Мэндчилгээ

2016-05-25 15:34:03

Эрхэм нөхөд өө.

            Өндөр хариуцлагатай албаа нэр төртэй хашиж ирсэн ахмад буурлууд, эдүгээ салбарынхаа хөгжил цэцэглэлийн төлөө хөдөлмөрлөж буй иргэний нисэхийн салбарын нийт хамт олон Та бүхэндээ Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 91 жилийн ой, Агаарын тээвэрчдийн өдрийн баярын мэндийг хүргэе.

            Түүхт 90 жилийнхээ ойг ажилбүтээлийн арвин амжилтаар тэмдэглэн өнгөрүүлснээс хойш та бид жил хүрэхгүй хугацаанд нисэхийн аюулгүй ажиллагааг сайжруулсан олон ажлыг хийж гүйцэтгээд байна.

            Юуны өмнө нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээндрадар, бодит ажиглалтын системийг хослуулсан, үзүүлэлтэд тулгуурласан навигаци(PBN)-ийг гурван үе шатаар хэрэгжүүлж эхлэн, агаарын хөлгийн байрлалын мэдээллийг дэлгэцэд үзүүлдэг ADS-B  системийг нэвтрүүллээ.

Агаарын навигацийн хөгжлийг шинэ шатанд хөгжүүлэх эдгээр тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн тоо2015 онд өмнөх оныхоос дунджаар 4,1 хувь, навигацийн орлого оны эхнээс сар бүр 8 хувиар өсч, 45 улсын 160 гаруй агаарын тээвэрлэгч манай улсын агаарын замаар үйлчлүүлжээ.

            Агаарын зайд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хоорондын зайчлал 150 км байсныг шат дараатай бууруулж, 30 км-ийн зайчлалд шилжүүлэн, ажиглалтын удирдлагын зайчлалыг бууруулснаар хөрш улсуудаас манай улсын хилээр агаарын хөлгүүд орж ирэхэд гардаг хүндрэл ариллаа. Агаарын зайн багтаамж, нэвтрэн өнгөрүүлэх чадамжийг нэмэгдүүлсэн эдгээр ажлуудыг Олон улсын иргэний нисэхийн байгууллага өндрөөр үнэлж, хоёр хөрш орон төдийгүй олон улсын агаарын тээвэрлэгч нарталархалтай хандан, манайхаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр байна.

Нислэгийн хөдөлгөөний удирдлагад шинэ технологи нэвтрүүлж, агаарын хөлгүүдэд үр ашигтай өндөрт нисэх боломжийг бий болгосноор шатахууны зарцуулалт, агаарт хаягдах хорт хийн ялгаруулалт багасч, Монгол Улс дэлхийн дулаарлыг багасахад зохих хувь нэмрээ оруулж байна.

            Засгийн газраас ИНЕГ-ын өнгөрсөн оны ажлыг дүгнээд Монгол Улсын 2015 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгаруулсан нь та бидний хийж хэрэгжүүлж буй ажилд өгч буй үнэлгээ юм.

            Хөрш орнуудын төдийгүй манай улсаар дамжин өнгөрч буй бусад улсын зорчигчдод үйлчлэх Транзит танхимыг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ашиглалтад оруулсан, алслагдсан нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээг хүргэхээр төр, хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид хамтран ажиллаж эхэлсэн, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлыг нийслэлтэй холбох хурдны замын ажил эхэлсэн гээд иргэний нисэхийн салбарт бүтээн байгуулалтын ажил  эрчимтэй өрнөж байна.

Энэ бүхний ард та бидний хичээл зүтгэл бий. Та бүхнийхээ хичээл зүтгэл, салбартаа зориулсан эрдэм мэдлэгийн үр дүнг илтгэсэн томоохон ажлуудаас баярын энэ өдрөөр ийнхүү онцлон дурдахад таатай байна.

            Удахгүй улс орны маань нэр хүндийн илэрхийлэл болсон олон улсын томоохон чуулга уулзалтманай оронд болох гэж байна. Та бүхэн дор бүрнээ эрхэлсэн ажлаа хариуцлагатай, чанартай гүйцэтгэж, Ази, Европын 11 дүгээр дээд түвшний уулзалтыг зохион байгуулах нэр хүндтэй ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

            Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)