“Эзэн 100”-г оросуудаар авруулъя

2014-08-11 11:52:54

-ЕРӨНХИЙ САЙД АА, УКРАЙН, ОРОС ХИЙГЭЭД БУСАД ХҮЧИРХЭГ ГҮРНИЙ ЗОДООН ДУНДУУР

ИРГЭН БОЛДЫН КГ МАХЫГ Ч БОЛОВ ЗАРАХ ГАРЦЫГ ОЛООД ӨГ-

Шинэчлэлийн Засгийн газ­рын эздийг аврах төлөв­лөгөө талаар болж байна. Ердөө есхөн хо­ногийн дараа дүнгээ гаргах “Эзэн 100” хөтөл­бөрийн хүрээнд олон тооны хуульд өөрчлөлт оруулсан ч хөрөнгө оруу­лагчид түүнд нь итгэсэн гэхэд бэрх. Учир нь жил бүрийн намар Монгол руу ирэх хөрөнгө оруулагчдын тооллого, бүрт­гэлийг хий­дэг “Дисковер Монголиа” чуулга уулзалтын мандат борлуулалт муутай байгаа гэх. Арга ядсандаа төрийн өмнөөс итгэл төрүүлэхийг хүссэн Уул уурхайн ассо­сиаци уриагаа “Эргэж ирээрэй” хэмээн өөрчилж.Өрөвдөлтэй биш гэж үү.  Уул уурхайн сайд Д.Ганхуягийн өмнөөс хөрөнгө оруулагчдаас ийн гуйна гэдэг. Гэсэн ч тэд салбартаа, цаашлаад улсдаа дэм болох гэсэн уг холбооны санаачилгад амжилт хүсье. Хөөж гаргасан нь тэд биш харин төр учраас тэр шүү дээ.

Тэгвэл шинэчилж батлаад ч итгэл нь сэргэхэд бэрх хөрөнгө оруулагчдыг түр ч болов наашлуулах нэг шинэ боломж гарч ирсэнд анхаарлаа хандуулъя. Энэ боломж зөвхөн хөрөнгө оруулагчдад гэхээс илүүтэй дотоодын компаниудад тустай. Тэдэнд өөрсдийн хүчээр тэр зуур ч болов сэргэлтийн хөрөнгө босгох сайхан боломж нээгдсэн байж болох. Учир нь Орост тавьсан АНУ болон Европын хоригийн эсрэг В.Путин харин хориг тавьсан явдал юм. Хориг хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эдэд үйлчилнэ. Үүнийгээ тус улсын Ерөнхийлөгч В.Путин “Орос улсын аюулгүй байдлыг баталгаажуулах зорилготой” хэмээн мэдэгдсэн. Улмаар бүтээгдэхүүн нийлүүлэгч Япон, Канад, Австрали төдийгүй зөвхөн Европын холбоо гэхэд багадаа 12 тэрбум еврогийн алдагдал хүлээх тооцоог шинжээчид хийж эхэлж. Зөвхөн Канад улс гэхэд хориг тавихтай зэрэгцэн 50 сая ам.долларын гахайн махны экспортоо эргүүлэн татахаас өөр аргагүй байдалд орчихсон. Бусад улс орны хувьд ч мөн адил.
Ийм байхад яагаад Монгол Улс энэ боломж руу анхаарлаа хандуулж болохгүй гэж. Энэ талаар дээрх улс орнуудын зөрчил эхлэхтэй зэрэгцэн Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Шүрхүү “Өдрийн сонин”-д “Их гүрнүүдийн зөрчил бидэнд шинэ боломж өгч байна. Тиймээс Украйн Орос, Орос АНУ-ын хооронд үүссэн сөргөлдөөний дараа бид Монголын гадаад орчинд ямар өөрчлөлт орж байгааг соргогоор анхаарч, тэрэнд тохируулсан прагматик бодлого явуулах нь их чухал. Олон тулгуурт гадаад бодлогодоо хохирол учрлуулахгүйгээр уснаас цэвэрхэн гарах ухаалаг дипломат бодлого явуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа Орос дорно зүгт, Монгол руу анхуурлаа чиглүүлж байгаа нь манай эдийн засгийн аюулгүй байдал болоод зах зээл урд хөршөөс хэт хамааралтай болохоос сэргийлэх, тэнцвэрийг хадгалахад тус нэмэр болох нь дамжиггүй” гэсэн ярилцлагыг өгч байсан юм. Бусад судлаач, шинжээчдийн үг ч ийн өрнөдөг. Тэгвэл яг одоо тэр боломж нь нээгдлээ. Тэр дундаа ирэх сард ОХУ-ын В.Путин Монголд айлчлах гэж байгаа. Иймд бид “Эзэн 100”-г аврах үүрэгтэй ч цаасны тамгалсан зорилгоос хальж гарахгүй байгаа хөтөлбөрөө эцэслээд Оростой түншлэхэд буруу зүйл үгүй. Тэр дундаа Орост мах нийлүүлэх явдал. Өнөөдрийг хүртэл малын халдварт өвчний тархалттай холбоотойгоор манай улс оросуудаас мах экспортлох зөвшөөрлийг улаан гэрлээр авч амжихгүй яваа. Өнгөрсөн оны махны экспорт ертөө л гурван мянган тоннд эргэлдэж байсан гэж үзэхээр чамлалттай хэрэг. Түүнчлэн ОХУ-д түшиглэж хөгжих Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг чигдрүүлчихээд махны экспортоо нэмэгдүүлэхгүй бол үр дүн юу байх билээ. Иймд В.Путины айлчлалаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлоход гол анхаарлаа хандуулахад буруу зүйл үгүй биз. Бусад төмөр зам, нефть, Тавантолгой гэх мэт эцэслэн шийдэж чадахгүй дотроо хэрэлдээд “устгаж” буй яриа хэлэлцээр нь эцсийн үр дүндээ хүрэх нь юу л бол. Тийм ээ, ядарсан иргэний горьдлого... Ерөнхий сайд аа, Украйн, Орос хийгээд бусад хүчирхэг гүрний зодоон дундуур иргэн Болдын кг махыг ч болов зарах гарцыг олоод өг. Тэр цагт ядаж энэ салбарын үндэсний үйлдвэрлэгчид ч болов танд талархаж үлдэх нь гарцаагүй биз ээ.

 

Г.ОТГОНЖАРГАЛ

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)