Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын ТОП 10 ҮР ДҮН
2023-06-30 18:33:03

Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ардын Төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Жао Лөжи нартай албан ёсны уулзалт хийж, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян-тай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийсэн байна. Энэ үеэрээ олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцсоны зэрэгцээ Хятад-Монголын бизнесийн форумд оролцож, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийснээр уг уулзалтын үр дүнд хоёр талын бизнес хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юанийн хөрөнгө оруулалтын гэрээнд гарсан үсэг зуржээ. Түүнчлэн тэрбээр Хятадын Эрчим хүчний барилгын корпорац (Power China)-ын ТУЗ-ийн дарга Дин Яньжян, Газрын тосны үндэсний корпорац(CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян, Хойд үйлдвэрлэлийн компани(Norinko)-ын намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нарыг хүлээн авч уулзаж, шинжлэх ухаан, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр Монголын Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар хөрөнгө оруулагчдыг ямагт дэмжин ажиллахаар санал солилцсон юм. Ийн тавдахь өдрөө амжилттай үргэлжилж буй уулзалтын топ 10 үр дүнг товчлон хүргэе.
- Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааг 2.8 тэрбум ам.доллар буюу 20 тэрбум юаньд хүргэсэн.
- Хөөт-Чойбалсан чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөрзамын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн.
- Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн санхүүжилтийн хэлэлцээр бүрэн шийдвэрлэсэн.
- Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгасан.
- Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгасан.
- “Хамтран ажиллах тухай Монголын хөрөнгийн бирж, Шанхайн Хөрөнгийн Бирж хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, БНХАУ-ын Шанхайн хөрөнгийн биржийн Ерөнхийлөгч Цай Жяньчүнь нар гарын үсэг зурсан.
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцсон.
- Монгол Улсын Тяньжин боомтод эзэмшиж буй 10 га газарт ирэх нэг жилийн хугацаанд манай улсын тээвэр логистикийн төвийг байгуулж, далайд гарцтай болох шинэ үүд нээхээ эцэслэсэн.
- Замын үүд-Эрээний авто замын боомтыг 24 цагаар ажлуулах талаар харилцан тохиролцож, бэлтгэл ажлын хэсэг хоёр талаас томилсон.
- Монгол, Хятадын бизнесийн 50 байгууллага, компаниуд худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хүрээнд 3.1 тэрбум юань буюу 420 гаруй сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг
95050503 утсаар хүлээн авна.
Сэтгэгдлүүд :