Ядуу монголчуудаа “Баян Монгол”-оор хуурчихаад одоо юун залуус вэ, Лу.Болд гишүүн ээ

2016-04-13 09:10:38

УИХ-ын гишүүн Лу.Болд залуусыг улс төрд оруулах квот бий болгоно хэмээн ам нээх тоолондоо хэлэх боллоо. УИХ-ын сонгууль ойртохын хэрээр хэвлэл, мэдээллийн салбар дахь өөрийн гал голомтыг хүчирхэгжүүлж буй түүний хувьд энэ мэт уриаг олон нийтэд дамжуулах нь амар хялбар байх нь ойлгомжтой. Тэр хэрээр сонгогч залуусаас оноо авч, дараагийн УИХ-д сууна хэмээн итгэсэн байх.

Тэгвэл уучлаарай, гишүүн ээ. Таны УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихдээ амласан “Баян Монгол” корпораци тань хаа байна аа. Монгол хүн бүрийг баян болгох тухай тэр үед ярихдаа тэрбээр “Монгол айлыг эх орон шигээ хүчирхжүүлэхийн тулд “Баян Монгол” төслийг боловсрууллаа. Монгол хүний амьдралын чансаа улсынхаа тэнхээг дагаж, дэлхийд эхний гурваа байг гэхэд аравт багтах үүд хаалгыг “Баян Монгол” корпораци төсөл нээж байгаа юм. Ашигт малтмалаас олох цэвэр ашиг ойрын зургаан жилд 25 дахин өснө. Нэг хүнд ноогдох ДНБ ирэх найман жилд зургаа дахин нэмэгдэх бодит тооцоо гарсан байна. “Баян Монгол” корпораци бол Ардчилсан намын Эрдэнийн хувь хүртээх зорилтын үндсэн арга билээ. Энэ хөтөлбөр бол Монголд байгаа баялгийг монгол хүн бүрт хүртээх хөтөлбөр мөн. Энэ хөтөлбөр бол эзэнтэй юмыг эзэнд нь өгөх хөтөлбөр. Манай орны 50 гаруй ордод байгаа байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж өнөөдрийн ханшаар үзэхэд 186 тэрбум ам. доллар болж байна. Нэг хувьцааг нь 100 ам. доллараар үнэлээд 2.6 сая хүндээ хуваагаад үзэхэд нэг хүнд 361 хувьцаа буюу 36,122 ам. доллар, хөрвүүлээд үзэхэд 40 орчим сая төгрөгийн хөрөнгө ноогдож байгаа юм” хэмээн ярьсан. Тун чиг гоё яриа байгаа биз.

Харамсалтай нь, УИХ-ын гишүүн болохтойгоо зэрэгцэн тэр амлалтаа мартаж, өнөөдрийг хүртэл энэ тухай асуултаас зайлсхийсээр ирсэн нь нууц биш. Уг нь тэрбээр хувь хүнийхээ үг, үйлдээ эзэн байсан бол өнөөдөр монголчууд өнөөдөр бүгд баян биш юм гэхэд сэтгэл хангалуун дундаж давхаргад багтаж чадах л байсан байх. Дараа нь тэрбээр Хан-Уулын газар нутгийг иргэдэд хувьчлах тухай сайхан яриаг бас л өгсөн. Гэтэл одоо яасан байх нь вэ. Өнөөдөр Богд уулын арын бэлийг Монголын толгой баячууд хуваан авч, том том хашаа хатгачихсан. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Лу.Болдод итгэсэн Хан-Уулчууд бүгдээрээ газар хатгахаар майхан барьж хоноглосон ч цагдаагийн хүчээр тараагдсан. Иргэндээ өгөөгүй газраа баячуудад өгнө гэж тэд яахан итгэх билээ. Ийн алга урвуулахын дайнд худлаа ярьж, сонгогдож ирсэн тэрбээр өдгөө залуучуудын квотыг улстөрд албажуулах тухай яриад ирлээ. Ардчилсан намд итгэж ажиллаж, Ардчилсан намын төлөө зүтгэж ирсэн залуучууд нь намаа ялалт байгуулахтай зэрэгцэн хаалганы гадна талд түлхэгдэн гарч, гудамжаар уур бухимдалтай сэлгүүцэн байхад шүү. Иймд сонгууль, сонгуулийн өмнө сэр хийтэл худлаа пиар зохиож, сонгуулийн дараа түүнийг нь тодруулах гэсэн сэтгүүлчийн асуултаас зайлсхийдэг УИХ-ын гишүүн Лу.Болдоос итгэл эвдэсний төлбөрийг нэхэмжилбэл яасан юм бэ, сонгогчид оо.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)