Ж.БАТБОЛД: НАДАД АЛБАН ТУШААЛ, ХӨРӨНГӨ МӨНГӨ ӨГЧИХ БОЛОВ УУ ГЭЭД ДУУГҮЙ ЯВЖ ЧАДАХГҮЙ

2016-06-06 20:40:41

Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гишүүн, биологийн ухааны доктор Ж.Батболдтой ярилцлаа.

-Таныг 2012 онд Ардчилсан намын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, хэлэлцүүлгийг нь хийж, танилцуулж байсныг санаж байна. Дөрвөн жилийн дараа яагаад АН-аас татгалзаад Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орчихов. Ямар шалтгаан таныг өөр намд ороход хүргэв гэдгээс ярилцлагаа эхэлье.

-“Монгол хүн 2020” хөтөлбөр 2010 оноос эхтэй. 2010 оны сүүлчээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас “Монгол хүн 2020” хөтөлбөр ямар байх үндсэн санааг тодорхой болгож шийдвэр гарсан. 2011 онд бүх аймаг, нийслэлийн есөн дүүрэгт очиж хэлэлцүүлэг хийж, энэ хөтөлбөрийг боловсруулсан. АН-ын даргын зөвлөх, “Монгол хүн 2020” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Ер нь, ардчиллын төлөө 1990 оноос хойш зүтгэсээр ирсэн. Хуучин Гоц халдварт гэж байхад Монголын Ардчилсан холбооны салбар зөвлөлийг байгууллага дээрээ анх байгуулж, 1990-ээд оны цуглаанд оролцож явлаа. Үзэл бодол, цаг зав, итгэл үнэмшлээ ардчиллын төлөө зориулсан. АН 2012 онд УИХ-д олонхи болоогүй ч олуулаа болоход ардчиллыг дэмжигч над шиг олон хүн баярласан байх гэж боддог юм. АН-ынхнаас их зүйл хүсэн, хүлээж байсан байх. Гэтэл ардчиллыг, АН-ын дэмжигч мянга мянган гишүүдийн дэмжлэг, туслалцаагаар төрд гарсан хүмүүс, ардчилсан Ерөнхийлөгч ч тэр Монгол орны ирээдүйн хувь заяа, Монголын ард түмний итгэл рүү ус цацсан гэж боддог. Энэ бол АН-аас гарах үндсэн шалтгаан нь. Гэхдээ АН-ыг бүхлээр нь муу муухай гэж хэлж байгаа юм биш. АН-ын толгой л ялзарчихаж.

-Тэр нь танд яаж мэдрэгдсэн юм бэ?

-Тэр хүмүүсийн үйлдэл таалагдахгүй байна гээд зүгээр чимээгүй гараад явчихаж болох л байсан. Харин АН-ын жирийн гишүүд, дэмжигчид намаа ялзарсан толгойтой болсныг нь ойлгоосой. Муудсан толгойноосоо салаасай гэж үзсэн учраас зориуд зарлаж байж гарсан. Буруу тийшээ яваад байна. Өнөөдөр жишээ нь Монголын ард түмний эрүүл мэнд маш хүнд байдалтай байгаа. Мөнгөтэй нь гадаад руу явж, дундаж нь Монголдоо, бүр боломжгүй хүмүүс гэртээ амьсгал хурааж байгаа нь бодит үнэн. Ийм хүнд нөхцөл байдалтай байхад Эрүүл мэнд спортын яамыг 7-8 сар хариуцсан сайдгүй байлгаж, Төрийн нарийн бичгийн даргыг нь шоронд хийчихсэн. Энэ хэний төлөө ажилладаг засаг вэ гэж асуухад хүргэж байна. Улс төрийн нам, эвслийн эрх ашгаас өмнө ард түмний эрүүл мэндийг чухалчилж тавьдаггүй юм уу. Ийм л төр засаг байгаа учраас эсэргүүцсэн. Ганцаараа эсэргүүцээд үр дүнд хүрэхгүй учраас үзэл бодол нийлсэн улс төрийн хүчинтэй нэгдэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Зохион байгуулалттай хүчинтэй зохион байгуулалттайгаар тэмцэх хэрэгтэй. Энэ бол АН-ын, МАН-ын ч засаг биш. Тэр хоёрын дунд нам дамжсан бүлэглэл бий болгосон засаг учраас эсэргүүцэж байгаа юм.

