганы завсарлагаанаар бид ажлаа хийнэ” гэж амласаар байтал ажил хийж байгаа тус намын гишүүн харагдсангүй. Адилхан л найр наадам хэссэн шигээ алга болцгоосон. Үүгээрээ тэд шинэчлэлийн Засгийн газрын албатуудаас ялгарсан нь үгүй. Янз байдлыг нь харвал УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хоёр өдрийн дараагаас хэлд орж, сөрөг хүчин гэдгээ санаж эхлэх бололтой. Мэдээж энэ үеэрээ засгийг сайн муулна. Элдэв янзаар нь хэлнэ.

Уг нь бол олон жилийн турш төрийн эрхийг барьж, бодлого боловсруулж ирсэн тус намын хувьд улс орны эдийн засгийн чадавхи буурч, иргэдийн амьдрал хямралд дарлуулсан энэ үед эрх баригч хүчнээс ч илүү ажиллах боломжтой. Мэдээж санаачилсан бүхэн нь бодлого болж, амьдрал дээр хэрэгжүүлэхгүй ч гэсэн сөрөг хүчний үг гэдэг улс төрийн соёлтой аль ч улсад байндаа туссан сум байж чаддаг. За байг, бүр хүчтэй дуугарч чаддаггүй юм гэхэд ядаж “Эзэн 100”-гийн үр дүнг тооцоолохын тулд байгуулсан 23 ажлын хэсгийнхээ талыг нь ч болов идэвх, зүтгэлтэй ажиллуулсан бол талархал илэрхийлж болмоор. Гэтэл “Нарантуул”, “Хүчит шон­хор” захаар судалгааны ганц нэг залууг холхиулахаас өөрөөр ажилласангүй. Тэр дундаа нэгэн удаадаа Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн намыг нь толгойлж байгаа үед ийн нуувчинд орох нь хэтэрхий хариуцлагагүй үйлдэл баймаар.
Иймд Монголын төрд үүсээд буй хямралд МАН-ын оруулсан хувь нэмрийг бага гэж тодорхойлох нь “Бурууд нүд хурц” гэх зүйр үгийн эсрэг үйлдэл болох болов уу. Учир нь монголчууд МАН-д итгэл хүлээлгээгүй биш хүлээлгэсэн. УИХ-д суудал өгөөгүй биш өгсөн. УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш МАН-ын удирдлагууд “Бидэнд сөрөг хүчин болж төлөвшихөд хугацаа хэрэгтэй байна” хэмээн учирлах нь олон дуулдсан. Тэр хугацааг нь сонгогчид ч өгсөн. Гэтэл УИХ-ын бүрэн эрх талдаа орчихоод байхад хүртэл сөрөг хүчний үүргээ дорвитойхон шиг гүйцэтгэж чадахгүй байгаа нь МАН-д улс төрийн төлөвшил бүрэн төгөлдөршөөгүйн шинж. Тэгээд ч насаараа даргаас өөр алба хашиж, тушаал шийдвэрт гарын үсэг зурахаас өөрөөр толгойгоо ажиллуулж үзээгүй тэдэнд бид дахин итгэл хүлээлгэлээ гэхэд тэд жинхэнэ утгаараа ажиллаж чадах уу. Учир нь энэ бол МАН. Тэдэнд түүх, туршлага бий. Тэр бүхнийгээ зөвхөн ялагдсан даргын шархалсан сэтгэлээр баллуурдаад байвал АН-аас ялгараад байх зүйлгүй болно. Тийм учраас “Эзэн 100”-аас ухаантай “Ард 100”-ийнхан хаачив” хэмээн асуухад хүрлээ.
Гэхдээ энд нэг зүйл тодруулахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын “Эзэн 100”-г дуустал хүлээнэ” гэсэн байр суурийг хавсаргая. Гол нь АН-д ч, МАН-д ч хүлээх шаардлага байхгүй учраас тэр. Хэрэв УИХ дахь МАН-ын бүлэг илүү сайн ажилласан бол бид өнөөдөр ам.долларын ханш 1900 давсан бэрх үетэй тулахгүй байсан. Өөрөөр хэлбэл хямралд зөвхөн АН бус МАН ч бас буруутай. Ингэж өстөл нь хүлээснийхээ хариуцлагыг тэд ганцхан АН-аас бус давхар өөрсдөөсөө ч эр. Улс төрийн төлөвшил гэдэг зүйлийг өөрсдөдөө хамаатуулан ярих гэж байгаа бол үүнд хариулт өгцгөө. Эс бөгөөс эрх баригч байж чадаагүй шигээ сөрөг хүчин ч болж чадахгүй нь гэдэг үнэнээ Монголын ард түмэнд зарлавал зохилтой биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)