Ардчилсан намд чадах юм байна уу

2014-08-13 11:46:38

Ардчилсан нам хэзээний л ардчилалтай нам. Яг үнэндээ ардчилал гэдгээ олигархи, фракц хоорондын зодооноор тайлбарладаг нь инээд хүрмээр. Хаа нэгтээ дарга руугаа хатуу үг чулуудсан гишүүн бүр нь ардчиллын баатар болдог. Үе, үеийн дарга нар нь тэднийгээ ийн өхөөрдөхтэй зэрэгцээд хөөрцөн гишүүн ч олны дунд од болох гэж чардайна. Ингэж олны нүднээс муугаа нуухдаа гаргуун Ардчилсан нам 2000 оноос хойш арай хийн олж авсан УИХ дахь олонхийн суудлаа 2016 онд алдах магадлалтай гэх. Зурхайч, мэргэч төлөгч биш шууд батлан нотолж чадахгүй ч олны ам эргэчихжээ, тэднээс. Үүнд бардамнасан МАН-ын гишүүд “Бид ялах нь тодорхой болчихлоо” гэж хөөрцөглөх. Янз нь ялалтын баяр ойртох сургаар хол газар явсан “оюутан, сурагчид” нь ч ирэх жилийн эхээс нутгийн зүг жолоо залах биз. За энэ бол МАН-ын асуудал.

Гол нь Ардчилсан нам. Сөрөг хүчин болохоороо гомдож туниад салдаггүй, эрх баригч болохоороо томорч пээдэлзээд дийлддэггүй ийм намыг монголчууд сүүлийн 20 гаруй жилийн турш улс төрд чирж ирж. Ёстой л “Хар толгойдоо булуу хураана” гэдэг л энэ байх. Тэртээ 1996-2000 оны хооронд Ардчилсан намын дөрвөн ч Засгийн газар унасан. Тухайн тохиолдол бүрт өөр хоорондоо дайсагналцаж, Социал демократуудыг “МАХН-ын өргөмөл хүүхдүүд” хэмээн гоочлох нь их байв. Тэд нь ч зогсоо чөлөөгүй намынхаа эсрэг кноп дарж, түүнийхээ хүчинд өнөөдөр дундаасаа Ерөнхий сайд төрүүлсэн байж ч мэдэх юм. Харин тэд тэр үеийнхээ алдааг “Бид залуу байсан. Сөрөг хүчний ятгалганд орж, өөр зуураа хэмлэлдсэн” гэж тайлбарладаг.
Тэгвэл одоо Ардчилсан нам залуу нам, гишүүд нь залуучууд мөн үү. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтнүүд залуу хүн мөн үү. Эсвэл хүний амьдралаар бол ач, зээгээ аль хэдийнэ үзсэн тэдэнтэй залуу насны алдаа, оноог ярих нь зөв үү. Тэд яг одоогийнх шигээ “Намайг хэн муулж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг аашилж байгаад 2000 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Тэрхүү ялагдлын дөрвөн жилийнхээ хугацаанд олонх нь хилийн чинадад суралцаж, эрх барьж байх үедээ олж авсан өв хөрөнгөө өсгөж үржүүлэх ажлыг хийсэн. АНУ-гийн үнэтэй дүүргүүдэд хаус хөлсөлж, айлссан тухай мэдээлэл нь тэр үедээ хэвлэлд олонтаа гарсан байдаг. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл шударга өмч хувьчлалыг ярьсаар байгаа. Ярих биш хийнэ гэж ч шийдсэн. Тухайн үедээ монгол төрийн хамгийн үнэтэй үйлдвэр, обьектийг хувьчилж, тэрхүү өрсөлдөөндөө хүч хомсдвол “Засгийн газрыг огцруулна” гэж дайрдаг байлаа. Энэ удаад тэд Хөтөлийн цементийн үйлдвэр, МИАТ тэргүүтэй төрийн мэдлийн компаниудыг хувьчлах шийдвэрт хүрчихсэн.
Их удалгүй хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалт дээр тэд өөр хоорондоо зодолдоно. Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал ч хөндөгдөнө. Тэд эрх барих хугацаандаа яг ийм л байдаг. Тэгсэн атлаа сөрөг хүчин байж чаддаггүй. МАН-ын байгуулсан гурван ч Засгийн газарт дагаар орж, эрх мэдэлд хүрэхийн тулд ёстой л далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явж ирсэн. Ичгэвтэртэй энэ дүр төрхөө хайрлаж, түүнийгээ өмгөөлнө гэж юу гэхэв. Ер нь л Ардчилсан намд хийж чаддаг ажил, хэлж чаддаг үг, хийлгэж байгуулсан бүтээн байгуулалт гээд байх зүйл тун ховор. Ямар ч аргаар хамаагүй дарга болохыг хүсч ирсэн тэдний 20 жилийн түүх Монголын өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн.
Иргэд нь ядуу. Харин дарга баян. Эцэс сүүлдээ Авлигатай тэмцэх газраар хамжуулж, дэмжүүлэн байж засгийн эрх мэдлийг авчихаад одоо тэдэнтэйгээ тэмцэх тухай зарлал тараагаад явж байна. Гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан хүнтэй шоронгийн өрөөнд төрийн нэрээр уулздаг боллоо. Улсдаа ганцханд тооцогдох орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийнхээ барилгыг гоч ганган контор болгохоор нурааж байна.
Тийм ээ, Ардчилсан намд ер нь чадах юм байна уу. Сөрөг хүчин байж тэвчилгүй МАН-ын бөөрөнд наалдчихдаг. Эрх баригч болохоороо хуулийг гууль болтол нь дэвслээд дээр нь бүжиг эргэчихдэг. Хүнд хэцүү ялагдал хүлээвэл булт олноороо хилийн дээс даваад зугтчихдаг... “Ардчилсан нам засаг барьж дийлдэггүй. МАН сөрөг хүчин болж чаддаггүй” гэдэг юутай үнэн үг вэ.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)