УИХ, Ерөнхийлөгч хоёр “зодолдож“ буйг тэдний үг нотлов

2016-04-04 12:09:10

“Монголын эдийн засгийн чуулган 2016” чуулга уулзалтаар уг нь хөрөнгө оруулагчид болон Монголын бизнес эрхлэгчид тоо, тоо бас дахин тоо ярина хэмээн итгэсэн байх. Харамсалтай нь, эл чуулганыг тоо бус улс төр хөтөлж, хөрөнгө оруулагчдад урьд хожид баймгүй монгол төрийн хэрүүлийг ил болгон нүд, чихийг нь бүлтийлгэв. Ийм үг сонссон хөрөнгө оруулагчид манай улсад хөрөнгө оруулах нь бүү хэл хурдхан шиг хаалга, үүдээ түгжээд гарч зугтахыг хүссэн нь тодорхой. Дээрээ учраа олоогүй байхад доороо гүйдлээ олно гэж байхгүй нь аль хэдийнэ ил тод болгосон болохоор арга ч үгүй. Тэгвэл хөрөнгө оруулагчдыг үүргэвчээ үүрч, дансаа хаан зугтахад хүргэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар юу гээд хэлчихэв вэ. Асуудлыг тодорхой болгох үүднээс тэдний үгийг агуулгаар нь нэгтгэн хүргэе.

Ц.Э: -Хэрэв бид нар том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан гэж бодож байна. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй.

З.Э: -Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын Их Хурлын Ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шенхуа компанид 60 жилийн хугацаагаар 2-хон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын Их Хурал гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм. Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, 2-хон хувийн роялтитайгаар  зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын Их Хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн.  Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм.

Ц.Э: -Улс төр хийдэг нь улс төрөө хийгээд, эдийн засаг хөгжүүлдэг нь эдийн засгаа хөгжүүлээд, бизнес хийдэг нь бизнесээ хий гэдгийг сануулж байсан. Хэрэв бид том төслүүдээ хөдөлгөөд цааш нь явуулсан бол улс орны төсөв жил бүр ийм алдагдалтай гарахгүй байсан. Та бүхэн мэдэж байгаа. Бид нар ийм мөнгө зарцуулна гэж ханаж, танасаар байгаад төсөвлөдөг. Гэтэл жил бүр, жилийн эцэс рүү нэг их наяд төгрөгийн алдагдалтай гарч байгаа. Тэгээд түүнийгээ төсвийн тодотгол гэдэг нэрээр хасч танаж хаадаг.

З.Э:  -Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналтад орсноос болоод гадаадын олон хөрөнгө оруулагчид манайхаас гарч явсан. Уул уурхайн хөрөнгө оруулалт унасан нь зөвхөн Монголд болж байгаа үйл явдал биш гэдэгтэй энэ чуулганд оролцож байгаа гадаадын хөрөнгө оруулагчид ч санал нэгдэх байх гэж бодож байна. Дэлхийн хаа сайгүй том том уурхайнууд хаагдаж, олон арван жил тогтвортой ажиллаж байсан том компаниуд үүд хаалгаа барьж, олон зуун мянгаар нь ажилтнуудаа халж байгаа. 

Ц.Э:  -Хэрэв бид түүхий эдийн үнэ өндөр байсан тэр жилүүдийг ашиглаад экспортоо хийгээд, тэндээсээ орлого олж чадсан бол аж ахуйн нэгжүүд ингэж хүндрэхгүй байсан. Хэрэв бид түүхий эдийн үнэ, Монголд байгаа баялгийн үнэ өндөр байхад дэд бүтцээ байгуулаад, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж чадсан бол дахин дахин улирлын эргэлтээр ирдэг юм шиг ирдэг, ойр ойрхон болсон хямралд ингэж өртөхгүй байсан. Энэ байдлыг бид харах ёстой.

З.Э:- Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа. 

