АН-ын биднээс дээрэмдсэн он жилүүд

2016-04-05 09:50:54

-Та бидний үнэт зүйлийг, сайхан амьдрах мөрөөдлийг дээрэмдчихээд одоо дахин өөрсдийнхөө төлөө жагс хэмээн үүрэгдэх тэд хэн юм бэ-

Ардчилалд та бид амьдралынхаа 25 жилийг булаалгачихлаа. Тэр үеийн балчир ахуй үеэ дурсвал “Хонхны дуу”-тай ая дан нийлүүлж, ардчилал гэсэн үгээр хэлд орсон гэвэл хэтрүүлсэн зүйл үгүй. Харамсалтай нь, цаг хугацааны хэрээс уртаас урт үргэлжлэхийн хэрээр ардчилал та биднээс нүүр буруулан холдож. Нүүр буруулсан ч гэж ардчилагчид та биднээс ардчиллыг аваад зугтчихлаа. Ардчилал гэсэн нэг овоо босгож, түүн дээрээ өөрсдөө туг өргөж, дээшээ авиран нар харахыг хүссэн иргэдээ нэг, нэгээр нь өнхөрүүлэн унагаж байна.

Өчигдөр Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Ардчиллаа Ц.Элбэгдоржоос аврая” гэх утгатай мэдэгдэл хийж байгаа харагдсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч өмнө нь олон удаа “Ардчиллыг хулгайчдаас хамгаалая” хэмээн уриалж байсан. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Олигархижсан улс дамнасан бүлэглэлээс Монголоо хамгаалая” гэж мэдэгдсэн. Энэ мэтээр цувруулаад байвад Монголын ардчиллыг аврагчид мундахгүй нь. Гэтэл эцсийн бүлэгт тэд өмнө нь хэн байв. Өнөөдөр хэн байна вэ.

Уг нь бүгдээрээ УИХ-ын гишүүн. Монголын улс төрд 25 жил чанагдсан. Эр өсч, эсгий сунадгийн үлгэрээр бол аль хэдийнэ улсаа ч, иргэдээ ч ардчиллаас аврах цаг болсон. Гэтэл бодит байдалд эсрэгээрээ. Төмөр замаар уг нь Монголын нүүрсийг тээвэрлэнэ. Тэр нь ганц хүний нүүрс бус. Монголын эрх ашиг. Хууль, шүүхээр монгол хүний хувь заяаг шийднэ. Зөвхөн улстөрчдийнхийг биш. Бондын мөнгөөр монгол түмний ирээдүй хойчид хэрэгтэй бүтээн байгуулалтыг өрнүүлнэ. Нэг улстөрчийн халаасны компанийг тэтгэх биш. Харамсалтай нь, дахиад л эсрэгээрээ.

Төмөр зам нь Х.Баттулгынх. Эс бол “М-Си-Эс”ийнх л гэнэ. Өр нь нэр бүхий УИХ-ын гишүүдийнх л гэх. Бонд нь улс төрд ар талтай бизнес эрхлэгчдийг санхүүжүүлээд дууссан. Хууль, шүүх нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн атгасан гарнаас гарч ажиллаж чадахаа байсан л гэцгээх. УИХ-ын гишүүд нь бүгдээрээ бизнес бүлэглэлд багтсан тухай ярих... Тэгээд эндээс бидэнд, өөрөөр хэлбэл Монголын ард түмэнд юу үлдсэн юм бэ.

1996-2000 он. Өмч хувьчлал нэрийн дор Монголын бүх үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүд Ардчилсан намынхны гарт шилжсэн. Төрөө дөрвөн ч удаа самарч, иргэд цалингаа авч чадахгүй сар жил хүлээсэн, тэтгэврийн хөгшид тэтгэврээ хэзээ буухыг мэдэхгүй гөлийсөн, орон нутаг бүхлээрээ тоггүй, дулаангүй болж хувирсан, сургууль, цэцэрлэг түлшээ бэлдэж чадахгүй бүгд өвлийн улиралд хаалгаа барьж байсан... Бид ардчилагчид ийм дөрвөн жилээ итгэл найдвартайгаа булаалгасан. Өнөөдөр тэгвэл нөхцөл байдлыг эргээд хар.

Сайхан болсон тухай Ардчилсан намын даргын илтгэлд ямар үнэн байна вэ. Хувийн хэвшлийн олонх компаниуд ажилтнуудаа цомхотгож, бүтээн байгуулалт бүхлээрээ зогсчихсон. Авдаг цалингийн хэмжээ буурсан атлаа бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарчихсан. Хамгийн гол нь биднээс хэлэх, ярих, бичих эрхийг маань ч булааж байна. Олон ч сэтгүүлч нэвтрүүлгээ хаалгаж, эфирээ чөлөөлөх албан бичиг авлаа. Жиргээчдийн тухай хараалын үгсийг улстөрчид урсгаж, нийгмийн тэнэгүүд хэмээн үг, хэлээрээ зэрэмдэглэх болов. Ардчилал та бидний үнэт зүйлийг ийн булааж байна. Тэдний өөр зуураа үүсгэсэн зөрчил бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгө, ашиг орлого, бизнесийн салбарт босгосон уулынхаа оргилд хэн нь түрүүлж гарах тухай уралдаан болохоос бус иргэнээ гэсэн нэг ч сэтгэл, зүтгэл энд алга. Ийм байхад та бид хувь улстөрчдийн эрх ашгийн төлөө дахин Сүхбаатарын талбайд гарч жагсах уу. Та бидний үнэт зүйлийг, сайхан амьдрах мөрөөдлийг дээрэмдчихээд одоо дахин өөрсдийнхөө төлөө жагс хэмээн үүрэгдэх тэд хэн юм бэ. Ардчилсан намынханд бүх улс орноороо ийн золиослогдох ямар гээчийн үйлийн үрийг Монгол Улсын гурван сая иргэн үйлдчих вэ. Ядаж Ардчиллын увайгүй лидерүүдийн төлөө бус тэдэнд булаалгасан он жилүүдийнхээ төлөө жагсах тийм хувь хүний эрхийг бид хэзээ олж авах вэ... Хариултыг зөв олцгооё. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :

Mergen ard      ip : 43.242.242.207 2016-04-05 13:54:34
AN iin lalaruud huluu jiiltseed uls orniig garguund n haylaadaa





(0/800)