Б.ТУЛГА: Бид эх орончдын өдрийг хамтарч тэмдэглэсэн нь эрх баригчдыг айлгасан байх

2016-03-14 17:39:16

-МАХН-ын дарга Н.Энхбаярын хохирогчид өдрөөс өдөрт олон болох шинжтэй байна. Хамгийн сүүлд гэхэд С.Дашдондог гэдэг хүний гомдол гараад ирлээ. “Н.Энхбаяраас 500 сая төгрөг нэхэмжилж байна” гэх мэдээллийг харахад асуудал бас нэлээд хурцдаж мэдэх юм. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Булган аймгийн МАХН-ын дарга байсан хүн л дээ. 2012 онд манай намаас УИХ-д нэр дэвшсэн. Засаг байгуулагдсны дараа Худалдан авах ажиллагааны газрын дэд дарга болсон. Ингээд МАН-тай хамтарч засаг байгуулахад ажлаасаа халагдсан юм билээ. Үүнийхээ дараа сайд болох сонирхлоо илэрхийлсэн. Гэсэн ч Ардчилсан намаас хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн. Эцэст нь өнөөдөр “Намд би хувиасаа 500 сая төгрөг зарцуулсан. Үүнийгээ авна” гэж нэхэмжлэл гаргасан бололтой юм билээ. Уг нь бүхэл бүтэн аймаг хариуцан ажиллаж байгаа хүн өөрөөсөө санхүүжилт гаргах, үйл ажиллагаагаа удирдах үүрэгтэй. Гол нь энэ гомдлоо гадуур яриад явж байсныг нь өлгөж аваад л Н.Энхбаярын эсрэг киноны хоёрдугаар анги болгочих шиг боллоо.

-Танайхны гол дүр бүтээж буй кино ч бараг сериалын хэмжээнд оччих шиг боллоо. Тийм үү?

-Өө, нэлээн олон ангит кино болж мэдэхээр л байна. Уг нь ингэж шүүх цагдаа гэсэн ийм заваарсан ажилтай хутгалдахгүй бол намынхаа ажлыг сайн хиймээр байна.

-Боломж алга уу?

-Үнэнийг хэлэхэд хэцүү байна. Ажил хийх боломж алга. Нийт ажлын цагийнхаа бараг 50-60 хувийг шүүх цагдаа, Авлигатай тэмцэх газарт л өнгөрүүлж байна.

-Н.Энхбаяр даргыг баривчилж магадгүй гэсэн мэдээлэл гарсан байна лээ?

-Наадхи чинь дараагийн киноны зохиол бичигдэж эхэлсний л илрэл. Сая гуравдугаар сарын 1 буюу эх орончдын баярын өдрийг МАН-тай хамтарч тэмдэглэсэн. Энэ үйл явдал эрх баригчдыг уурлуулсан хэрэг л дээ. УИХ дахь АН-ын бүлэг өөрсдөө ирцээ бүрдүүлээгүй байж манайхныг орж ирсэнгүй гэж уурлах жишээний. Дараа нь манай намын ажлын албаны дарга Д.Цогтбаатарыг баривчилсан.

-Д.Цогтбаатар даргатай танайхан уулзсан уу?

-Үгүй. “Намтай холбоотой асуудал” гээд биднийг оруулахгүй байгаа. УИХ-ын гишүүдийг оруулж, уулзуулах гээд хөөцөлдөж л байна.

-Гэхдээ танай нам чинь шоронд орсон хүн дээрээ өөрсдийн өмгөөлөгчийг тулгаад, тэр хүндээ зөвхөн намаа хамгаалах үүрэг өгчихдөг юм биш үү?

-Яалаа гэж дээ. Хамгийн дотно хамтарч ажилласан хүндээ санаа тавиад л өмгөөлөгч уулзуулсан. Цагдаа, шүүхээр байнга явж байгаа болохоор таньдаг өмгөөлөгчтэй болсон. Харин авах эсэх нь хувь хүний л хэрэг биз дээ.

-Г.Шийлэгдамба сайдын нулимс цийлэгнүүлсэн яриа хүмүүсийг түүнийг өрөвдөх нэг шалтгаан болсон нь гарцаагүй. Яаж ч бодсон сэтгэл эмзэглэмээр шүү дээ?

-Худлаа ярьж байгаа хүн түүнээсээ ичиж, ичснээ нуух гэж нулимс унагаж болно л доо. Хэцүү байхгүй юу.

-Н.Энхбаяр даргыг өөрт нь тэгж муухайгаар хандана гэж бодоогүй бололтой юм билээ?

-Муухай хандсан, намын байранд битгий ир гэсэн юм ерөөсөө байхгүй. Эцсийн эцэст Н.Энхбаярыг Г.Шийлэгдамба ашиглаж өнөөдрийг хүртэл явсан уу, Г.Шийлэгдамбыг Н.Энхбаяр ашиглаж өнөөдрийг хүрсэн үү гэдгийг та бодоод үзээрэй. Бодоод үз л дээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан хүний бусдад туслах цар хүрээ нь ямар байхав. Г.Шийлэгдамбын амьдрал тийм л байсан. Эхлээд дэмжиж Аялал жуулчлалын газрын дарга болгосон. Дараа нь, дэд сайд, сайд, дахиад сайд болгосон. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болгосон. Үүнээс өөр яаж хүнийг дэмжих юм бэ.

