-Монгол Улсын эрчим хүчний салбарт 150 гаруй эрдэмтэн мэргэд ажиллаж байгаа бөгөөд анхны эрдмийн цол зэргийг 1975 онд хамгаалж байжээ-
Анх уул уурхай, түлш, эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлж, улс ардын аж ахуйн түлш, эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах зорилгоор хуучин ажиллаж байсан түлш, эрчим хүчний үйлдвэрийг өргөтгөх, орон нутагт нүүрсний уурхайнуудыг шинээр барьж ашиглалтад оруулах, үйлдвэрүүдийн зураг төслийг боловсруулах, салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага 1960-аад оны үеэс төр засгийн төвшинд эрчимтэй яригдах болсон байдаг. Ингэснээр Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Уул уурхайн хүрээлэнгийн үндэс суурь болсон Зураг төслийн группийг 1959 онд, Уул уурхай, эрчим хүчний үйлдвэрийн зураг төслийн институтийг 1969 онд байгуулсан байдаг. Үндсэндээ 1960-1990 он хүртэлх цаг хугацаа эрчим хүчний шинжлэх ухааны хөгжлийн эхэн үе төдийгүй хөл дээрээ бат зогсож, батжин тогтворжсон цаг хугацаа байсан юм. Түүнчлэн 1986 оны үед 2000 он хүртэлх Монгол Улсын эрчим хүчний хөгжлийн ерөнхий загварыг ЗХУ болон Монголын Шинжлэх ухааны академи, Эдийн засгийн хүрээлэн хамтран боловсруулсан байна.
Өдгөө харин Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Эрчим хүчний хөгжлийн төв эрчим хүчний салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх үндсэн үүргийг хүлээж байгаа. Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн тухайд зуухны шаталтын горимыг өөрчилж, нам температурын буцлах давхаргад шилжүүлэх арвин туршлагатай хүрээлэн. Энэ хүрээндээ хамгийн сүүлд буюу 2021 онд ДТХ2.0-90/75бд буцлах давхаргат шаталтын технологи бүхий шинэ төрлийн зуухны загварыг боловсруулж, олон жилийн судалгааны үр дүнд үндэслэн Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын экологийн 1:10000 масштабын карт боловсруулан холбогдох техникийн баримт бичгийн хамт хүлээлгэн өгсөн.
Эрчим хүчний хөгжлийн төвийн тухайд 1998-2002 оны хооронд ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар "Цахилгаан станцын ажиллагсдын сургалт” төслийг хэрэгжүүлсэн. Уг төсөл хэрэгжсэнээр Төслийн хүрээнд орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 10 лаборатори, цахилгаан дамжуулах агаарын шугамын загвар полигон, 1 удаадаа 24 сонсогчийг хүлээн авах боломжтой онолын 3 танхим, 1000 гаруй номтой номын сан зэрэг сурч боловсрох боломжоор хангагдсан сургалтын иж бүрэн цогцолбор болж чадсан байна.
Монгол Улсын цахилгаан дамжуулах шугам сүлжээний нийт зураг төслийн 70 гаруй хувийн бие даан гүйцэтгэсэн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн тухайд өнгөрсөн хугацаанд 120 гаруй эрдэм шинжилгээний тайлан, заавар, зөвлөмж, норм 40 гаруй ном, дөрвөн шинэ бүтээл 70 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь эрчим хүчний шинжлэх ухаанд оруулсан үнэмлэхуй хувь нэмэр юм.
Энэ салбарт хамгийн сүүлд буюу нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй хамт байгуулагдаж, монголчуудын эрчим хүчний хэрэглээнд хувьсгал хийсэн гэж болохуйц нэг том салбар хүрээлэн бол яах аргагүй Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн төв. Зөвхөн “100000 нарны гэрэл” төслийн хүрээнд гэхэд 3000 гаруй нарны цахилгаан үүсгүүр малчдын хэрэгцээнд зориулан үйлдвэрлэж, 30 гаруй радио релейний дахин дамжуулах станц, 230 орчим холбооны салбар, 30 гаруй эмнэлэг, сургууль зэрэгт нарны зайн үүсгүүрийг нийлүүлсэн байна. Цаашид ч Монгол Улсын хэмжээнд хийгдэх эрчим хүчний салбарын бүтээн байгуулалт, ололт амжилт бүрийг дээрх хүрээлэнгүүд болон хүрээлэнгийн эрдэмтэн мэргэд удирдан манлайлах нь тодорхой. Учир нь, тэд бол эрчим хүчний шинжлэх ухааныг онол болоод хэрэглээтэй нь хамтад нь хөтөлж явах удирдагчид юм.
Түүнчлэн ШУТИС-ийн харъяа Эрчим хүчний сургууль бол Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчинг бэлтгэдэг хамгийн том сургууль. 1950-аад оноос улс орны хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж эхлэхтэй зэрэгцэн 1960 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд эрчим хүчний салбарыг нээж, анхны 42 оюутныг элсүүлсэн байдаг. Өдгөө тус сургууль 6000 гаруй боловсон хүчнийг бэлтгэсэн бөгөөд нийт багш нарынх нь 54 хувь нь эрдмийн цолтойгоос Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич гурав, төрийн соёрхолт, гавьяат цолтой зургаан багш ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний чиглэлээр 13 мэргэжлээр бакалавр, магистр, докторын шаталсан сургалт явуулж буй. Ийн эрчим хүчний хөгжлийг тулсан шинжлэх ухааны түүх хийгээд эрдэмтдийн хүч хөдөлмөр, оюун мэдлэгийг магтан дуулах нь энэ салбарын 100 жилийн ойд үзүүлэх их хүндэтгэлийн өчүүхэн нэгэн хэсэг бөлгөө.
Цагийн хүрд
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь анх Аж үйлдвэрийн сайдын 532 тоот тушаалаар анх “Их хайрханы уурхайг цахилгаанаар хангах дизель станцын зураг төсөл зохион групп” нэртэйгээр байгуулагдаж, уул уурхай, эрчим хүчний объектуудыг барьж байгуулах, шинэчлэн өргөтгөх ажлын зураг төсөл, төсөв зохиох ажлыг гүйцэтгэх болжээ.
Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 164 дүгээр тогтоолоор НААҮЯ-ы харъяанд “Туршлага шинжилгээний төв” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Улмаар 1992 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн НААҮЯ-ны сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч нарын хамтарсан тушаалаар Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн нэртэйгээр ШУА-ын харъяанд шилжсэн байна.
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрчим хүчний нөхөн сэргээгдэх эх үүсвэрийг ашиглахад шаардагдах төхөөрөмж зохион бүтээх, туршин үйлдвэрлэх зорилгоор “Сэргээгдэх эрчим хүчний Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл аж ахуйн тооцоот үйлдвэрлэлийн нэгдэл нэртэйгээр байгуулагдаж байжээ.
Засгийн газрын 51 дүгээр тогтоолоор Эрчим хүчний хөгжлийн төвийг байгуулж, эрчим хүчний талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн зураг төсөл, шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгаа хийх, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад улс орнуудын зээл тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулах, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр байгуулсан байна.
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдлүүд :