Иргэний зориг, ногоон намыг УИХ-ын сонгуульд оролцуулах боломжгүй гэдэг шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос зарласан. Уг намын гурван даргын нэг Ц.Ганхуяг үүнийг эсэргүүцэж, Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгөхөө мэдэгдсэн ч асуудал нэгэнт түүний хүслээс үл хамааран шийдэгдсэн нь тодорхой боллоо. Учир нь, өнөөдөр намууд нэр дэвшигчдээ тодруулж, албан ёсоор эрхийг нь нээнэ. Гэхдээ тэд нь хууль ёсны сурталчилгаа хийх боломжгүй. Ийм байхад Иргэний зориг, ногоон намын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар Ардчилсан намаас нэр дэвших квот авахаар тохиролцсон ч энэ нь мөн л цаг хугацааны хувьд боломжгүй болж таарлаа. Наад зах нь, намаасаа тэд татгалзах ёстой. Үүнийг нь намынх нь удирдах дээд байгууллага хуралдаж шийдвэрлэнэ. Ингэсээр байтал АН ч үгүй, УИХ ч үгүй хоцрох нь илэрхий юм.
Иймд УИХ-ын гишүүн С.Зориг агсны нэр төр дээр дөрөөлж байгуулагдсан тус нам түүхэндээ анх удаа УИХ ч үгүй, сайд ч үгүй болж таарах нь. Өнгөрсөн жилүүдэд УИХ-д ганц мандатай, төрд ганц сайдтай түүх нь ийн тасалдлаа. Үүнийг парламентад суудалтай байж ирсэн намын хувьд зүй ёсны дампуурал хэмээн дүгнэвэл зохилтой биз ээ. Уг нь түүх болоод зорилгоо тэд хүндэтгэсэн бол анхнаасаа нэг намын тэргүүнд гурван дарга томилж, тэд нь өөр өөрийн амбицаар намаа удирдах гэж зодолдох хэрэггүй л байж дээ.
Сэтгэгдлүүд :