З.Энхболд Н.Алтанхуягийн "хөлд сөхрөх" цаг дор...

2016-04-18 15:45:45

Өнөөдөр Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал болно. Энэ хурал уг нь энэ сарын 16-нд буюу бямба гарагт болох албан бус тов гарсан ч Ардчилсан намын удирдлагууд хойшлуулсан. Шалтгаан нь дотоод зөрчлөө намжаах эв нэгдлийн хэлэл­цээний ард суух явдал байв.
Учир нь ердөө арав хүрэхгүй хоногийн өмнө Их тэнгэрт болсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хаяж гарсан. Даарин дээр давс гэгчээр УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн компанийг Цагдаагийн ерөнхий газраас шалгах нэрээр тусгай албаныхныг оруулж баахан сүрийг үзүүлсэн. Тэр ч битгий хэл Ардчилсан намаас эвсэх урилга хүлээн авсан Монголын Үндэсний ардчилсан нам болон Иргэний зориг, ногоон намын гишүүд тус намын урилгаас татгалзах шалтгаанаа товч тодорхой байдлаар илэрхийлэх болж. Энэ нь ёстой л ядрахад яр гэдэгчлэн Ардчилсан намын хувьд дорд харагдах онцгүй нэгэн шалтгаан гэлтэй.

Ийм үед Ардчилсан намын дарга З.Энхболдын хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж буй нь нууц биш юм.
Түүний хувьд Ардчилсан намын даргын суудлыг асар өндөр үнээр авсан. Тэр нь тавын таван удаагийн сонгуульд намаа ялалт байгуулах түүхэн гэмээр амжилтад хөтөлсөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг албанаас нь буулгахдаа төлсөн төлбөр юм. Өөрийн тэргүүлдэг “Шонхор” фракцийн хүчийг нэмж, “Алтангадас” фракцийн манлайлагч лидерүүдийн эв нэгдлийг сарниулсан. Цаашлаад МоАХ-той нэгдэн хүчний гэмээр үйл ажиллагаа явуулсан тухай Н.Алтанхуягийн гомдол өнөөдөр ч дууссан нь үгүй. Тэрбээр энэ талаар “Ажлыг нь авахын тулд охиныг нь барьцаалдаг. Албан тушаалыг нь булаахын тулд найз нөхдийг нь золиосолдог жишиг тогтлоо” хэмээн олон удаа хэлсэн.
Гагцхүү одоогийн нөхцөл байдалд авралыг хайгаад ч олдох хөг нь өнгөрчихөөд байсан Н.Алтанхуяг жинхэнэ утгаараа үнэд орох цаг ирчихлээ. Харин хааш нь ч хамаагүй түлхэж унагаж чадаж байсан З.Энхболдын хувьд эсрэгээрээ болж таарав. Түүний хувьд одоо л Үндэсний Зөвлөлдөх Хорооны нийт гишүүдийн олонхийг нь бүрдүүлдэг “Алтангадас” фракцид хадаг сүй тавих нь бараг л тодорхой биз. Учир нь, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын дар­га З.Энхболд УИХ-ын гишүүн С.Одонтуяаг болгохын тулд намынхаа эмэгтэйчүүдэд шахалт үзүүлсэн гэх яриа байдаг. Улмаар Алтангадас фракцийн төлөөлөл болох Б.Ургамалцэцэг ялагдсан. Харин энэ үйл явдлын дараа З.Энхболд намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хороог хуралдуулж чадаагүй. Хурлынх нь тов зарлагдаж даруй арав орчим хоносон ч тэрхүү хуралдааны цаг болоход 50 хүрэхгүй гишүүн суудал эзэлсэн нь бас гайхмаар үзэгдэл. Үүнийг албан бусаар З.Энхболд Ардчилсан намын хувиар ялагдал хүлээлээ хэмээн дүгнэсэн хэвлэлийн мэдээлэл ч олонтаа байлаа. Намын дарга болсноос хойшхи анхны удаа зарласан Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал болохоор тэр шүү дээ.
Ийм учраас тэрбээр өнгөр­сөн амралтын өдрүүдэд намын­хаа фракц бүрийн тэргүү­нүүдтэй уулзаж, эв нэгдлийн талаар санал солилцсон гэх мэдээлэл бий. Гэхдээ тэр дундаас хамгийн их үг хэлтэй нь Н.Алтанхуяг байсан байж таараа. Өмнө нь ч УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзах хүсэлтээ олон удаа илэрхийлсэн тухай яриа бий. Зөвхөн Ардчилсан намын дарга ч бус тус намын нөлөө бүхий улстөрчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг хийх тэмцэлд хамтдаа зүтгэхийг гуйсан гэдэг мэдээлэл ч олон гарсан.
Харин Н.Алтанхуяг өнөөд­рийг хүртэл тэр бүхэнд тодорхой хариулт өгөөгүйн дээр Төрийн ордон болон хувийн орон зайдаа тэдэнтэй тусгайлсан уулзалт хийхээс татгалзаж яваа. Нэг ёсны төвөөс зугтах байр суурь баримталж буй түүний хувьд орхигдсон аралдаа эзэн болох сонирхол нуугдаж байж болох. Саяхан ардын дайснаар цоллож, албанаас нь буулгасан нөхдөө эргээд үнэнчээр нөхөрлөнө гэж хэн ч гэсэн итгэхэв дээ. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг ганцаараа мэдэгдэл хийж, ганцаараа олны анхаарлыг өөр дээрээ татсан байх магадлалтай.
Гэсэн ч энэ удаагийн нөхцөл байдалд З.Энхболдын хувьд яалт ч үгүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн “хөлд сөхрөх” гэдэг ганцхан хувилбарт тунаж очсон нь хувь улстөрчийнх нь хувьд харамсалтай хэрэг. Гэхдээ Ардчилсан намд УИХ-ын сонгуулийн ялалтыг ойртуулахыг хүсвэл түүнд үүнээс өөр сонголт үгүй юм. Ядаж л өнөөдөр Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурлаа хэрүүл маргаантай ч хуралдлаа гэсэн бичигтэйгээр тарах хэрэгтэй. Тэр цагт энэ сарын 20-ны өдөр Сонгуулийн Ерөнхий хороонд намаа бүртгүүлж, сонгуулийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх эхлэлийн цагийг хатгах учиртай. Гол нь энэ бүх үйл явдал улс төрд ялагдал, ялалтын аль нь ч албан ёсоор мөнх оршдоггүй гэдгийн нотолгоо биз ээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Ардчилсан намын аминд дахин орно гэж ер нь З.Энхболд бодож байсан ч юм уу, үгүй ч юм уу…

Г.Отгонжаргал. "Улс төрийн тойм" сонин

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)