-Гэхдээ энэ бүх дэмжлэгийн төлөөс нь дааж давагдашгүй их байдаг юм биш үү?

-Яалаа гэж тийм юм байх юм бэ. Аль ч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хөрөнгө, мөнгө босгох үүрэг хүлээдэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч гэсэн цагаан сарын үеэр “Ам нээвэл...” нэвтрүүлэгт орох үеэрээ энэ тухай хэлж байна лээ. Ерөнхий нарийн бичгийн дарга нь хөрөнгө мөнгө босгохгүй юм бол яаж нам үйл ажиллагаа явуулах юм. Бусад намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нараас асуугаад үзээрэй. Бүгд ийм үүрэгтэй байгаа. Харин “Нам дээр битгий ирээрэй” гэдэг нь гуйвуулсан үг юм билээ.

-Тийм үү. Гэхдээ л сэдэл өгөх үг хэлчихсэн юм биш үү?

-Нэг удаа МАХН-ын байран дээр согтуу ирсэн юм билээ. Тэр үед нь Н.Энхбаяр дарга “Тэвчээртэй, зоригтой байна шүү” гэж хэлсэн гэсэн. Тэгэхэд нь “Би насаараа аав, та хоёртоо өртэй шүү. Та хоёртоо дандаа эрхэлж явдаг. Маш их баярладаг” гэхээр нь “Намын байран дээр согтуу битгий харагд. Шаардлагатай бол бид нэр хүндтэй арга хэмжээ зохион байгуулж чамайг авчирья. Түүнээс бус үнэ цэнгүй, согтуу битгий ир” гэсэн юм билээ. Уг нь бид санаа зовж, эргэж уулзаж байсан. Гэхдээ батлан даалтаар гарч ирсэн хүнтэй хамаагүй уулзаж байж эргээд хориулчихвал бас дэмий юм даа гэж эмээцгээж байсан. Би бол тэр хүнийг “Даварч байна”  гэж хэлнэ. Нүүр рүү нь хараад “Битгий ингэж шалчигана” гэж хэлмээр байгаа юм. Өнөөдөр хамт явсан нөхдөө худалдаж чадсан хүн маргааш эх орноо худалдаж чадна.

-Хэнд худалдсан гэж?

-Тодорхой ш дээ. “Н.Энхбаярт мөнгө өгсөн гэж хэл” гээд тулгачихсан. Батлан даалтанд байгаа хүн шууд ярилцлаганд орж болдог юм  уу. Одоо тэгсэн яаж байна. Булган аймгийн “Баатар ван” амралтанд тусгай хамгаалалт авчихсан амраад хэвтэж байгаа байхгүй юу. Н.Энхбаярыг барьж өгснийхөө шагналыг эдэлж байгаа юм байлгүй.

-Та нар түүнтэй холбогдох гэж үзсэн үү?

-Бид нарын утсыг авахгүй байгаа. Шууд зугтчихсан.

-Гэхдээ яагаад Н.Энхбаяр гэдэг хүний ойр ойрчмоос “урвалт” олноороо гараад байгаа юм бэ. Та залуу хүний хувьд энэ асуултыг өөртөө тавьж үзсэн үү?

-Урвагчид гарах биш гаргуулаад байгаа байхгүй юу. Зөвхөн Н.Энхбаяр гэдэг хүнийг дарахын тулд энэ бүхнийг зохион байгуулалттай хийж байна. Тэр болгонд хүмүүс шантарч, няцаж, айж болно. Гол нь тийм хүмүүсийг нь олж, Н.Энхбаярын эсрэг ажиллуулаад байна л даа. Нөгөө л кино. Н.Энхбаярыг улс төрд оруулахгүй байх сонирхол. Манай намын бүх нарийн бичгийн дарга нар бараг АТГ-ын жижүүр шиг болчихсон. Саяхнаас даргын үр хүүхэд рүү халдаж эхэлж байна. Н.Батшугараас мэдүүлэг авна гэсэн байна лээ. Н.Батшугар намтай ямар ч холбоотой юм. Бүү мэд. Бүр хэрээс хэтэрлээ.

-Та ингэхэд яаж харин “урвалт”-аас гадуур яваад байна?

-Тэд сонгож чадаж байна л даа. Аль болох сул дорой, асуудалтай, өөрийнхөө төлөө бусдыг золиослох чадалтай хүмүүсийг зөв сонгож ажиллуулж байна. Би тийм увайгүй юм хийх хүн биш.

-Та Н.Энхбаяр даргыг анх баривчлахтай зэрэгцэн “Даргатай улам ч ойр ажиллая гэж бодож байгаа” гэдэг ярилцлага манай сонинд өгсөн. Энэ үг тухайн үед хүмүүст нэлээн сэтгэгдэл үлдээх шиг болсон?

