“Монгол Ардын нам, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч монгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ... Энэ бол өнгөрсөн зуу гаруй жилийн турш Монгол Улсын түүхнээ тодотгогдож, хүндлэгдэж, тэмдэглэгдэж ирсэн баримт. Тухайн үе битгий хэл 1940-өөд оныхон ч хэзээ төрснөө барим тавин хэлж чадахгүй “Цаснаар, зунаар, өвлөөр...” хэмээн барагцаалдгийг жишээлбэл энэ өдөр нь будилаантай байж мэднэ. Гэсэн ч энэ нь жил бүрийн хоёрдугаар сарын 2-ны өдрийг үгүйсгэх иш үндэс биш юм. Учир нь, түүний хүч нөлөөнд Монгол Улс тусгаар тогтнолоо олсон. Үүнд нөлөө үзүүлсэн гол баатруудын нэг нь яах аргагүй Д.Сүхбаатар.
Өчигдөр Төрийн ордонд түүний тухай эрдэм шинжилгээний хурал болно лээ. МАН-ын дарга, удирдлагууд олноороо оролцож, Дамдины хүүг тойрсон сэдэв, сэдэл бүрийг онц чухлаар хэлэлцэн судалж байгаа нь харагдсан, сонсогдсон. Харамсалтай нь, тэнд нь одоогийн төр засгийн удирдлагуудаас төлөөлөл байсангүй. Үүнийг Ардчилсан нам төр барьж байгаа гэдгээр тодотгож болно. Иймээс Д.Сүхбаатар Монголынх бус МАН-ын баатар болж таараад байгаа юм.
Уг нь түүхэнд үлдсэн түүний тухай дурсамж, тэмдэглэл олон. Үгүй ядах нь ээ, кинонд үлдсэн дүрслэлүүд нь ч агуу. Гэм нь өнөөдөр Д.Сүхбаатарыг сүүдэр хэмээн үл ойшоох болсон. Бүр харлуулах нь ч бий. Яг л аав, ээж хоёр салж, сарнихдаа үр хүүхдээ булаалдах, эс бол хэн нэгний хараа хяналтгүй орхихтой адилхан. Хэрэв Ардчилсан намд түүний дайны баатар байсан бол асуудал арай өөрөөр бичигдэж болох байсан байх. Ядаж л Чингисийн одон гардуулна. Эс бол Төрийн шагнал өгнө. Харамсалтай нь, Д.Сүхбаатар буруу цагтаа төрж, буруу хувьсгалд оролцчихож. Бүр одоогоос 110 жилийн өмнө шүү.
Тийм ч болохоор өнөөдөр дуртай бүхэн нь дуртай дүгнэлтээ хийж, дуртай дуугаа аялан сууна. Эцэстээ “Д.Сүхбаатар бол зүгээр л нэг мөрийтэй тоглоомчин. Одоогийнхоор бол шоучин нэгэн байж. Тэр хүн хувьсгалд ямар ч хамаагүй юм билээ” гэж ярьцгаах. Арга ч үгүй биз. Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн 13 анхдагчийнхаа нэр дээр “зодолддог” хүмүүст ардын хувьсгалыг нэхэн хүндэтгэх сэтгэлийн өглөг байна гэдэгт итгэж байдаг нь бидний гэнэн тэнэгийнх байх. Хэрэв энэ тухай мэдээллээ лавшуурахыг хүсвэл дараах мэдээлэл ердөө л эхлэл болох нь бий.
“...1921 оны гуравдугаар сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж үүрлэж байсан гамин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, империализм,феодализмыг эсэргүүцсэн Ардын хувьсгалын эхлэлт болжээ.Уг тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах уран чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Ардын журамт цэргийн болон Улаан армийн ангиуд 1921 оны долоодугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирэв. 1921 оны долоодугаар сарын 8-ны өдөр М.А.Н-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Наймдугаар сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.1921 оны наймдугаар сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны арваннэгдүгээр сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Хэлэлцээрийн үеэр дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин Монголын засгийн газрын төлөөлөгчид Д.Сүхбаатар нарыг Кремлийн ордонд хүлээн авчээ...”
Өчигдөр МАН-аас Төрийн ордонд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын үеэр энэ мэдээлэл тун ч олон удаа дурьдагдсан. Цаашлаад эрдэмтэд “Түүнийг яасан ч үгүйсгэж болохгүй. Түүхээр ингэж тоглодоггүй юм” гэдэг гомдлыг ч унагаж байгаа сонсогдсон. Иймийн учир тэд өнөөдөр Дамдины хүү Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Магадгүй хөшөөг нь нөр их эсэргүүцлийн үр дүнд авч үлдсэнээ ч тэмдэглэн ярих биз. Цаашлаад “Сүхбаатарын талбай” хэмээн өргөмжлөн ч ярилцах ч биз.
Гол нь энэ бол МАН хийгээд АН-ын маргаан дэгдээх, өмчилж, маргах сэдэв биш юм. Тэр дундаа эх түүхийнхээ үнэнийг түүхчлэн ярилцаж мэдэхгүй атлаа улстөржүүлж дүгнэдэг бидний үеийнхний ч маргааны эх үүсвэр биш. Учир нь, энэ бол үнэ цэнэ. Тэр хүн мөрийтэй тоглоом тоглодог байсан уу, архи уудаг байсан уу, онгироо байсан уу хамаагүй. Хамгийн чухал нь тэрбээр Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгосон нэг тулах цэг нь. Хувьсгал бол хувьсгал. Хувьсгалын үр дүнд Монгол Улс тусгаар тогтносон. Ийм бэлээхэн үнэн нь өнөөдрийн Монгол Улсыг бий болгочихоод байхад ардчилалдаа сагасан улстөрчдэд өнгөрсөн түүх рүүгээ агсам тавих эрх хэн өгчихсөн юм бэ... Иймийн учир “Д.Сүхбаатар сүүдэр биш үнэт зүйл юм” хэмээн бичихэд хүрлээ. Ардчилал, ардын хувьсгал хоёрт ав адилхан үнэт зүйл бий учраас тэр шүү дээ.
Араас нь дайх асуулт. “Ардчиллынхны олонх нь архичин байсан юм” гэж бичвэл ямар байна. Үнэт зүйлээ хүндэлцгээе.
Сэтгэгдлүүд :