Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан бүх монголчуудыгаа хавдрын эсрэг аянд дахин уриаллаа

2016-04-13 09:29:34

     Өнгөрсөн жил “Цензургүй яриа-Хавдрын эсрэг аян”-ыг зарлаж, УИХ-ын гишүүдэд өөрийн гараар захидал бичин улсын төсөвт Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгад шаардагдах 1.6 тэрбум төгрөгийг суулгуулах лоббиг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан амжилттай өрнүүлсэн. Энэ удаа тэрбээр ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн төсгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ж.Чинбүрэн, гавьяат жүжигчин Т.Ариунаа, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хөтлөгч Б.Гантигмаа, ХСҮТ-ийн их эмч Р.Мөнхбат, ХСҮТ-ийн эмч Б.Мөнхдэлгэр, хуульч, өмгөөлөгч Л.Шинэн нарын хамт “Элэг нэгт монголчууд сан” байгуулж, Монголд анх удаа хавдартай элгийг шилжүүлэн суулгах мэс заслыг хийхэд шаардагдах хандивыг цуглуулахаа албан ёсоор зарлалаа.

    Түүнчлэн энэ хүрээндээ тэрбээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 төлөөлөгчид захидал бичиж, тодорхой мэдээлэл өгсний зэрэгцээ хандивын аянд нэгдэхийг “Та бүгдэд бүгдэнд нь мэйл илгээлээ. Маргааш өөрийн гараар албан бичгээ хүргэж өгнө. Та бүгдэд ийнхүү хандах болсон нь дараах учиртай. Өнөөдөр Монгол улс элэгний хорт хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд 1-р байранд орсоныг та бүхэн сонссон байх. Үүнээс 1 сая 300 гаад мянган иргэн Улаанбаатар хотод амьдардаг болохоор нийт хорт хавдартай иргэдийн чинь дийлэнхи нь Улаанбаатарт хотод амьдарч байна. Үүнээс элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэд өдөрт 3-5 шинээр оношлогддог. Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Нэгдүгээр эмнэлэг хийдэг ч хавдартай өвчтөнд ХСҮТ анх удаа хийх гэж байгаа юм. ХСҮТ бол Улаанбаатар хотод төдийгүй улсдаа ганцхан эмнэлэг. Энэ эмнэлэг улсын хэмжээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, судалгаа шинжилгээ хийдэг цорын ганц эмнэлэг. Хавдраар өвдсөн монгол хүн бүхэн энэ эмнэлэгт ирдэг ч элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүмүүс эх орондоо эмчлүүлэх боломжүй учраас гадаад орон руу явдаг. Дэлхий дээр элэг солих хагалгааг дунджаар 60-80 мянган ам.доллар байгаа. Энэ нь монгол мөнгөөр 160 гаруй сая төгрөг. Гэтэл өнөөдрийн бидний дундаас энэ мөнгийг дийлэх нь хэд билээ. Ард түмэн ядарч байна шүү дээ. Тиймээс ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгахын тулд одоо тэрбум төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгөөр мэс засалд шаардлагатай өндөр өртөг бүхий аппаратууд болон 20 хүнд 3 жилийн турш элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэгүй хийх юм.      Цаашдаа энэ хагалгаа Монголд нутагшин үлдэж олон хүний амийг аврах ёстой юм. Иймийн тулд НИТХ ын эрхэм гишүүдээс тэрбум төгрөгийг хотын төсвөөс гаргаж өгнө үү хэмээн Элэг нэгт монголчууд сан хичээнгүйлэн гуйж байна. Та бүхэн 4 жил Нийслэлийн парламетад сууж их үйл бүтээлээ. Одоо элэг нэгт монголчууддаа зориулж тэдний эрүүл мэндийн төлөө олон онгол айлыг элэг бүтэн байлгахын төлөө төсвийн тодотголоо хийж тэрбум төгрөгийг гаргаж өгөх чин сэтгэл байгаа гэдэгт итгэнэ.

     Өдөр бүхэн шинээр элэг солиулах шаардлагатай хэмээн оношлогдож байгаа 4-5 хүн энэ хагалагааг хүлээн өглөө болгоны нарыг амьд үзэхийг хүсэн хүлээж суугаа иргэд чинь тэдний ар гэрийнхэн та бүхний шийдвэрийг хүлээж байна. Тэдэнд амьдрал хайрлаач, эрхэм НИТХ -ын гишүүдээ” хэмээн яриулсан байна. Түүнчлэн олон нийтэнд хандан дараах уриалгыг гаргажээ.

ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУДДАА ТУСЛАЦГААЯ

ХСҮТ д элэг шилжүүлэн суулгах төслийг дэмжих зорилгоор байгуулагдсан "Элэг нэгт монголчууд" сангийн хандивын данс ХААН банк... 5213001199..... Бид хэрэв тэрбум төгрөг цуглуулж чадвал Монголдоо ХСҮТ дээр хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийж улмаар эх орондоо нутагшуулах бөгөөд эхний ээлжинд 20 иргэнд үнэгүй хагалгаа хийх юм. Ингэж чадвал бид 20 хүн төдийгүй олон монголчуудынхаа амь насыг аварч, элгээ солиулахаар хамаг юмаа зараад, барьцаалаад, хандивын тоглолт хийгээд нулимсаа дуслуулан, элэг зүрхээ сэмлэн сэмлэн гадаад орон руу чиглэж яваа их нүүдлийг зогсоож чадна. Уг мэс заслыг хийхийн тулд ХСҮТ ийнхөн бүтэн 5 жил бэлтгэсэн. Мөн энэ хагалгаа нийтдээ 2 тэрбум төгрөгт хийгдэх ёстой. Үүнд 400 сая төгрөгийг БСШУЯ наас гаргаж байгаа бөгөөд 600 саяыг нь 2017 оны Улсын нэгдсэн төсөвт суулгахаар төлөвлөсөн. Үүнээс одоо тэрбум төгрөг дутаж байна. Энэ тэрбум төгрөгөөр өртөг бүхий аппаратууд авах бөгөөд мэс заслыг баг болох 25- 30 хүний бүрэлдэхүүнтэй эмч сувилагчдын багийг Энэтхэг болон БНСУ-д богино хугацааны сургалтад хамруулах шаардлагатай байна. ХСҮТ дээр өдөрт 4-5 хүн шинээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хэмээн оношлогдож байгаа. Гадаад оронд энэ мэс заслыг хийхэд 60-80 мянган ам.доллар байдаг бөгөөд дийлэнх монголчууд маань өртгийг нь дийлэхгүй зовлондоо шаналан өдөр хоногийг барж нас барж байна. Элэгний хорт хавдраар өвчлөгдсийн 50 хувь нь нас барж Монгол улс дэлхийд элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар нэгдүгээр байранд орж байна. Элэг нэгт монголчууд аа, элэг нэгт ахан дүүсдээ туслахын тулд хандивын гараа сунгацгаая...Бид чинь элэг нэгт халуун сэтгэлт монголчууд шүү дээ...

ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД САН

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)