-Би хойшдоо ч хамт байна. 2004 оноос туслахыг нь хийсэн. Дунд нь хоёр жил гадагшаа сургуульд явсан. Дарга өөрөө “Чи залуу хүн. Сурч мэдэх хэрэгтэй” гэж зөвлөсөн. Түүнээс өмнө би МАН-ын технологи, гадаад харилцааны ажилтан хийж байсан. Тухайн үеийн МАН-ын байрны бүх технологийн шийдлийг би хийсэн. Компьютер, технологитой холбоотой бүх ажлыг гэсэн үг л дээ. Тэр үед Н.Энхбаяр дарга мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж чадах хүн хайж байгаад намайг туслахаараа авсан. Түүнээс бус ах дүү хамаатан садан, нутаг ус нэг гэх мэт ямар ч холбоо бид хоёрын дунд байхгүй. Би яагаад өнөөдрийг хүртэл “Энэ хүний зөв” гээд хамт яваад байна гэхээр өнгөрсөн хугацаанд цайг нь зөөхөөс эхлээд туслах хүний хийж болох бүхнийг хийж ирсэн учраас хэн бэ гэдгийг нь сайн мэддэгт байгаа юм. Жирийн л нэг сайхан монгол эр хүн. Хүмүүсийн яриад байдаг шиг идэж барахгүй хөрөнгөтэй гэдэг нь худлаа.

-Сүүлийн үгэнд тань би лав итгэхгүй юм байна?

-Худлаа яриагүй ээ. Үнэн нь энэ. Би  “Худал хуурмагийн төлөө явахгүй хүн” гэж өөрийгөө боддог. Түүнээс бус салаад, орхиод явбал явах л байсан. Гол нь би энэ хүний зөв гэдгийг маш сайн мэдэж байгаа л байхгүй юу. Одоо ч гэсэн маш энгийн амьдардаг. Хэвлэлээр үүсгэсэн тансаглал, асар их эд хөрөнгийн тухай төсөөлөл бол ердөө л хөөс. Тэрэнд нь үнэн юм нэг ч байхгүй.

-Уг нь Сөүлд гэхэд хамгийн өндөр үнэтэй байранд амьдарч байсан гэх яриа байдаг даа?

-Тэр С.Дашдондогийн гаргасан яриа. Жирийн дундаж амьдралтай солонгос хүний түрээслэж амьдардаг байр. Жижигхэн өрөөтэй. Эмнэлэг рүүгээ явах болоод унаа олдохгүй автобусаар явдаг байсан. Гол нь Өмнөд Солонгост даргыг хүн танихгүй шүү дээ. Тийм болохоор автобусаар явчихдаг байсан. Ийм болохоор долоон жил Н.Энхбаяр даргыг шалгаад хэрэг олж чадахгүй байгаа биз дээ. Хэрэв “но” байсан бол олдуул олдохоор цаг хугацаа өнгөрлөө. Хүнийг ингэж хэлмэгдүүлж, зовоож болохгүй байхгүй юу. Сая гуравдугаар сарын 1-ний баярын хурал дээр дарга “Миний таньдаг байсан хүмүүс их өөрчлөгдөж. Харин энгийн ардын маань сэтгэл хэвээрээ байна” гэж хэлж байна лээ. Үнэхээр ч үнэн. Орон нутгаар уулзалт хийгээд явахад “Бүр болохгүй бол биднийг дуудаарай. Бид очиж хамгаалья” гэх хүмүүс маш их байсан.

-“Миний таньдаг хүмүүс маш их өөрчлөгдсөн байна” гэдэгт МАН-ынхан гол төлөв орж таараа. Яг ийм сэтгэгдэлтэйгээр танай хоёр нам эвсэж чадах уу. Эргэлзээтэй л санагдах юм?

-Мэдээж амар биш. МАН-д ч, МАХН-д ч эвсэхийн эсрэг саналтай гишүүд олон бий. Тэдний санаа бодлыг аль аль намынх нь удирдлагууд хүндэтгэх хэрэгтэй. Иймд хоёр талаас албан ёсоор энэ ажлыг судлах ажлын хэсэг байгуулна. Ойрын хугацаанд ажиллаж эхлэх болов уу. Гол нь бид нөхцөл байдлаа сайтар харах хэрэгтэй. Хэрэв хоёр нам эвсэж ажиллавал УИХ-ын 2016 оны сонгуульд олонхи болж чадах анализ дүгнэлт бий. Дээр нь, монголчууд тогтворгүй байдлаас залхаж байна. Хөрөнгө оруулагчид ч адилхан. Тиймээс бид  тогтвортой төрийг бий болгохын төлөө хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгээд ажиллах ёстой. Цаг үе нь өөрөө ингэж шаардаж байна л даа.

-“Шударга ёс” эвслийн нэг багана нь МҮАН. Гэтэл нөхцөл байдлаас дүгнээд үзэхэд албан бус байдлаар танай хоёр нам салчихсан гэж ойлгогдоод байх юм. МҮАН АН-тай нэгдэх эсэх талаар яриад, танай нам МАН-тэй эвсэх тухай дурсаад эхлэхээр шүү дээ?

-Эцсийн байдлаар хамтын гэрээгээ дүгнэх ажил хийгдээгүй байна. Хэвлэлийн мэдээллээс харахад МҮАН АН-тай нэгдэх, нэгдсэн юм шиг ойлгогдохоор байгаа нь үнэн. Энэ талаар саяхан уулзаж, асуусан. “Тийм зүйл байхгүй. АН-ын талаас зөвхөн санал тавьсан төдий” гэдэг тайлбар хийсэн. Манай намтай хийсэн есөн жилийн гэрээнд 2021 он хүртэл хамтарч ажиллах, шаардлагатай тохиолдолд нэг нам болох тухай заалт бий. Иймд тэр болгоныг сайтар ярилцах хэрэгтэй гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байгаа. МАХН ямар ч байсан МҮАН-тай хийсэн тохиролцоондоо их сайн хүрсэн. Гол нь АН-ын зүгээс МҮАН-ыг ч, ИЗНН-ыг ч нэгтгэх сонирхол маш их байгаа. Уг нь арав гаруй жил үйл ажиллагаа явуулж, нам шиг нам болгон төлөвшүүлнэ гэдэг удирдаж байгаа хүмүүсийнх нь хувьд их том үнэт зүйл, хүч хөдөлмөр байхгүй юу. Гэтэл АН-ынхан маань нэгдлээ баталгаажуулахын тулд хүчээр маш аймшигтай Сонгуулийн тухай хууль баталчихлаа. Ардчилсан улсад баймааргүй тийм хууль. Жижиг намуудыг шахаж, парламентад өөр уур амьсгал орох боломжийг хаасан. Одоо залуус “Энэ хууль сонгох биш сунгах хууль юм байна” гэж яриад байна. Одоогийн 76 гишүүнд дахиж сонгогдох давуу талыг бий болгосон. Үүнийг зөвхөн АН ч бус МАН-ынхан ч хуйвалдаж батлуулсан. Маш аймшигтай заалтуудтай. Жишээ нь тойрогт санал хураалтаар УИХ-ын гишүүн сонгогдоогүй бол тэр мандатыг хамгийн өндөр санал авсан хоёр нам нь хувааж авна гэх жишээний. Ийм юм гэж байж болох уу. Энэ чинь зүгээр л дээрэм байхгүй юу. Дээр нь Сонгуулийн тухай хуулийг сонгууль болохоос зургаан сарын дотор өөрчлөхгүй гэдэг бараг бүх дэлхийд мөрддөг дүрэм байна. Гэтэл УИХ-ын гишүүд хууль өөрчлөх эрхтэй гээд оруулчихсан. Сонгууль болохоос долоо хоногийн өмнө ч хэн нэгэн гишүүн нь санаачилж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж болох нь байна шүү дээ.

-УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж намын нэрсийн жагсаалтын 28 мандатаас зургааг нь нийслэлийн тойргуудад тарааж өгөх тухай төсөл боловсруулж, саяхан УИХ-ын даргад өргөн барьсан нь үүний жишээ болчих шиг болсон?

-Орон нутагт АН ялах магадлал бага байхгүй юу. Иймд нийслэлийн мандатыг нэмэх зорилго тавьсан. Тэгээд хотын сонгогчдын саналыг худалдаж авна гэж үзэж байгаа бололтой юм билээ. Дээр нь хар машиныг ашиглана. АСЕМ-аар далимдуулж, хотод асар их өнгөлөн далдалсан бүтээн байгуулалт хийх замаар өөрсдийгөө улсын төсвөөр сурталчилж чадна гэж бодсон. Ердөө л энэ.

-Хар машиныг АН-ыхнаас бусад нь бүгд эсэргүүцэх юм. Гэтэл энэ машины тоолсон саналын тоогоор МАН ч, МАХН ч УИХ-д суудалтай болсон нь үнэн биз дээ?

-Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх журам дээр саналын хуудсыг скайнардаж нэг бүрчлэн нэр дэвшсэн хүмүүст CD-н дээр хуулж өгөх тухай заалт байсан. Гэтэл үүнийг хаана ч хэрэгжүүлээгүй. Ийм байхад яаж итгэх юм. Ер нь манайх шиг сая хүний саналыг хар машинаар тоолдог улс орон хаана ч байхгүй. Нэг тойргийн хороонд ердөө 5000 хүний саналыг тоолно. Ихдээ ш дээ. Ийм байхад гараар тоолоод, түүнийг нь камераар хянахад л болно. Камерийн систем хөгжчихсөн байхад асуудал байхгүй. Гол нь эрх баригчид хүсэхгүй байна.

-МАХН ер нь УИХ-ын сонгуульд хэр бэлэн байна вэ. МАН-тай эвсэх тухай яриа эцэслэгдээгүй байхад энэ талаар асуух нь хэт эртэдсэн хэрэг болж магад. Гэхдээ намын бэлтгэл гэж бас их том хүчин зүйл байдаг учраас тодруулж байгаа юм шүү?

-Хэрэндээ бэлдэж байна. Сүүлийн хэд хоногт манайд элсэх залуусын тоо эрс нэмэгдлээ. Ухуулагч, менежерүүддээ сургалт хийж эхэлсэн. Нэр дэвшигчдийг тодруулж гаргах асуудлаар судалгаа хийж байна.

-Та нэр дэвших үү?

-Бодол бий. Гэхдээ хараахан шийдээгүй байна. МАН-тай эвсэх эсэхээ шийдсний дараа тодорхой болно.