Ц.Э: -Хоёрт, аж ахуйн нэгжүүдийн байдал бас тийм сайн биш байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас “Мөнгө алга” гэсэн үг гарч байгаа. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байгаа. Одоо бүр 0 дээрээ очиж зогсож байгаа. Надад гайгүй бизнес хийдэг залуу хэлж байсан. “Одоо үнэхээр нэрээ бодоод энд тэндээс мөнгө зээлж хэдэн ажилчныхаа цалинг тавьж байна. Юун нэмж шинэ хөрөнгө оруулалт хийх. Юун нэмж бизнесээ тэлэх. Энэ тухай ярих боломж алга. Зүгээр нэрээ бодоод энэ хэдэн ажилчнаа халчихгүй, цалинг нь зээлээр тавиад явж байна” гэж байсан.Хэрэв бид түүхий эдийн үнэ өндөр байсан тэр жилүүдийг ашиглаад экспортоо хийгээд, тэндээсээ орлого олж чадсан бол аж ахуйн нэгжүүд ингэж хүндрэхгүй байсан. Хэрэв бид түүхий эдийн үнэ, Монголд байгаа баялгийн үнэ өндөр байхад дэд бүтцээ байгуулаад, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж чадсан бол дахин дахин улирлын эргэлтээр ирдэг юм шиг ирдэг, ойр ойрхон болсон хямралд ингэж өртөхгүй байсан. Энэ байдлыг бид харах ёстой.

З.Э: -Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Бид өнөөдрийн хэрэглээндээ хэт  анхаарч, ам.долларын ханшийг шүтсэн сэтгэл зүйгээр эдийн засaгтaa хандаж, ирээдүйнхээ өсөлтийг боомилж болохгүй. Хэдийгээр уул уурхайн валютын орлого татарсан ч, уул уурхайн бус салбаруудад нааштай байдал үүслээ. Төгрөгийн ханш нь манай бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт муугаар нөлөөлдөг. Жишээлбэл, ам.долларын ханш 1000 төгрөг болчихвол манай барилгын материалын oлон үйлдвэр хаагдаж, бид эдгээр барааг Эрээнээс татдаг хуучин байдалдаа шилжих болно. 

Ц.Э: -Үнэхээр улстөрчид хариуцлагагүй байгаа. УИХ-ын нэг гишүүн мэдэгдэл хийж байсныг санаж байна. “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гэж. Эм, тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд, сонгогчдоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй л юм байх даа. Иргэд, сонгогчид маань эм, тарианы мөнгөгүй болно. Аягүй бол эмийн санд ирээд “Тэтгэврийн дэвтрээ өгье. Надад миний эмийг өгөөч” гэж өвгөчүүд гуйна. Хүүхэд нь өвдсөн эмэгтэй ирээд халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээг нь бариад “Хүүхдийн минь тариаг өгөөч. Илүүчлээч” гэж гуйна. Ингэтлээ мөнгөгүй болчих юм биш биз дээ гэж бодоогүй л байх даа.Эдийн засаг маш бодитой. Мөнгөөр хэмжигддэг. Улс төр гэдэг бол мэдэгдлээр, дүр эсгэсэн хандлагуудаар халхавчлагдаад явж болно л доо. Эдийн засгийг тийм хандлагаар халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас эдийн засаг бодитой. Яагаад гэвэл хохирол нь мөнгөөр хэмжигддэг. Мөнгөөр гардаг. Тэр гарч байгаа хохирлыг бодитойгоор төлдөг. Тэр нь аюултай.Өнөөдөр энд хүндрэл, шийдлийн тухай ярьж байна. Би боддог. Энэ хүндрэлээс яаж гарах вэ? Хүндрэлд яаж орсон байна, тэр байдлаараа л бид гарна. Хүндрэлийн шалтгааныг олох ёстой. Монголчууд хэлэлцэх ёстой. Зөвхөн  шалтгааныг олох биш, бид арга замаа олох ёстой. Зөвхөн арга замаа олох биш, түүнийг ажил хэрэг болгох ёстой. Бидэнд сургамж болгох ёстой. Дахиж бид нар ингэж алдмааргүй байгаа юм.

