Ардчилсан намынхнаас айж байна

2016-04-11 19:47:12

УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэ сарын 9-ний өдөр Их тэнгэрт “Эв нэгдлийн хурал” хэмээх сүрт хуралдаан хийжээ. Нэр бүхий таван гишүүн хөдөө нутагт хүлгийн жолоо залаагүй тул оролцож чадаагүй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Баттулга тэргүүтэй зөрчилдөгч талууд нүүр тулан уулзаж, эв нэгдлийн үнэн чухгийг ярилцан учир зүйгээ олсон юм байх. Гэсэн ч хуралдааны будаалга дуусахтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Х.Баттулгын эсрэг явуулж буй баривчлах ажиллагаа эрчимжиж хоёрын зэрэг хүнийг нь баривчилчихаж. Ингээд эв нэгдэл хоёр өдрийн дотор сарниж, тэрбээр өдгөө “Баянгол” зочид буудал дахь нуувчнаасаа олон нийтээс хамгаалалт, дэмжлэг хүсэв.

Нэг удаагийн жиргээ нь нийт монголчуудыг биш юм гэхэд өөрийг нь дэмждэг олныг бүрдүүлж, Монголын жүдо бөхийн холбооны тамирчид хаалга таглан зогсох нь гайхмаар сүртэй. Гэхдээ түүний хувь эзэмшдэг “Түмэн хишигтэн”, компанийнх нь данс тооцоог шалгахын тулд Цагдаагийн ерөнхий газрынхан тусгай албаныхныг “Баянгол” зочид буудалд байршуулсан нь бүр ч сүртэй. Нэг компанийн данс тооцоог шалгахын тулд тусгай албаныхны хамгаалалт гардаг болсноос үүдэхэд ер нь тусгай хамгаалалт гэгч оёгүй чухал алба болж таарч байгаа биз.

Үүнийх нь эсрэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Гарамгайбаатар, Г.Уянга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд мөн л түүний эзэмшлийн зочид буудалд албан бусаар хамгаалалтад гарлаа. Тэд дор бүрнээ “УИХ-ын гишүүний бүрэн эрх хаачив” хэмээн мэдэгдэг ч угтаа компани нь эрхэм гишүүний бүрэн эрхэд хамаардаггүй гэдгийг хараахан ухаж ойлгосонгүй. Цаашлаад дор хаяж зуун хүний өргөдөл цуглуулж байж шалгах, нягтлах ажилдаа ордог УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Ж.Батзандан түргэн шуурхай утасны дуудлагаар гүйхээрээ очсон нь хачин сонин үзэгдэл байв. Гэхдээ монголчууд түргэн тусламжаас ч хурдан ирдэг УИХ-ын гишүүнтэй боллоо гэж баярласан нь юу л бол. Өвдөхөд, уйлахад, эрх зөрчигдөхөд үл огоордог гишүүн л байлаа шүү дээ, тэрбээр саяхныг хүртэл.

Гол нь үйл явдал тэгээд ямар дүгнэлт рүү түлхэж байна вэ. Таван намаас нэгдэж байгуулагдсан зовлон нь 20 жилийн дараа татраа нь үгүй Ардчилсан намынхны бэрхшээл энэ өдрөөс эхлэн улам бүр даамжрах нь татрахаа боллоо. Хүнд өвчтнөөр бол хагалгааны ширээн дээрээс эсэн мэнд босох эсэх нь ч эргэлзээтэй. Тэр дундаа УИХ-ын сонгуулийг хагалгаа гэж бодвол ч ээдээ бас л хэцүүхэн нөхцөл байдал үүсэхээр байгаа биз. Иймд Ардчилсан намынханд алтан шаахай өмсгөж, амин зуулгыг нь дэмжээд ч хэрэг алга бололтой юм. Учир нь, тэд ханадаггүй, цаддаггүй Алтан загасны үлгэрийн эмгэн ажээ... Ард түмнийг талцал руу түлхсэн улс төр нь арай дараагийн долоодугаар сарын 1-рүү түлхэх юм биш байгаа даа. Айж л байна шүү, та нараас.  

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

зочин      ip : 202.179.24.32 2016-04-12 10:45:44
Тиймээ ардчилсан намынханд алтан шаахай өмсгөж, амин зуулгыг нь дэмжээд ч хэрэг алга бололтой юм. Учир нь, тэд ханадаггүй, цаддаггүй Алтан загасны үлгэрийн эмгэн ажээ..

Цэнгэл      ip : 103.57.92.34 2016-04-12 04:40:09
Чинийхээр тэгээд яах ёстой байсан юм байна? Улс эх орныхоо төлөө дуугарсан нь баригдах ёстой юм уу. Чи 5н толгойн гэрээг шалгасан У.И.Хурлын гишүүдийн яагаад хориг тавих болсон шалтгааныг уншвал Монгол хүн л юм бол ХБАТТУЛГЫГ дэмжих нь зөв гэдгийг олж мэдэх болно.Би түүнийг ойроос ч хараагүй.Кэрри групп манай баялаг мэддэг болох байсан юм билээ.





(0/800)