-Улс төрөөс холдохгүй нь тодорхой юм байна. Тийм үү?

-Би залуу хүн. Залуу хүний хувьд дэлхийн өндөр хөгжилтэй улс орноор явахдаа “Эх орондоо ингэж амьдрах юмсан” гэдэг бодолд хөтлүүлдэг. Бүгд л тэгдэг. Тэр зорилгоо хэрэгжүүлэхэд хамт олон маань яах аргагүй МАХН-д байна. Н.Энхбаяр дарга тэр бүхнийг бүтээн босгож хийж чадна. Ийм итгэл байхад би холдох тухай ярина гэж байхгүй ээ.

-“Н.Энхбаяр гэдэг хүн өмнө нь Монгол төрийн бүх өндөр дээд албан тушаалыг хашиж байхдаа хийхгүй яасан юм бэ” гэдэг шүүмжлэлийг та болон танай намынхан олонтаа сонсдог байх?

-Сонсоно оо, сонсоно. Өмнө нь зөндөө юм хийсэн. Гэтэл манайхан түүнийг нь угаасаа байсан юм шиг бодоод байна. 1996-2000 онд төрийн албан хаагчид цалингаа авч чаддаггүй байсан. Өмч хувьчлал нэрээр олон мянган хүн ажилгүй болчихсон. Ихэнх сум гэрэл цахилгаангүй, лаа нь олдохгүй болчихсон байсан. Сургуулиуд халаалтгүй, эмнэлэг нь хөлдчихсөн. Тэр бүхнийг Н.Энхбаяр дарга зассан, сайжруулсан, хэвийн түвшинд нь аваачсан. Ерөнхий сайд байхдаа шүү. Эрчим хүчний нэгдсэн систем гэдгийг санаачилсан. Дотуур байрнуудыг бүгдийг сэргээсэн. Бүх малчдаа телевизтэй, тавган антенитай болгосон. Үдийн цай хөтөлбөрийг эхлүүлсэн. Шилэн кабелийг орон нутагт тавих ажлыг эхлүүлсэн. Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулж, батлуулсан. Үүнд нь өнөөдрийн төр засгийн бодлого, шийдвэр суурилагдаж яваа.

-Тэгээд та нар энэ “агуу” хүнээ яагаад Шадар сайд болгох гэж хүч нэмээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч байсан хүний хувьд Шадар сайд болно гэдэг нэг их гоё сонголт биш шүү дээ?

-Ний нуугүй хэлье. УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр даргыг оруулахгүй байх магадлал их бий. “Ялтай” гэдэг үндэслэлээр. Тэгэхэд Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хүртэл хэлээд байгаа биз дээ. “2009 оны Өршөөлийн хуулиар нэг хэрэг нь байхгүй болсон. 2012 оны Өршөөлийн хуулиар хоёр дахь хэрэг нь өршөөгдсөн. Нэг хуулийг хүн дээр хоёр өөрөөр хэрэглэхээ боль” гэж.  Сонгуулийн бүртгэлийн хугацаа богинохон. Долоо хоног л үргэлжилнэ. Энэ хугацаа “Н.Энхбаяр даргыг ялтай, ялгүй” гэж тодруулах гэсээр байтал дуусчихна. Тийм учраас Шадар сайдад зүтгүүлэх замаар наана нь ялтай, ялгүй асуудлыг нь нэг тийш нь цэгцлэх зорилго л тавьсан. Түүнээс бус Н.Энхбаяр дарга албан тушаалд дуртай даа, тав зургаан сар Шадар сайд хийх гэж зүтгээд байгаа юм биш. Нэг ёсны ялтай, ялгүй гэдэг маргаанаар УИХ-ын сонгуульд орж чадахгүй бол хайран ш дээ.

-Гэсэн ч асуудал Авлигатай тэмцэх газрын тайлбарлаж байгаагаар бол “Ялтай” гэдэг талдаа гарах юм биш үү?

-Авлигатай тэмцэх газар үнэнд гүйцэгдсэн. Тийм учраас энэ асуудлыг тодорхой тайлбарлаж чадахгүй болоод ирэхээр дараагийн хэргийг гаргаж ирсэн. “Битгий санаа зов. Ямар ч байсан бид  УИХ-ын сонгуульд оролцуулахгүй” гэдэг даалгавар авсан юм шиг байна. Магадгүй удахгүй Н.Энхбаяр даргыг баривчлах байх.

-Энэ үг тань бодит дүгнэлт үү?

-Нөхцөл байдлыг харахад тэгж л харагдаад байна. Тэгж л зохиол нь бичигдсэн байх.

-С.Дашдондогийн өргөдлөөр үү?

-Тэгэх л байх. Намд компанид орж байгаа юм шиг ашгийн төлөө орно гэж байдаггүй. Миний хувьд лав тэгж боддог. Тэгээд ч бүхэл бүтэн аймгийн нам тэргүүлж байгаа хүн тэндээ хэдэн төгрөг зарцуулсныг бид мэдэхгүй. Хүмүүс дээр гуйгаад очихоор үйл хэргийг маань дэмжээд санхүүгийн дэмжлэг өгөх үе байдаг. Мэдээж түгээмэл биш.

