“Эрдэнэт”-тэй дүйцэх шинэ сэргэлт буюу Ханбогдын шинэ стратеги

2022-06-03 12:57:16

Дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид-19-ийн улмаас эдийн засгийн өсөлт хумигдахтай зэрэгцэн улс орон бүр эрсдэлд нийцэх шинэ стратегийг боловсруулах болов. Орос, Украины дайны асуудлаас үүдэлтэй хүндрэл ч үүнд нөлөөлж, эрчим хүч, дэд бүтэц, хүний нөөц, аюулгүй байдлын стратеги ойрын жилээр бусаар олон жилээр, алс хэтийн зорилгод тулгуурласан шинэ нөхцлийг үүсгэж байна. Япон улс гэхэд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хямралтай тэмцэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд “Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэлүүд” гэдэг баримт бичгийг баталж, өөрийн орны олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарахаа зарлалаа. Хятадын Төрийн зөвлөл мөн тавдугаар сард 33 заалт бүхий эдийн засгийн шинэ бодлогоо зарлаж, нисэхийн салбараа дэмжих, татварын буцаан олголтыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ стратегийг хэрэгжүүлэх болсон. АНУ-ын Конгресс мөн Татварын хөнгөлөлт үзүүлэх тухай хууль, Персийн булангийн бүсэд зориулсан тусгай хуулийн төслийг баталсан. Улс орон бүр ийн ковидийн улмаас унан доройтсон эдийн засгаа авран хамгаалах, сэргээн тохинуулах бодлогын бичиг баримт, төрийн бодлогыг тусгайлан батлан хэрэгжүүлж эхлэв.

Амаргүй цаг үе. Амаргүй шинэчлэл. Монгол Улсын эдийн засаг ч энэхүү дэлхийн шинэ бодлогоос ангид үлдэх боломжгүй бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд туулж ирсэн, туучиж ирсэн замын мөрийн алдаа оноог зөв оношлох, цаашлаад алсын хараанд тулгуурласан шинэ стратегийг монголчуудаас нэхэж байна. Тэгвэл төр засаг үүнд бэлэн үү. Цааснаа бууж, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичиг, ойрын тав, таван жилээр төлөвлөсөн “Шинэ сэргэлт”-ийн зорилтын үүц нь юу болох, үр дүн нь хэрхэн хэрэгжих вэ. Асуултаас асуулт дагасан нэхэл болоод үүрэг хариуцлагын шинэ төлөвлөлт. Үүнд Засгийн газар өдгөө хариулах, хэрэгжилтийн эхлэлийг тавих учиртай. Үгүй ядах нь ээ л, бодлогын дэд бүтцийг урьдчилан зарлах ёстой юм. Ийн харах нь ээ, Өмнөговь аймгийн, тэр дундаа Ханбогд сумын боломжид тулгуурласан шинэ хотын төлөвлөлтийг орхиж боломгүй.

Тус суманд өдгөө Монгол Улсын эдийн засгийн нэн шинэ тулах цэгээр нэрлэгдэж буй Оюутолгойн орд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жилийн турш дуншиж, 2009 онд зурсан Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах ард нийтийн хүсэл сонирхол хангагдсан явдал. Анхны гэрээгээр монголчууд уг ордын 34 хувийг эзэмшлэх, цаашлаад уг хувьд ногдох орлогыг хөрөнгө оруулалтын татааст төлөх үүрэг хүлээж байсан. Харин 2021 оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандаж “Оюутолгойн ордоос монголчуудын эзэмшиж байгаа 34 хувьд ногдох өрийг тэглэлээ” гэдэг мэдээллийг дуулгасан. Ингэснээр монголчууд өөрсдийн нутаг дэвсгэрт олж илрүүлсэн Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 2.3 тэрбум ам.долларын өрөнд орсон нь бүрэн цуцлагдсан. “Оюутолгой” ХХК мөн үйл ажиллагаа явуулж ирсэн цагаасаа хойш Хятадын талаас эрчим хүч авч, үүнийгээ өөрчлөхгүй гэдэг хатуу байр суурийг хөрөнгө оруулагч тал хамгаалж байсан бол “Эрдэнэс Тавантолгой” ХХК-г түшиглэж байгуулах цахилгаан станцаас тог, эрчим хүчээ бүрэн авахаар болсон. Уг станцын барилгын ажил энэ онд багтаж эхлэх бөгөөд 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Ингэснээр Оюутолгойн ордын ашиглахад шаардлагатай эрчим хүчний зардал гадагшаа бус урсах бус дотоодод орж ирдэг болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойн ордын ашиглалтад эрчим хүчээ зарах эрхээ баталгаажуулах хүртэл сүүлийн 12 жилийн турш хөрөнгө оруулагч талыг хэлэлцээрийн ширээнд урьсан нь ийн биеллээ олов. Ингэснээр Оюутолгойн гүний уурхайд анхны олборлолтын тэсэлгээ хийгдэж, албан ёсоор олборлолт эхэлсэн. Зөвхөн энэ гурван өөрчлөлтийг дурдахад л Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний өөрчлөлт ямар том үр дүнг Монголд авчирч байгаа нь тодорхой харагдана. Үүний төлөө гэхдээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болоод түүний багт алга таших хэрэггүй. Учир нь, тэд хийх ёстой ажлаа л хийсэн. Харамсалтай нь, бусад нь ч хийж болох байсан. Гэхдээ хийгээгүй.

Ингэж Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн ордыг тойрсон эерэг өөрчлөлт албажихтай зэрэгцэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны тавдугаар сард Өмнөговь аймагт ажиллахдаа дахин шинэ стратегиа зарлалаа. Энэ нь Ханбогд сумыг нэн шинэ Эрдэнэт хэмээн зарлаж, уул уурхайн бодлогыг үйлдвэрлэлийн бодлого, хүний нөөцийн бодлого, боомтын төлөвлөлт, шинэ хотын төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хөгжүүлэх зорилт. Уул уурхайн олборлолт эрчимжиж, эдийн засгийн үр өгөөжөөрөө дэлхийд тэргүүлэх орд газрын эзэмшил нутаг хэдий ч сүүлийн жилүүдэд экологийн тэнцвэр алдагдах, төлөвлөлтгүй дэд бүтцийн эрсдэл Ханбогд суманд үүссэн нь нуухын аргагүй үнэн. Иймд Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн шинэчилсэн хэлэлцээрийн үр дүнд тус нутагт 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, шинэ Эрдэнэтийг байгуулахаар болсон. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн тухайд 1973 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” нэрээр байгуулагдаж байсан бөгөөд тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болон үйлдвэрийн түүх эхэлж, уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь анхлан бүтээн байгуулсан түүхтэй. Ингэж уул уурхай дагасан шинэ хотыг байгуулж чадсан монголчуудын түүх өдгөө дахин нэн шинээр буюу Ханбогд хотын түүхээр дахин бичигдэх болсон нь энэ. Гэхдээ Оюутолгойн хөрөнгө оруулагч талыг ийн зөвшөөрүүлэх хүртэл дээр дурдсанчлан арав гаруй жилийг зарцуулсан бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед өөрчилж болохгүй гэгддэг байсан гэрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж, монгол гэр болоод чингэлэгт зулсан Оюутолгойн ордын кэмп анх удаа хот болон сүндэрлэхээр болов. Уг хотод барих эхний бүтээн байгуулалт нь ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль. Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, үйлдвэр-технологийн парк, эрчим хүч, зам тээврийн сүлжээ, дэд бүтэц зэргийг барьж байгуулах, ашиглаж олборлох, бүтээн босгоход шаардлагатай 38 мянган инженер, техникийн ажилтныг бэлтгэнэ. Ирэх намраас буюу 2022-2023 оны хичээлийн жилд анхны 120 оюутнаа авч, цаашдаа 1500 оюутан сурч боловсрох орчин үеийн их сургуулийн иж бүрэн цогцолбор, техник, технологийн оюутны “уурхай”, инноваци судалгааны төв, номын сантай болно. Гол нь тэд, XXI зууны шинэ хотын түүхийг бичилцэж, бүтээн босголцоно. Үүний тулд зөвхөн их сургууль байгуулж, хот үүсгэхийн зэрэгцээ дэд бүтцийн бодлого, тэр дундаа боомтын сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлнэ. Ирэх намар гэхэд Шивээ хүрэн боомтод 17 га талбхйд чингэлэг тээврийн терминал байгуулах бол экспортын шинэ дөрвөн гарц ч тус бүс нутагт нээгдэнэ. Коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг гадагш нь гаргах Монголын экспортын үүд хаалга болсон Гашуунсухайтын боомтыг өргөтгөх зорилгоор Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын цэгийг энэ оны хоёрдугаар сард Хятадын талтай эцэслэн тохиролцсон. Энэ нь хоёр орны хилийн түүхэнд 70 жилийн дараа анх удаа боомтын хил холболтын цэгийг тохирч чадсан түүхэн шийдвэр бөгөөд Эрээн-Замын-Үүдийн боомтын дараа орох хоёр дахь хилийн хаалга. Уг хаалгаар бид дэлхийн эдийн засагт хүрнэ. Үүний тулд тээврийн гол дэд бүтэц болох Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замыг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулна. Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг мөн л ирэх намар хүлээн авна. Боомтын сэргэлт, хот-хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт Ханбогд хотод болон уг хотыг тойрсон уул уурхайн бүс нутагт ингэж хэрэгжинэ. Энэ бол Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэртэй дүйцэх шинэ сэргэлт, Ханбогд сумыг хөгжүүлэх шинэ стратеги. Харин хэрхэн бүтээн босгох, хэрхэн хөгжүүлэх, хэрхэн төлөвлөсөн зорилт, амласан амлалтандаа хүрэх вэ гэдгийг Та бид хянах, нэхэх, шаардах ёстой. Эс бөгөөс зорилт замхарч, зорилго нуран унасан жишээ өнгөрсөн 30 жилд чамгүй олон. Тийм алдааг үл зөвшөөр, үл уучил.

Д.ЦЭНГЭЛ


 

 

      
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ipost.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 95050503 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд :





(0/800)