-Таны харж байгаагаар энэ бүх болохгүй, бүтэхгүй байгааг засч залруулах боломж бий юу?

-Засч, залруулах эрх ард түмний гарт л байгаа. Монголын нэг давуу тал бол сонгуулиар, ард түмний сонголтоор өөрчилж болох засаглалтай. Хэрвээ Монголын ард түмэн үүнийг ойлгож чадвал ердөө хэдхэн хоногийн дараа засч, сайжруулах боломж байна. Ард түмнээ гэх сэтгэлтэй зөв, шударга хүмүүсийг төрд ажиллуулах хэрэгтэй. Одоо яаж байгаа билээ. Хэдхэн кг алт авахын тулд эх орныхоо байгалийг сүйтгэж, газар шороогоо ухаж, гол мөрнөө ширгээж байна. Тэр битгий хэл эх орондоо бусдын үйлдвэрлэсэн цөмийн хог хаягдлыг булшлах гэж байгаа хүмүүс УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн явна. Ард түмний тархийг угаадаг хүмүүс төр засгийн тэргүүнд дахиад гараад ирвэл “чөтгөрийн тойрог” гэдэг шиг үйл явдал давтагдаад л байна гэсэн үг. Хамаг муу муухайг хийчихээд одоо тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байгааг ард түмэн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Иргэд айхтар нарийн ширийн мэдээлэлгүй ч гэсэн цаагуураа болохгүй байгааг нь ойлгож байгаа. Ард түмнээс санал аваад төр засгийн тэргүүнд гараад ирсэн хүмүүс маш хариуцлагагүй байна. Төрийн түшээд нь хувиа л боддог. Уг нь олонхийн эрх ашгийг бодох ёстой, тэгэх гэж л гаргаж ирсэн шүү дээ. Тийм учраас зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа Уянга гишүүнийг дэмжиж энэ намд орсон юм.

-Таны бодол, үзэл санаатай нийцэж байгаа нь ТТЭНН гэсэн үг үү?

-Болохгүй байгаа засаглалын эсрэг тэмцдэг намуудыг цуглуулаад эвсэл байгуулж болох л байсан. “Нэг нэг тамга өвөртөлсөн намуудын цуглуулгыг биш Монголын төлөө гэсэн сэтгэлтэй зөв хүмүүсийн эв нэгдэл, эвслийг бий болгоно” гэж Уянга гишүүн хэлсэн. Эх орноо гэсэн сэтгэлтэй, хийж бүтээх чадвартай хүмүүс Уянга гишүүнийг дэмжих байх.

Гурван төрлийн тусгаар тогтнол байдаг юм. Улс төрийн, эдийн засгийн, мэдлэгийн тогтолцооны тусгаар тогтнол гэж. Улс төрийн тусгаар тогтнолыг аливаа улс алдаж болно. Эргүүлээд авч болдог. Эдийн засгийн тусгаар тогтнолыг алдвал мөн л эргээд авч болдог юм байна. Харин мэдлэгийн тогтолцооны тусгаар тогтнол алдагдвал тэр улс бүрэн алдагддаг. Тэгэхээр баялгийн тэгш бус хуваарилалтаас болоод Монгол Улс өнөөдөр улс төрийн, эдийн засгийн тусгаар тогтнолоо ч алдахад бэлэн болчихсон гэж харагдаж байна. Хамгийн аюултай нь мэдлэгийн тог­тол­цооны тусгаар тогтно­лоо алдахаар байдалд хүр­чи­хэж. Гадаадынхан баялагтай орныг мэдлэгийн тогтолцоогоор нь дамжуулж чимээгүй эзэлж авдаг. Тэр нь гадаадад сураад ирсэн, хэвлэлүүдээр бичээд байгаа барууныхны тэжээврүүд. Гадаадын хөрөнгө оруулалт гэдгээр монголчуудын биш гадаадынхны эрх ашгийг тэргүүнд тавьдаг шүү дээ.

