Авлигатай тэмцэх газар “араа, шүд”-ийг шалгах нь зөв

2014-08-11 12:08:58

-ТИЙМ ЭЭ, БИДЭНД ҮНЭН ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Тагнуулын ерөнхий газар Авлигатай тэмцэх газрыг шалгах том ажилтай боллоо. Хүсэлтийг Төрийн тусгай хамгаалалтын газраас гаргаж. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Төв аймгийн урьдчилан хорих төвд очиж, ахлах зөвлөх Л.Гансүхтэй уулзахад бичлэг, хийж олон нийтэд цацсан нь төрийн нууц задруулсан гэж үзэж буй юм байх. Ингэснээр Монголын төр, хянан шалгаж, нягтлан илрүүлэх үүрэгтэй гүйцэтгэх албатайгаа зөрчилдлөө гэсэн үг. Өмнө нь Ерөнхий сайд нь шууд шалгагдаж буй сэжигтэн дээр хориход гүйж очин уулзаж байсан түүх үгүй. Магадгүй ирээдүйд ч ийн гүйх эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ Ерөнхий сайд хүн хуулиараа төрийн хамгаалалтад байх ёстой гэж үзвэл араас нь дагаж, бичлэг хийж, олонд дэлгэх нь харш байж мэдэх. Хуулийн нарийн зүйл заалтыг үүнээс илүү мэдэхгүй хойно энэ талаар илүү дүгнэлт хийхээ байя. Харин энд Тагнуулын ерөнхий газрын даргаар Б.Ариунсанаа ажиллаж байгаа гэдэгт анхаарлаа хандуулсан нь илүү зөв болов уу. Учир нь түүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг гүйцэтгэх засаглалыг тэргүүлэхтэйгээ зэрэгцэн тус газрын дэд даргаар тавьсан. Тухайн үед олон хүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Ерөнхий сайд болсон даруйдаа эхнэрээ Тагнуулын ерөнхий газрын даргын зөвлөхийн албанд залж, их удалгүй буулгасан үйл явдлыг эргэн сануулж байсан. “Баримт шүүгээд баримтаар айлгах төлөвлөгөө” гэдэг утгаар нь шүү дээ. Гэсэн ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Б.Ариунсанаа албаа өгсөн. Гэхдээ бас л удаагүй. Дэд бус жинхэнэ даргаар нь эргэн ирсэн. Иймд Тагнуулын ерөнхий газар цаашид ямар шийдвэрт хүрэх нь Монголын улс төрийг цааш нь хөтлөх болчихоод байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний асуудал ч үүнд хамаарч таараа. Ерөнхий сайдын хамтаар Л.Гансүхтэй уулзсан гэдгээрээ тэр л дээ.

Тэгвэл яг энэ шалгалтаар дамжуулан Авлигатай тэмцэх газар “араа, шүд”-ийг шалгасан шиг шалгаад олны хүсээд байгаа мэдээллийг нэг дор нь өгчихвөл яасан юм бэ. Учир нь Авлигатай тэмцэх газар 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэс эхлээд олон ч хэргийг илрүүллээ, олон ч сэжигтэн нийтэд мэдээллээ. Гэсэн тэр бүх хэргийн эзэн жинхэнэ утгаараа тодорч, гэм ял үүрсэн нь тун ховор. Наад зах нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр болон түүний эхнэрт холбогдох мөнгө угаахтай холбоотой хэргийн илрүүлэлт байна. Эхнэрийнх нь дансаар олон арван тэрбум төгрөг эргэлдэж, тэр бүхний ард хуйвалдаан байгаа гэх мэдээллийг өгсөн ч өнөөдрийг хүртэл эцэслэсэн нь үгүй. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн холбогдсон хэрэг байна. Зөвхөн нууц амрагийнхаа дансаар гэхэд таван тэрбум төгрөг эргэлдүүлсэн, аав, ээжийнхээ хадгаламжийг ч зүгээр өнгөрөөгөөгүй гэх. Гэтэл насан өндөр ээж нь “Манайх хур хөрөнгөтэй айл” гэх ярилцлагыг өгч, хүүгээ гэмгүй болохыг ярьсан байсан. Гол нь хөөрхий эмгэн буруу, зөрүү ярьсан байлаа гэхэд Авлигатай тэмцэх газар эцэслэж хүчрэхгүй суугаа нь ямар учиртай юм бол. Мөн Цэвэр агаар сангийн удирдлагуудын хэрэг байна. Гол гэх хоёр хүнийг нь шийтгэсэн ч хэрэгт холбогдсон гээд байгаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охины тухай ам нээсэн нь үгүй. Тэр охин ямар учраас сугарч үлдсэн болж таарах вэ. “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой мэдээлэлд хүртэл нэр гарсан атлаа Ерөнхий сайдын охины талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс зайлсхийсээр буй.
Мөн түүний хүргэд хийгээд зөвлөхүүдтэй холбоотой төсвийн мөнгө шамшигдуулсан тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд баллуурдсан зүйлгүй бичсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл тэр бүхний талаар Авлигатай тэмцэх газраас тодорхой хариу гарсангүй. Тэгсэн атлаа хэсэг бүлэг улстөрчдийн гар, хөлөөр хөдөлдөг гэх яриа тасрахгүй нь. Зөвхөн тус газрын дэд дарга Б.Хурцын тухайд гэхэд олон таагүй мэдээлэл гарч байна. Татварын ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнуудыг шалгасан хэрэг дээр, Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарын шоронгоос бичсэн захидал дээр ч түүнтэй холбоотой баримтууд бий. “Улстөрчид биднийг бус бид тэднийг удирддаг болно” гэж хэлдэг байсан гэх захидлын мөрөөр шалгалтаа хий. Мөн Д.Цогтбаатарын захидалд дурьдсан олон, олон баримтыг шалгачих.
Тийм ээ, бидэнд үнэн хэрэгтэй байна. Үнэхээр УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Ардчилсан намд ажиллаад, өнөөдөр тус намын хэсэг бүлгийн эрх ашгийн төлөө үхэн хатан гүйж байгаа бол түүнийг нь тогтоо. Гол нь шалгасан шиг шалгаад элдэв эрх ашгүй үнэн бодит мэдээллийг нь олонд дэлгээд өг. Тагнуулын ерөнхий газар нь үнэн шударгаар ажиллаж чадах юм бол шүү дээ. Энэ бүхний төгсгөлд нэг зүйл сануулахад Ардчилсан намын дарга нарын “зодоон” өөрсдөд нь л хохиролтой болохоос бус ард түмэн та нарын зөрчлөөр хоол хийж идэхгүй нь илэрхий гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)