Нарийн ногооны “Диваажин”-д зочилсон минь

2016-05-09 22:56:43

Хавсрын хавсарга нүдэж, харах нүдээ ч нээж чадамгүй тийм нэг таагүй өдөр Улаанбаатар хотдоо нэг хаалга татаад л зун цагтай учирсан минь гайхам сонин байлаа. Хэн хүний “Зун болоосой” хэмээн мөрөөддөг тэр мөрөөдөлтэй ганц хаалга нээгээд л учирчихсан хэрэг. Үүнийгээ “Мөрөөдөл биелдэг юм” хэмээн бяцхан онгирчихмоор. Гэхдээ онгирох гэдгээс илүү монгол хүний хийж бүтээсэн бүхнээр бахархаж, бахадсан хэрэг. Энэ бол нарийн ногоог бараг л “өлгийдөж, тэвэрч” ургуулдаг “Грийн Сити гарден” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хорь дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Европ стандартаар баригдсан өвлийн бүрэн автомат шилэн хүлэмж юм.

Уг нь хүлэмж гэдэг та бидний хувьд нэг их шинэ содон зүй биш. Тэр дундаа хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарихыг харах нь ховор үзэгдэл ч биш. Харин жилийн дөрвөн улиралд ургацаа хурааж, “Мөнх зун” брэндийг улаанбаатарчуудын хэрэглээнд өглөө бүр хүргэнэ гэвэл хэн хүнд таатай байж таараа. Тэд нарийн ногоог ургуулах гэж ёстой л нярай хүүхдийн асаргаа шиг юм болно. Хөрс нь гэхэд Голландаас авчирсан тусгай хөрс. Ариутгал, бордоо зэрэг нь бүгдээрээ олон улсын эрүүл аюулгүй байдлын хэм хэмжээний дагуу. Тэр битгий хэл газрын гүнээс татаж авсан усаа тусгай дөрвөн ч удаагийн дамжлагаар ариутган шүүж, бүлээсгэж байж ногоогоо усалдаг гэвэл та итгэх үү. Энэ бас юу ч биш. Эргэн тойрон, дээгүүр, доогуур нь тавын таван ширхэг тусгай халаагуур байрлана. Ер нь дутуу төрсөн нярайг инкубатурт хийж, амьдрал бэлэглэдэгтэй л адилхан. Нарийн ногоог ингэж нарийн арчлахын цаана эрүүл, аюулгүй хүнс гэдэг анхдагч бөгөөд эцсийн хамгийн том шаардлага хангагдаж байдаг гэнэ. Ёстой л ногооны ДИВААЖИН гэдэг нь л тэр байх. Хэт хурц нарны гэрлээс хамгаалах хальсан бүрхүүл, нарны гэрлийг ойлгох бүрхүүл, агаар цэвэршүүлэгч, дулаан тохируулагч,  бордоо шахагч...    Тэнд ер нь хүний гараар хийж байгаа юм тун цөөхөн. Навчийг нь тайрах, ургацаа хураахад л хүний оролцоо тус дэм гарна. Бүх зүйл нь автомат удирдлагатай болохоор арга ч үгүй.

Ийм гоё зүйлийг бүтээж буй “Грийн Сити Гарден” компанийн залуусын ярианаас сонсоход манай монголчууд бас их сайхан хандлагатай болсон гэнэ шүү. Тэр нь “Ногооны зах зээлийг монгол ногооны чанар сайн гэдэг хэрэглэгчийн сэтгэлзүй хамгаалж байна” гэдэг дүгнэлт юм. Нээрээ л нэг хэсэг эмч нар жирэмсэн ээжүүд болон нялх хүүхдүүдэд “Жимс, жимсгэнэ, нарийн ногоо сайн” ид гэдэг байсан бол одоо “Монголыг нь идээрэй. Импорт нь хор шүү” гэж давхар захидаг болсон байна билээ. Тэр хэрээр манайд хүлэмжийн аж ахуй сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаагийн бодит жишээ нь “Мөнх зун” брэнд. Гэсэн ч өдгөө Улаанбаатар хотод борлуулагдаж байгаа нарийн ногооны 80 хувийг Хятад болон Оросоос хангадаг статистик мэдээлэл бий. Дээр нь, жил бүрийн 9-11 сард монгол нарийн ногооны илүүдэл зах зээлд үүсдэг атлаа бусад үед эргээд л импортын ногоо зах зээлийг булаачих нь бий. Ийм үед эмч нар хүртэл “Нарийн ногоо хүнсэндээ хэрэглээрэй” гэж захиж чадахаа байдаг нь бас л том эмгэнэл шүү.

