ОФФШОР БОЛ ОВ ЗАЛЬ ЮМ

2016-05-10 10:58:11

Монголын улс төр болон бизнесийн зүтгэлтнүүд оффшор бүсэд данстай байсан нь өнөөдөр тодорч байна. Энэ мэдээлэл өнгөрсөн өдрүүдэд тодорхой болж болох байсан ч тавдугаар сарын 10-ны өдрийг угтан дэлгэгдэж байгаа нь зүгээр нэг шударга ёс гэхээс илүүтэй цаг үеийн үнэ цэнийг олзолсон хил дамнасан улс төр хэмээн харахад буруу зүйл үгүй. Монголын улс төрийг дотоодоос бус гадаадаас удирдаад байна гэх хардлага өдгөө уль дол болсон болохоор тэр л дээ. Гэсэн ч энд оффшорыг өмөөрөх нэгээхэн ч шалтгаан үгүй юм.

Саяхан л Исландын Ерөнхий сайд Зигмунд Дэвид Гунгаугсон ийм шалтгаанаар албанаасаа огцорсон. Тэрбээр өөрийгөө “Хууль бус юм хийгээгүй“ хэмээн олонтаа тайлбарлаж, өмгөөлөхийг оролдсон ч ард түмэн нь түүнийг уучилсангүй. Арга буюу албанаасаа чөлөөлөгдлөө. Харин манайд бол эсрэгээрээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тухайн үедээ оффшор бүсэд сая долларын данс нээж, их удалгүй түүнийгээ татсныхаа төлөө тэрбээр УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгсөн. Энэ бол түүнд тооцсон дутуу хагас хариуцлага. Өөрөө харин мөн л “Харин ч Монголоосоо олсон ашиг орлогыг татваргүй бүсэд байршуулах замаар ашиг олж, эргээд түүнийгээ эх орондоо хөрөнгө оруулалт болгож оруулж ирэх байсан” гэх утгатай ичмээр тайлбарыг хийсэн. Хамгийн инээдтэй нь түүнээс хэн ч өнөөдрийг хүртэл “Тэгвэл оффшор бүсээс татсан сая доллараараа Монголдоо ямар хөрөнгө оруулалт хийсэн бэ” гэж асуугаагүй байгаа юм. Асуух үүрэгтэй сэтгүүлчдийн тун цөөхөн нь л түүнтэй нүүр тулан уулзаж, ядаж л мэндийг нь мэдэх давуу эрхтэй байдаг учраас бусдад нь хүсээд ч ийм боломж олдохгүй гэсэн үг.

Тэр дундаа “Хятадын Монгол” гэсэн хаяг үүсгэж, дансаа нээчихээд шүү дээ. Үүнийгээ тэрбээр мөн л “Банкны алдаа” гэж тайлбарласан. Өөрт нь бичиг нь ирж, эцсийн мөчид гарын үсгээ зурж баталгуужаалсан атлаа шүү. Ийм Монгол түмнийг доромжилсон, элэглэсэн улстөрч өнөөдөр дараагийн УИХ-ын сонгуульд өрсөлдөх гээд бэлтгэлээ базааж байхад өнөөдрийн нэр нь зарлагдсан хүмүүс та биднээс ичих үү, айх уу. Харамсалтай нь үгүй л байх.

Гэсэн ч бид бүхэн нэг зүйлийг өнөөдөр нийтээрээ ойлгох ёстой. Тэр нь “Оффшор бол ов заль юм” гэдэг эцсийн дүгнэлт. Харьяалагдаж буй улс орныхоо татвараас зайлсхийхийн төлөө оффшор бүс рүү хөрөнгөө чирч, тушаадаг. Хууль бус, хахуулиар авсан мөнгөө бусдын нүднээс нуух гэсэндээ оффшор руу “зутгаалгадаг”. Хууль бус наймаагаа оффшор данс ашиглаж явуулдаг. Саяхан Авлигатай тэмцэх газрын дарга асан Н.Ганболд “Хилийн чинадад байгаа нуугдмал дансыг шалгах эрх бидэнд байдаггүй” гэдэг хариултыг УИХ-ын чуулганы танхимд хэлээд албаа өгсөн. Тэгэхээр тэд монголчуудын итгэж найддаг, Авлигатай тэмцэх газраас ч нуугдаж чадсан гэдгийн баталгаа нь энэ үг. Ийм байхад өнөөдрийн оффшор бүсэд данстай Монголын тэргүүн хөрөнгөтнүүдийг хэн ч шалгах, хянах эрхгүй гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид хэвлэл мэдээллийн хуудаснаа нэрийг нь бичнэ, эзэн холбогдогчид нь өөрсдийгөө өмгөөлнө. Тэгээд л болоо. Тиймээс ядаж л иргэд дор бүрнээ “Оффшор бол ов заль юм” гэдгийг ойлгож, улс төр болон бизнесийн сонголтоо хийдэг тийм төлөвшил рүү хэвлэл, мэдээлэл олон нийтийг чирэх ёстой болов уу. Түүнээс бус хэвлэлээр дайтах, цаашлаад эрх мэдлээ булаацалдах нөр их тэмцэлд нь хувь нэмрээ оруулах нь эргээд Монгол Улсын ирээдүйд сөрөг нөлөөтэй байх талтай. Амьдралаа нууцалж чадсан хэрнээ алдаагаа зөвтгөж чаддаг хүн нөхөрлөхөд сайхан байлаа гэхэд төрийг атгах, бизнесийг удирдахад үнэн байж чадлаа юу. Энд тариалангийн талбай нь гол дагаж байрласан эсэх бүр ч хамаагүй гэдгийг тунгаацгаая.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)