С.Ганбаатар, Т.Ганболд нар баруун, зүүн магнайг тэргүүлнэ

2016-03-29 13:59:32

ХҮН шинэ даргатай болжээ. Шинэ дарга нь Т.Ганболд. “АлтанДорнод Монгол” компанийг ерөнхий захирал тэрбээр улс төрд бол шинэ хүн. Харин бизнест бол тэртээ 1990 оноос хөл тавьсан. Кино гаргаж мөнгө олохоос эхэлсэн түүний бизнес өдгөө Монголын хамгийн том уул уурхайн компани болон хамгийн өргөн сүлжээтэй “Корпорайт” зочид буудлаар тэлсэн.  

Түүнчлэн хувийн зорилго нь улс төрийн ахмад үеийнхний үр хүүхдэд улс төрийн эрх мэдлийг өвлүүлэхгүй гэдэг зорилгоор ХҮН-д элссэн тухайгаа тэрбээр саяхан сэтгүүлч Б.Ганчимэгт хуучилсан байдаг. Тиймээс ч ХҮН-ийг удирдах сонирхол нь шив шинэхэн бус байж таараа. Бизнесмэн хүний тархинд алдаатай тоо явдаггүй гэдгээр бодвол шинэ гишүүний батлах гардах тэр мөчид ХҮН-ийг тэргүүлэх бодлого давхар бичигдсэн байх талтай.

Харин түүнийг ХҮН-ий дарга болсноор С.Ганбаатар намаасаа гарах уу. Саяхан л “2017 онд ХҮН Ерөнхийлөгчийн суудлыг авна” хэмээн зарлаж байсан тэрбээр ганцаарчилсан тоглолтоор гаршсан улстөрч багийн тоглолтод хүчин мөхөсддөг гэдгийг өнгөрсөн хоёр сарын турш баталсан. Анхандаа оюуны элитүүдээр улс төрийг өнгөлөхөө амлаж байсан тус нам С.Ганбаатарыг дарга болгосноосоо хойш багагүй бужигнааныг дэгдээсэн. Анхдагчид нь намынхаа тамгыг авч зугтан хоёр Ерөнхий нарийн бичгийн дарга, хоёр даргатай болсон нь үүнийг батална. Харин улсын Дээд шүүх хэн хэнд нь тал өгсөн шийдвэр гаргаагүй тул гуравдагч нэгнийг намын даргаар сонгосон нь Т.Ганболд. Иймд цаашид ХҮН-ий баруун, зүүн магнайг С.Ганбаатар, Т.Ганболд хоёр тэргүүлнэ гэсэн үг. Энэ тохироон дээр нэгдэж ч тэд албан тушаалаа солилцсон нь тодорхой.

Нэг ёсны улс төрийн лидер талаасаа С.Ганбаатар ХҮН-ий төлөө зүтгэх бол ерөнхий удирдлага болон санхүү талаас нь Т.Ганболд хариуцах аж. Гэсэн ч ХҮН-ий албан ёсны болоод албан бус нь мэдэгдэхээ байсан Б.Найдалаа тэргүүтний хувьд асуудал хаашаа эргэх бол. Тэд шинэ нам байгуулах уу. Энэ асуултад мэдээж цаг хугацаа хариулт өгнө. Гол нь тэд дотроо учраа олохгүй бол УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болно. Тиймээс ХҮН-ий бэрхшээл үүгээр дууссан хэрэг биш юм. Харин энэ бол эхлэл. ХҮН-ий дарга асан С.Боргил тэргүүтэй цөөхөн анхдагчид нь С.Ганбаатарт итгэсэн олны дэмжлэгт хэр удаан тал засах вэ гэдгээс үйл явцын өрнөл бас л хамаарна. Товчхондоо, ХҮН-ий асуудал цэгцрэх бус одоо л эхэлж байна. Тэр дундаа баруун, зүүн магнайг тэргүүлэгчид нь хэр удаан эв түнжинтэй явах вэ гэдгээс их зүйл хамаарах нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, улс төр чухал уу, санхүүжилт чухал уу гэдэгт асуултад хэрхэн хариулахаас бүх зүйл хамаарна гэсэн үг л дээ...

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)