Харамсалтай нь, ам.долларын ханшийн өсөлтөөс үүдэн дээрх хугацаандаа нарийн ногооны үнэ улам ч өндөр болоод байгаа. “Ямар үнэтэй юм бэ” гэхэд “Валют чинь өсчихөөд байна” гээд бараг л загнуулна. Харин Монголдоо олон олон мөнх зунтай болчихвол гадаад хүчин зүйлээс шалтгаалсан өндөр үнэтэй нарийн ногоо худалдаж авах шаардлагагүй болох юм. Гол нь итгэл. Импортын ногоо худалдаж авчихаад идэх  ч биш байх ч биш, сэтгэлд нэг л хартай харж зогссоны оронд Монголынхоо хөрсөнд, Монголдоо ургасан нарийн ногоогоо итгэл дүүрэн амтална гэдэг бас л том амар амгалан шүү.

Дээр нь, хүлэмжийн аж ахуй гэдэг зүгээр ч нэг ургах, ургуулаад зарахын нэр биш. Яг энэ төрлийн бизнесээр улсаа авч явдаг Испани орон байна. Европын зах зээл дэхь хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээний 50 хувийг дангаар нь хангадаг тус улс Альмери хотоос баруун талд 26 мянган га хүлэмж байгуулсан. Эндээсээ жил бүр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг нутагтаа хийдэг. Саяхнаас хоёр хөршийн маань бизнес эрхлэгчид болон худалдан авагчид манайхаас мах болон ногоогоо бага багаар зөөдөг болсон тухай мэдээлэл чих дэлсэх болсон. Албан ёсоор зөөвөрлөхөд хэцүү ч хүнсний хэрэглээндээ тааруулж, бага багаар авч явах нь эрүүл мэнддээ хийж буй том хөрөнгө оруулалт болдог гэнэ. Ийм байхад зөвхөн Улаанбаатарын хэрэгцээ гэж ярих нь бас л учир дутагдалтай. Дэлхийд биш юм гэхэд хоёр хөршдөө эрүүл аюулгүй хүнс импортолно гэдэг зорилго яагаад тавьж болохгүй гэж. “Грийн Сити Гарден” компанийн залуусын тархинд ч энэ мөрөөдөл өдийд ургаж, төлжиж байхыг үгүйсгэх аргагүй. Учир нь тэд Европ стандартын хүлэмжийг Монголд “нутагшуулчихлаа”. Энэ хүлэмж манай улсад баригдсан, хамгийн анхны бүрэн автомат, эрүүл ахуйн шаардлагад онц дээд хэмжээгээр нийцсэн хүлэмж. Бод л доо, усны хомсдолтой, хуурай уур амьсгалтай, газар тариалан болон хүлэмжийн аж ахуй эрхлэхэд таагүй гэгддэг Израйль улс өнөөдөр энэ чиглэлийн туршлага хийгээд бүтээгдэхүүний борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байна гээд. Тийм байхад Монгол Улс яагаад хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцүүлэн хөгжүүлж болохгүй гэж. Хүлэмж гэхээр л гялгар цаасаар хучиж, жил жилийн хаварт түүнийгээ сольдог, ширүүхэн салхи гарахаар ногоотойгоо, юутай ийтэйгээ туугдаад алга болчихдог байж болохгүй шүү дээ.

Дашрамд нь мэдээллэхэд Сонгинохайрхан дүүргийн 20 хороо буюу Туул голын эрэг дагуу хайрганы үйлдвэрүүд олноор байрших нь бий. Тэдний дунд ганцхан хүлэмж байгаа нь “Мөнх зун”. Харин бусад нь бүгд газар тариалан, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр газар авсан хэрнээ энэ чиглэлээр огт үйл ажиллагаа явуулаагүй. Тэр ч битгий хэл зарим нэг нь бүр хашаанаасаа хайрга олборлож байгаад баригдаж байх жишээний. Ядаж л “Мөнх зун” шиг биш юм гэхэд энгийн гар аргаар ч болсон хүлэмж байгуулж болох л байсан байх. Тэр дундаа агаарын бохирдолд хордсон хүнсний ногооноос ангижирч чадахгүй байгаа монголчуудаа битүү вакум орчинд, агаарын бохирдлоос нууж тарьсан нарийн ногоогоор хангана гэдэг чинь бас их том буян байж таараа даа.

Яг ийм бодолтойгоор хүлэмжийн хаалгыг гаднаас нь хааж харах нь ээ, хацар хайрсан хүйтэн нөмөрч, цас орж эхэлсэн байлаа. Дахиад л гүйгээд ормоор. Ногооны диваажинд зочлоход сэтгэлд зун болж, эрүүл аюулгүй хүнсээр хооллох итгэл төрсөн болохоор тэр байх шүү. 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)