-Хүмүүс тэгээд юу гэж хэлж өгөх юм. Магадгүй тэр хандивын цаана нам дээр асар их өр үүсдэг юм биш үү?

-Үйл хэргийг тань дэмжиж байна гээд өгдөг. Миний л мэдэхийн өр нэхсэн хүн гараагүй. Байраа үнэгүй гаргаж өгье. Урилга хэвлэж өгье. “Та нар зөв юм яриад байна. Үүнийгээ ажил хэрэг болгоорой” гэдэг. Мэдээж өр нэхэх хүн байдаг. Гэхдээ олон биш. Дээр нь намын бодлогыг дэмжиж байгаа хүмүүсийг намын бодлогоор дэмжиж, ажилд томилох тохиолдол байдаг. Тэгэхэд Ардчилсан нам “Тэдэн төгрөг өгвөл тийм ажилд томилно” гэдэг албан ёсны наймаа хийдэг. Манайх тэгдэггүй. Тийм ч болохоор хамгийн хүнд замаар явж байгаа нам. Биднийг “Засагт байгаа биз дээ” гэж гоочилдог. Гэтэл бид нар харин ч Монголын төлөө Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд ажиллаж байгаа байхгүй юу.

-Танайх МАН-тай эвсэх асуудал ярьж байна. Гэтэл Н.Энхбаяр даргын тэдэнд хандсан гомдол тайлагдсан эсэх нь эргэлзээтэй. Дээр нь МАН-ын удирдлагууд шууд Н.Энхбаярыг чин сэтгэлээсээ дэмжих эсэх нь бүүр ч асуудалтай. Ийм үед та бүхний байгуулах эвсэл тууштай байж чадах уу?

-Н.Энхбаяр даргыг МАН-ын бүх гишүүд мэднэ. Олонх нь “Энэ хоёр нам салах нь буруу” гэдгийг хэлдэг. Ер нь намын нэрээ өөрчилнө гэдэг ч буруу. МАН нэрээ өөрчлөхдөө анхан шатны байгууллагуудынхаа шийдвэрийг цааш нь дарж байж цөөхөн хүний санал санаачилгыг гол болгосон. Үүнийг бүгд ярьдаг. Түүхтэйгээ цуг ирээдүй рүү алхах ёстой гэж үзсэндээ Н.Энхбаяр дарга салсан. Тэр даруйд нам дарах гэж үзсэн. Долоон жил үзлээ. Хүнийг мөнхийн хар овоохой болгож болдгийг бид нар харлаа. Харин урвасан, шарвасан хүмүүсийн хувьд зовлон байдаг л байх. Хэлж ч болдоггүй, ярьж ч болдоггүй. Бүгд барьцаанд орчихсон. Лидер хоорондын зөрчлийн тухайд Н.Энхбаяр дарга эх орончдын өдрийн баярын хурал дээр хэлсэн. “Одоо бүгдээрээ больё. Өнгөрсөн хугацаанд үүссэн зөрчлөө орхиё. Ирээдүйгээ харж ажиллая. Бүх юм болоод өнгөрсөн. Цаашаа хамтраад ажиллая” гэж. Бид ч ийм бодолтой ажиллаж байгаа. МАН-ынхан ч үүн дээр саналаа нэгтгэсэн болов уу.

-Итгэлтэй байна уу?

-Ямар ч байсан найдаж байна.

-МАХН-ын мэдээллийг харахад “Б.Тулга ба бусад”, “Б.Тулга ба түүний нөхөд” гэсэн нэг зааг хязгаар танай намд үйлчлээд байх шиг санагддаг. Наад зах нь, Н.Энхбаяртай илүү ойр гэдгээр бусад нөхдөө, бүр зарим нэг УИХ-ын гишүүдийг загнах, дарамтлах эрх танд байдаг гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм юм байхгүй. Нэг хүнтэй муудалцсан асуудал бол бий. Түүнээс бус “Боож унагаасан. Заамдсан” зүйл байхгүй. МАХН шударга бус байдлыг таслан зогсоохын тулд УИХ-ын 2012 оны сонгуульд орсон. Түүндээ эзэн болох гэж Засгийн газарт ч орсон. Гэтэл энэ зорилгыг үйлдэл болон эс үйлдлээрээ таслан зогсоохыг оролдсон ганц нэг нөхөдтэй зөрчилдсөн. Үүнийг харин хэвлэлээр хөөрөгдөж бичсэн байсан. Миний хувьд анх ямар зарчимтай МАХН-ыг байгуулж, юуны төлөө явж байгаа билээ гэдэг зарчим дээрээ байсан. Би өөрийн зарчмаасаа нэг их амархан хазайж гишгээд өрөөл бусдын үгээр үйлдэл хийгээд байх хүн биш. Тууштай байх ёстой ч гэж боддог. Түүнээс нэгийг харж урваж, нөгөөг харж инээгээд байвал бид нар яаж цаашдаа улс орноо авч явах юм. Болохгүй шүү дээ.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбиш­дагва намынхаа ажилд хэр оролцоотой байгаа вэ. Намынхаа дэд даргаас лав татгалзсан байсан?

