АН-ын гишүүд З.Энхболдыг Н.Мөнхдашийн хамт огцрохыг шаардлаа

2016-05-08 11:49:19

 Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд УИХ-ын дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж даруй долоо хонож байна. Ардчилсан намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барин өрнүүлж буй тэдний тэмцэл анхандаа Н.Мөнхдашийн эсрэг байсан. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг ах, дүү хамаатан садныхаа хамтаар өмчилж, хувийн компани мэт удирдаж ирсэн нь үнэн. 

Иймд Дархан-Уул аймгийнхны хувьд тэдний гэр бүлээс намаа аврах эн тэргүүний шаардлага гарсан гэж болно. Гэтэл энэ бүх гишүүдийнх нь эсэргүүцлийг үл тоон Ардчилсан намын дарга З.Энхболд түүнд Эрх чөлөөний одон гардуулж, Монголын ардчилалд онцгой хувь нэмрээ оруулсан хүнээр өргөмжлөх нь тэр. Түүгээр ч зогсохгүй сар гаруй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд оролцох итгэмжлэл ч олгосон байх юм. Төдийгөөс өдийг хүртэл Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг хоёр байртай, хоёр тамгатай, хоёр удирдлагатай болтол нь сүйрүүлсэн хүнийг шүү.

Ингэхдээ Ардчилсан намын дарга З.Энхболд Улс төрийн намын тухай хууль болон Ардчилсан намын хяналтын хорооны тогтоол, Дотоод сонгуулийн хорооны тогтоол төдийгүй намынхаа дүрмийг ч зөрчин дээрх шийдвэрийг гаргасан аж. Тиймээс Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг аврахын тулд өлсгөлөн зарлахаа хүртэл мэдэгдээд байгаа намынх нь гишүүд З.Энхболдод “Хууль бус итгэмжлэлээ хүчингүй болгох, хууль бус Үндэсний зөвлөлдөх хорооны сонгуулийг хүчингүй олгох, Ардчилсан намын үндэсний дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн Ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна” гэдэг мэдэгдэл хүргүүлсэн байна. Харин энэ бүх хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхгүй бол З.Энхболдыг Ардчилсан намын даргын албанаас огцруулах хүртэл саналыг Үндэсний зөвлөлдөх хороонд оруулж, хэлэлцүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан намын даргын албандаа байх, эсэх тухай асуудал ч хөндөгдөж мэдэх юм. Нэгэнт түүний ар тал болж зогсдог “Шонхор” фракци Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн олонхийг бүрдүүлж чадахгүйгээс хойш шүү дээ.

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)