УИХ-ын гишүүд цонхны шил, хадаас ярьж хэрэлдэх эрхтэй боллоо

2016-05-05 18:53:29

Ирэх зургаадугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь тодорхой боллоо. УИХ дахь МАН болон АН-ын бүлэг ийн шийдсэн бөгөөд тэд өнөөдөртөө багтаан УИХ-ын чуулганаар эцэслэн батлахаар хуралдаанаа зарлалаа.

Уг нь өнгөрсөн удаагийн буюу УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүдийн чансааг дээшлүүлэх цаашлаад тойрог худалдаж авдаг, сонгогчдын саналыг мөнгөөр авдаг тогтолцоог халлаа хэмээн улстөрчид мэдэгдэж байсан. Нэг ёсны реформын шинжтэй шинэчлэл хийлээ гэж бардам зарласан гэсэн үг. Гэтэл өнөөдөр УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойргоор зохион байгуулах болсноор тэд УИХ дээр монгол төрийн бодлогыг бус харин сум, дүүргийн сургууль, цэцэрлэгийн цонх, дээвэр, таазны хадаас, эмнэлгийн эм, тариа, 00 цаас гээд юм болгоныг ярьж, хэрэлдэх, мэтгэлцэх эрхтэй боллоо. Энэ нь ярихгүй юмгүй, шийдэхгүй зүйлгүй болно гэсэн үг. Тэр хэрээр бүтээсэн, хийсэн зүйл ч үгүй болно.

Дээр нь УИХ-ын гишүүн бүр тойрогтоо багадаа жилд тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй болж ч мэднэ. Өмнөх жишгээр нь үзвэл шүү дээ. Мөн УИХ-ын гишүүн болохын тулд сонгогчдынхоо саналыг худалдаж авахад юу юунаас илүү хялбархан агаад санхүүжилтийнх нь дүн ч бага болно. Энэ нь харин ирээдүйн УИХ-ын 76 гишүүнд юу, юунаас илүү ашигтай тусах нь тодорхой.

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)