УИХ-ын дарга З.Энхболдын бие жижиг ч бэлчээр том улстөрч гэх нь бий. Түүнийг улс төрд орсон цагаас хойш энэ тодорхойлолтоос нэг ч хүн зөрж, дүгнэсэн нь бараг үгүй. Тиймээс ч Ардчилсан намын даргын тамгыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас хүчээр авахад нь гайхаж, тээнэгэлзэх нэгэн гараагүй л болов уу. Хэдийгээр сонгуулийн журмаар авсан ч гэлээ эл үүргийг өөртөө авахын тулд тэрбээр Н.Алтанхуягийг ёстой л хүчээр буланд шахсан. Хувь хүнийх нь зүүдэнд орсон гэвэл ч хэтрүүлсэн болохгүй.
Ингэж эрх баригч хүчний даргын эрх мэдлийг Монголын хууль тогтоох засаглалтай хавсран хашиж байгаа гэдгээрээ тэрбээр өнөөдөр манай улсын хамгийн эрх мэдэлтэй хүн. Ерөнхийлөгчийг нэгдүгээр хүн гэж бичих ч угтаа бол түүнээс хэтийдсэн илүү хүчтэй эрх мэдэл Зандаахүүгийн Энхболд гэх хувь хүний нуруунд, тархид, атганд бий гэдгийг ойлгох хэрэгтэй.
Үүний илрэл нь УИХ-ын сонгууль болохоос хоёрхон сарын өмнө Үндсэн хуулийн Цэц пропорцианаль тогтолцоог хууль зөрчиж байна гэх шийдвэр гаргасан явдал. Дээр нь УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтыг өөрчлөх санал байна. Нэг ёсны З.Энхболд МАН болон бусад намуудад толгой өндийх зай завсар өгөлгүйгээр УИХ-ын сонгуулийг зохион байгуулах тооцоог аль хэдийнэ бодчихож. Түүний томьёо гэхдээ математикийн шинжлэх ухаанаар батлагдсан дүрэм журмын дагуу бус. Ганцхан өөрийнх нь буюу алтернатив хэлбэртэй. Улс төрийн жижиг намуудыг эвсэх бус дэмжих гэдэг үүрэг дээр нэгтгэхээр шийдсэн нь ч адилхан.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчийн өдрүүдийг хүртэл ИЗНН, МҮАН, ХҮН зэрэг намууд бие даан УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс улбаалан бүгд УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, Ардчилсан намын дэмжиж сонгуульд оролцоно гэдэг албан бичгээ олон нийтэд тараалаа. Тэд энэ наймааныхаа ард УИХ-ын 76 мандатаас нэгийг, хоёрыг намдаа авах тохироо хийсэн нь тодорхой. Гэхдээ Ардчилсан намын дарга З.Энхболдын хувьд олон нийтийн дэмжлэг төдий л сайн авч чадахгүй дээрх жижиг намуудтай эвсэж, албажуулах нь хохиролтой гэдгийг тэрбээр сайтар тооцоолж. Нэг ёсны албан ёсоор эвссэн л бол тэд найз намууддаа албан тушаал, эрх мэдлээсээ хуваарилж таарна. Мэдээж ялалт байгуулсан тохиолдолд. Иймд түүний хувьд дэмжигч гэдэг статусыг бий болгох замаар хэзээ ч хамаагүй өрөөсөн бөөрнөөсөө өшиглөж зайлуулах орон зай үлдээх нь чухал байсан болов уу.
Тэр ч битгий хэл энэ хоорондоо эвсэж УИХ-ын сонгуульд оролцсон бол сонгогчдын саналын олонхийг авч мэдэх байсан МАН, МАХН-ын эвсэх ажиллагааг үндсэнд нь сүйтгэж дөнгөсөн. Нэг ёсны өнөөдөр З.Энхболдын тархинд үнэмлэхүй олонх гэхээс илүүтэй яаж ийгээд УИХ-д олонх болох бодлого бодогдож байгаа нь илэрхий. Өөрөөр үнэмлэхүй ялалт гэдэг одоогийн нөхцөл байдалд аль ч намд нь боломжгүй юм.
Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам дотор хангалттай зодоон өрнүүлж байж дарга нь болсон түүний гол хөзөр юу юм бэ. Тэр яагаад Ардчилсан намын даргын суудал руу ийм хурдтай харайн гарав. Хариулт нь тун энгийн. Ардчилсан намын бүх лидерүүд, тэр дундаа бизнес эрхлэгчид бүгдээрээ түүний хар дэвтэрт тэмдэглэлтэй байгаа. Учир нь тэрбээр Төрийн өмчийн хорооны даргын алба хаших хугацаандаа Монголын үнэ цэнтэй бүх аж ахуйн нэгжийг хувьчилсан. Олонхийг нь Ардчилсан намын лидерүүд авсан. Иймд цаашид З.Энхболд улам хүчирхэгжинэ үү гэхээс УИХ-ын сонгуулийн дүнгээс хамаараад уналтад орно гэж байхгүй л болов уу. Учир шалтгааныг нь дахин тодотгоход тэрбээр улс төрийн хорыг нь ч, хөлжиж баяжсан түүхийг нь ч хувьчилж мэдэх хар хор юм. Өөрөөр хэлбэл түүнээс айж явах нь Ардчилсан намынхны амьдралд өлзийтэй гэсэн үг. Айхтар хүний ёсоор тэрбээр өөрийгөө асуудлаас мулталж дөнгөх ч, андуудаа харин яах л бол доо.
Сэтгэгдлүүд :