-Манайхны хандлага, буруу үзлээс болоод гадаадын хөрөнгө оруулалт багасчихлаа гэж харин ч шүүмжлээд байгаа?

-Гадаадын хөрөнгө оруулалт байлгүй л яахав. Эн тэнцүү биш юмаа гэхэд үгүй ядаж нуруутай байх ёстой. Өмнөговийн Оюутолгой хэний өмч юм бэ. Гадаадын компани ашгаа олж байгаа бол монголчуудад ч гэсэн ашигтай байх л ёстой. Монголчууд Оюутолгойгоос хэзээ ашиг хүртэх вэ гэхээр хариулж мэдэхгүй гэх хүн олон байна. Анх хийсэн гэрээгээр 2019 он гэж байсан. Одоо 2037 он болчихож. Тэр болтол ухаад л дуусгана. Ашгаа чаддаггүй юмаа гэхэд Монгол Улс татвараа авч болно биз дээ. Өнөөдөр иргэн таныг нэг оймс үйлдвэрлэлээ гэхэд дарамталж байгаад бүр болохгүй бол шоронд хийгээд ч хамаагүй татвараа авдаг. Тэгвэл яагаад гадаадынхан уул уурхай ажиллуулж байхад татвар авахгүй байгаа юм бэ. 135 тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой байсан “Саусгоби сэндс” компанийн өрөөс 30 тэрбумыг нь барагдуулахаар шүүхээс шийдвэр гаргасан. Гэтэл Ерөнхийлөгч нь өршөөл үзүүлсэн. Гэмт хэрэг хийснийг нь өршөөж болно, татвар төлөхийг нь өршөөгөөгүй шүү дээ. Тэгтэл 30 тэрбум төгрөгийн татварын өрийг нь Монголын Засгийн газар бараг тэглүүлж байна.   

-Тавантолгойн ордоос олборлолт хийж өрөө төлөхөөр болсныг хэлээд байна уу?

-Тийм ээ. Энэ чинь шударга байдал юм уу. Ийм л хүмүүс АН-ын нэрээр төр засгийн толгойд гарчихаад “Монголын төр” гэдэг нэртэй гадаадын төр ажиллаад байна. Тийм учраас л эсэргүүцээд байгаа юм. Эсвэл юу ч хэлэхгүй, дуугүй яваад байх юм уу. Надад албан тушаал, хөрөнгө мөнгө өгчих болов уу гэж дуугүй яваад байж би чадахгүй.

-Сонгуулиар сонгогчид л энэ буруу замаар орсныг өөрчлөх боломжтой гэлээ. Гэтэл жижиг 76 тойрог буюу хүмүүсийн хэлдгээр мөнгөний сонгууль явуулахаар болчихоор эрх мэдэлд байгаа хүмүүс нь дахиад гараад ирэх боломжтой хувилбар гэж тайлбарлаж байна?

-Яахав, одоогийн төр засгийн тэргүүнд байгаа хүмүүс ямар ч үнээр хамаагүй эрх мэдэл дээрээ үлдэх аргыг хэрэглэж байна. Түүний нэг илрэл сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь. Ард түмнийг ядуу байгааг нь далимдуулж, Сонгуулийн хуулийн цоорхойг ашиглаж, сонгуулийн жил гарахаас өмнө нүүрс гээд баахан эд бараа тараалаа. Хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалтыг хасч хаяад, тойргоо хуваахдаа хүртэл өөрсдийн ялах боломжтой хувилбараар зурж хуваарилаад, жижигсгээд мөнгөний сонгууль болгох бүх бохир технологийг хэрэглэсэн. Энэ бол айсан хүнд аргал хөдөлнө гэгч л боллоо. Би энэ албан тушаалаасаа салчих юм бол шоронд орчихно гэж хандаад байгаа юм. Тэднийг буухгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Ард түмэнд том оюун ухаан гэж байдаг юм. Яаж ч худалдаж авах гэсэн оролдлого хийхэд буруу гэж бодосон л бол салхи нөгөө тал руугаа эргэдэг. Энийг мэдэхгүй байгаа юм. Нөгөө л 1990 оны дэлгүүрийн лангуун дээр давс л байсан үеийнх шигээ ард түмнийг бодоод, үнэлээд байна. Гэтэл өнөөдөр дэлхий хавтгай болсон. Хүмүүс янз бүрийн сувгаар мэдээлэл авч байгаа учраас ард түмэн ойлгоно гэж бодож байна. Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгө үндсэндээ оффшор руу явчихжээ л гэж ойлгож байгаа. Ялангуяа бизнес хийдэггүй хүн хаанаас мөнгө олсон байх вэ. С.Баярцогт гэхэд 24 настайгаасаа л УИХ-д суусан гээ биз дээ. Хэзээ завандаа тэр хүн бизнес хийгээд сая ам.доллартай болоод түүнийгээ гадаадад оффшор бүст дансанд хийгээд мартчихдаг юм. Ийм маягаар цагаан захтай, цагаан гартай хүмүүс их хэмжээний мөнгөтэй болсон нь туйлын эргэлзээ төрүүлэх асуудал. Мөнгөтэй болсон бол  эх үүсвэрийг нь нийтэд ил мэдээлээд эх орондоо хадгалаад байж болно. Заавал татваргүй бүст тайлан мэдээ гаргалгүй нууж байна гэдэг но-той байгаагийн шинж.

