Шахмал түлшний асуудал дараагийн НҮҮРСНИЙ ХЭРЭГ болохвий

2023-01-09 15:57:08

Шахмал түлш борлуулагчдыг сонгон шалгаруулна

Улаанбаатарын утаа хортой, хоргүй тухай мэтгэлцээн нийслэлийн оршин суугчдын нэгдмэл эрх ашигаар бус харин дарга ба иргэн гэсэн хоёр туйлт нөхцлөөр тайлбарлагддаг боллоо. Учир нь, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх өнгөрсөн долоо хоногт сайжруулсан түлштэй холбоотой удаа дараагийн мэдэгдлээ хийсэн бөгөөд агуулга нь өмнөх үг, өгүүлбэрийнх нь нэгэн адил “Утаа хоргүй” гэдэг утгатай. Дэлгэрүүлбэл тэрбээр “Агаар, хөрсний бохирдолд нөлөөлөх хоёр хүчин зүйлийг Эрчим хүчний яам хариуцаж ажиллаж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн халаалтанд хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг хариуцдаг. Бид энэ онд сайжруулсан шахмал түлшинд тавигдах шаардлагыг өндөржүүлж баталсан. Үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байна” хэмээсэн.

Харин бодит байдал дээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нүдэнд үзэгдэж, гарц баригдахуйц гэдэгчлэн бодит нэг оршихуй мэт үзэгдэж харагдаж, үзэгдэх орчныг хааж, халхалж, бүр уушиг цээж рүү хүртэл нэвчин орж буй гэлтэй болсон. Үүнийг өвлийн улиралд агаарын бохирдлын улмаас нэмэгддэг эмнэлэг, тэр дундаа амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгаагаар тайлбарлаж болох бөгөөд иргэдийн зүгээс цаг үргэлж хоолой цээж хорсох, нүд бүрэлцэх, арьс загтнах зэрэг олон шинж тэмдгийг тэмдэглэж хэлсээр байгаа. Гол нь, энэ мэт өвчлөл сүүлийн арван жил үргэлжилж байгаа тул иргэд агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэгт итгэхгүй байх үндэс, үндэслэл үгүй юм. Гэтэл Эрчим хүчний яамнаас удаа дараа “Улаанбаатарын утаа хоргүй” хэмээн мэдэгдэхтэйгээ зэрэгцэн нийслэл хотод цахилгаан дулаан түгээж байгаа уурын зуухуудад түүхий нүүрс түлэх эрх өгснөө нуун дарагдуулсан байх юм. Уг нь 2018 онд Засгийн газраас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэл хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг баталсан байдаг. Тогтоол батлагдсанаар айл өрх болон тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг 300 орчим уурын зуухыг түүхий нүүрс түлэхийг хориглосон. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбарын сайдаар томилогдохтой зэрэгцэн “Улаанбаатарын цахилгаан дулааны асуудлыг аргална даа” хэмээн мэдэгдэхтэйгээ зэрэгцэн дээрх уурын зуухуудыг түүхий нүүрс түлэхийг зөвшөөрч орхисон. Энэ нь хэзээ мөдгүй уналтад орж, таг зогсож, харанхуй нөмөрч, хүйтэн эзэлж мэдэх Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг аргалах шийдвэрийнх нь тодорхой нэг хэсэг байсан бол харин иргэдийн хувьд агаарын бохирдолд дарлуулах үндсэн нэг шалтгаан нь болсон юм.

Хоёрдугаар шалтгааны тухайд нийтлэлийн гарчигт тойрсон сэдэв бөгөөд 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас ковид-19-ийн халдварын цар тахалтай холбогдуулан айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, уур ус, усан хангамж, хогны төлбөрийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл төр засгаас буюу “Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-аас хариуцах шийдвэр гаргасантай холбоотой. Учир нь, уг шийдвэртэй хамт У.Хүрэлсүхийн Засгийн газар шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, 937 төгрөг болгох, нэг тонн сайжруулсан түлшний үнэ 150 мянган төгрөг байсныг 50 хувь болгож буулгахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ сайжруулсан түлшний хөнгөлөлттэй үнийн зөрүүг “Эрдэнэс Тавантолгой” хувьцааг компаниас төлөхөөр болсон. Үүнтэй зэрэгцэн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшний нийлүүлэлт огцом нэмэгдсэн. Хүн амынх нь тоонд огцом өсөлт гараагүй, зуухны тоо ч тэгж шахмал түлшний нийлүүлэлтийг 2-3 дахин нэмэгдүүлэхүйц өсөөгүй өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэлийн захиалга ч хурдтай өссөн.

Тодруулбал, анх сайжруулсан түлшийг хэрэглээнд оруулахтай зэрэгцэн нийслэлийн хэмжээнд 350 мянган тонныг хэрэглэж байсан бол 2022 онд энэ тоог 650 мянган тоннд хүргэсэн. Мөн борлуулалтын цэгийг 270-аас аажим аажимд нь нэмсээр 670-д хүргэсэн. Өөрөөр хэлбэл, эрэлтийг хүчээр тэлж цэвэр нийлүүлэлтээр удирдсан гэсэн үг. Үүнийг Улаанбаатар хотын сүүлийн хоёр жилийн агаарын бохирдлын үндэс суурь гэдгийг холбогдох мэргэжилтнүүд нь удаа дараа сануулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гэхэд шахмал түлшний нийлүүлэлтийг огцом нэмэхийг эсэргүүцэж байсан. Гэсэн ч энэ удаад Эрчим хүчний яам болон Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нарын удирдсан багийн аргалах хүсэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхол хоёр ийн  Улаанбаатарын утааг гамшгийн хэмжээнд хүргэлээ.

Эндээс нэг таамаг дэвшүүлэхэд Монгол Улсыг бүхэлд нь донсолгож, ард иргэдийг шударга ёсны тэмцэлд босгоод буй нүүрсний хэрэг эргээд шахмал түлшний нийлүүлэлт дээр үүсэхийг үгүйсгэх аргагүй. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” компаниас борлуулалтын гүйцэтгэлээрээ бус үйлдвэрлэлийн гүйцэтгэлээрээ үнийн зөрүүг авдаг болохтой зэрэгцэн нийлүүлэлт огцом нэмэгдсэнийг мартаж боломгүй юм. Үгүй ядах нь ээ, шахмал түлшний татаас 800 тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэдгийг бодоод үзээрэй.

Д.ЦЭНГҮҮН

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)