Залуусаа оймс шидтэл нь битгий зовоо, З.Энхболд дарга аа

2016-04-01 12:44:57

Амьдрал баян. Улс төрийн үйл явдал ч өрнүүн дэлгэр. Түүний илрэл нь оймс шидэх ажиллагаа. Лав Ардчилсан намыг шинэчлэхийн төлөө сүүлийн гурван жил чадлаараа хашгирч, сууж, тэмцэж байгаа Л.Наранбаатарын хувьд энэ удаад улс төрд шинэ тэмцлийн хэлбэр оруулаад ирэв.

Жорж Бушийг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед Иракийн телевизийн сэтгүүлч Мунтадчар Ал Зэиди гэж нөхөр “Муу нохой” хэмээн хашгирч, гутал шидсэн нь он жилийн түүх болон үлдэж. Тэр хэрээр дэлхийн улс орны жижигхэн улстөрчид энэ аргыг өргөнөөр хэрэглэж, нэг хэсэгтээ л бужигнаан дэгдээж байлаа. Тэр ч битгий хэл Багануур дүүргийн ИТХ-ын гишүүн ч мөн л энэ уламжлалыг дагаж хотын орлогч Н.Гантөмөр рүү гутал шидсэн түүх ч бий.

Тэгвэл энэ удаад “Мода Монголоор дуусах” бус харин ч эхэллээ. Энэ нь Л.Наранбаатарын оймсны дуулиан. Тэрбээр “Монголын эдийн засгийн чуулган-2016”-чуулга уулзалтыг хааж УИХ-ын дарга З.Энхболдыг үг хэлж байхад нь оймсоо бөөрөнхийлж байгаад шидчихэж. Хэрэв гутал шидсэн бол тухайн үеийн сэтгэл хөөрөл гэж ойлгох. Харин гутлаа тайлаад, оймсоо бөөрөнхийлөөд, эргэж гутлаа өмсөөд, дараа нь шиднэ гэдэг бол бараг л “гэмт хэрэг”. Бэлтгэл хийсэн, төлөвлөсөн гэх мэтээр. Цаашлаад “Эдийн засгийн алуурчин” гэж ч хашгирч.

Уг нь түүний хувьд улс төрд ч, бизнесийн салбарт ч амжилттай хөдөлмөрлөж байгаа залуу. Гэхдээ бизнесийн амжилтаасаа улс төрд шууд үсрэлт хийхийг хүссэн ч түүнийг нь Дархан-Уул аймгийн Ардчилсан намыг өмчилж авсан “Таван Даш”-ийн гэр бүл зөвшөөрөөгүй. Хэн ч ер нь барьж босгосон гал голомт руу нь гэнэтийн дайралт хийсэн нэгэнд хадаг сүү барин угтан тосно гэж. Ийм зарчмыг бодвол таван Дашийнхны хувьд голомтоо хамгаалсан л үйлдэл.

Гэхдээ Ардчилсан нам эрх чөлөөний бэлгэ тэмдэг гэж үзвэл өөрийгөө боловсруулаад, ар гэрээ төвхнүүлээд, бизнесээ тогтоочихсон залуу хүний улс төрийн хүсэл эрмэлзлийг яахан нурааж болох билээ. Тиймээс ч Л.Наранбаатар өнөөдөр улстөрч гэхээс илүүтэй шинэ хаалга нээхийн тулд хүч тэнхээгээ шавхан тэмцэж буй тийм л залуу. Дээр нь, цаад талаас ирэх олон олон дарамт шахалтыг давж гарахын тулд тэрбээр чамгүй тэвчээр зааж байгаа гэвэл хэтрүүлсэн болохгүй. Тиймээс ч З.Энхболдыг УИХ-ын дарга гэдгээс нь илүүтэй Ардчилсан намын дарга гэдэгт нь эгдүүцэж оймсоо шидсэн байж таараа. Харамсалтай нь түүнийг өнөөдөр төрийн ордонд согтуу нэвтэрсэн тухай мэдээлэл хэвлэлээр цацагдах болж. Уг нь ямар өрөөндөө архи уугаад суудаг УИХ-ын гишүүн байгаа биш. Үүнд нь итгэхэд бэрх юм. Ямартай ч З.Энхболд дарга аа, Ардчилсан намын залуусыг оймсоо шидтэл нь битгий зовоо. Монгол төрийг өв уламжилсан албан тушаал мэт ойлгодог цөөхөн хэдэн залуусыг бодвол Ардчилсан намын олонх залуус аргаа баран гудамжаар алхаж яваа нь худлаа биш шүү дээ. 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)