-Оролцоотой байлгүй яах вэ. Ерөнхийдөө Архангай аймаг болон Сонгинохайрхан дүүрэгт намаа хариуцаж ажиллаж байгаа. МАХН-аас улс төрийн албан тушаал хариуцаж байгаа хүн бага болохоор бүгд дор хаяж хоёроос гурван тойргийг хариуцаж ажиллах үүрэг авсан. Тэр дагуу бүгд нэлээн ачаалалтай, завгүй ажиллана байх. Д.Тэрбишдагва гишүүн ч тэр үүргийнхээ хүрээнд нэлээн завгүй ажиллах болов уу.

-Та Н.Энхбаяр даргыг дагаж, зовлон жаргал бүхнийг нь хамгийн ойроос харж яваа хүн. Магадгүй үүдээр нь инээж гарсан, уурлаж гарсан хүмүүсийг нь ч нэг бүрчлэн мэдэж л байгаа байх. Холдсон, ойртсон хүмүүсийнх нь тухайд ч адилхан. Энэ утгаараа хүн таньж сурч байна уу. Олон улстөрчийг хүн таньж чаддаггүй гэсэн шүүмжлэл дагадаг?

-Би харин энэ талаар ярих юмсан гэж боддог шүү. Ер нь зарим хүн ханилсан ханиа ч таньж амжаагүй, олон жилийн дараа “Биш байжээ” гээд явах нь бий. Гол нь тэр болгоны төлөө ханилсан нөхрийг нь буруутгаад байх боломжгүй байдаг. Н.Энхбаяр даргыг яг таны асуусанчлан “Хүн таньж чаддаггүй” гэж шүүмжилдэг. Уг нь хувь хүн нь ажил хийе, юм бүтээе гэсэн хүнийг их дэмжиж ажилладаг зантай. Зүрх сэтгэлээсээ хандаж байгаа эсэхийг нь их хардаг. Гэтэл нэг албан тушаал дээр гэхэд арван хүн сонирхлоо илэрхийлдэг. Гэсэн ч тэдний нэг нь л хүссэн ажил дээрээ очдог. Энэ тохиолдолд бусад есөн хүн нь гомддог. Тэдний гэхдээ 2-3 нь ойлгодог. Олонх нь шууд дайсагнаад явчихдаг. Тэгсэн хэрнээ буцаад л гүйгээд ирдэг. Ийм нөхцөлд хүн таних, танихгүй тухай ярихад их хэцүү. Яг үүнтэй холбоотой нэг бодол байдаг юм. Дээр үед төрийн албанд “Гурван үеийн намтар” гэж их чухал зүйл байсан. Аав, ээжүүд нь ч хүүхдүүдээ удам судрыг нь харж шууд гэрлүүлэх үе байсан. Тэгэхээр удам гэдэг их чухал байгаа биз. Миний хувьд яг энэ жишгийг ер нь дахин оруулж ирэх хэрэгтэй юм байна гэж боддог. Хармаар л юм билээ.

-Та одоогийн нөхцөлд дэргэдээс тань ямар ч хүн буруу хараад алхсан, эсрэг зүйл ярьсан цочирдохооргүй болсон уу?

-“За ийм нөхөр л байж дээ” гэсэн бодол л төрөх байх.

-Таныг ахдаа “Битгий наашаа ир” гэж хэлсэн тухай ярилцлагыг уншаад бага зэрэг гайхаж байлаа. Хууль хяналтаар шалгуулж, Интерполоор хайж байгаа хүний талаар ингэж хэлж болдог юм байх даа гэж?

-Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайханыг нас барах үеэр би тийм ярилцлага өгсөн юм. Ахыгаа гаднаас ирээд шоронд оруулчихвал бид яаж уулзах юм. Өнөөдөр хүртэл бид нарыг Д.Цогтбаатар даргатай уулзуулахгүй байгаа биз дээ. Ар гэрийг нь маш их зовоодог. Тийм болохоор би шүүх, цагдаагийнханд яг үнэнийг хэлэхэд итгэхгүй байна. Аваачиж хорьж, алчихаад “Өө, гаднаас ирэхдээ л өвчтэй ирсэн шүү дээ” гэвэл бид яах юм. Мэдэхгүй шүү дээ. Шорон дотор хүн өөрөө өөрийгөө шатааж болж байгаа биз дээ. Манай ах бол өөрөө өөрийгөө аваад л явж байсан бизнесмэн хүн байсан. Дүү нь Н.Энхбаярын туслах хийж байсан учраас ахыг нь золигт гаргаж, хийж байсан бизнесийг нь булааж авахыг зорьсон. Энэ нь нөгөө л Н.Энхбаяр даргыг дарж авах зорилго дээр төвлөрсөн.

-Тэгээд шүүхийн шийдвэр нь яг юу гэж гарсан юм бэ?