З.Э: -Бид их хэмжээний xүнсний бүтээгдэхүүн гадаадаас авдаг байсан нь сүүлийн 3 жилд багасаж, харин манай хүнсний экспорт хурдтай өсөж байна. Төгрөг сул байсан сүүлийн 3 жилд мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ 15%-иар буурч, экспорт 2 дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, бид "Голланд өвчин"-өөсөө ангижрах боломж бүрдэж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр гарч буй нааштай үр дүн нь голчлон хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлтөөр тодорхойлогдож байгааг тэмдэглэе. Өнөөдөр аж үйлдвэрийн салбарын өсөлт 9 хувь, хөдөө аж ахуйн салбарын өсөлт 11 хувь байгаа бол үйлчилгээний салбар нэлээд удаашралтай, 1 хувийн өсөлттэй байна. Богино хугацаанд ажиллах хүчний тодорхой хэсгийг үйлдвэрлэл рүү чиглүүлэх нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн бүтээмж, улмаар ДНБ-ийг өсгөх найдвартай арга зам юм гэдэг нь сүүлийн 3 жилийн тоо баримтаас тод харагдаж байна. Дэлхийн түүхий эдийн сөрөг нөлөөнөөс үүдсэн дотоодын хөдөлмөрийн зах зээлийн уналт нь өнгөрсөн жилийн дунд үеэс эхлэн саарч, хөдөлмөрийн зах зээл сэргэж байна. Тухайлбал, сүүлийн 2 сарын турш шинээр ажилд орсон хүмүүсийн тоо өмнөх оны мөн үеэс 60%-иар өссөн нь таатай мэдээ мөн. Дэлхийн ихэнх улс орнуудад ажил эрхлэлт унасан сүүлийн 3 жилд бид аж үйлдвэрийн салбарынхаа ажиллах хүчийг 10 хувиар өсгөж чадлаа. Хүн ардаа тохилог орон сууц, чанартай хүнс зэрэг амьдралын наад захын хэрэгцээгээp хангах боломжийг бүрдүүлэх нь төрийн анхдагч үүрэг мөн. 1996 он хүртэл Монгол Улсад нийтдээ 100 мянган орон сууц байсан. Одоо бид нэг жилд 25 мянган айл орон сууцанд оруулж байгаа нь бодитой амжилт бөгөөд, энэ хурдаа алдахгүй байх ёстой. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол өнөөдөр энэ тоо даруй хоёр дахин өсжээ. Энэ том амжилтын гол хөдөлгөгч хүч нь 2013 оноос хэрэгжүүлжсэн орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо юм. Энэ жил нийт 18450 айл ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувьд шилжиж байна. 2016 онд шинээр 9772 айл 5 хувийн зээлд хамрагдана. Ипотекийн зээл нь мөн ажил эрхлэлтийг хүчтэй дэмжиж, уул уурхайн салбарын үлдээсэн орон зайг тодорхой хэмжээгээр нөхөж байна. 

Ц.Э: -Монголд боломж олон олдоод байдаггүй юм. Монголчууд энгийн үгээр боломжийг “Аманд орсон шар тос” гэж нэрлэдэг. Та бүхний аав ээж ярьдаг л байсан байх. “Аманд орсон шар тосыг миний хүү, миний охин хэлээрээ битгий түлхээрэй” гэж. Үнэхээр өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж байсан. Түүхий эд, Монголоос гардаг байсан баялгийн үнэ, тэр “Аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй. Залгиж чадаагүй. Шороотой хутгасан. Шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд одоо энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа. Тэр ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, тэр ард түмэнд ирэх байсан орлогыг алга болгосныхоо төлөө одоо үүн дээр бүжиг хийж наадах хэрэггүй.Хэрэв бид нар, Монголын сонгогчид, залуу үе үүнд автах юм бол дахиад алдаагаа давтах болно. Дахиад ирж магадгүй цөөхөн боломжоо ийм байдлаар алдах болно гэдгийг л хэлье.

З.Э: -Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын Их Хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.

Таван толгойг улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд юм. Энэ бол улсын өмч. Харин Оюу толгойн хайгуулыг хувийн компани өөрийн хөрөнгөөр хийсэн. Тиймээс, энэ хоёр ордыг адилхан гэрээгээр ашиглаж болохгүй. Дашрамд хэлэхэд, гадаад зах зээлийн нөхцөл байдал тааруу байгаа ч дэлхийд хамгийн томд орох, урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжилж байна. Ойрын 3 жилд Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөнөөр манай гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 3 дахин өсөх болно.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)