-Хэрэв сонгуулиар өөрчилж чадахгүй бол яах вэ?

-Оффшорын асуудалд гэхэд Монголын төр юу ч хийхгүй байна. Өөрсдөө хутгалдсан учраас Засгийн газар нь юу ч хийхгүй байгаа. Ерөнхийлөгч нь зүгээр л твиттерээр жиргэчихээд суугаа. Очоод бариад авах гэхээр өөрийнх нь найз, хамсаатан учраас чадахгүй байгаа. Гадаадад бол албан тушаалаа хүлээлгэж өгөөд уучлал гуйж байна. Заримыг нь баривчлаад шалгаж байна. Харин манайд албан тушаалтайгаа үхэн хатан зууралддаг. АН-ын нэрээр төр засгийн өндөр албан тушаалд оччихоод эргээд ард түмний, байгаль орчны эсрэг ажилладаг болсон. Тэднийг төр засгаас буулгах хамгийн зөв арга бол сонгууль. Тэгээд буухгүй юм бол хувьсгал болно. Баялгийн тэгш бус хуваарилалт гэдгийг 1917 онд Италийн эдийн засагч Жини Коррадо гаргаж ирсэн. Баялгийн хуваарилалтыг тэр хүний нэрээр нэрлэсэн жини коэффициентээр үнэлж гаргадаг аргачлал бий. 0-1 хүртэлх тоогоор юм уу 0-100 гэж хувиар үнэлж үздэг. 0 бол баялгийн хуваарилалт тэгш, 1 эсвэл 100 хувь болчихвол хамгийн муу үзүүлэлт. Тэгвэл Монголд 1990-ээд оны үед 0,3 буюу 30 орчим хувьтай байсан. 2003 онд 33 хувь, 2006 онд 36 хувь, 2011 онд 39 хувь болсон. Хэрвээ энэ нь 42 хувьд хүрвэл нийгмийн эмх замбараагүй байдал, хувьсгал, тэмцэл, мөргөлдөөн үүсдэг.

-Хамгийн сүүлд хэзээ тооцож үзсэн юм бол?

-2015 оны үзүүлэлт 36,5 хувь гэж байна билээ. Дарсан тоо байж магадгүй гэж бодож байна. Өмнө нь Дэлхийн банк гэх мэтчлэн хөндлөнгийн байгууллагууд орж ирээд судлаад гаргадаг байсан. Сүүлдээ өөрсдөдөө зориулж гаргадаг болсон учраас 2015 оны 36,5 хувь гэдгийг худлаа тоо болов уу л гэж бодож байгаа. 

-Тэгэхээр 2011 онд 39 байсан бол өнөөдөр магадгүй 40 хувь гарсан байхыг ч үгүйсгэхгүй гэсэн үг үү. Өсч явсан хувь гэнэт буурах боломжтой юу?