-Их сонин. Ер нь дэлхийд ийм тохиолдол байдаг ч юм уу, үгүй ч юмуу бүү мэд. Нийслэлийн төсөвт ашиг өгдөггүй, байнгын татаастай, өнгө үзэмж байхгүй болчихсон байсан буудлыг нь манай ах ашигтай, өнгө үзэмжтэй, нийслэлийн төсөвт орлого оруулдаг болгосон. Тэгээд “Хувьчилна” гэхэд нь “Би хувьчилж авахгүй ээ. Хамтарч ажиллая” гэж хэлснээрээ хувьчлалаар далимдуулан үнэгүй авахаар санаархаж байсан хүмүүсийг нь уурлуулсан л хэрэг байхгүй юу. Тэгэнгүүтээ шүүхэд өгчихсөн. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээд шүүхийн эхний шийдвэр нь буруугүй гэж гарсан. Гэтэл дараагийнхаа хуралдаанаар Н.Энхбаярыг буруутгахын тулд “Буруутай” гэдэг шийдвэр гаргасан. Ийм юм байж болох уу.

-Одоо тэгээд танай ахын компани хамтран эзэмшигч хэвээрээ байгаа юм уу?

-Хэвээрээ. Нийслэл жилийнхээ ашгийг аваад явж байгаа. Шүүхийн шийдвэр биелүүлэх албаныхан ирээд “Аль шийдвэрийг нь гүйцэлдүүлэх вэ” гэдгээ мэдэхгүй, эргэлзэж байх жишээний. “Амьдралдаа анх удаа ийм шийдвэр үзлээ” гэцгээдэг. Ичмээр байгаа биз дээ. Ах энд байхгүй болохоор Төлөөлөн удирдах зөвлөл нь хуралдаж, удирдлагыг нь сольсон.

-Аав, ээж тань тэгээд эмзэглэдэггүй хэрэг үү. Хоёрын хоёр хүү нь Н.Энхбаяраас болж нэг нь баривчлагдаж, нөгөө нь эх орондоо ирэх эрхгүй болчихоод байхад “Наад хүнээсээ сал” гэж ядаж танд хэлмээр юм?

-Хэлдэг. Зөндөө хэлнэ. Гол нь тэгээд би болилоо гээд энэ бүх заваан тогтолцоог хэн өөрчлөх юм. Би бас гараад явах юм уу. Аав ээж минь мэдээж уурлана. Өөрийн тань хэлж байгаа үгийг хэлдэг байсан. Одоо харин учрыг нь ойлгоод үг хэлэхээ больж байгаа. Байдал цаашид улам л аймар болно. Бод л доо. Өөрсдийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулийн Цэцийн даргыг аваад хаячихлаа. Ийм жишиг аль ч улс оронд гарч байгаагүй. Үндсэн хуулийнхаа Цэцийн даргыг УИХ-аар авч хаяна гэдэг өөрөө хувьсгал байхгүй юу. Аймар биз дээ. Энэ чинь байдал эвгүй болж байгаагийн илрэл. Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг ярилцлагад орууллаа гэдэг үндэслэлээр Монголын Үндэсний олон нийтийн телевизээр эдийн засагч Д.Жаргалсайханы нэвтрүүлгийг дахин гаргахгүй болгож байх жишээний. Энэ чинь аймар байхгүй юу. Хэрвээ “Танай нэвтрүүлэг сонирхолгүй байна. Үзэгчгүй байна” гээд хаавал өөр хэрэг. Гэтэл УИХ-ын даргын шийдвэрийг эсэргүүцсэн ярилцлагыг гаргахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Бид нар ардчилсан нийгэмд амьдарч байна уу, дарангуйлсан нийгэмд амьдарч байна уу. Уг нь иргэд хог, тогны мөнгөн дээрээ МҮОНТ-ын мөнгийг төлдөг биз дээ. Дээр нь хуулиар далимдуулж өөрсдийн хууль бус ажиллагааг нууж байна.

-Та бодвол Сонгуулийн тухай хуулийн талаар л дахин ярих гэж байгаа бололтой?

-Үгүй ээ. УИХ-д нэр дэвших эрхийг ёс зүйтэй, ёс зүйгүй гэдгээр шалгах гээд байна. Тэгээд хэнийг ёс зүйтэй, хэнийг ёс зүйгүй гэж хэлэх юм. Сонин байгаа биз дээ.

-Магадгүй та болон хэн нэгэн нэр дэвшигч гудамжинд шүлсээ хаявал шууд таван мянган төгрөгөөр торгуулаад нэр дэвших эрхээсээ татгалзах байх?

-Харин мэдэхгүй. Яаж хэмжих гээд байгаа юм бүү мэд. Гэтэл олон сая долларын гэрээ, хэлцэл хийж түүнийгээ өөртөө авчихсан хүн ёс зүйтэйд нь орж байх жишээний.

-Та тэгвэл ёс зүйтэй хүн мөн үү?

-Мэдэхгүй.

-Яагаад?

-Би эд нарын ёс зүйтэй хүний тухай тодорхойлолт яаж гарахыг мэдэхгүй болохоор өөрийнхөө талаар ч хэлж чадахгүй байна. Нөхцөл байдал ийм л байна. Яг бүртгүүлэх гээд очтол “Чи ёс зүйгүй хүн байна” гэх ч юм билүү хэн мэдлээ. Дүрмийг нь мэдэхгүй хэрнээ сагс тоглох гээд байгаатай л адилхан байхгүй юу. Бүх юм асуултын тэмдэгтэй.

 

 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)