“Өмгөөлөгч”

2016-02-18 11:51:56

Ардчилсан намынхан сүүлийн үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуягтай уулзахаар цаг “захиалах” хүсэлт олноороо илэрхийлэх болсон гэнэ. Ерөнхий сайд асны хувьд УИХ-ын ээлжит чуулганы нээлт хүртэл намынхаа зөрчил, тэмцлийг холоос харах байр суурь баримжилт буй гэх яриа бий. Гэсэн ч тэрбээр УИХ-ын гишүүн, гүйцэтгэх засаглалын ахлах зөвлөх асан Л.Гансүхийг шүүх хурал дээр хамгаалж, сайн дурын өмгөөлөгчийн үүргийг хүлээснээр чамгүй нэр хүнд олж авсан бололтой. Үүнийг нь дагаад “Зуун найзтай явьснаас Н.Алтанхуяг шиг ганцхан найзтай больё” гэх уриалга цахим ертөнцөд идэвхжиж байсан.

Тэгвэл бодит нөхцөл байдал дээр өөрийг нь унагааж, шинэчлэлийн Засгийн газрын хувь заяагаа тоглосон намынхаа нөхдийн урилгад Н.Алтанхуяг гэдэг хүн цаашид хэрхэн хандах бол. Үнэхээр өөрийн найз, хамтран зүтгэгч Л.Гансүхийг өмгөөлсөн шигээ өгөөмөр сэтгэл гаргаж чадах болов уу.

Үүнийг нь “Улстөрч хүнд найз байдаггүй” гэдэг батлагдаагүй дүрмээр бодож үзвэл Ардчилсан намын дарга З.Энхболд хийгээд түүний багийнханд хувь хүнийхээ хувьд найрсаг сайхан хандах нь юу л бол. Гэвч Үндэсний зөвлөлдөх хороог өөрийн эрхшээлд оруулахын тулд УИХ-ын дарга З.Энхболд Н.Алтанхуягийг “чихдэх”-ээс өөр гарцгүй. “Алтангадас”-ынхан Үндэсний зөвлөлдөх хорооны нийт гишүүний 50 хувиас дээшхийг бүрдүүлдэг гэдгийг нь тооцсон ч тэр. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд ч Н.Алтанхуягийг эргэж эвсэн, зам нийлэхгүй бол гүйцэтгэх засаглалаа татаж унагахад ойрхон байгаа. Иймд Л.Гансүхийн шүүх хурал Н.Алтанхуягийг “өмгөөлөгч” хэмээн өргөмжлөхөд хүргэсэн шиг Ардчилсан намд бүхэлд нь хайр ивээлээ үзүүлэх үү гэдэгт цаг хугацаа хариулах биз ээ. Тэр дундаа шийдлийн Засгийн газрын хувь заяаг аврах эсэхэд шүү дээ.

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)