-Трэндийг нь харахаар 33, 36, 39 хувь гэж өсч явсан. Тэгээд гэв гэнэт 36 хувь руу орж буурчихсан. Юу хийгээд 3 функт буурав. Үнэхээр буурчихсан юм бол ард түмний амьдрал сайжирсан уу. Иргэд цөхөрсөн, туйлдсан байна. Эрүүл мэнд нь хаягдсан, ажил, орлого байхгүй, эрх чөлөө ч хэцүү байдалтай байгаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд нь Оюутолгойн далд уурхайг арай гэж нээлээ гэсэн. Оюутолгой хэдэн сая ам.доллараар борлуулалтаа хийгээд л байдаг. Авч байгаа татвар нь “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад их бага л орж ирсэн юм билээ. “Эрдэнэт”-ээс 10 дахин том үйлдвэр шүү дээ Оюутолгой. Өдөрт нэг сая ам.доллар алдаад байна гээд Дубайд очиж гэрээ зурсан. Тэгвэл өдөрт нэг сая ам.доллар орж ирээд Монголын зах зээл дээр борлуулагдаж байгаа л юм бол ам.долларын ханш буучихна биз дээ. Өнөөдөр хүмүүстэй уулзаад “Та нар Оюутолгойгоос ямар ашиг хүртсэн бэ” гэж асуухаар “Мэдэхгүй” л гэдэг.

-Тавантолгойн ордыг хэ­рэв ашиглаад эхэлсэн бол эдийн засаг ингэж унахгүй бай­­лаа гэж тайлбарлах нь бий?

-Ард түмний тархийг угааж байгаа юм. Тонн нь 130 ам.доллар байсан нүүрс 20-30 ам.доллар руу орчихоор ашиг олдог юм уу. Ерөөсөө 2011-2012 оноос хойш Тавантолгойгоос экспортод гаргаж байгаа нүүрсний хэмжээ буураагүй. Тэгсэн мөртлөө олдог ашиг нь хэд дахин буурсан. МАНАН-гийн бүлэглэл, төр засгийн толгойд гарсан барууны тэжээврүүд чинь Тавантолгойг аваачиж зарах гэж байсан шүү дээ. Тийм төсөл орж ирээд 60 жилийн хугацаатайгаар Тавантолгойн ордоо өртэй компанид өгөх гэж байсан. Тэрийг нь Улсын Их хурлын дарга З.Энхболд зангарагаа харуулж, гэдийж байж хүчээр зогсоосон. Тэгж байж бидний өмч бидэнд үлдсэн. Хэрэв хүмүүсийн халаглаад яриад байгаа шиг Тавантолгойгоо хөдөлгөсөн бол 800 сая ам.долларын өрөнд гадаадын банкны мэдэлд очих байлаа. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ өсөөд ирсэн ч бид Тавантолгойн ордоо ашиглаж чадахгүй л болох байсан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаад ашиггүй байгаа үед яагаад ашиглах гээд дайраад байсан юм бол гэж тухайн үед гайхсан. Тэгтэл үнэн хэрэгтээ барьцаанд явуулах, монголчууд өөрсдөө ашиглаж чадахгүй байдалд л хүргэх байж.

-Цөмийн хог хаягдал булшлахгүй гэж та эсэргүүц­лээ илэрхийлж байсан санаг­дана. Яг юу болсон юм бэ?

-2012 онд анх тэмцэж байж АН-ын “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлахыг хатуу хориглоно” гэдэг заалт оруулсан юм. АН энэ асуудалд иргэний нийгмийн байгууллагуудтай гэрээ байгуулсан. Гэтэл сая Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр УИХ-ын ээлжит бус чуул­ган зарлаж байгаад Монгол Улс цөмийн хог хаягд­лыг эх орондоо хүлээн авах “Ашигласан түлшний кон­венц”-д нэгдүүлэхээр оруулж ирлээ. Өөр хоёр конвенцоор халхавчлаад оруулах гэж оролдсон. Анхнаасаа л ийм санаатай зохион байгуулалттай ажил хийж байж.

-Зохион байгуулалттай гэдгээ тодруулбал?

-“Монгол хүн-2020” хөтөл­бөрийн Нийгмийн аюул­гүй байдал хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдал булшлахыг хатуу хориглоно” гэдэг заалтыг хаяад хэвлэсэн байна билээ. Ч.Сайханбилэг тэр үед АН-ын пи-арыг хариуцаж байсан. Хэвлэлийн эх бэлтгэж байсан хүн хаясан уу, хэн нэг эрх мэдэлтэн орхиж хэвлэсэн үү гэдгийг тодруулах хэрэгтэй. Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн мөрийн хөтөлбөрт бол байгаа. Тухайн үед сайтуудад тавьж байсан хувилбарт тэр заалт бий. Олон түмэнд тараасан мөрийн хөтөлбөрт бол байгаагүй. Тэгээд 2016 оны гуравдугаар сарын 22-нд олон улсын конвенцод нэгдэх нэрийдлээр оруулж ирлээ. Ямар ч тайлбар хэлэхгүй байгаа юм. Голын эхийг сайн хамгаалах, дархан цаазтай болгох тухай мөн л “Монгол хүн-2020” хөтөлбөрт тусгуулж байсан. Гэтэл Ч.Сайханбилэг “Урт нэртэй” хуулиас тойруулж, Засгийн газрын тогтоолоор өөрчлөөд компаниудад лиценз олгосон. Голын эхийг нь хамгаалах юм бол урсгал нь яаж ч өөрчлөгдөөд нөлөөлдөггүй юм. Тэр тогтоолоор нийтдээ 17 компанийн 28 лицензээр, долоон аймгийн 11 сумын нутагт гол мөрний эхийг ухах зөвшөөрөл өгсөн. Ийм хүмүүс төр засагт сууж, байгаль орчныг хамгаалах асуудлыг хаяж гээгдүүлсэн байхад хүмүүст юу гэж хэлэх вэ.  

-Та ер нь хэзээнээс АН-ынхантай ойлголцохоо больчихов оо?

-Ер нь аливаад ойртож байж л үнэнийг мэддэг юм байна. Энэ бүр цаанаасаа эхтэй л байж. Хэдийгээр тус тусдаа өөр цаг хугацаанд үйл явдал болоод байгаа мэт боловч нэгтгээд томоор нь хараад ойлголоо. Монголын, ард түмний эрх ашгийн төлөө биш амин хувийнхаа төлөө яваа хүмүүс гэдгийг нь мэдэж авлаа. Сая гуравдугаар сард цөмийн хаягдлыг булшлах конвенц батлуулахаар оруулж ирэхэд л тэсэрлээ. Ингээд дөрөвдүгээр сарын 25-нд АН-аас албан ёсоор гарсан. Шонхорын наймаа хийгээд байгааг мэдээд хэлж үзсэн, олон нийтэд мэдээлсэн. Тэр хүмүүс зөвхөн мөнгөний төлөө эх орноо худалдах гээд явахад нь л үнэхээр тэсэрсэн юм. Тэдэнд гадаадад амьдардаг хаус байна, дансанд нь мөнгө бий. Тэгэхэд монголчууд хаана амьдрах вэ. Монголдоо амьдрах аргагүй болгох гэж байна шүү дээ. Анх 2012 онд цөмийн хаягдлын асуудал сөхөгдөхөд итгээгүй юм. Сая олон түмний нүдэнд ил цагаан конвенцид нэгдэнэ гэлээ. Олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон бол түүнийг л дагадаг, тухайн улсын хуулиас ч илүү үйлчилнэ гэж тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ийм хүмүүсийг үймээн самуун болгохгүй, хувьсгал хийхгүйгээр буулгадаг арга бол сонгууль. Тиймээс тэдний болохгүй байгааг шүүмжлээд яриад яваа минь энэ.          

Л.Номин            

 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

irgen      ip : 203.91.115.42 2016-06-09 11:24:10
Mundag bn shdee .demjiji bn.hicheegeerei

irgen      ip : 182.160.37.88 2016-06-07 10:19:47
shine urirdagch shine toloolol garch irj bgam bn bi law ene hvnd sanalaa ognoo

Иргэн      ip : 182.160.36.243 2016-06-06 21:02:59
Ураны аюул монголд үхэл тарьж байна. Батболд маш зөв тэмцэж байна эх орноо хэдэн халтар төгрөгөөр зарж байгаа муусайн МАНАН-ы эсрэг





(0/800)